Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/00953/И |
Дугаар | 001/ХТ2020/00405 |
Огноо | 2020-07-21 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/00405
З.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01198 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1325 дугаар магадлалтай,
З.Б-гийн нэхэмжлэлтэй,
“ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 897 147 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичил хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч З.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ЗТН” ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар тус байгууллагад хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд томилогдож, 2015 оны 11 дүгээр сард амаржиж, захирлын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгууллагын удирдлагад ажилдаа эргэн орох тухай хүсэлт гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 05, 20-ны өдрүүдэд хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзахад дарга зөвшөөрөхгүй байгаа, шийдвэр гараагүй байгаа гэсэн. Уг асуудлаар Хүний эрхийн комисст өргөдөл гарган шийдвэрлүүлэхэд миний эрхийг зөрчсөн болохыг тогтоож, ажилд томилуулах тухай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/08 дугаар шаардлагыг ажил олгогчид хүргүүлсний дараа 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар захирлын тушаалаар намайг дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон. Миний урьд ажиллаж байсан хэвлэл мэдээллийн орон тоо хэвээр байгаа бөгөөд ямар нэг байдлаар ажлын байр хасагдсан, цомхотгосон зүйл байхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэж заасны дагуу миний ажлын байр хэвээр хадгалагдаж байх ёстой бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу намайг хүсэлт гаргасан даруйд ажилд маань эгүүлэн томилох учиртай.
Өөрөөр хэлбэл миний бие хүсэлт гаргасан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа томилогдон ажиллах ёстой, цалин хөлсөө хэвийн аваад хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээд явах ёстой байсан. Гэтэл миний урьд эрхэлж байсан ажлын байр хэвээр байхад миний мэргэжлээс шал өөр хяналтын операторын албан тушаалд буруу шилжүүлэн томилсон.
Иймд “ЗТН” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
Цалинтай тэнцэх олговрыг ажилд орох хүсэлтээ өгсөн буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож, 2015 оны 6, 7, 8 дугаар саруудад авч байсан нийт цалин 1 951 728 төгрөгийг, ажилласан 36 хоногт хувааж, 1 өдрийн цалинг 54 214 төгрөгөөр тооцож, нийт ажилгүй байсан 201 хоногоор тооцож, нийт 10 897 147 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б- нь манай байгууллагад 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б/99 тоот тушаалаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажилд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 тоот тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/98 тоот тушаалаар өөртэй нь харилцан тохиролцож дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон.
Бид Б/98 тушаалын үндэслэлийг маргахгүй бөгөөд хууль зөрчсөн тушаал гэдгийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалинг хуульд заасан журмын дагуу тооцож олгоход татгалзах зүйлгүй. Харин цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоход 3 854 906 төгрөг болж байна. Энэ хэмжээнд олгоход татгалзахгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01198 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Б-г ЗТН ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 054 706 төгрөгийг хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас гаргуулан З.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6 842 441 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан З.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “ЗТН” ОНӨААТҮГ-т даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 79 825 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1325 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас “ЗТН” ОНӨААТҮГ-ын төлсөн 80 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 цугаар сарын 17-ны өдрийн 1325 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 -д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна.
Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.
Хариуцагчаас хэрэгт нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож дотоод хяналтын шалгалтын хэлтсийн хяналтын операторын ажилд томилсон. Мөн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо дундаж цалин хөлс тооцох журмыг баримталж хоол унааны хөнгөлөлтийг хасаж тооцоогүй.
Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч З.Б- “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 897 147 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичил хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 854 906 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 054 706 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдолдоо: “...шүүх дундаж цалин хөлс тооцох журмыг зөрчиж, хоол, унааны хөнгөлөлтийг хасаж тооцоогүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүсчээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч З.Б- нь “ЗТН” ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сард амаржиж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан.
Чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох хүсэлт гаргасныг ажил олгогч биелүүлэхгүй байсаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон тушаал гаргасан. Ажилтан өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг ажил олгогч хүлээн зөвшөөрсөн боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын үнийн дүнг зөвшөөрөөгүй үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хууль заасны дагуу үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 054 706 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., Дундаж цалин хөлсийг тодорхойлох Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тогтоолд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ...-той холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр ...тооцно” гэж тодорхойлжээ.
Анхан шатны шүүх ажилтны дундаж цалин хөлсийг тогтоож, хариуцагчаас 4 054 706 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дээрх журмыг зөрчөөгүй байх тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин журмын 4-т заасан ...хөнгөлөлтийн орлого болох ...хоол, унааны мөнгө цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй гэх хариуцагчийн гомдол нэхэмжлэлийн энэ шаардлагад хамааралгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1325 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД