Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Б.Эрхэмбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

шүүгдэгч Б.Чимэддамба, О.Ганзориг нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, С.Ариунцацрал,

шүүгдэгч Э.Үүрцайхын өмгөөлөгч Ё.Туяа,

шүүгдэгч Б.Чимэддамба, О.Ганзориг, Э.Үүрцайх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дах хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батжаргалын Чимэддамба, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхчулууны Үүрцайх, Очирын Ганзориг нарт холбогдох 201519000607 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын харьяат, 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн. 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Магнай  трейд ХХК-д шатахуун түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Нарт багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Харнууд овогтой Батжаргалын Чимэддамба Регистрын дугаар: НЙ81021713

 

 Монгол Улсын харьяат, 1988 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Дэнжийн 1-3 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бүрд овогт Энхчулууны Үүйрцайх, Регистрын дугаар: НЙ88010211.

 

Монгол Улсын харьяат, 1984 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Төв аймгийн Борнуур сумын Мандал баг 3-35 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Очирын Ганзориг Регистрын дугаар: НЙ84042712

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч  Б.Чимэддамба нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч Э.Үүрцайхтай бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг Харганы ам гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж М.Өлзийбат, Ч.Батмөнх, Б.Болдсайхан нарыг зодож, М.Өлзийбат, Ч.Батмөнх нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч О.Ганзоригтой бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Буугаад мордьё гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин П.Баасанцэрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

            Шүүгдэгч Э.Үүрцайх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч Б.Чимэддамбатай бүлэглэн 2015 оны 03 сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг “Харганы ам” гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж М.Өлзийбат, Ч.Батмөнх, Б.Болдсайхан нарыг зодож,  М.Өлзийбат, Ч.Батмөнх нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан,

Шүүгдэгч О.Ганзориг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 09 сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ яллагдагч Б.Чимэддамбатай бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Буугаад мордъё гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж П.Баасанцэрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Чимэддамба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншиж сонсов.

Шүүгдэгч О.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншиж сонсов.  

Шүүгдэгч Э.Үүрцайх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншиж сонсов.  

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

 

Хохирогч М.Өлзийбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..... Би 2015 оны 03 дугаар сарын 24-ний өглөө багцаагаар 09-10 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Харганатын ам” гэх газрын алтны ашигладаггүй алтны уурхайн аман дээр үл таних хүнд зодуулсан. .....Өглөө багцаагар 09 цагийн үед нутгийн иргэн буюу нинжа нар бололтой 20 орчим залуучууд ирж бид нарыг нүхнээс гаргасан. Тэгээд бид нарыг сөгдөж суу гээд сөгдөж суулгасан. Энэ үед бид нарыг тэдгээр хүмүүсийн хоёр хүн л ээлж ээлжээрээ зодсон. Эхний залууг бусад нь Дамба гэж дуудаж байсан ба тэр залууг би одоо харвал танина. Хэрхэн таних вэ гэхээр тэр залуу багцаагаар 35 орчим насны, шөвгөрдүү бор царайтай, хонхорхойтой нүдтэй хүн байсан ба тэр шар ээдэн гуталтай, дээгүүрээ цайвар билүү шаргал өнгийн зузаан ноолууран цамцтай, алаг өмдтэй байсан. Хоёр дах залуугийн  нэрийг бусад нь Үүрээ билүү Үүрцайх гэж дуудаж байсан бөгөөд тэр эмэгтэйн хүнийх шиг нэртэй байсан. Би тэр залууг одоо харвал танина. Би Үүрцайх тэр залууг одоо харвал санахгүй байх. Тэр залуу хар өнгийн хороом юмуу бакалархуу гуталтай, цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байсан. Намайг нүхнээс хамгийн түрүүнд гарч ирэх үед Дамба гэх залуу миний нүүрэн тус газарт цохисон бөгөөд цохилтоос болж миний уруул хэсэрч үүдэн 2 шүд хөдөлсөн. Дамба дахин угсруулж нүүрэн тус газарт зохих үед миний хамар хөндүүр болсон. Дараа нь Үүрцайх  миний цээжин тус газарт өшиглөж, дал, нуруу дээр дэвссэн. Өөр хүн намайг зодож цохисон асуудал байхгүй ээ. Дамба намайг цохиж байхдаа яасан их нутгийн иргэдийг хөөж нүх рүү ордог пизданууд вэ та нар гэж хэлээд зодсон. Үүрээ гэх залуу нь муусайн шоронгийн тав уу даа, нутгийн иргэдийг та нар нүхнээс хөөдөг хэн бэ гэсэн утгатай зүйл яриад биднийг зодоод байсан. Ерөөсөө л Дамба, Үүрээ гэх хоёр залуу нутгийн иргэдийг хөөж явуулаад нүхрүү орж алт ухлаа гэж уурлаад л биднийг зодсон. Миний тухайд эмчилгээ хийлгээгүй бөгөөд гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-46 тал /,

 

Хохирогч Ч.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Машин тэргээ янзалж дууссаны дараа starx  маркийн машинтай Батмагнай, Өлзийбат, Өлзий-Орших бид нар бусдаасаа түрүүлж Төв аймгийн Борнуур сумын нутагт дэвсгэрт байрлах “Харгана” гэх газарт байх алтны уурхай дээр ирээд хүмүүс ажиллаж байгаа нүхэн дээр ирээд Өлзийбат, Өлзий-Орших бид гурав нүх рүү ороход дотор нинжа нар байраа эзэлчихсэн ажиллаж байсан. Өлзийбат, Өлзий-Орших, бид гурав бас энд тэнд 30 орчим минут ажиллаад жаахан шороо аваад нүхнээс гарч ирсэн. Ингээд удаагүй байж байтал Гантулга, Товуудорж нарын унаж явсан жил дээрээ маяак тавчихсан араас нь Поргион мөн маяактай араас нь дагаж ирсэн. Батмагнай энэ үед хамгаалалт ирлээ гэж орилсон бөгөөд би түүний starx маркийн машинд суугаад бид хоёр хөдлөөд нүхнээс холдсон. Биднийг дагаад нинжа нар нүхийг орхиж явцгаасан. Нинжа нарыг явсаны дараа 2015 оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 03 цагийн үед Батмагнай ах Өлзийбат, Өлзий-Орших, Батсүх, Мөнхбаатар, Баттөмөр бид нарыг нүх рүү орж ажлаа хий гэж хэлсэн. Ингээд бид нар нүх рүү орсон бөгөөд Өлзийбат барьж авсан тэсэлгээний бодисоо нүхэнд угсарсан, тэсэлгээний бодис угсарч дууссаныхаа дараа Өлзийбат биднийг гарцгаа гэж хэлэхээр нь бид нар нүхнээс нь гарсан. Араас өлзийбат нүхний аман дээр ирэх үед дотор пүг гэх чимээ гарч тэсэлгээ болсон. Бид нэг цаг орчмын дараа эргэж нүх рүү орж тэсэлгээ болсон газрын ойр орчмын газрын чулууг молдокоор цохиж аваад шуудайнд хийгээд байж байтал нэг залуу ирээд эхлэж бууж ирсэн удалгүй дахин 7-8 орчим залуу нүх рүү бууж ирээд та нар нутгийн иргэдийг хөөж явуулчихаад өөрсдөө ороод ухлаа гэж хэлээд нүхнээс гарцгаа гэхэд нь бид ээлж  ээлжээрээ цувраад дээшээ гарч эхэлсэн. Би нүхнээс хамгийн сүүүлд гарсан. Биднийг нүхний аман дээр гарч ирэх үед маш олон залуучууд зогсож байсан бөгөөд багцаагаар 20 орчим хүн байх шиг байсан. Намайг нүхнээс хамгийн сүүлд гарч ирэх үед хурдан гүйгээд гар гэж хэлэхээр нь би гүйгээд очиход  манай бусад залуучуудыг газарт сөгдүүлээд суулгачихсан байсан. Намайг очсоны дараа хэн нэгэн нь намайг наанаа найзуудтайгаа зэрэгцээд суу гэхээр нь би газарт сөгдөөд суусан. Энэ үед хар өнгийн түрийтэй гуталтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, дээгүүрээ ноосон маягийн цагаан цамцтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, багцаагаар 1 метр 80 орчим см өндөр нуруутай, дугуйдуу нүүртэй, энгийн халим засалттай хар өнгийн үстэй, бордуу царайтай залуу бид нарыг бүгдийг нуруун дээр дэвсэж өшиглөсөн. Тэр залуу биднийг дэвсэж байхдаа та нар манай бригадын хүмүүсийг хөөж гаргачихаад өөрсдөө ирж ухдаг хэн бэ гээд л биднийг зодоод байсан. Дээрх залуу миний нуруу, шилэн хүзүүн дээрээс дэвссэн цээж рүү өшиглөсөн. Бусад нь Дамба гээд дуудаад байсан санагдаж байна тэр нөхөр монгол гуталтай байсан ба миний тохойн гуян тус газарт өшиглөсөн. Дамба гэгч намайг өшиглөхдөө та нар харуул хамгаалалтын дүрээр орж ирээд нутгийн ард иргэдийг хөөлөө гэж хэлж байсан. Дээрх хоёр хүнээс өөр намайг цохиж зодсон хүн байхгүй ээ. Дээрх хоёр хүн тус тусдаа л намайг зодсон, түүнээс хоёулаа зэрэгцэж зодоогүй ээ. Намайг зодсон хоёр хүн мөн Өлзийбат болон надтай хамт явсан бусад хүнийг зодсон. Өөрөөр бидэнд гар хүрсэн хүн байгаагүй санагдаж байна гэсэн мэдүүлэг /хх-51/,

 

Хохирогч Б.Болдсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ........ Би 2015.03.23-ны өдөр Дархан-Уул аймгаас Баруун хараад хүн хүргэж явсан ба маргааш нь болох 2015.03.24-ний өдөр Төв аймгийн Борнуур аймгийн Харганы уурхай гэх газар руу өөрийн найз Батмагнай болон түүнтэй хамт явсан хүмүүстэй явсан юм. Тус уурхайн наана байрлах уулын орой дээр байж байхад Чимэддамба, Үүрцайх гэх 2 залуу хэсэг хүмүүстэй хүрч ирээд  намайг машинаас шууд буулгаад Чимэддамба гэх залуу нь шууд миний толгойн хэсэг болон толгойруу 2-3 удаа цохиод нүхний аман дээр авчирсан юм. Тухайн үед Батмагнайн хамт  явсан нүх рүү орсон хүмүүсийг бүгдийг нь доош нь өвдөглөж суулгасан байсан ба намайг очиход надтай хамт явсан Өлзийбат, Батмөнх гэх хүмүүсийг зодсон байсан. Тэгээд Үүрцайх гэх залуу халамцуу хутга гаргаж ирээд хүмүүсийг айлган сүрдүүлээд байсан ба бид нарыг Борнуур сумын харгана цагдаагийн хэсэгт хүргэж өгсөн. Чимэддамба гэх залуу миний зүүн дагз хэсэгт гараараа цохисон мөн хамар руу цохисон ба Үүрцайх гэх залуу миний нуруун дээр дэвссэн байгаа Чимэддамба гэх залууг яаж мэдээд байна гэхээр тэр ганцаараа тэмээний ноолууран цамцтай, шар ээтэн монгол гуталтай байсан юм. Голчлон Чимэддамба, Үүрцайх гэх хүмүүс намайг зодсон байгаа. Намайг толгойлж явсан гээд зодсон байгаа. Чимэддамба, Үүрцайх гэх хүмүүсийг би одоо харвал танина. Намайг зодсон гэх хүмүүс энэ хүмүүс мөн байна гэж Чимэддамба, Үүрцайх зургийг танив. Миний биеийн байдал одоо хамар битүүрээд толгой өвдөөд байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна. Чимэддамба намайг зодож байхдаа миний зиппо гэх асаагуурыг авсан, мөн миний нүдний шилийг хөлөөрөө өшиглөж хагалсан ба мөн миний монетан гинжийг зодож байхдаа тасдаж, алга болгосон учраас би Чимэддамба гэх хүнээс 3.846.055 төгрөг нэхэмжилж байна. Үүрцайх гэх хүн бол миний нуруу хэсэг хөлөөрөө дэвссэн байгаа гэсэн мэдүүлэг /хх-55/,

 

Хохирогч П.Баасанцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын талбай дээр ажиллаж байгаад төмсөө хураагаад зоориндоо хийсэн юм. Тэр би Эрдэнэцогт, Батгэрэл, Батболд, Ганбаяр нарын хамт хүнсний дэлгүүрээс 1 сав  авах гээд очиход дэлгүүр хаалттай байсан ба бид нар дэлгүүрийн гадаа Ганбаярын машинтай зогсож байгаад Батболдыг хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очоод  Ганзориг нилээд согтуу ирээд намайг гэрт хүргээд өг гэсэн юм.  Тэгээд бид нар Ганзоригийг гэрт нь хүргэж өгсөн ба гэр рүү нь явж байх замд Ганзориг Батгэрэлтэй маргалдаад байсан. Ганзоригийг гэрт нь буулгаж өгсөний дараа бид нар Батболдыг гэрт нь хүргэж өгөөд гудамжинаас доошоо уруудаад дэлгүүр хайгаад явж байтал Чимэддамба, Ганзориг хоёртой таарсан. Тухайн үед Чимэддамба, Ганзориг нар приус-20 маркийн машинтай явж байсан ба Чимэддамба, Ганзориг нар бидний сууж явсан машинд орж ирээд Батгэрэлтэй муудалцаад байсан. Тэр үед би машины урд суугаад харин машиныг Ганбаяр жолоодоод арын суудалд Эрдэнэцогт, Батгэрэл, Чимэддамба, Ганзориг нар суусан байсан. Тэгээд тэд нар муудалцаж байгаад ойролцоо гээд Ганзориг хүнсний дэлгүүр орьё гээд бид нар хүнсний дэлгүүр рүү ороод би Ганзоригтой машинаас буугаад дэлгүүрийн үүдэнд очоод байж байхад Ганзориг намайг шалтгаангүй зүүн шанаа хэсэгт 3 удаа гараараа цохихоор нь би больё гээд аваад машиндаа суусан. Тэгэхэд Чимэддамба, Ганзориг 2 архи байхгүй юм байна “Буугаад мордьё“ зоогийн газар орьё гээд тус газар руу явсан. Бид нар “ Буугаад мордье” зоогийн газар ороод сууж байхад Чимэддамба та юунаас болж маргалдаад байгаа юм бэ, гэхэд Ганзориг намайг алгадаад “3 хүүхдээ тэжэээ чадахгүй муу банди” гээд хэл амаар доромжлоод байхар нь миний уур хүрээд шүдний чигчлүүр аваад Ганзоригийн зүүн чамархай хэсгийг нь урахад Ганзоригийн зүүн чамархай хэсгээс нь цус гараад надруу дайрч байгаад Ганзориг зоогийн газраас гараад явсан. Тэгэхэд Чимэддамба намайг “Чи муу миний найзыг яаж байгаа юм бэ” гээд намайг зуураад зоогийн газраас гаргасан ба гаргах үедээ миний нүүр рүү цохисон, зоогийн газрын үүдэнд Ганзориг миний нүүр рүү 2 удаа цохиход би ухаан алдсан түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би тухайн үед бага зэрэг л архи уусан байсан. Харин Чимэддамба, Ганзориг нар нилээд согтуу байсан. Чимэддамба миний элэг рүү гараараа 2 удаа цохисон, Ганзориг миний хэсэгт гараараа 2 удаа цохиход би ухаан алдсан ба түүнээс хойш юу болсон талаарсанахгүй байна. Намайг ухаан алдсаны дараа нилээд зодсон байсан. Томографид давтан зураг авхуулж, хамараа эмчлүүлж, эмчилгээний төлбөрөө авах бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал өгөөгүй бол би гомдолтой байна /хх-57 тал/, .... Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл Ганзориг, Чимэддамба хоёр надад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, мөн надад эмчилгээний зардал 1.000.000/нэг сая/ төгрөг өгсөн болохоор одоо миний зүгээс гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал одоо сайн байгаа ба надад нэмэлтээр гаргаж хохиролын баримт надад одоо байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-58/,

 

Гэрч Ц.Өлзий-Орших мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Бид нар нүхний нагарыг гаргах гэж 30 орчим минут болсоны дараа Өлзийбат, Батмөнх, Мөнхбаатар, Батсүх бид нар буцаж нүх рүү ороод суларсан чулууг молдокоор унагааж шуудайлаад байж байтал өглөө барагцаагаар 08-09 цагийн үед нутгийн иргэд орж ирээд бид нарыг нүхнээс гаргаж та нарыг хэн ийшээ оруулсан юм бэ, та нар өчигдөр орой хамгаалалтын хувцастай ирээд хөөгөөд байсан хүмүүс мөн үү гээд байсан. Бид нарыг тэр нутгийн иргэдээс хоёр хүн л зодоод байсан юм. Тухайн хоёр залуугийн нэг нь барагцаагаар 30 гаран насны шардуу царайтай, монхор хамартай, эрээн өнгийн өмдтэй, шар өнгийн монгол гуталтай, тэмээн ноосон шар өнгийн цамцтай залуу байсан. Харин нөгөө согтуу залуу нь хар өнгийн бакалархуу гуталтай, тэр гутал нь давхар түрийтэй, цагаан өнгийн ноосон цамцтай, бор царайтай, барзгардуу нүүртэй, онигордуу нүдтэй хоёр залуу байсан. Би энэ хоёр залууг харвал танина. Шар монгол гуталтай залуу нь сүүлд Борнуурын цагдаагийн гадаа байхад намайг Дамба гэдэг юм гэж хэлж байсан. Дамба болон цагаан цамцтай залуу хоёр та нар яахаараа манай нутаг ирчихээд биднийг хөөж явуулдаг юм бэ, та нар миний нутгийн шорооноос ирж байж яагаад нутгийн иргэдийг хөөдөг юм бэ, энэ бол миний нутгийн газар гэж хэлж байсан. Миний өмнө дурдсан хоёр залуу л Өлзийбат, Батмөнх хоёрыг зодож биед нь гэмтэл учруулсан. Үл таних хоёр залуу биднийг зодохдоо нэг нэгээрээ л ирж зодсоноос хойш хоёулаа нийлж зодсон асуудал байхгүй. Нутгийн иргэд биднийг авч явсан тэсэлгээний бодисыг харчихаад борнуурын цагдаа дээр авч ирсэн гэсэн мэдүүлэг /хх-62-63 тал/,

 

Гэрч Б.Баттөмөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Шуудайнуудаа дээшээ нүх рүү гаргаад байж байтал гаднаас баахан залуучууд орж ирээд биднийг нүхнээс гар гэж хэлсэн. Бид нүхнээс гараад ирэхэд 20 орчим залуучууд байсан. Харин Гантулга уул руу зугтаагаад явж байсан. Харин Товуудорж, Баярмагнай хоёр байхгүй байсан ба нүхэн дотор ажиллаж байсан Мөнхбаатар, Өлзийбат, Өлзий-Орших, Батсүх, Батмөнх, бид нарыг нүхнээс гаргаж ирсэний дараа нутгийн хүмүүс Бодсайхан ахыг Поргионтой нь авч ирсэн. Биднийг олон залуучуудаас 2 залуу нь голлож зодсон бөгөөд нэг залууг нь хүмүүс Дамба гэж дуудаж байсан. Дамба гэх залуу урд тал нь шөвгөр юм шиг Монгол гутал шиг гуталтай сааралдуу санагдаж байна ноосон цамцтай байсан. Дамба гэх залуу нь бордуу царайтай, дэлдэндүү чихтэй, зууван нүүртэй хүн байсан. Дамбатай хамт биднийг зодсон залуу нь цагаан цамцтай залуу байсан. Цагаан цамцтай залуугийн содон шинж тэмдгийг би хэлж мэдэхгүй байна. Өлзийбат, Батмөнх нарыг хоёр залуу л ээлж ээлжээрээ зодож байсан. ....Цагаан цамцтай залуу нь Батмөнхийг хэвтүүлчихээд өшиглөөд байсан. Тэнд бид нарыг газарт хэвтүүлчихсэн дээрээс нь баахан хүмүүс тойрч зогсоод шаагилдаад өөрийгөө яая даа гэж байсан болохоор орчин тойрноо сайн ажиглаж чадахгүй байсан. Тийм болохоор Өлзийбат, Батмөнх нарыг хүмүүс яг хэрхэн хаана нь өшиглөж цохисныг хэлж мэдэхгүй байна. Нутгийн залуучууд бид нарыг Борнуурын хэсгийн төлөөлөгчид аваачиж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-66-67 тал/,

 

Гэрч Ц.Батсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... 2015 оны 03 дугаар сарын 24-ны өглөө багцаагаар 07-08 цагийн үед бид нарыг нүхэн дотор чулуу шуудайлж байтал нутгийн гэх баахан залуучууд ирээд нүхээс гарахыг шаардсан. Бид нар нүхээс гараад ирэхэд бид нарыг өвдөг дээрээ сөхөрч суу гээд суулгасан. Тэр дунд байсан залуучуудаас хоёр залуу л биднийг зодсон бөгөөд тэр хоёр залуу биднийг ээлж ээлжээрээ зодож байсан. Биднийг зодсон залуу “та нар яахаараа биднийг хөөж гаргаж өөрсдөө энэ нүх рүү ордог юм бэ, та нар яахаараа нутгийн ард иргэдийг хөөж гаргадаг юм бэ, хүний нутагт ирчихээд” гэсэн утгатай зүйл хэлж биднийг зодож байсан. Эхний залууг бусад нь Дамба гэж дуудаж байсан. Дамбын нүүрний хэлбэр нь зуувандуу, бор царайтай, нүд ухархайтай хүн байсан. Хоёрдахь залуу согтууруулах ундааны зүйл маш ихээр хэрэглэсэн байсан бөгөөд дээгүүрээ цагаан өнгийн ноосон цамцтай, орос бакал өмссөн байсан. Хоёрдахь залууг би харвал танина. Дээрх хоёр залуу Батмөнх, Өлзийбат нарыг ээлж ээлжээрээ зодож биед нь гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг /хх-69-70 тал/,

 

Гэрч Ю.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..... Бид нар мах идчихээд буцаж ажилдаа ороод байж байтал танихгүй нэг хүн гаднаас орж ирээд ажил сайна уу гэж мэнд мэдчихээд удалгүй буцаад гараад явсан. Удалгүй гаднаас баахан залуучууд орж ирээд писдануудыг ална даа гарцгаа гээд биднийг нүхнээс гаргасан. Бид нар нүхнээс гарч ирэхэд 20 орчим залуучууд зогсож байсан ба тэдгээр хүмүүсээс голчилж хоёр залуу нь биднийг зодсон. Тэр хоёр залуугийн нэг нь цагаан цамцтай, бакалтай байсан.Би тэр залууг одоо харвал танихгүй. Нөгөө залуу нь бордуу царайтай байсан бөгөөд бусад нь түүнийг Дамба гэж дуудаж байсан. Би Дамба гэдэг хүнийг харвал танихгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Хамгийн түрүүнд нүхнээс гарсан Өлзийбатыг яг хэн цохисныг би хараагүй. .. Мөн Батмөнхийн биед учирсан гэмтлийг хэн үйлдсэн болохыг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан Дамба болон цагаан цамцтай залуу хоёрын нэг нь л гэмтэл гэмтэл учруулсан байх. Биднийг нүхнээс гаргаж ирсэн залуучууд бор өнгийн алаг ууттай зүйл гаргаж ирээд энэ хэнийх вэ гэхэд Өлзийбат манайх гэж хэлсэн. Тэр бол алаг уутан дотор тэсэрч дэлбэрэх бодис байсан. Тэдгээр нутгийн хүмүүс биднийг Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн. Нутгийн иргэд ирээд намайг нүхнээс гаргахад Ланд Крузейр маркийн машин  байхгүй байсан. Товуудорж, Гантулга, Баярмагнай нар байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-73-74 тал/,

 

Гэрч Ж.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..... Би одоогоор Гүнбилэг Гоулд ХХК-ын Харганы аман дах алтны уурхайн харуулын даргаар ажиллаж байна. .... 2015 оны 03 дугаар сарын 23-ны орой би цагийг нь сайн санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод явж байхад миний 96061347 гэсэн дугаар руу үл таних хүн яриад бид танай уурхай руу явж байна. Нинжа хөөж танай уурхайд ороодхоё гэж хэлэхээр нь би тийм асуудал байхгүй, та нар буцаарай гэж хэлсэн. ... Тухайн орой надруу залгаж нинжа хөөж өгөөд орьё гэсэн хүний утасны дугаарыг санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-80-81 тал/,

 

Гэрч Э.Сүхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .... Тэгтэл орой 9 цагийн үед уурхайн аман дээр 2 суудлын автомашинтай 10 гаран залуучууд ирээд гарч орилоод ноцолдоод зодолдоод байгаа ч юм шиг чимээ гараад байхаар нь Пүрэвдаваа ах бид хоёр яваад очтол Борнуур сумын залуучууд уурхай дотор байсан хамгаалалтын албаны гэх залуучуудыг гаргаж ирээд Борнуур сумын цагдаад аваачиж өгнө Пүрэвдаваа ахыг явж бай гэхээр нь бид хоёр Отгонбаяр даргатай утсаар ярьж уг болж байгаа байдлын талаар хэлсэн. Тэгээд гэрт байж байтал ногоон эрээн өнгийн хувцастай бүдүүн  шар залуу нь бороохой барьчихсан гүйж ирээд утасны сүлжээ барьдаг газар байна уу гэхээр нь гар утасны сүлжээ барьдаг газрыг нь зааж өгөөд явуулсан. Хамгаалалтын албаны гэх хүмүүсийг Борнуур сумын залуучууд аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-82-83 тал/,

 

Гэрч С.Пүрэвдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... 09 цагийн үед уурхайн аман дээр 2 суудлын машинтай 10 гаран залуучууд ирээд хашгирч орилоод байхаар нь Сүхбат бид хоёр яваад очтол Борнуур сумын залуучууд уурхай дотор байсан хамгаалалтын албаны гэх залуучуудыг гаргаж ирээд Борнуур сумын цагдаад аваачиж өгнө. Та хоёр явж бай гэхээр нь Сүхбат бид хоёр буцаад манаачийн гэрт очоод Отгонбаяр даргатай утсаар ярьж хэлсэн. Тэгсэн ногоон эрээн өнгийн хувцастай бүдүүн шар залуу нь бороохой барьчихсан зугтаж гүйж ирээд утасны сүлжээ барьдаг газрыг нь зааж өгсөн бусад хамгаалалтын албаны гэх хүмүүсийг Борнуур сумын залуучууд аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-86 тал/,

 

Гэрч Г.Болдбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...тэр өглөө би гэртээ унтаж байтал 07 цаг өнгөрч байхад манай гадаа машин ирээд сигналдаад байна гэхээр нь босоод харсан чинь Үүрцайх, Ууганаа өөрийнхөө цагаан өнгийн микро машинтай ирчихсэн байсан. Би яасан бэ гэсэн чинь уул явах уу гэхээр нь тэгье гэтэл чи ороод хувцасаа өмсөөд байж бай би Алтансүхийг дуудаадхая гээд явсан. Удалгүй буцаж хүрч ирээд намайг аваад уул руу явсан. Миний сууж явсан машинд Үүрцайх, Ганбат, Алтансүх, Ууганаа бид нар явж байсан. Өөр бас хүмүүс байсан боловч би анзаарч хараагүй. Харганы ам гэдэг газарт очиход Дамба ах болон нилээд олон хүн байсан. 4-5 машинтай явж байсан ба би хүмүүсийг нь тоолоогүй ямар ч байсан Дамба ах явж байсан. ... Миний анзаарч харсанаар бол Дамба ах Монгол ээтэн гутал, шар өнгийн ноолууран цамцтай байсан. Өөр бусдынхан хувцас хунарын бол санахгүй байна. Харин Үүрцайх хар өнгийн бакалан гутал, хар өнгийн жинсэн өмдтэй явж байсан. Бусад хувцасыг нь анзаарач хараагүй гэсэн мэдүүлэг /хх-92 тал/,

 

Гэрч Г.Алтансүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Миний сууж явсан машинд Үүрцайх, Болдбаяр, Ганбат нар байсан. Нийт 7-8 хүн байсан ба би бусдыг нь танихгүй. Бид нийт 20 гарам хүн, 4 орчим машинтай явж байсан санагдаж байна. Бусад машинуудад ямар хүмүүс сууж явсаныг би мэдэхгүй. Намайг гэртээ унтаж байхад Үүрцайх хүрч ирээд ууланд хамгаалалтынхан ирчихсэн байна, босоод ир явъя гэхээр нь би хувцасаа өмсөөд гарч явсан. Яг яах гэж байсныг нь би мэдэхгүй байна. Нүхний гадаа нь очиход хамгаалалтын хувцастай бүдүүн залуу байсан ба бид нарт “та нар ийшээ орж болохгүй дээ манайхан араас ирж байгаа” гэж байсан. Нүхний гадаа машинаас буутал Дамба ах, Үүрцайх нар бид нарыг орцгоо орцгоо гээд оруулсан. Нүхэн дотор ороод явж байхад бидэнтэй цуг ирсэн хүмүүс дотор байсан хүмүүсийг гарцгаа гээд хөөж гаргаж байсан ба нүхэн дотор нийт 6-7 хүн байсан. Бүгдээрээ л муу хувцастай явж байсан. Тэгээд Болдбаяр, Ганбат бид гурав шороогоо хамчихаад гараад иртэл гадаа нэг ч машин байхгүй явчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-96 тал/,

 

Гэрч И.Ганбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Би тэр өдөр гэртээ унтаж байтал Үүрцайх 08-09 цагийн үед манай гэрт орж ирээд босоод ир уул явъя гэсэн. Тэгэхээр нь би тэгье гээд хувцасаа өмсөөд гартал Дамба ах, Цэгмээ, Болдбаяр, Бор савхи өмсчихсөн Мөөжиг гээд нэг ах, дээд хорооны 2-3 залуучууд байсан. Тэд нарыг бол би танихгүй. Үүрцайх өөрийнхөө микро маркийн машинтай явж байсан. Тэгээд хөдлөөд Алтансүхийг замаараа аваад бөөндөө хөдөлнө гээд колонкын хажууд хэсэг хүлээж байтал ахиад 2 машинтай хүмүүс ирсэн. Тэр үед Цэгмээ буюу Дамба –н дүү бас нэг ачаатай мазда маркийн машинтай ингээд бид нар 4 машинтай болоод цааш хөдлөөд явсан. Тэр үед яг хэдүүлээ байсныг мэдэхгүй цуглаж байхдаа тэд нар гадаа гараад шуугилдаад л байсан. Алтансүх, Болдбаяр бид 3 машиндаа л сууж байсан. Тэгээд хөдлөөд цааш харганы аман дээр очсон. Замд яг даваан дээр нэг хамгаалагч ах таараад та нарыг оруулахгүй, удахгүй манай хамгаалагч нар нэмэлт хүч ирнэ, бөөн юм болно доо гэж хэлтэл Дамба ах сонсолгүй дайраад жижиг тэрэгтэй явчихсан. Амны гадаа ирчихээд Дамба ах биднийг нүхрүү ороод шороо байвал аваад гараад ир гэсэн. Тэгээд орох гэхэд үүдэнд нь 2-3 хүн байсан ба Дамба ахад хүн байна шүү дээ гэхэд тэднийг харчихаад “ өө өчигдөр биднийг хөөгөөд байсан хүн байна шүү дээ” гэж хэлсэн. Наадуулаа бүгдийг нь гаргаад ир гэсэн. Тэгээд Алтансүх, Болдбаяр бид 3 цааш нүхний гүн руу орж байтал цаанаас нь 3-4 хүн гарч ирэх шиг болсон. Бид 3 нүхнээс 3 шуудайны тал талаар шороо авч гарч ирсэн ба гарч ирэхэд машин тэрэг хүн амьтан байхгүй болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-101 тал/,

 

Гэрч Б.Алдархишиг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Би 2015 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын төвд гэртээ амарч байхад Ганзориг над руу залгаад “Урьхан зоогийн газар байна. Чи хүрээд ирээч унаагүй болчихлоо” гэхээр нь би зөвшөөрөөд “Урьхан зоогийн газар” яваад очиход тус газар Ганзориг, Чимэддамба 2 нэг шил архи уугаад сууж байсан юм. Тэгээд би тэр хоёрыг машиндаа суулгаад гэр, гэрт нь хүргэж өгөх гэтэл Ганзориг надад хэлэхдээ “ээж гэрт байгаа, би гэртээ харихгүй” гэхээр нь би тэр хоёрыг нуурын дэргэдэх гэртээ хүргэж өгөөд би өөрөө сумын төвд байрлах гэртээ хоносон ба би маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад нууран дээр байдаг гэртээ очиход Чимэддамба, Ганзориг хоёр унтаж байсан.Тэгээд би тэр хоёрыг сэрээгээд сумын төвд байрлах гэртээ ирэхэд цагдаа нар орж ирээд тэр хоёрыг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-107 тал/,

 

Гэрч Д.Эрдэнэцогт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Тэгээд бид нар замдаа явж байтал Ганзориг гэх залуу Баасанцэрэн рүү дайраад байсан ба зоогийн газар ороод хоол захиалаад байж байтал Баасанцэрэн, Ганзориг 2 дахиад хэрэлдээд байсан. Би тэр үед хоолны меню үзээд сууж байтал Баасанцэрэн Ганзоригийг юугаар цохисоныг мэдэхгүй ямарч л гэсэн гараараа цохих шиг болсон бас тэгээд зодоон болсон. Тэгээд би зодооны дундуур ороход хэн нь намайг цохисныг мэдэхгүй нэг нь л намайг цохисон ба нэг мэдэхэд би зоогийн газрын гадаа Ганбаярын машины хажууд сууж байсан. Тэгээд харахад Баасанцэрэн зоогийн газрын гадаа газар уначихсан Ганзориг түүний толгой дээр нь миний харсанаар 2 дэвсэж байсан ба Ганзоригийг Ганбаяр салгангуут, нөгөө Чимэддамба гэх залуу нь мөн Баасанцэрэнгийн толгой хэсэгт нь 2 удаа хөлөөрөө дэвсэж байгаа харагдсан. Тэгээд Батгэрэлтэй би очиж тэд нарыг салгасан байгаа. Тэгэхэд Ганбаяр машинаа авчираад Батгэрэл бид 2 Баасанцэрэнг өргөж машинд суулгаад шууд Борнуур сумын эмнэлэг орсон ба тэндээсээ Баасанцэрэнг Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Чимэддамба, Ганзориг 2 хаашаа явсныг би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-108-109 тал/,

 

Гэрч О.Батгэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... “Буугаад мордъё” гэх зоогийн газар ороод хоол захиалаад байж байтал Баасанцэрэн, Ганзориг 2 дахиад хэрэлдээд байсан. Тэр үед миний дотор муухай оригоод  доошоо хараад сууж байхад Баасанцэрэн, Ганзориг 2 гэнэт маргалдаж, зодолдоод эхэлсэн ба би зодоонд огт оролцоогүй. Тэр үед  би нилээд согтуу байсан учир юу болсон талаар сайн санахгүй байна ямар ч л гэсэн  нэг мэдэхэд би зоогийн газрын гадаа Эрдэнэцогттой байсан. Тэр үед зоогийн газрын гадаа Баасанцэрэн хэвтэж байсан ба Ганбаяр машинаа авчраад  Эрдэнэцогт бид 2 Баасанцэрэнг өргөж машиндаа суулгаад шууд Борнуур сумын эмнэлэгт орсон ба тэндээсээ Баасанцэрэнг Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Чимэддамба, Ганзориг 2 хаашаа явсныг би мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх-110-111 тал/,

 

Гэрч Г.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Тухайн үед Батгэрэлтэй Ганзориг муудалцаад байсан ба тэгэхээр нь би Ганзоригийг очих газарт нь хурдан хүргэж өгөхөд тэрээр машинаас буусан бөгөөд сүүлд сонсоход тэр газарт нь Чимэддамба амьдардаг гэсэн. Тэгээд тэндээсээ шууд Батболдын гэрт нь очоод Батболдыг гэрт нь оруулж өгөөд цаашаа гудамж тойроод зам руу ороход Ганзориг, Чимэддамба 2 хар өнгийн Приус 20 маркийн машинтай зогсож байсан. Тэр хоёр намайг зогс гэхэд бид зогсоход Ганзориг ирээд Батгэрэл машинаас буухад Ганзориг Батгэрэлийг 2 удаа нүүр рүү цохиод “чи муу түрүүн яасан том байнаа” гэхэд би тэр хоёрыг салгасан юм. Тэгэхэд Чимэддамба ах намайг хараад “нутгийн дүү явж байна. Боль, боль” гээд гайгүй байсан.  Приус маркийн машин тэгээд хөдлөөд яваад өгсөн ба Ганзориг, Чимэддамба 2 үлдээд тэр 2-т тал шил архи байсан. Тэр үед Ганзориг бас Баасанцэрэнд хандан “чи муу бас томроод байсан уу” гээд байсан ба машинд суугаад байж байтал Ганзориг, Баасанцэрэн 2 архины даруулга авна гээд дэлгүүр яваад удалгүй даруулга байхгүй байна гээд буцаж ирээд машинд суусан байгаа. Тэгээд бид нар тус тал шил архийг тойруулж уухаар болоод Ганзоригийн гэрийн ойролцоо очоод уусан ба би тэр үед машин барьж байсан болохоор огт архи, дарс уугаагүй эрүүл байсан. Архиа тэд нар уугаад дуусаж байхад Чимэддамба ах хэдүүлээ “Буугаад мордье” зоогийн газар луу явцгаасан юм. Тэгээд бид нар тэнд очоод хоол захиалаад байж байтал Ганзориг Баасанцэрэнд хандан “Чи муу муухай хараад байна уу” гээд ер нь дарамтлаад байсан ба  Баасанцэрэн тухайн үед шүдний чигчлүүр авч Ганзоригийн эрүү хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхэд Ганзориг шууд босож ирээд Баасанцэрэнгийн нүүр хэсэгт нь 3 удаа цохиход Эрдэнэцогт бид 2 салгасан ба тэр үед Чимэддамба ах гаднаас утсаар яриад орж ирсэн. Чимэддамба ах тэр үед та нар гарч зодолд гэж хэлээд байж байхад Ганзоригийг би Баасанцэрэнгээс салгаад авч гарахад Ганзориг буцаж ороод Эрдэнэцогтын шанаа хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиход Эрдэнэцогт ухаан алдаад унасан. Тэр үед мөн Чимэддамба ах Баасанцэрэнг энэ муу ер нь яах гээд байнаа гээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон ба Ганзориг тэр үед Баасанцэрэнг чирээд гаргасан байгаа. Зоогийн газрын гадаа Баасанцэрэн, Ганзориг нэг нэгнийгээ хэд хэдэн удаа цохиход Баасанцэрэн газар унах үед Ганзориг түүний толгой хэсэгт 3-4 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгэхэд Чимэддамба ах хажуунаас нь 2 удаа толгой хэсэгт нь дэвсэж, 1 удаа хөлөөрөө өшиглөсөн ба зоогийн газрын зохион байгуулагч эмэгтэй ирээд Чимэддамба ахыг аваад орсон ба Ганзоригийг би салгасан байгаа. Тэгэхэд Батгэрэл, Эрдэнэцогт 2 Баасанцэрэнг өргөөд миний машинд суулгасан ба тэндээсээ би Батгэрэл, Эрдэнэцогт нарын хамт би Борнуур сумын эмнэлэгт шөнийн 00 цагийн орчим очсон ба тэр үед Баасанцэрэнгийн биеийн байдал нүүр, ам нь хавдаж хөхөрсөн, ам, хамарнаас нь цус гарсан ухаангүй байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх-112-113 тал/,

 

-мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/,

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09-10 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-17 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №52 актад

1. Магадлуулагч Ч.Батмөнхийн биед цээжний зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.  Учирсан нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах /ШЭГЗТ журмын 2.4.1/ба ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги байдлаар алдуулахгүй /ШЭГЗТ журмын 2.6/

4. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-118 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №48 актад

1. Магадлуулагч М.Өлзийбатын биед тархи доргилт, доод уруулын няцарсан шарх, дээд үүдэн 2 нэг дүгээр шүднүүд хөдөлгөөн оролт, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах /ШЭГЗТ журмын 2.4.1/ ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонго байдлаар алдагдуулахгүй /ШЭГЗТ журмын 2.6../ гэмтэл болно.

4. Учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэжээ /хх120 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №55 актад

1. Магадлуулагч Б.Болдсайханы биед дагзны зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

2. Уг гэмтэл нь ир ирмэг мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй /ШЭГЗТ журмын 2.6./ ба ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги байдлаар алдагдуулахгүй /2.6./ учир гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэжээ /хх-122 тал/,

 

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №326 актад

1. П.Баасанцэрэнгийн биед хамар, зүүн хацар ясанд хугарал, зүүн нүдэнд цус хуралт, духанд зулгаралт, зүүн хацар, шанаа, нүдний эргэн тойрон, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-124 тал/,

 

-хохирлын баримтууд /2-р хавтас хх-17-21 тал/,

 

-шүүгдэгч Б.Чимэддамбыг 2015 оны 05 сарын 18-ны өдөр сэжигтнээр /хх-155-156 тал/, 2015 оны 10 сарын 07-ны өдөр сэжигтнээр /1-р хавтас хх-157-158 тал /,  2015 оны 11 сарын 26-ны өдөр яллагдагчаар /1-р хавтас хх-159-160 тал/ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар /2-р хавтас хх-71 тал/,  2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар /2-р хавтас хх-192-193 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч О.Ганзоригийг 2015 оны 10 сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх-150 тал/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр дахин /1-р хавтас хх-151-152 тал /, 2015 оны 10 сарын 30-ны өдөр яллагдагчаар /1-р хавтас хх-153-154/ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар /2-р хавтас хх-71 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч Э.Үүрцайхыг 2015 оны 05 сарын 18-ны өдөр сэжигтнээр /1-р хавтас хх-161-162 тал /, 2016 оны 11 сарын 01-ний өдөр яллагдагчаар /1-р хавтас хх-163-164 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

-Б.Чимэддамбын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан” гэх лавлагаа /2-р хавтас хх-27 тал/

-О.Ганзоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /2-р хавтас хх-37 тал/,

 

-Э.Үүрцайхын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 сарын 19-ний өдрийн №306 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан” гэх лавлагаа /2-р хавтас хх-41 тал/ зэрэг болно.

 

Хэрэгт  цугларсан ,хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул  энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг ,  хэрэгт цугларсан нотлох баримтуудад  дүгнэлт  хийхэд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чимэддамба Э.Үүрцайх нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг Харганы ам гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж М.Өлзийбат, Ч.Батмөнх, Б.Болдсайхан нарыг зодож, М.Өлзийбат, Ч.Батмөнх нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохироогүй энэ үйлдлийг  танхайн сэдэлттэй үйлдээгүй  байна   гэж   шүүх үзэв.

Харин шүүгдэгч Б.Чимэддамба, Э.Үүрцайх  нар нь бүлэглэн дээрх үйлдлийг   тодорхой сэдэлттэйгээр үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлснийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2   болгон өөрчлөн зүйлчлэв

           Шүүгдэгч  Б.Чимэддамба, Э.Үүрцайх нар нь согтуугаар  бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг Харганы ам гэх газар зохих зөвшөөрөлгүй  тэсэлгээ хийж шороо, чулуу гарган авах гэж байсан М.Өлзийбат, Ч.Батмөнх, Б.Болдсайхан нарыг нутгийн залуучуудыг хөөж явуулчихаад  өөрсдөө чулуу авч байна, тэсэлгээ хийсэн байна гэх асуудлаас болж  тэднийг зодож М.Өлзийбат, Ч.Батмөнх нарын бие махбодид хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  хохиргч М.Өлзийбат, Ч.Батмөнх, Б.Болдсайхан, гэрч Ц.Өлзий-Орших /хх-62-63 тал/, гэрч Б.Баттөмөр /хх-66-67 тал/, гэрч Ц.Батсүх /хх-69-70 тал/, гэрч Ю.Мөнхбаатар /хх-73-74 тал/ нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №52 акт /хх-118 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №48 акт /хх120 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №55 акт /хх-122 тал/ болон шүүгдэгч Б.Чимэддамба, Э.Үүрцайх нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг зэргээр, мөн  шүүгдэгч  Б.Чимэддамба О.Ганзориг нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн  Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Буугаад мордьё гэх хоолны газар бусдыг илтэд үл хүндэтгэн  П.Баасанцэрэнг ялимгүй зүйлээр шалтаглан зодож П.Баасанцэрэнгийн бие мах бодид  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч О.Ганзориг, Б.Чимэддамба нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Баасанцэрэн, гэрч Д.Эрдэнэцогт /хх-108-109 тал/, гэрч О.Батгэрэл /хх-110-111 тал/, гэрч Г.Ганбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-113 тал/, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №326 акт /хх-124 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Чимэддамба, Э.Үүрцайх нарыг  бүлэглэн давтан үйлдлээр  2 хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Чимэддамба, О.Ганзориг нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулж, нийгмийн  хэв журам ноцтой зөрчиж,  догшин  авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Чимэддамба, Э.Үүрцайх нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн  99.2-д заасан хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн бөгөөд мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан заалтад хамрагдаж байх тул тэдэнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх  үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Чимэддамба, О.Ганзориг  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Чимэддамба, О.Ганзориг нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалах нь зүйтэй байна.        

        

Хохирлын талаар:

Хохирогч М.Өлзийбат, Ч.Батмөнх, П.Баасанцэрэн, Б.Болдсайхан нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Чимэддамба 13 хоног цагдан хоригдсон, Э.Үүрцайх О.Ганзориг нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 , 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ  НЬ:

 

1.Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чимэддамба, Э.Үүрцайх нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн догшин авирлаж, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчилөн зүйлчилж, шүүгдэгч Б.Чимэддамбыг давтан танхайн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Харнууд овогтой Батжаргалын Чимэддамба, Бүрд овогт Энхчулууны Үүйрцайх нарыг бүлэглэж, давтан үйлдлээр  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Б. Чимэддамба, Боржигон овогт Очирын Ганзориг нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж , нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин  авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чимэддамбыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Э.Үүрцайхыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар Б.Чимэддамбыг 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, О.Ганзоригийг 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Чимэддамба, Э.Үүрцайх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тус бүр  өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Чимэддамбад оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял, ялтан О.Ганзоригт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Э.Үүрцайх, О.Ганзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Чимэддамба 13        хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

          7.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Чимэддамбад оногдуулсан 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, ялтан О.Ганзоригт оногдуулсан 03 жил 06 сарын  хорих ялыг тус тус тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар тус бүр хянан харгалзсугай.

 

8.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Чимэддамба, О.Ганзориг нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож, тэдэнд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Чимэддамба, Э.Үүрцайх, О.Ганзориг нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Чимэддамба, О.Ганзориг, Э.Үүрцайх нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.МӨНХТУЯА