Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2017/00021

 

 

 

 

 

 

   

З.Оюуны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар  сарын 21-ны өдрийн 151/ШШ2017/00640 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Оюуны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Бадрал, Н.Бадрах, Н.Энхжин нарт холбогдох

“Өвлөн авсан өвийн хэмжээгээр хариуцагч Н.Бадрахаас 10 450 000 төгрөг, Н.Бадралаас 8 170 000 төгрөг, Н.Энхжинээс 380 000 төгрөг нийт 19 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов

Нэхэмжлэгч З.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 8 сарын 16-нд төрсөн дүү З.Оюунтунгалагт 20 000 000 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссаны дараа 1 000 000 төгрөгийг өгсөн. Дүү З.Оюунтунгалаг 2014 онд авто тээврийн ослоор нас барсан. Тухайн үед хүүхдүүдэд "... ээж нь ингэж мөнгө зээлсэн ..." гэж хэлсэн. Утсаар яриад мөнгөө авмаар байна гэж ярьсаар яваад бүтэн жил болсон. Том хүү Н.Бадрах нь барилгын ажил болохгүй байна. Та Н.Бадралтай уулз гэсэн. Н.Бадралтай уулзахад төлнө гэдэг байсан. Бид ярилцаад гэрээ хийсэн боловч 2015 он дуусахад нэг ч төгрөг төлөөгүй. Би эвлэрүүлэн зуучлалд хандаж маргах зүйлгүйгээр төлнө гэж тохиролцоод 1 жилийн хугацаа өгсөн. Өв залгамжлалын дагуу өвлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр хүн тус бүрээс зохих хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Би дүүгийнхээ хүүхдүүдэд итгэж 2014 оноос хойш явж байна. Бид Эхээс арван хоёруулаа, би том нь юм. Би дандаа дүү нартаа тусалж дэмжиж, байнга мөнгө зээлүүлж өгдөг байсан. Мөнгө аваад буцаагаад өгдөг учир би цаасан гэрээ биш аман гэрээ хийсэн. Гэхдээ мөнгө шилжүүлсэн нь банкны хуулгаар харагдаж байгаа. Анх 19 252 950 төгрөгийг нэхэмжилсэн нь тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хамт нэхсэн байсан. Одоо бол тэмдэгтийн хураамжаа хасаад /талийгаач З.Оюунтунгалаг/-ийн хууль ёсны өв 1 залгамжлагч буюу өвлөгч нараас 19 000 000 төгрөгийг гаргуулах буюу тус бүрээр нь авч үзвэл хүү Н.Бадрахаас 10 450 000 төгрөг, хүү Н.Бадралаас 8 170 000 төгрөг, охин Н.Энхжинээс 380 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү, бага дүү Н.Цацралыг нь хариуцагчаас чөлөөлөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Оюун нь 2013 оны 08-р сарын 16-нд талийгаач З.Оюунтунгалагийн данс руу 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө 3 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нас барсан учир том хүү Н.Бадрах нь өв залгамжилсан хөрөнгийн 55 хувийг эзэмшиж байгаа учир 10 450 000 төгрөг, хүү Н.Бадрал нь 43 хувийг өвөлж авсан учир 8 170 000 төгрөг, охин Н.Энхжин нь 2 хувийг өвөлж авсан учир 380 000 төгрөгийг гаргуулна. Бага охин Н.Цацралаас мөнгө гаргуулахгүй юм байна гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Өвлүүлэгч нарт гүйцэтгэвэл зохих ямар үүрэг байгаа вэ гэдгийг тогтоох шаардлагатай. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлин 39.1-д хэлцэл амаар байгуулагдаж болох боловч ямар тохиолдолд амаар байгуулагдсан хэлцэл гэж үзэх вэ гэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан байдаг. Хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх ёстой гэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар хэлцлийн гол нөхцлийг талууд хэлэлцэн тохиролцсон гэдгийг тогтоох боломжгүй. Зээлийн бусад гэрээний адил нэг тал нь санал гаргаад нөгөө тал нь түүнийг хүлээн авснаар байгуулагддаг.

Өөрөөр хэлбэл гэрээний хүчинтэй санал, саналыг хүлээн авсан мэдэгдэл байх ёстой. Тухайн үед талийгаач З.Оюунтунгалаг зээлийн гэрээ хийх хүсэл зорилгоо илэрхийлсэн мөн 20 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлэх талаар тохирсон гэдгийг нотолсон зүйл байхгүй. Нотлох ямарч боломж байхгүй. 2013 оны 8-р сарын 16-нд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг ямар зориулалтаар шилжүүлж байгаа. Өмнө нь авсан мөнгөө өгч байгаа юм уу. Ямар нэгэн төлбөр төлөөд байгаа юм уу гэдгийг бид нар мэдэх боломжгүй. Нэхэжлэгч талын шаардлагаа нотолж байгаа баримт нь 20 000 000 төгрөгөө дансаар шилжүүлсэн баримт байдаг. Энэ мөнгийг шилжүүлж байхдаа утга хэсэгт нь ямар нэгэн бичилт байхгүй. Ямар зорилгоор шилжүүлж байгаа нь харагддагүй. Хэрвээ энэ 20 000 000 төгрөгийг зээлэв гэсэн бичилттэй байсан бол өөрөөр яригдах байх. Нэхэмжлэгч З.Оюуны хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж хаан банкнаас авсан байдаг. 5077155948 гэсэн дансны хуулга байгаа. Энэ хуулгаас харвал З.Оюунтунгалаг нь н.Оюунд байнга мөнгө шилжүүлж байсан байдал харагддаг. 2012 оны 12-р сард 10 000 000 төгрөг, 2013 оны 07-р сарын 28-нд 300 000 төгрөг. 2013 оны 7 сард 200 000 төгрөг зээлийн хүү гэсэн утгатай байдаг. Хоорондоо мөнгө өгч авч байсан байдал баримтаар харагддаг.

Харин 20 000 000 төгрөгийг зээлсэн хугацаа нь 2013 оны 8-р сарын 16-нд байдаг. Энэ хугацаатай ойрхон нь дансны хуулга байгаа. Дансны хуулгаас харахад 2013 оны 8-р сарын 7-нд зээл авахаас 9 хоногийн өмнө 900 000 төгрөг, 800 000 төгрөгийг шилжүүлсэн. 2013 оны 9-р сарын 6-нд 600 000 төгрөг. 2013 оны 10-р сарын 04-нд 600 000 төгрөг. 2013 оны 10-р сарын 19-нд 100 000 төгрөг. 2013 оны 11-р сарын 5-нд 500 00 төгрөг. 2013 оны 12-р сарын 6-нд 600 000 төгрөг. 2014 оны 1-р сарын 18-нд 6 000 000 төгрөг зэрэг хуулган дээр бүгд тэмдэглэгдсэн байгаа. 2014 оны 1-р сарын 18-нд 1 000 000 төгрөг. 2014 оны 2-р сарын 7-нд 470 000 төгрөг гэх мэт энэ бүх зээл авсан өгсөн гээд байгаа нийт Оюуны дансанд орсон мөнгийг бодоод үзэхээр 19 370 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хуулгаас харахаар заримдаа 99095700 гэсэн дугаараас шлжүүлсэн байгаа. Энэ дугаарын эзэмшигч нь Оюунтунгалаг байсан гэдгийг мобикомоос аваад хэрэгт хавсаргасан байгаа. Энэ 19 370 000 төгрөг дээр нэхэмжлэгч Оюун бэлнээр 1 000 000 төгрөг авсан гэдгээ өөрөө хэлсэн. Ингээд нийт 20 370 000 төгрөг болж байгаа юм. Оюун Оюунтунгалаг нарын хооронд мөнгө зээлсэн талаар талийгаачийн хүүхдүүд бүгдээрээ мэдэхгүй. Бадрал яагаад гэрээ байгуулаад ийм зүйл үйлдсэн талаар мэдэхгүй. . Аав ээж нь нас барсан байсан. Бадрал өөрөөч хэлдэг манай эгч над дээр ирээд зээлсэн мөнгө байгаа гэхэд нь Бадрал ээжийнх нь төрсөн эгч учраас эгчдээ итгээд энэ мөнгийг төлнө гээд график байгуулаад эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч сая хүүхдүүд нь бүгдээрээ мэдэж байсан. Хавтаст хэрэгт эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэлд Н.Бадрал хэлэхдээ " би мөнгө өгсөн авсан талаар мэдэхгүй" гэж тэмдэглэлд байдаг. Эгчдээ итгэсэний улмаас бид нар боломжоороо энэ мөнгийг төлнө гэж тайлбар өгсөн байдаг. Эвлэрүүлэн зуучлалын захирамж гараад шүүхийн шийдвэр дээр очоод Бадралын байрыг хураах хүртэл арга хэмжээ явагдсан . Шүүхэд хандсан учир захирамжийг хүчингүй болгосон байгаа. 20 000 000 төгрөг зээлсэн талаар З.Оюун, З.Оюунтунгалаг нараас өөр хүн мэдэхгүй. Өөр мэдэж байгаа хүн байхгүй ганц дансны хуулгаар мөнгө зээлсэн гэдгийг тогтоох боломжгүй.

Иймд хариуцагч талаас энэ мөнгийг төлөх боломжгүй. "БОНН" гэдэг компани нь дампуурлын ирмэг дээр байгаа. Шүүх дээр гэхэд 2-3 маргаантай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэдэн зуун саяын өрний асуудалтай байгаа.

Мөн гэрээ байгуулсан талаар мэдэхгүй учир төлөх боломжгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 2-д тус тус заасныг баримтлан нийт 12 000 000 төгрөгийн Н.Бадрахаас 33,3% буюу 5 880 000 төгрөг, Н.Бадралаас 5 880 000 төгрөг, Н.Энхжингээс 2% буюу 240 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 71.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 950 төгрөгийг "Төрийн сан"-ийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 206 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Оюунд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 23-24 дүгээр талд авагдсан Ш.Баяраагийн гэрчээр асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хасч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийгэс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах гомдолдоо: “З.Оюуны нэхэмжлэлтэй хариуцагч Н.Бадрах, Н.Энхжин, Н.Цацрал, Н.Бадрал нарт холбогдох 19.252.950 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль миний бие Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/00640 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т "Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 2-д тус тус заасныг баримтлан нийт 12.000.000 төгрөгийн Н.Бадрахаас 33.3% буюу 5.880.000 төгрөг, Н.Бадралаас 5.880.000 төгрөг, Н.Энхжингээс 2% буюу 240.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.Оюунд олгож..." гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч З.Оюун талийгаач З.Оюунтунгалаг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д "...зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу ... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь ... тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ" гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан боловч 2014 оны 04 сарын 02-нд нас барснаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байна” гэжээ.

З.Оюун талийгаач З.Оюунтунгалаг нарын хооронд мөнгө шилжүүлсэн үйл баримт болсон бөгөөд тухайн мөнгийг зээлийн гэрээний зориулалтаар шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Өөр гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж байгааг ч үгүйсгэхгүй.

Дансны хуулгаас харахад ээж З.Оюунтунгалаг, эгч З.Оюун нарын хооронд 20.000.000 төгрөгөөс гадна өөр олон удаа мөнгө шилжүүлж байсан байдал харагддаг.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Иргэний хуулийн 535.1, 535.2-д "Өв хүлээн авсан өвлөгч, ... өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ" гэж, "Хэд хэдэн өвлөгч байвал тус тусын өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ" гэж заасны дагуу хариуцагч нар хүлээн авсан өвийн хэмжээгээ хариуцлага хүлээх үүрэгтэй байна.

Түүнчлэн Н.Бадрах, Н.Бадрал, Н.Энхжин нарт Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар Өвлөх эрхийн гэрчилгээ 2014 оны 04 сарын 16-нд олгосон байна.

Тэрээр Н.Бадрах нь эцэг эхээс "Бонн" ХХК-ний 33.3 хувь, мөн Улаанбаатар хотод 1 рөө байр, Н.Энхжинд 33.3 хувь, Н.Бадралд Төв аймаг Зуунмод сум дахь 2 өрөө байр тус тус эзэмшихээр хуваарилагдсан болох нь хавтаст хэргийн 68-79 дэх талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагч нараас 12.000.000 төгрөгийг өвлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр Н.Бадрахаас 33.3 хувь 5.880.000 төгрөг, Н.Бадралаас 5.880.000 төгрөг, Н.Энхжингээс 2 хувь буюу 240.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.Оюунд олгох нь зүйтэй" гэжээ.

Шүүх талуудын хооронд болсон үйл баримтыг буруу тогтоож, хариуцагч нараас мөнгө гаргуулсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар "хэд хэдэн өвлөгч байвал ... тус тусын өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ" гэсэн заалтыг зөрчиж Н.Бадрах, Н.Бадрал нараас 33.3 хувь, Н.Энхжинээс 2 хувийг ямар үндэслэлээр гаргуулж байгаа нь тодорхойгүй, хуулинд заасан хувь тэнцүүлэн гаргах зохицуулалтыг зөрчжээ.

Дээрх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 16 сарын 21-ний өдрийн 151/ШШ2017/00640 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, материаллаг хуулийг зөв хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч З.Оюун нь өөрийн дүү талийгаач З.Оюунтунгалагийн хүүхдүүд буюу өв залгамжлагч нараас 19 250 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулахыг шаардсан бөгөөд дүү З.Оюунтунгалаг нь 20 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авсан ба төлж чадаагүй нас барсан учир өв залгамжлагч нараас нь гаргуулах хүсэлтэй гэснийг шүүх хүлээн авч шаардлагын нотлогдсон хэмжээгээр нэхэмжлэгчид өвлөгч Н.Бадрах, Н.Бадрал, Н.Энхжин нараас ялгамжтай хувь тогтоон гаргуулж шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэрлэлт үндэстэй болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өв залгамжлагч нараас төлбөр гаргуулахдаа Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.2-д заасан “хэд хэдэн өвлөгч байвал, ... үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлж, хүлээнэ гэж заасныг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Өв залгамжлагч Н.Бадрах, Н.Бадрал, Н.Энхжин нар нь эцэг эхийгээ нас барсны дараа өв хөрөнгийг өвлөн авсан нь өвлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. Тухайлбал Н.Бадрах нь өвлөх эрхийн 24а болон 24б тоот гэрчилгээгээр Улаанбаатар хотод 1 өрөө 18м2 орон сууц /60 сая төгрөгийн үнэтэй/, “БОНН” ХХК-ны 1 гишүүнд оногдох хөрөнгө 33,3 хувийн 3,3 сая төгрөг, Н.Бадрал нь өвлөх эрхийн 20 болон 46 тоот гэрчилгээгээр Төв аймаг дахь 2 өрөө орон сууц /50 сая төгрөгийн үнэ бүхий/, 34-55 ТӨА дугаарын Киа рамакс ачааны машин /10 сая төгрөгийн үнэ бүхий/, Н.Энхжин нь өвлөх эрхийн 24а тоот гэрчилгээгээр компанийн 33 хувьд оногдох үнэ болон 3,3 сая төгрөгийг тус тус өв хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас харагдаж байна.

Компанийн хувьцаанаас гадна бусад эд хөрөнгө өвлөгдсөн байхад зөвхөн компанийн хувьцааг өвлөсөн хувь хэмжээгээр болон зарим өвлөгчид түүнээс бага хэмжээгээр үүрэг ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Шүүхээс өр төлбөрийг гаргуулахдаа өвлөгч Н.Бадрахаас 33,3 хувь буюу 5 880 000 төгрөг, өвлөгч Н.Бадралаас 5 880 000 төгрөг, өвлөгч Н.Энхжингээс 2 хувь буюу 240 000 төгрөгийг тус тус гаргуулсан нь ойлгомжгүй, ямар үндэслэлээр ийнхүү төлбөрийг хуваарилан хариуцуулснаа хуулийн үндэстэйгээр тайлбарлаагүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.2-д заасан өвлөсөн хөрөнгийн хэмжээнээс хамаарч хувь тэнцүүлж гаргуулах шаардлагыг зөрчсөн шинжтэй байна.

Нэхэмжлэгч талын зүгээс ч өвлөгч нараас өвлөн авсан хувь хөрөнгийн хэмжээгээр ялгамжтай гаргуулахаар шаардаж байна.

Хэргийн материалаас үзэхэд З.Оюунтунгалаг нь нэхэмжлэгч З.Оюунаас мөнгө зээлсэн гэсэн утгатай шаардлага бүхий нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх атал түүний гэр бүл болох талийгаач Д.Нацагдоржийн өв хөрөнгийг ч энэ ажиллагаанд хамааруулан төлбөр гаргуулж, шийдвэрлэсэн мэт байдал харагдаж байгааг шүүх анхааран үзэх ёстой.

Талийгаач З.Оюунтунгалаг Д.Нацагдорж нар нь гэр бүлийн гишүүд хэдий ч “БОНН” ХХК-тай нийт хөрөнгөөс тус бүр 33,3 хувийг эзэмшдэг хувь нийлүүлэгч байх ба Д.Нацагдорж энэхүү зээлийн гэрээний нэг тал болох болон хариуцлага хүлээх эсэхийг нотолсон үндэслэл бүхий ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн бодит байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотолгооны журмыг ноцтой , анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болон материаллаг хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Шүүхийн шийдвэрийг гомдлын дагуу хянаж, хүчингүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно

 

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 151/ШШ2017/00640 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА         

     ШҮҮГЧИД                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

Ш.ТӨМӨРБААТАР