Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/451

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0435/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Батсүх,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бо,

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Г овогт Т.Тд холбогдох эрүүгийн 1918006600493 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Т.Т /РД: /, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Т нь ..... оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ..... аймгийн ..... сумын ..... дугаар баг, ...... дугаар хэсгийн ..... дүгээр гудамжны ..... тоотод эхнэр Т.Сгийн дагавар хүүхэд болох 10 нас 02 сар, 01 хоногтой Ц.Быг зодож эрүүл мэндэд нь зүүн шанаа, нуруу, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Тын өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн орой гэртээ ирэхэд хүү маань “тоглочхоод ирье” гэхээр нь “30 минут тоглоод орж ирнэ шүү” гэж хэлээд гаргасан. Гадаа тоглож орж ирээд “аниагийнд орж хонолоо” гэхээр нь “даалгавраа хийсэн үү? даалгавар байвал хийчхээд яв” гэж хэлсэн. Гэтэл хүү маань “Англи хэлний хичээл даалгавартай бусад хичээл даалгавар өгөөгүй” гэж хэлээд зурагт үзээд суугаад байхаар нь “хичээлээ хий” гэж хэлээд гар утасны цэнэглэгчээр гурван удаа цохисон. Бас тэлээгээр нь ороолгосон... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Бы өгсөн: ... Аавыг гэрт орж ирэхээр нь би “эгчийнд хонож болох уу” гэж асуухад “даалгавар байвал  хийчхээд яв” гэж хэлэхээр нь англи хэлний хичээлээс өөр хичээл дээр даалгавар байхгүй гэж хэлсэн. Гэтэл аав миний даалгаврыг шалгасан. Би тухайн үед зарим хичээл дээр даалгавар өгснийг мартсан байсан юм. Намайг гэрийн даалгавраа хийх гэж байсан чинь намайг зодсон... гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Боийн өгсөн: Анх Быг цагдаа дээр мэдүүлэг өгөхөд нь хамт байсан. Тухайн үед аавдаа нэлээн их гомдсон байдалтай “дахин гэртээ байхгүй, эгчтэйгээ байхад хоол ундтай, тайван, анхаарал халамж сайн байдаг, аавтай хоёулханаа байхаар хоол унд хийж өгдөггүй, ганцаардаад хэцүү байдаг, аав өмнө нь ээжид гар хүрч байсан, дүү нарт ширүүн ханддаг” гэж хэлж байсан. Тиймээс энэ гэр бүлийн хүчирхийллийг эхнийх нь биш гэж үзэж байгаа. Аав нь уучлал гуйгаад эвлэрээсэй гэж бодож байна. Бага наснаас нь аваад төрсөн эцэг шиг нь байна гэсэн учраас хайрлаж өсгөөсэй гэж хүсэж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Т.Сзийн өгсөн: ...ажлаа тараад гэртээ ирэхэд манай эгчийн хүүхэд Б манайд ирчихсэн байсан. Юу болсон талаар асуухад Б нь “Өчигдөр орой аав намайг гэрийн даалгавраа хийгээгүй гээд зодсон” гэж хэлсэн. Бы цамцыг сөхөж үзэхэд нуруу, бөгсөн биед нь ороолгосон ором гарчихсан, гуян дээр нь цус хуралт болоод хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би хүнээр дамжуулж ээжтэй нь холбоо бариад цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч Т.Сгийн өгсөн: ...тухайн үед би Говь-Алтай аймагт ээжийндээ байсан. Дүү Сзгаас болсон асуудлын талаар сонссон. Тэгээд яаралтай ирээд нөхөртэйгөө ярилцаж үзэхэд “хүү даалгавраа хийгээгүй байж хийсэн гээд худлаа хэлэхээр нь уурандаа хэтрүүлсэн байна. Миний буруу дахиж ийм асуудал гаргахгүй” гэж хэлсэн. Хүүтэйгээ уулзахад “аавд худлаа хэлсэн. Гэр лүүгээ буцаж очихгүй, эгчийнд байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

“цайвар металл аралтай, хар өнгийн голдоо улаан өнгийн зураастай, сүлжмэл 1 метр урттай 3 сантиметр өргөнтэй тэлээ, цайвар өнгийн 1 метр урттай андройд цэнэглэгчийн залгуур зэрэгт үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцохоор болов” гэх эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/,

Ц.Бы зүүн шанаанд хөхөрсөн шархтай, нуруунд ороолгосон 5 ширхэг урт хөхөрсөн шархтай, баруун гуянд гадна талд 3 газар хөхөрсөн, няцарч цус хурсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 806 дугаартай “Ц.Бы биед зүүн шанаа, нуруу, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Бы бие учирсан гэмтлийн байдлыг тусгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 10 нас 2 сар 1 хоногтой гэх түүний насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 34, 40/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч С.Оюунболдын “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ 12 оноо буюу дунд зэрэг” гэх үнэлгээ /36-37/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Т нь насанд хүрээгүй хохирогч Ц.Бы хойд эцэг буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрч Т.Сайнзаяа, Т.С нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Тын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 7 дугаар хэсгийн 9 дүгээр гудамжны 22 тоотод эхнэр Т.Сгийн дагавар хүүхэд болох 10 нас 02 сар, 01 хоногтой Ц.Быг “гэрийн даалгавар өгөөгүй гэж худлаа хэллээ” гэх шалтгаанаар өмдний тэлээ, гар утасны цэнэглэгч зэргээр ороолгож эрүүл мэндэд нь зүүн шанаа, нуруу, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Т.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Бы биед зүүн шанаа, нуруу, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-60/, Ц.Б, Т.Б, Т.Н нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-42, гэрч Т.Сгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Т.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан тэлээ, цэнэглэгчийн залгуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Тд оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тэлээ, цэнэглэгчийн залгуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР