| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0694/Э |
| Дугаар | 2018/ ШЦТ/732 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2018/ ШЦТ/732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /№0157/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Сумчин овогт Ж.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811002030870 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сумчин овогт Ж.М
Холбогдсон хэргийн талаар яллагдагч Ж.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудалд хохирогч Б.Цэрэнлхамын халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Самсунг Галакси эс 8” загварын гар утсыг хулгайлж 1.800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар /хх-ийн 32х / хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Цэрэнламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байгаад өдөр 12 цаг 30 минутын үед цайндаа орхоор ажлаасаа гарсан. Тэгээд би “Берлин бургер” хоолны газар орж цайгаа уугаад байж байтал манай ажлын хүмүүс “Берлин бургер”-ийн хажуу хаалганд байдаг “Блюм” гэдэг пабад байна ороод ирээ гэж хэлсэн. Би цайгаа уучихаад “Блюм”-д ажлынхаа хүмүүстэй хамт байж байгаад тэндээсээ гараад найз Б.Номинчулууны хамт “Ард” кино театрын автобусны буудлын хажууд байдаг “Сайн” ломбардны хажуугийн доор байдаг подвальд байдаг оёдолчингоос оёулсан хөнжилийн давуугаа авсан. Тэгээд зам гараад ажилруугаа явж байх замдаа халааснаасаа гар утсаа алдсан байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18х/, гэрч Т.Бэхбат /хх-ийн 21,24х/, О.Галбадрах /хх-ийн 23х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, Эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 57х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Сумчин овогт Жагбаатарын Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар Ж.Мийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийхийг тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдсугай. 5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ