Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/729

 

 

2019          09          26                                   2019/ШЦТ/729

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: А.Нямсүрэн

Шүүгдэгч: Б.Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.Б Б.Б /РД: АР....../-т  холбогдох эрүүгийн 1911 0167 00867 дугаартай хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар  2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн,  23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, Янмал оймсны үйлдвэрт дизайнер ажилтай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн …. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж.Б Б.Б /РД: А............8/

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Бтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 2 удаа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд тэндээс гараад би зарим зүйлийг санахгүй байгаа ба нэг мэдэхэд Хайлаастад нэг гэрийн гадаа би газарт унасан миний өмд өвдөг хүртлээ шувтарсан байсан би эсэргүүцээд Б.Быг алгадсан ба намайг Б.Б алгадаад байсан ба зарим зүйлийг нь яг сайн санахгүй байна. ...Бид нар дахиад нэг шилтэй архи аваад хамт ууж дуусгасан тухайн үед би нилээн согтсон байсан болохоор гараад цааш нь юу болсон талаараа сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би гэртээ сэрсэн чинь хамар болон хувцас нилэнхүйдээ цус болсон, нүүр чих хөндүүр болсон байсан” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 11, 14-р хуудас/

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний амьдардаг 15 тоот өрөөнд Болорцэцэг шалан дээр дээшээ хараад хэвтсэн хамарнаас нь цус мэт улаан зүйл гоожсон, уйлсан байдалтай байж байсан, мөн дотор манай төрсөн эгч О эгч нөхрийн хамт, Б.Б энэ 4 хамт байж байсан. Би тухайн үед гэрт ороод Б яасан юм гэсэн чинь Б.Б  юм мөргөөд унасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өглөө 05 цагт Болорцэцэг манай гэрийн хаалгыг цохиод намайг Б гэдэг залуу зодчихлоо гэж хэлсэн...Тухайн үед Б нь нилээн согтуу байсан. Б уйлаад л Б намайг зодсон гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/

 “Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №7018 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. О.Бийн биед зүүн нүдний доод зовхи, хамар, дээд уруул, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, цээж, баруун шуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, зүүн шилбэ, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. 3. Гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зовхи, хамар уруулын зөөлөн эдийн няцрал хөнгөн, бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. О.Бийн охин хальс хуучин урагдалтай байна. Байнгын бэлгийн харьцаатай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 6. О.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй. 7. О.Бийн үтрээнээс авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 27-р хуудас/

Яллагдагч Б.Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...Б над руу чулуу шидээд муухай чанга орилоод байхаар нь нүүр лүү нь 2 удаа баруун гараараа алгадсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  33-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч О.Бийн хүсэлт /хавтаст хэргийн 53-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Б.Б.Бын хүсэлт /хавтаст хэргийн 54-р хуудас/

Шүүгдэгч Б.Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36-р хуудас/

Яллагдагч Б.Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 39-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Бтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь алгадах зэргээр эрүүл мэндийн халдашгүй байдлынх нь эсрэг халдаж улмаар хохирогч О.Бийн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч О.Б, гэрч Н.А, Н.Э, мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б.Бт холбогдох хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

 Прокуророос Б.Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Б нь санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна.   

Шүүгдэгч Б.Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар  гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б.Б нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б.Бын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Жонгоор овогт Батмөнхийн Б.Б /РД: АР96041018/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Бт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б.Бт сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР