| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01034/И |
| Дугаар | 01012 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 01012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-6-38 тоотод оршин суух, Хаад боржигон овогт О.Х /Регистрийн дугаар: ФА72042366/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-6-38 тоотод оршин суух, Уургач овогт А.Б / Регистрийн дугаар: АЮ68090493/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Х, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие О.Х нь 2003 онд иргэн А.Б албан ёсны гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацааны сүүлийн /5-7 жил/ жилүүдэд бидний үзэл бодол таарахгүй, харилцан үл ойлголцол, үл хүндлэл, бие биенийхээ дутагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй, үг хэлээр доромжлох, заналхийх байдал улам ихссэж, гэр бүлийн халуун дулаан харилцаа байхгүй болж байнгын зөрчил маргаантай байсаар өнөөдрийг хүрлээ.
А.Б 2014 онд анх өөрөө санаачлан Орхон аймгийн Сум Дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд салах өргөдөл гаргаж байсан ба хөрөнгийн болон хүүхдийн маргаангуй тул захиргааны журмаар шийдвэрлүүл гээд буцааж байсан. 2014 оноос хойш өнөөдрийг хүртлэх энэ багагүй хугацаанд харилцан ойлголцон эвлэрэн амьдрах нөхцөл үүссэнгүй хэвээр үргэлжилсээр байна.
Бид 2 настай хүүхэдтэй тул гэр бүлийн зөрчил маргаан нь хүүхдийн хөгжил хүмүүжилд сөргөөр нөлөөлөх тул би хүүгээ өөрийн асрамжинд авч үлдэх хүсэлтэй байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд А.Б нь намайг салах өргөдлөө өгөхийг байнга шаардах болсон.
Иймээс цаашид бид хэн хэнийгээ хүчлэн хамтран амьдрах боломжгүйгээ харилцан ойлголцон хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг хуулийн дагуу цуцлаж өгнө үү.
Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгө болох одоо амьдарч буй Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин баг, 3-6-38 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хүү бид хоёрт ноогдох хэсгээр хувааж хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулахдаа: Миний бие О.Х нь гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-6-38 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь энэхүү орон сууц нь Цэрэндоржийн Мөнхболдын нэр дээр байдаг нь үнэн болно гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Иргэн А.Болдбаатар миний бие эхнэр О.Хэрлэнтуяагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, гэр бүл цуцлуулах тухай болон хамтын өмч болох 3 өрөө орон сууцыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Х нь хариуцагч А.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2003 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас хүү Б.Э 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Мэндцэцэн” ӨЭМТөвийн тодорхойлолт, Б.Э-н 6101001099 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүү Б.Э нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асарамжийн талаар маргаагүй зөвшөөрч байгаа, бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдах зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон эд хөрөнгийн талаар зохигчид маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Х-д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О.Х, А.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Э-г эх О.Х-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Х-д олгосугай.
6.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН