Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 00996

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2017/00996

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-9-139 тоотод оршин суух, Пунцаг овогт Ц.Г /Регистрийн дугаар: ФА80012601/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-2-61 тоотод оршин суух, Хатгач овогт Н.Т-т /Регистрийн дугаар: ГН77050417/ холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Г , хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: миний бие нь 2015 онд Н.Т-тай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2016 оны 08 дугаар сарын 07-нд охин Т.М төрсөн. Н.Т өмнө нь гэрлэж байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, манай гэрт 2 жилийн хугацаанд хамт амьдарсан. Энэ хугацаанд архи уун биднийг дээрэлхэж, доромжилж гар хүрч байсан тохиолдлууд олон бий. Зан харьцааны тааламжгүй байдал, олон шалтгааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Н.Т  нь хуулийн дагуу охиндоо тэтгэвэр төлөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Одоо охин минь надтай хамт амьдардаг. Иймээс охины минь төрсөн эцэг болох Н.Т-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Г-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, 6101003732 дугаартай төрсөний гэрчилгээний нотариатаар хуулбар, “Мэндцэцэн” ӨЭТ тодорхойлолт болон ам бүлийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Ц.Г  нь хариуцагч Н.Т-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Ц.Г , Н.Т нар нь 2015 онд танилцаж хамтран амьдрах болсон байх бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин Т.М-г төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар зохигчдын тайлбараар батлагдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

             Зохигчид нь гэр бүл болж эхнэр нөхрийн журмаар амьдарч байсан байх боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул охин Т.М-г эхийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан эцэг Н.Т-аар хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэн, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдав.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016.08.07-ны өдөр төрсөн охин Т.М-г эх Ц.Г-ийн асрамжинд үлдээсүгэй.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2012.12.05-ны өдөр төрсөн охин Т.М-г бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Н.Т-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Н.Т-аас 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.         

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН