Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/Ма2015/0561

 

ОТ...- ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.М-, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б-, хариуцагч Аж үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж-, Д.М-, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ОТ...- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Аж үйлдвэрийн сайд, Гаалийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ОТ...- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Эмээлт биржийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нарын нэг бөгөөд Хан-Уул дүүрэг дэх арьс ширний үйлдвэрүүдийн байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж Туул голд химийн хортой бодистой ус нийлүүлж Зайсан, Яармаг, Биокомбинатын ойр орчимд агаар болон хөрс, ус их хэмжээтэй бохирдох болсон тул Ус сувгийн удирдах газраас 2014 оны 6-10 дугаар сарын хооронд үйлдвэрүүдийн усыг хаасантай холбоотой Эмээлтэд нойтон адууны шир их хэмжээгээр орж ирж хуримтлагдсан юм. Арьс ширний үйлдвэрүүд тэр дотроо адууны ширийг худалдан авч боловсруулах үйлдвэрийн техник тоног төхөөрөмж, технологи нь хуучирсан, байгаль орчинд сэргэхгүй хор хөнөөл учруулдаг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу хотын төвд арьс шир боловсруулах үйлдвэр байрласаар байгаа нь агаарын, хөрсний, усны бохирдолд хүргэсээр байгаа хүчин зүйлээс хамаарч дотоодын үйлдвэрлэгч нар адууны нойтон шир худалдан авч чадахгүй байсаар байгаа нь адууны шир маш их хэмжээтэй хуримтлагдахад хүргэсэн болно. Адууны шир боловсруулах стандарт шаардлага хангасан үйлдвэр манай улсад байхгүй учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Б- болон Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх нарт өргөдөл хүсэлт гаргаснаар иргэн аж ахуйн нэгжүүдэд олон тоогоор хуримтлагдсан адууны ширийг эдийн засгийн хямралын энэ үед БНХАУ руу экспортоор гаргах зөвшөөрөл олгохыг тэдний зүгээс дэмжсэн болно. Манай компани нь Эмээлтэд хуримтлагдсан адууны ширээс 27000 ширхэг адууны нойтон ширийг худалдан авч механик аргаар давсалж, хатааж, идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгон анхан шатны боловсруулалт хийж хадгалж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг Мл- ХХК-тай хийж БНХАУ руу экспортлохоор ачуулсан. Манай компанийн болон бусад олон нэр бүхий компаниуд адууны нойтон ширийг дээрх аргаар анхан шатны боловсруулалтыг өөрснөө хийж бэлтгэн нийлүүлэх, цаашид худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг болно. Арьс шир бэлтгэн нийлүүлэгч нарын ийнхүү механик аргаар давсалж хатаах арга нь Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолоор батлагдсан Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-ын 1.5.1-д Анхан шатны боловсруулалт хийсэн арьс шир гэж химийн аргаар болон боловсруулсан, идээлсэн, будсан болон будаагүй, тосолсон, хатаасан, өнгө засал хийгээгүй арьс ширийг, 1.5.2-д гандсан арьс шир гэж химийн аргаар үсийг унагаасан механик аргаар шар махыг нь авсан, давс хүчлээр боловсруулж чанарын хамгаалалт хийсэн түүхий арьс, шир болон идээлэхэд бэлтгэж давс хүчлээр боловсруулж хөөлтгүй болгосон арьс ширийг хэлнэ гэх нэр томьёонд хамаардаг юм. Мл- ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эрүүл ахуйн гэрчилгээ авч, БНХАУ руу экспортлохоор Замын-Үүд дэх Гаалийн хэлтэст шийдүүлэхээр бэлтгэн гаалийн анхан шатны бүрдүүлэлт хийсэн байна. Гэтэл Монголын арьс ширний үйлдвэр эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Баярсайхан гэгчийн худал мэдээллээр хилийн хяналт шалгалт хийгдэж Засгийн газрын 300 болон 330 дугаар тогтоолыг зөрчсөн гэх үндэслэл зааж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Хилийн мэргэжлийн хяналтын албанаас 000352 дугаартай Бодис, бараа бүтээгдэхүүнийг буцаах тухай мэдэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бидний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одхишигт гардуулж, адууны шир 30000 ширхэгийг буцаах шийдвэр гаргасан байна. Адууны шир болох бараа бүтээгдэхүүнийг бид буцаан авах гэтэл Замын-Үүд дэх Гаалийн хэлтсийн Гаалийн улсын байцаагч Ч.А- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл 2015 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 09-10 цагийн хооронд хийсэн мэтээр үйлдэж, Гаалийн Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн хэлтсийн хяналт шалгалт, зөрчлийн хэлтсийн дарга Цэен нь манай бараа бүтээгдэхүүнийг 25 хоног тодорхойгүй шалтгаанаар саатуулан барьж, улмаар бараа бүтээгдэхүүнийг хураан авч, Мл- ХХК-ийн захирал Т.Болдбаатарт холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан болно. Гаалийн тухай хуулийн Гаалийн улсын байцаагчийн эрх үүрэг гэх 274 дүгээр зүйлийн 274.2.2-т Гаалийн бүрдүүлэлт хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх, 274.2.5-д Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах гэснийг зөрчсөн Гаалийн ерөнхий газрын, Гаалийн улсын байцаагч нарын хууль бус үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг хилээр гаргахгүй гэсэн шийдвэрт болон бараа бүтээгдэхүүнийг хураасан үйлдэлд гомдолтой байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Э-, Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Адъяасүрэн нарын албан тушаалтанд Шадар сайд У.Хүрэлсүхээс үүрэг болгосноор хилээр адууны ширийг нэвтрүүлэхэд хориг саад тавихгүй байх зөвшөөрөл олгохоор албан бичиг төлөвлөсөн боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Б- ажлаас чөлөөлөгдсөн, даргын үүрэг түр гүйцэтгэгч Ш.Раднаасэд уг албан бичигт гарын үсэг зураагүй шалтгаанаар зөвшөөрөл олгогдоогүй юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гомдол гаргахад Аж үйлдвэрийн сайд Д.Э- шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх боловч адууны шир боловсруулах үндэсний үйлдвэрүүд олноор ажилладаг мэтээр үндэслэлгүй худал тайлбар хийж 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хариу өгсөн байна. Сайдын хариуг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас бидэнд уламжлан 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон албан хариу бичсэнийг 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсан болно. Иймд дээр дурдсанчлан Гаалийн ерөнхий газар болон Аж үйлдвэрийн сайд Д.Э-ын үндэслэлгүйгээр адууны ширийг хилээр гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, адууны ширийг хилээр гаргах зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 300 тоот тогтоолоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-ыг баталсан бөгөөд уг тогтоолын Бүх төрлийн арьс, ширийг худалдаалахад тавигдах шаардлага хэсгийн 2.7-д Худалдаалах гэж байгаа боловсруулсан бүх төрлийн арьс, шир нь дараах шаардлагуудыг хангасан байна гэж 2.7.1 болон 2.7.2-оос 2.7.6. хүртэл зааж өгсөн. Эдгээрийн эхний шаардлага нь 2.7.1-д заасан бөгөөд Анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир МNS 4724 техникийн шаардлага, (энэ стандартын 4.1-д заасан гандсан арьс, шир орохгүй) гэж тогтоосон бөгөөд 1.5.1-д анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир гэж химийн болон механик аргаар боловсруулсан, идээлсэн, будсан болон будаагүй, тосолсон, хатаасан, өнгө засал хийгээгүй арьс, ширийг гэж заасан. Мөн түүнчлэн 2.7.7-д экспортод гаргах адуу, тэмээний шир нь энэхүү техникийн зохицуулалтын 2.7.1, 2.7.5, 2.7.6 дахь заалтуудын шаардлага хангасан байна гэжээ. (Энэ заалтыг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар тогтоолоор нэмсэн). Гэтэл ОТ...- ХХК нэхэмжлэлдээ Манай компани Эмээлтэд хуримтлагдсан адууны ширээс 27000 адууны нойтон ширийг худалдан авч механик аргаар давсалж, хатааж, идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгон анхан шатны боловсруулалт хийж хадгалж байгаад БНХАУ руу экспортод ачуулсан болно гэж дурдсанаас үзэхэд Засгийн газрын 2013 оны Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлах тухай 300 тоот тогтоолын 1.5.1 дэх заалтад тохирохгүй, 2.7.1, 2.7.5, 2.7.6 дахь заалтуудын шаардлагуудыг хангахгүй байгаа нь тодорхой байна. 2.7.5 MNS 0084 Гутлын дээд биеийн болон дотрын боловсруулсан арьс. Техникийн шаардлага, 2.7.6 MNS Хувцасны зориулалттай боловсруулсан арьс. Техникийн шаардлага) Мөн нэхэмжлэлдээ адууны шир боловсруулах стандарт шаардлага хангасан үйлдвэр Монгол улсад байхгүй учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Б- болон Монгол Улсын Шадар сайд Хүрэлсүх нарт өргөдөл хүсэлт гаргаснаар иргэн аж ахуйн нэгжүүдэд олон тоогоор хуримтлагдсан адууны ширийг эдийн засгийн хямралын энэ үед БНХАУ руу экспортоор гаргах зөвшөөрөл олгохыг тэдний зүгээс дэмжсэн болно. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гомдол гаргахад Аж үйлдвэрийн сайд Д.Э- шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх боловч адууны шир боловсруулах үндэсний үйлдвэрүүд олноор байдаг мэтээр үндэслэлгүй худал тайлбар хийж 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн байна гэсэн нь дараах нөхцөл байдлуудаар нотлогдохгүй байгаа юм.

1. Аж үйлдвэрийн сайдын тус компанийн албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн хариу болох 2015 оны 01/481 албан тоотод ...арьс, шир түүхий эдийг түүхийгээр экспортлох нь үр ашиггүй бөгөөд нийтийн эрх ашигт нийцэхгүй байгааг Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд авч хэлэлцээд, арьс, ширний үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх уялдаатай бодлогууд явуулж эхлээд байна. Монгол Улсын хэмжээгээр арьс, ширний үйлдвэрлэлийн салбарт арьс, шир боловсруулах 35 үйлдвэр ажиллаж байна. Засгийн газрын 2013 оны 300 болон 2014 оны 330 дугаар тогтоолууд батлагдан хэрэгжиж байгаа үед түүхий эдийг нэг удаа гаргах зөвшөөрөл гэх мэт шийдвэр гарах боломжгүйг мэдэгдье гэсэн байна.

2. Боловсруулаагүй адууны шир экспортолж болох тухай ямар нэгэн шийдвэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Монгол Улсын Шадар сайдын хэмжээнд гараагүй бөгөөд Засгийн газрын 2013 оны 300 болон 2014 оны 330 тоот тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байна.

ОТ...- ХХК-ийн экспортод гаргах гэж байсан 30000 ширхэг адууны ширийг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.А-, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх зөрчлийн албаны дарга Б.Ц- нар хууль бусаар саатуулж, хураан авсан мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь доорх баримтуудаар нотлогдохгүй байгаа юм. Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.А-ийн 30012 тоот мэдүүлэг бүхий бараанд үзлэг хийсэн тухай 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн акт болон Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд ...мэдүүлсэн бараанд үзлэг хийхэд адууны шир 30000 ширхэг, дэл 3000 кг, сүүл 7200 кг гэсэн бараа нь Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлах тухай Засгийн газрын 2013 оны 300 тоот тогтоолын стандарт шаардлага хангаагүй, боловсруулалт хийгдээгүй адууны шир байлаа гэсэн бол Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч ахлагч Н.Дамдинсүрэн нь эрүүгийн 2015250001756 дугаартай хэрэгтэй танилцаад үйлдсэн 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авах тогтоол-д ...Мл- ХХК-ийн захирал Т.Болдбаатар нь бусадтай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн шалган нэвтрүүлэх боомтоор ...30000 ширхэг адууны боловсруулаагүй ширийг боловсруулсан адууны шир гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газраас амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд олгодог экспортын гэрчилгээнд хуурамч бичилт хийлгэн... хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тул ... дугаар бүхий тээврийн хэрэгслийн тэвшин дээрх адууны ширнүүдийг хураан авах хангалттай үндэслэл байх тул Монгол Улсын ЭБШХ-ийн 126,127,130,132,133,138 дугаар зүйлийг удирдлага болгон ... хураан авсугай гэснээр дахин нотлогдож байна. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд ОТ...- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан зүйлүүд нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Аж үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В-, Д.В- нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аж үйлдвэрийн яам нь Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, Хөдөлмөрийн яамны зарим чиг үүргийг шилжүүлэн авсны үндсэн дээр шинээр үүсгэн байгуулагдсан. Одоо тус яам нь өмнө буюу 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудаар байгуулагдсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал, түүнчлэн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2.14-т заасан Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал зэрэг бодлогын асуудлуудын төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжилт, удирдлага, зохицуулалтыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.7, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.3-т заасны дагуу хэрэгжүүлэн шалгаж байна.

Нэхэмжлэгч Г.О- нь 11 11 төв-д 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхий сайдад хандаж өргөдөл гаргасныг 11 11 төв-өөс 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Аж үйлдвэрийн яам руу хуваарилсан байдаг. Тус өргөдөлд Бид нарт нийт 250 орчим адууны шир байгаа Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолоор адууны ширийг угааж гаргана гэсэн мөртлөө адууны шир угаах үйлдвэр байхгүй байна. Тиймээс бид нарын арьс, ширийг худалдаж авна уу, эсвэл түүхийгээр нь экспортод гаргаж өгнө үү, гэсэн саналтай байна гэх агуулга бүхий өргөдөл байсныг Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газраас судлан үзэж хариуг хүргүүлсэн байдаг. Монгол Улсад одоогийн байдлаар адууны шир боловсруулах шаардлага хангасан дараах хүчин чадал бүхий үйлдвэрүүд ажиллаж байгааг Монголын арьс ширний үйлдвэрүүдийн холбооны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн албан тодруулга, Мон-ит булигаар ХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 тоот албан бичгүүдээр ирүүлсэн хүсэлтэд дурдсан байна. Дархан нэхий ХК, Алтайн харгиа ХХК, Мон-Ит булигаар ХК хоногт тус тус 1000 ширхэг шир, Фучер холдинг ХХК, Их асар ХХК, Их Эргэлт ХХК хоногт тус тус 800 ширхэг шир, Мон ирээдүй ХХК хоногт 600 ширхэг шир, Шандаст аргамаг ХК хоногт 500 ширхэг шир зэрэг дунджаар хоногт 5000-6000 ширхэг адууны шир боловсруулах хүчин чадал байна. Нэхэмжлэгч ОТ...- ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан худал тайлбар хийсэн гэх асуудал байхгүй бөгөөд Аж үйлдвэрийн яамнаас 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01/483 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт дээрх мэдээллийг хүргүүлсэн. Аж үйлдвэрийн яам нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу Засгийн газрын 2013 оны 300 болон 2014 оны 330 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах үүрэгтэй. Аж үйлдвэрийн яамнаас адууны ширийг хилээр гаргахгүй байх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд Аж үйлдвэрийн яамнаас үндэслэлгүй худал тайлбар мэдүүлэг гаргаагүй байх тул ОТ...- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 601 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ОТ...- ХХК-ийн Гаалийн ерөнхий газар болон Аж үйлдвэрийн сайд Д.Э-ын үндэслэлгүйгээр адууны ширийг хилээр гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, адууны ширийг хилээр гаргах зөвшөөрөл олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б- давж заалдах гомдолдоо: "ОТ...-" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Гаалийн ерөнхий газар, Аж үйлдвэрийн сайдад холбогдох Гаалийн ерөнхий газар болон Аж үйлдвэрийн сайд Д.Э-ын үндэслэлгүйгээр адууны ширийг хилээр гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, адууны ширийг хилээр гаргах зовшөөрөл олгохыг даалгах" шаардлага бүхий хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэн, 2015 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 601 дугаартай шийдвэр гарган, "...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Стандарчшал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныгпус тус баримтлан иэхэмжлэгм "ОТ...-" ХХК-ийн "Гаалийн ерөнхий газар болон Аж үйлдвэрийн сайд Д.Э-үлдэслэлгүйгээр адууны ширийг хилээр гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, адууны ширийг хилээр гаргах зөвшөөрөл олгохыг даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэжшийдвэрлэсэн. Манай компанийн зүгээс дээрх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны одрийн 601 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу дараахь гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт "...Нэхэмжлэгч "ОТ...-" ХХК нэхэмжлэлдээ "... манай компани Эмээлтэд хуримтлагдсан адууны ширээс 27 000 адууны нойтон ширийг худалдан авч механик аргаар давсалж, хатааж идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгон анхан шатны боловсруулалт хийж хадгалж байгаад БНХАУ-руу экспортод ачуулсан болно" гэж тайлбарласан боловч дээрх "Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохщуулалт"-ын 1.5.1, 2.7.1, 2.7.5, 2.7.6 дахь заалтуудын шаардлагуудыг хангаагүй байна" гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

Учир нь манай компанийн хувьд еорийн компаний адууны ширээс 27000 адууны нойтон ширийг механик аргаар давсалж хатааж идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгон анхан шатны боловсруулалт хийж хадгалж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр "Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г "Мл-" ХХК-тай байгуулж, БНХАУ руу экспортлохоор ачуулсан. Манай компанийн болон бусад олон нэр бүхий компаниуд адууны нойтонширийг дээрх аргаар анхан шатны боловсруулалтыг өөрсдөө хийж бэлтгэн нийлүүлэх, цаашид худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг болно. Арьс шир бэлтгэн нийлүүлэгч нарын ийнхүү механик аргаар давсалж хатаах арга нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолоор батлагдсан "Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ын 1.5.1-д "Анхан шатны боловсруулалт хийсэн арьс шир" гэж химийн аргаар болон механик аргаар боловсруулсан идээлсэн, будсан болон будаагүй, тосолсон, хатаасан, өнгө засал хийгээгүй аръс ширийг ", 1.5.2-д "гандсан арьс шир"' гэж химийн аргаар үсийг унагаасан механик аргаар шар махыг нь авсан, давс хүчлээр боловсруулж чанарын хамгаалалт хийсэн түүхий арьс, шир болон идээлэхэд бэлтгэж давс хүчлээр боловсруулж хөөлтгүй болгосон арьс ширийг хэлнэ" гэх нэр томъёонд хамаардаг юм. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын зүгээс шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа манай компанийн адууны ширийг харахад илт хөлдүү, боловсруулалт хийгдээгүй арьс байсан учраас манай гаалийн улсын байцаагч нар хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдэг боловч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн хилээр гаргах зөвшөөрөл хүссэн 27 000 ширхэг адууны ширийг техникийн зохицуулалтын шаардлага хангасан адууньт шир мөн эсэхийг топоосон мэргэжлийн байгууллага, шинжээчийн дүгнэлт байхгүй болно. Гэтэл анхан шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан манай 27 000 ширхэгадууны ширийг дээр дурдсан "Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мордөх техникийн зохицуулалт"-ын 1.5.1-д заасан "Анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир" мөн эсэхийг тогтоогоогүй атлаа техникийн шаардлага хангаагүй гэж өөрийн үзэмжээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Захиргааны хэргийг хяиан шиидвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үпэлэх үүргийг захиргааиы хэргийн шүүх гуйцэтгэнэ" гэж заасан боловч анхан шатны шүүх манай нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох 27 000 ширхэг адууны ширийг анхан боловсруулалт хийгдсэн адууны мөн эсэхийг тогтоогүй атлаа, хариуцагчийн хариу тайлбар дээр үндэслэн техникийн шаардлага хангаагүй анхан шатны боловсруулалт хийгдээгуй гэж дүгнэсэн нь буруу байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ" хэсэгт "...Монгол Улсын хилээр нэвтруулэхийг хориглосон бараа болох боловсруулаагүй адууны ширийг хилээр гаргах зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн ишардлагыг хангах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм" гэж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Хуульд өөрөор заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулах системийн дагуу зааж тус тус батална" гэж заасан бөгөөд уг зохицуулалтын дагуу Монгол Улсын Их хурал "Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус хязгаарлалт тогтоох бүлэг - барааны жагсаалтыг батлах тухай" 05 дугаартай тогтоолыг 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр баталсан. Уг тогтоолоор батлагдсан Монгол Улсын хилээр  нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан адууны ширийг хилээр гаргахыг хориглоогүй болно. Дээр дурдсан үндэслэлүүдээс анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зуйлийн 31.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4, 88.3.5-т заасан үндэслэлийг хангаж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.1.4-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 601 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шийдвэрт баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг орхигдуулсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулжшийдвэрлэв.

Нэхэмжлэгч ОТ...- ХХК-аас Манай компани Эмээлтэд хуримтлагдсан адууны ширээс 27000 ширхэг адууны нойтон ширийг худалдан авч механик аргаар давсалж, хатааж, идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгож анхан шатны боловсруулалт хийж, хадгалж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг Мл- ХХК-тай хийж, БНХАУ руу экспортлохоор ачуулсан боловч Гаалийн улсын байцаагч нар хилээр гаргахгүй гэж шийдвэрэлэж, бараа бүтээгдэхүүнийг хураасанд гомдолтой гэж, харин хариуцагч Аж үйлдвэрийн яамнаас Аж үйлдвэрийн яам нь Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу Засгийн газрын 2013 оны 300 болон 2014 оны 330 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах үүрэгтэй. ...Дархан нэхийХК, Алтайн харгиа ХХК ...зэрэг дунджаар хоногт 5000-6000 ширхэг адууны шир боловсруулах хүчин чадал байна. Аж үйлдвэрийн яам хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй... гэж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсМалын гаралтай түүхий эд, ... арьс ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-ыг баталсан Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 300 тоот тогтоолын Бүх төрлийн арьс, ширийг худалдаалахад тавигдах шаардлага хэсэгт худалдаалах гэж байгаа боловсруулсан бүх төрлийн арьс, шир нь дараах шаардлагуудыг хангасан байна гэж 2.7.1, 2.7.2-оос 2.7.6 хүртэл зааж өгсөн... Анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир ямар байх талаар шаардлагыг зааж өгсөн бөгөөд экспортод гаргах адуу, тэмээний шир нь энэхүү техникийн зохицуулалтын заалтуудын шаардлага хангасан байна гэж Засгийн газрын 2014 оны 330 дугаар тогтоолоор нэмж заасан. ОТ...-ХХК-ийн механик аргаар давсалж, хатааж идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгож, анхан шатны боловсруулалт хийсэн гэх арьс шир нь Засгийн газрын дээрх тогтоолын заалтуудын шаардлагыг хангахгүй байна ...боловсруулаагүй арьс шир экспортлож болох тухай Засгийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Гаалийн ерөнхий газрын зөрчлийн албаны дарга болон Замын үүд дэх гаалийн улсын байцаагч нар нь тус компанийн адууны ширийг хууль бусаар саатуулж, хурааж аваагүй... гэж тус тус тайлбарлан маргажээ.

Гаалийн тухай хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1.2-т Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл түүний хөдөлгөөнд хяналт тавих, 269.1.7-д Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх гэж гаалийн байгууллагын үндсэн үүргийг тодорхойлон заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 300 тоот тогтоолоор баталсан Арьс ширний худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-ын Нэр томъёо хэсэгт анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир гэж ямар арьс шир байх талаар зааснаас гадна бүх төрлийн худалдаалах арьс ширний тухайд тавигдах шаардлагыг Бүх төрлийн арьс, ширийг худалдаалахад тавигдах шаардлага гэсэн Хоёрдугаар бүлэгт тодорхой заасан түүнчлэн Боловсруулсан бүх төрлийн арьс, ширэнд хяналт хийхэд тавигдах шаардлага хэсгийн 4.1-д Бүх төрлийн арьс, ширийг Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, худалдаалах зорилгоор улсын хилээр гаргах болон гаднаас нэвтрүүлэхдээ холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт, шалгалт хийнэ, 4.3-т Бүх төрлийн арьс ширийг Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, худалдаалах зорилгоор хилээр нэвтрүүлэх мэдүүлэгт холбогдох хууль тогтоомжид заасан баримт бичгийг хавсаргасан байна, 4.4-т Энэхүү техникийн зохицуулалтын хэрэгжилтэнд холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод хяналт тавина гэж боловсруулсан арьс, ширэнд хийгдэх хяналтын шаардлагыг тус тус тодорхойлон заажээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-ын 2 дугаар бүлэгт 2.7.7. экспортод гаргах адуу, тэмээний шир нь энэхүү техникийн зохицуулалтын 2.7.1, 2.7.5, 2.7.6 дахь заалтуудын шаардлагыг хангасан байна гэж нэмсэн байна.

 

Нэхэмжлэгч ОТ...- ХХК-ийн Манай компани Эмээлтэд хуримтлагдсан адууны ширээс 27000 ширхэг адууны нойтон ширийг худалдан авч механик аргаар давсалж, хатааж, идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгон анхан шатны боловсруулалт хийж, хадгалж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг Мл- ХХК-тай хийж, БНХАУ руу экспортлохоор ачуулсан боловч манай барааг саатуулан барьж, улмаар хураан авсан Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн хэлтсийн хяналт шалгалт, зөрчлийн хэлтсийн дарга Цэен, Гаалийн байцаагч Ч.А- нар нь Гаалийн тухай хуулийн 274.2.2, 274.2.5-д заасныг зөрчсөн, үндэслэлгүйгээр адууны ширийг гаргахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоож, хилээр гаргахыг зөвшөөрөл олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс Захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан тохиолдолд шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл нь хууль бус эсэхийг буюу тухайн үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн эсэх, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн эсэх талаар шалган тогтоож маргааныг хянан шийдвэрлэх журамтай. Тодруулбал, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид үүрэг болгон заасаар байхад тухайн үүргийг хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулиар тогтоосон үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэхийг хариуцагчид даалган шийдвэрлэх учиртай.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Техникийн зохицуулалтыг Засгийн газар батална гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 300 дугаар тогтоолын хавсралтаар Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-ыг мөн 2014 оны 330 дугаар тогтоолоор Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолыг баталсан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нийцсэн талаар болон Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах, хүчингүй болгох нь Засгийн газрын бүрэн эрх хэмжээний асуудал болох талаарх анхан шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хавтаст хэрэгт Замын-Үүд дэх Гаалийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Ч.А-ийн 2015 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн Мл- ХХК-ийн 03209100415Е30012 дугаар мэдүүлэгтэй ачаанд хийсэн тэмдэглэл, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч ахлагч Н.Дамдинсүрэнгийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэх хийж хурааж авах тогтоол, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 451 дүгээр тогтоол зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл нэгэнт бүх төрлийн арьс, ширийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой мэдүүлэг гаргах, хорио цээрийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагаанд баримтлах[1]-аар, түүнчлэн арьс, шир үйлдвэрлэх боло худалдан борлуулах иргэн хуулийн этгээд заавал мөрдөхөөр зааж тогтоосон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 300, 2014 оны 330 дугаар тогтоолоор тогтоосон зохицуулалтуудыг баримтлан нэхэмжлэгч ОТ...- ХХК-ийн ...механик аргаар давсалж, хатааж, идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгон анхан шатны боловсруулалт хийж хилээр гаргахаар ачуулсан гэх 27000 ширхэг адууны ширийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа буюу боловсруулаагүй арьс шир гэж үзэн хурааж авсан Гаалийн ерөнхий газрын зөрчлийн албаны дарга болон Замын үүд дэх гаалийн улсын байцаагч нарын үйлдэл нь Гаалийн тухай хуулийн дээрх зүйл, заалтад нийцсэн байх тул хариуцагч Гаалийн Ерөнхий газрыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн, 20 дугаар зүйлийн 20.5-д Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх асуудлыг эрхэлнэ: 20.5.7-д Аж үйлдвэрийн сайд нь үйлдвэрлэлийн бодлого, хөгжлийн болон экспорт, импортын асуудал дотоод, гадаад худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалтын асуудлын талаар бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх асуудлыг эрхэлнэ, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ, 7.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах гэж тус тус заасан байна.

Аж үйлдвэрийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.7-д зааснаар үйлдвэрлэлийн бодлого, хөгжил, экспорт, импортын асуудал, гадаад дотоод худалдаа, үйлчилгээний бодлого зохицуулалтын асуудлын талаар бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх асуудлыг эрхлэн хэрэгжүүлэхээр байх тул нэхэмжлэгчийн гаргасан адууны шир боловсруулах стандарт хангасан үйлдвэр манай улсад байхгүй учир олон тоогоор хуримтлагдсан адууны ширийг эдийн засгийн хямралын үед БНХАУ-д экспортоор гаргах зөвшөөрөл олгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан гомдлыг Аж үйлдвэрийн сайдад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх боловч үндэслэлгүй тайлбар хийж хариу өгснийг эс зөвшөөрсөн гэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүх Аж үйлдвэрийн яамыг хариуцагчаар тодорхойлж захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт, 2014 оны 330 дугаар тогтоолоор баталсан Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолуудыг баримтлан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа буюу боловсруулаагүй арьс шир гэж үзэж нэхэмжлэгч ОТ...- ХХК-ийн ...27000 ширхэг адууны ширийг экпортод гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах-аар заасан дээр дурдсан Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул хариуцагч Аж үйлдвэрийн яамыг буруутгах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаагүйг буруутгах боломжгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарыг зөвтгөж шийдвэрлэхдээ хариуцагч нарын үйлдэл хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар буюу тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлон заасан тусгайлсан хууль зүйн зохицуулалтын талаар шийдвэрт тусгаагүй нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ ...адууны ширийг боловсруулах стандартын шаардлага хангасан үйлдвэр Монгол Улсад байхгүй учир манай компани Эмээлтэд хуримтлагдсан адууны ширээс 27000 ширхэг адууны нойтон ширийг худалдан авч механик аргаар давсалж, хатааж, идээлэхэд бэлтгэн хөөлтгүй болгож анхан шатны боловсруулалт хийж, хадгалж байгаад ... БНХАУ руу экспортлохоор ачуулсан... гэж, давж заалдах гомдолдоо ...Монгол Улсад адууны шир боловсруулж байгаа үйлдвэрүүдийн технологи нь Хятадын үйлдвэрийн технологитой таарахгүй байгаа, ...БНХАУ-д адууны ширийг түүхийгээр нь экспортлох 2 улсын Засгийн газрын гэрээ болон гадаад худалдааны гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байдаг... гэж тус тус тайлбарлан маргаж байх ба хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 451 дүгээр тогтоол, нэхэмжлэгчийн ачуулсан адууны шир, түүнийг хилээр гаргаагүйтэй холбоотой бусад нотлох баримтууд авагджээ.

Нэхэмжлэгчийн дээрх ...үйлдвэрийн технологи нь Хятадын технологитой таардаггүй, адууны шир боловсруулах шаардлага хангасан үйлдвэр Монгол Улсад байхгүй... гэж боловсруулах үйлдвэр, боловсруулах технологи шаардлага хангахгүй талаар тайлбарласан тайлбар, гомдол хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн БНХАУ руу экспортлохоор ачуулсан гэх адууны шир нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-д заасны дагуу боловсруулагдсан арьс шир байгаагүй болох нь тогтоогдсон гэж үзэхээр байх тул хилээр гаргахаар ачуулсан гэх адууны ширийг дээрх журамд заасны дагуу анхан шатны боловсруулалт хийсэн арьс шир мөн эсэхийг шүүхээс заавал тогтоох шаардлагагүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх манай 27000 ширхэг адууны ширийг Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт-ын 1.5.1-д заасан анхан шатны боловсруулалт хийсэн арьс, шир мөн эсэхийг тогтоогоогүй атлаа техникийн шаардлага хангаагүй гэж өөрийн үзэмжээр дүгнэсэн нь үндэслэлгүй... гэх гомдол, тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтуудыг оновчтой хэрэглээгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 гэсний дараа Гаалийн тухай хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1.2, 269.1.7, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ С.М-

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ