| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0720/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/728 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул
Улсын яллагч: Ц.Батбямба
Шүүгдэгч: Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-д холбогдох эрүүгийн 1911 0193 10904 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт
Холбогдсон хэргийн талаар:
Д.Л нь 2019 оны 6 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын ….. тоотод оршин гэрийнхээ хашаан дотор найз охин болох Б.Аг “хэнтэй яриад байгаа юм” гэх шалтгаанаар түүний Huawei P20 Lite маркын гар утсыг авч хууль бусаар устгасны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Э” зочид буудлын үүдэнд өөрийнхөө Альпард маркын автомашин дотор найз охин болох Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний найз залуу болох Д.Л 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр намайг Да хүрээ зах дээр дуудсан бөгөөд би 19 цагийн үед Да хүрээ зах дээр очиж Д.Л болон түүний найз болох Т нартай уулзсан юм. Ингээд энэ өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр намайг зодсон юм. ...Д.Лийн гэр рүү Д.Л, би, түүний найз болох Т нарын хамт хөдөлсөн бөгөөд замаараа 17-н автобусны буудал дээр хоол идэх гээд зогссон бөгөөд хэн ч машинаас буугаагүй Д.Л энэ үед машин дотроо миний толгой руу цохиод байсан бөгөөд би нүүрээ харах гээд машины голын толийг барьж байхад тольтой хавсарч миний нүд хэсэг рүү цохисон юм. Энэ явдал ойролцоогоор 20 цаг нэлээн өнгөрч байхад болсон асуудал юм. ...2019 оны 6 дугаар сарын дундуур би Д.Л-н гэрт байхдаа дуудлагын такси дуудсан байсан бөгөөд миний гар утас руу таксины жолооч залгахад хэн залгаад байгаа юм бэ хэн рүү явах гээд байгаа юм бэ миний гар утсыг булааж аваад цементэн дээр шидэж эвдэлсэн бөгөөд дэлгэц нь хагарсан байхад газраас аваад гараараа мушгиад миний гар утсыг эвдэлсэн ...би одоо санал гомдолгүй бөгөөд эмчилгээний зардалд ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхээ больсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37-р хуудас/,
Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 7 дугаар сарын 07-08-нд шилжих шӨ 12 цаг өнгөрч байхад манай охин А залгаад Ө баарны хажууд байх нохойтой хашааны тэнд хүрээд ирээч гэхээр нь би бага хүүхдээ дагуулаад охиныхоо зааж өгсөн газарт ирэхэд найз залуу болох Д.Лийн гэрт нь орсон бөгөөд гэрт нь ээж нь болон Д.Лийн найз нь гэх залуу байсан манай охины зүүн нүд нь хөхөрсөн уйлсан байдалтай, манай охиныг гаргахгүй өдөржин зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
Гэрч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр манай хүү Д.Л Да хүрээ орж машинаа зарна гээд явсан бөгөөд орой 21 цаг өнгөрч байхад найз А, найз Т нарын хамт орж ирсэн бөгөөд Д.Л нэлээн согтуу байсан. Д.Л нь хашааны урд хэсэгт байх байшинд ганцаараа амьдардаг бөгөөд тэр 3 байшиндаа орохоор нь яваад очтол Д.Л намайг байшиндаа оруулахгүй хаалгаа түгжээд байсан юм. Цонхоор хартал гурвуулаа зурагт үзээд сууж байсан. ...00 цаг болж байхад Т над руу залгаад Б ах /Д.Л-г гэрийнхэн нь Б гэж дууддаг/ унтчихсан та нэг ороод ирээ А ээж, дүү нараа дуудаад байна гэсэн. Тэгээд би яваад ортол Д.Л сэрчихсэн А нь намайг хараад орилоод хүү чинь миний нүд рүү цохьчихсон гээд харахад зүүн нүдний доод хэсэг нь хөхөрч улайчихсан байсан ”
“2019 оны 5 дугаар сард болсон шиг санагдаж байна. Энэ үйл явдал манай гэрт болсон бөгөөд А өөр хүнтэй утсаар яриад машинтай хүн дуудаад байсан бөгөөд урд өдөр нь тэр хоёр муудалцсан юм шиг байна лээ тэгээд Д.Л Агийн утсыг булааж аваад газарт шидсэн бөгөөд дэлгэц нь эвдэрчихсэн байсан чинь Д.Л утсыг нь мушгиад хаячихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 51-52-р хуудас/,
Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д.Л ах над руу яриад Да хүрээ орж машинаа зарах гэж байгаа хамтдаа явъя гэсэн бөгөөд 7-н буудал дээр 10 цагийн үед Д.Лтой уулзсан юм. ...А машины урд суучихсан пиво уусан юм. Ингээд архиа ууж дуусаад бид гурав явах гэтэл А Д.Лийг архи уулаа гээд шилэн хүзүүнээс нь хумсалсан чинь Д.Л уурласан юм. Ингээд энэ хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. ...5-н буудлын орчимд ирээд зогссон бөгөөд А урд суусан байсан харин Д.Л ар талын суудал дээр суугаад өчигдөр хайчсан юм бэ гэх мэтээр юм яриад байсан бөгөөд А харин машины толь барьчихсан өөрийгөө хараад юм дуугарахгүй байсан бөгөөд энэ үед Д.Л би чамтай юм яриад байгаа юм биш үү гээд Агийн барьж байсан тольтой гар руу цохих үед толиор нь нүүрийг нь цохисон юм шиг байна лээ нүд өвдөөд байна гэсэн тэгээд А Д.Лийг хараалын үгээр хэлэх үед Д.Л Аг татаад арын суудалд суулгаад 1-2 удаа алгадах шиг болсон. Ингээд бид нар Д.Л-н гэрт ирэх үед 22 цаг болж байсан байх би өлсөөд байсан болохоор ар талд нь байдаг ээжийнх нь гэрээс гоймон авчираад чанасан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 42-43-р хуудас/
Яллагдагч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед би өөрийнхөө машиныг Чингэлтэй дээр байдаг машин засварын газарт засуулахаар өгсөн байсан бөгөөд хуурай дүү болох Ттай уулзаад хамтдаа засварын газраас машинаа авчихаад Да хүрээ зах орж зарах гээд явсан юм. Да хүрээ зах дээр очоод машинаа зарах гээд байж байхдаа зүс таних машин зардаг залуутай таараад машиндаа 0.75граммын Соёрхол нэртэй архи хувааж уугаад байж байхдаа найз охин болох Аг Да хүрээ зах дээр хүрээд ир гэж дуудсан юм. ...Таар машинаа бариулаад А бид гурав гэртээ харъя гээд 5-н буудалд байх манай гэрт ирсэн тэгээд би яг юу болсон талаар сайн санахгүй байгаа бөгөөд нэг сэрэхэд манай ээж Дг Т дагуулаад ирчихсэн А уйлчихсан зүүн нүд нь улайчихсан байсан юм. Би Таас юу болсон юм бэ гээд асуухад А та хоёр хэрэлдээд Аг машины толь барьж байхад нь тольруу цохьчихсон гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 69-71-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8524 тоот дүгнэлт: “1. Б.Агийн биед зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн чамархайд цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-р хуудас/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-19-р хуудас/,
Дамно ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №ЧД2-19-448 тоот үнэлгээний тайлан: “Huawei P20lite маркын 2018 оны 9 сард авсан ...Нийт үнэлгээний дүн: 674.960 төгрөг” /хавтаст хэргийн 63-64-р хуудас/
Шүүгдэгч Д.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 72, 74-р хуудас/,
Шүүгдэгч Д.Лийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 73-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 6 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын …... тоотод оршин гэрийнхээ хашаан дотор найз охин болох Б.Агийн өмчлөлийн Huawei P20 Lite маркын гар утсыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хууль бусаар устгасны улмаас бага бус хэмжээний буюу 674.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.А, гэрч Н.Д, Дамно ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №ЧД2-19-448 тоот үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Д.Л нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй зочид буудлын гадна өөрийн өмчлөлийн автомашин дотор хохирогч Б.Аг зодож зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн чамархайд цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.А, гэрч Д.Д, Н.Д, Б.Т нарын болон шүүгдэгч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8524 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Л нь прокуророос түүнд холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Д.Л нь хохирогч Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний өмчлөлийн Huawei P20 lite загварын гар утсыг булаан авч газар шидэж, мушгиж эвдэлсэн буюу цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож устгасан үйлдлийн улмаас хохирогч Б.Ад 674.960 төгрөгийн хохирол учирсан, дээрх хохирол нь шүүгдэгч Д.Лийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна. Д.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Д.Л нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй зочид буудлын гадна өөрийн өмчлөлийн автомашин дотор хохирогч Б.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг автомашины тольтой хавсарч цохих зэргээр зодож, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн чамархайд цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “би одоо санал гомдолгүй бөгөөд эмчилгээний зардалд ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхээ больсон” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Л нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Л-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн санаатай үйлдлээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан ялыг нэмж нэгтгэн торгох ялын нийт хэмжээг тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлөх хугацааг тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д.Л-г 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Л-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын нийт хэмжээг 1150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.150.000 төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан 1150 нэгжтэй тэнцэх буюу 1.150.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Л-д сануулсугай.
6.Шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР