Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.И ХХК

Хариуцагч: АМГТГ КХ,

Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГ КХД- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийн А.ИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, А.ИХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, А.ИХХК нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэртэй 136.25 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.ИХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь Дорнод аймгийн ******* сумын нутаг ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №02******* дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 тоот дэмжихгүй гэсэн саналыг үндэслэн АМГТГ КХД- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна.

Энэ зүйл, хэсэгт заасан "...хариу..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Дорнод аймгийн Засаг дарга М.Б******* Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Дорнод аймгийн Засаг дарга М.Б*******гийн дэмжихгүй саналын үндэслэл нь Газрын тухай хуулийн 15-р зүйл 15.1 дахь заалт, 31 дугаар зүйлийн 31.3 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: гээд 6.2.1-д бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт байхгүй. Иймд Дорнод аймгийн засаг даргын 136 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолд Урьд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 19-ний албан тоотоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт матлмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал тусгагдаагүй учир дэмжих боломжгүй гэсэн байдаг ба мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоол буюу санал нь Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад өрхийн зуслан, намаржаа, хадлангийн талбай зэрэг үнэдслэлийг дурьдаж татгалзсан нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол болон ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн мөн л дээрх Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна.

Ийнхүү Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны 136 тоот санал нь үндэслэлгүй дэмжихгүй санал байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар-ын Дөрөв дүгээр хэсгийн 4.5-д Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй дэмжихгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулан.. гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр хэсгийн 4.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх үлдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Бид хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөлөө 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байдаг ба Дорнод аймгийн Засаг дарга нь татгалзсан саналаа 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1/183 тоот албан бичгээр явуулсан байдаг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ" гэж заасан нөхцөлийг хангасан, улмаар хариуг ирэхээс өмнө буюу хүлээн авснаас хойш 3 хоногт шийдвэр гаргах ёстой байхад Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус байна.

Мөн Кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр

гаргасан нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь мөн хууль бус байна. Мөн уг Кадастрын хэлтсийн 444 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дугаар зүйлийг дурьдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг 1 жил 9 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна.

Иймд АМГТГ КХД- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийн А.ИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, А.ИХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан байдаг. А.ИХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаж үзээд, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, мөн тухайн талбай нь ямар нэгэн хязгаарласан, хориглосон болон түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг. Түүнээс хойш өөр хэдэн ч компани тус талбай дээр өргөдөл гаргасан байж болох бөгөөд үүнийг бид мэдэх боломжгүй. Иймд А.ИХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү... гэжээ.

Хариуцагч АМГТГ КХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбан солбилцолыг тогтоох тухай 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцлын тухай 511 дүгээр

тогтоолыг тус тус батлан гаргасан.

А.ИХХК нь Дорнод аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй 136,25 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-02******* дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс А.ИХХК-ийн өргөдөлд Ашигт

малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7883 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад санал явуулсан. Уг саналд Дорнод аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/4860 тоот албан бичгээр дэмжихгүй санал ирүүлсэн байна.

А.ИХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25/12/01 тоотоор манай газарт хандан албан бичиг ирүүлсэн ба тус албан бичигт ...Дорнод аймгийн Засаг даргын ирүүлсэн албан бичгийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин дэмжих албан бичиг явуулж бидний ажилд тусална уу... гэсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/10329 дугаартай албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргад санал дахин хүргүүлсэн байна.

Дорнод аймгийн Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаартай Дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулий 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүрүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ашиглан хүргүүлэх заалтын хүрээнд сонсох ажиллагааг хийж Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №41 дүгээрт нийтлэж олон нийтэд хүргэж ажилласан.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн АМГТГ КХД- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй 136,25 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/5192 дугаартай албан бичгээр А.ИХХК-д компанид хүргүүлсэн байна.

Иймд АМГТГ КХД- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн А.ИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж А.ИХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, А.ИХХК нь Дорнод аймгийн ******* сумын 136,25 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэж эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.ИХХК-иас АМГТГ КХд холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн А.ИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

А.ИХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,

А.ИХХК нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэртэй 136.25 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нэг: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн А.ИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх А.ИХХК нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэртэй 136.25 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[1] гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газар 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр NE-02******* дугаарт бүртгэгдсэн байна[2].

Уг өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хянаад тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7883 албан бичгийг[3] хүргүүлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/4860 албан бичгээр дэмжихгүй саналыг ирүүлжээ[4].

Харин хариуцагчаас өргөдөл гаргагч А.ИХХКийн хүсэлтийг[5] хүлээн авч дээрх нутаг дэвсгэр бүхий газар дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дахин санал авахаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/10329 дугаартай албан бичгийг[6] Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч уг хүсэлтэд дэмжихгүй гэх хариуг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн[7] тул АМГТГ КХД- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр өргөдлийн бүртгэлийн NE-02******* дугаарт бүртгэгдсэн А.ИХХК-д Дорнод аймгийн ******* сумын ******* нэртэй 136.25 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар дэмжээгүй саналын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Дорнод аймаг дахь Захиргааны шүүх хүлээн авч хянаад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна[8].

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс АМГТГ КХД- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч ... Ашигт малтмалын газраас Дорнод аймгийн Засаг даргад явуулсан мэдэгдэл 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс огноолон 30 хоногийн хугацааг тооцвол 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусна. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын дэмжихгүй санал 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн тул хариуцагч /2006 оны /Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу нэгэнт санал ирүүлээгүй учраас зөвшөөрсөн гэж үзэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй...[9] гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргажээ.

Гэтэл Шуудангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмал, Газрын тосны газрын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7883 албан бичгийн хариуг Дорнод аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр буцаан хүргүүлснийг дээрх хуулийн хугацааны хоногоор тооцвол тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх... хугацааны дотор хариу өгсөнд тооцохоор байна

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно, 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох... гэснээс үзвэл нэгэнт Засаг дарга татгалзсан буюу дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх тусгай зөвшөөрөл хүссэн талбайд хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй.

Энэ тохиолдолд шүүх саналд хариу өгөх хугацаанаас илүүтэй нэхэмжлэгчийн хүсэлтэд дурьдсан талбайд орших аймаг, сумын төрийн захиргааны байгууллага, түүний удирдлага тухайн газар дээр хайгуулын зөвшөөрөл олгохгүй саналаа бичгээр илэрхийлсэнд ач холбогдол өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч А.ИХХК нь тухайн цаг үед Дорнод аймгийн Засаг даргын дэмжихгүй саналыг хүлээн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар асуудлыг шийдвэрлээгүй гэж холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гарган маргалгүйгээр дахин хүсэлт гаргаж Дорнод аймгийн Засаг даргад хандсан атлаа хариуцагч байгууллагыг хуульд заасан хугацаанд асуудлыг шийдвэрлээгүй гэж буруутгаж байгаа нь буруу.

Түүнчлэн нэхэмжлэгчийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан ажиллагааг хэлбэр төдий хийсэн[10].

Гэвч сонсох ажиллагаа бүрэн явуулснаар захиргааны байгууллагын татгалзсан шийдвэрийг өөрчлөхүйц хэмжээний нөхцөлд хүрэхгүй хэдий ч хариуцагч байгуулагаас цаашид иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх нь эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль дээдлэх ёсыг хангах төрийн захиргааны байгууллагын үндсэн үүрэг болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд хариуцагч А.ИХХКийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн гаргасан захиргааны акт байх тул нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр: А.ИХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,

А.ИХХК нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэртэй 136.25 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилж эхэлсэн байх тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг төрийн захиргааны байгууллагад даалгах, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэх эрх зүйн харилцааг шүүхээс тогтоох хууль зүйн боломж, үндэслэл байхгүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч АМГТГ КХД- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн А.ИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй талаар дүгнэсэн тул нэхэмжлэгчийг Дорнод аймгийн ******* сумын ******* нэртэй 136.25 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч А.ИХХК-иас АМГТГ КХд холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн А.ИХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, А.ИХХК-ийн NE-02******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, А.ИХХК нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэртэй 136.25 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.ИХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР