Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор Ц.Цэцэгмаа,

            шүүгдэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн,

            иргэний хариуцагч О.Болорсайхан, түүний өмгөөлөгч М.Энхбаяр,

шүүгдэгч Т.Наранмандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Төмөрийн Наранмандахад холбогдох эрүүгийн 201619000080 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Бүгд найрамдах хятад ард улсын иргэн, 1974 оны 11 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, багш эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хороолол, 10-А-35 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хоньчин овогт Төмөрийн Наранмандах /РД:ЮД74112518/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Т.Наранмандах нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар Дундговь чиглэлийн замын 222/53 дахь километрт “Тоёото Скуа” маркийн 77-67 УНЯ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Б.Батцэцэг, Б.Отгонцэцэг нарын биед тус тус хүндэвтэр, иргэн Г.Энхтуяагийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Жи Пи Эф ХХК-нд нийт 14 710 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Наранмандах нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв. .. Би 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дунговь аймгийн Гурван сайхан сумын салхитын уурхайгаас уурхайн Улаанбаатар хот руу ажлаа тараад явахаар болсон юм. Тухайн үед байгууллагын тээврийн хэрэгслийг жолоодох хүнгүй болоод намайг уурхайн дарга Фан Шин Бин Тоёото Скау маркийн 77-67 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоод гэхээр  нь би тус тээврийн хэрэгслийг жолоодохоор болсон юм. Тэгээд би тус тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хот  руу явсан ба бид нарын урд хар өнгийн Тоёото тундар маркийн тээврийн хэрэгслийг Билгээ гэх залуу жолоодоод явж байсан. Тэгээд бид нар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт өдрийн 13-14 цагийн орчим явж байсан ба тухайн үед би тээврийн хэрэгсэл хэрэгсэл жолоодоод, жолоочийн хажуу талын суудалд Юү гэх хятад залуу, арын суудалд Отгонцэцэг, Батцэцэг, Энхтуяа гэх хүмүүс сууж явсан бөгөөд нэг даваа даваад гарахад урдаас нэг тээврийн хэрэгсэл зам голлоод явж байхаар нь би баруун гар талруугаа зайлуулж дарахад замын цасан дээр тээврийн хэрэгсэл халитраад замаас гарч онхолдсон  юм. Зам тээврийн ослын дараа цагдаа, эмнэлэгийн хүмүүс ирээд бид нар шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. Отгонцэцэг, Батцэцэг хоёр гэмтлийн эмнэлэгт хэвтээд би болон Юү,Энхтуяа нар хэвтээгүй гэсэн мэдүүлэг /хх-162 тал/,

Иргэний хариуцагч О.Болорсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие тус компанид 9 сард ажилд орсон туслах нягтлангаар ажилдаг. Хохирогч манай үндсэн ажилтан, Отгонцэцэг тогооч, Батцэцэг үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Манай байгууллага сул зогсолт хийгээд гэрлүүгээ явцгааж байсан тул үйлдвэрлэлийн осолд тооцоод тэтгэмжийг хохирогч нарт өгсөн байгаа. Үйлдвэрлэлийн осолд тооцоод эмчилгээний баримтаар манай дансанд мөнгө нь орохоор нь манай байгууллага тус тусынхан дансанд хийдэг байгаа гэв.

 

            ХЭРЭГ БҮРТГЭЛТЭНД:

Хохирогч Б.Батцэцэг нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөх уурхайгаас Улаанбаатар хот орох гэж яваад замдаа цасанд сууж шөнө 01 цагийн үед уурхайгаас татуулж маргааш өглөө нь 09-10 цагийн үед уурхайгаас Улаанбаатар хот орохоор жолооч Мандах, тогооч Отгонцэцэг, уурхайн маркшейдер Г.Энхтуяа,  нэг хятад хүний хамт 5-уулаа Т.Скау маркийн 77-67 УНЯ дугаарын улаан хүрэн өнгийн автомашинтай явж байгаад замдаа зам тээврийн осолд орж машинтайгаа замын хажуу руу онхолдсон. Би жолоочийн арын суудлын голын хайрцаг нь дээр сууж явсан юм. Осол болох үед би сэрүүн жолоочтой юм яриад сууж явсан. Жолооч нилээд хурдтай явсан. Замдаа явж байгаад зам дээр машин бүтэн эргэсэн. Тооромс барихгүй ажиллахгүй байна гэж өөрөө уурхайгаас гарахдаа хэлж байсан. Жолоочийн арын хойд дугуй аварын дугуй байсан. Жолооч их хурдтай тооромс ажиллахгүй хоёр тийшээ дараад замын хажуу руу орж онхолдсон. Бид нарын урд явсан хар машин их хурдтай 140-тэй явж байхад бид нараас хоцрохгүй явсан их хурдтай явж байсан гэсэн. Хурдтай явж байгаад тооромсгүй машин барьж явснаас ийм осол гарсан гэж үзэж байна. Осол болохын өмнө зам дээр шарваж эргэсэн юм. Миний биеи эгэмний яс хугарсан, нүдний ухархай хэсэгт цөмрөлттэй гэсэн. Нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Одоо хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Хамт явсан Отгонцэцэг эгчийн нуруу гэмтсэн, хагалгаанд орсон. Энхтуяа эгчид бол ясны гэмтэл бол байхгүй. Гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Одоо биеийн байдал зовиуртай, хамаагүй босож явж болохгүй, толгойдоо хүчтэй доргилттой байгаа. Баруун талын нүд юм харахгүй байсан. Одоо хагалгаанд ороод гайгүй болсон. Жолоочийн хойд талын дугуйн төмөр нь гарчихсан байсан. Машины дотор дотор дэр гарч бүх шилнүүд хагарсан байсан. Осол болох үед халтиргаа тийм их байгаагүй. Ослын өмнө дан жаахан цастай байсан. Зам бол өгсүүр, эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан.  Цаг агаар тогтуун дулаахан байсан. Компаний ажилчидын амралт болоод Улаанбаатар хот руу буцаж явсан юм. Би энэ компанид туслах ажилтай. Сард 864,0 мянган төгрөг авдаг. Үгүй хэрэглээгүй. Энэ компаний машин байгаа юм. Холбогдох хүмүүс нь мэдэж байсан.  Жолооч өөрөө тооромсгүй машинтай яаж явах бэ гэж байсан. Улаанбаатар хот уруу бол орчихно гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-22 тал/, ...Байгууллагаас эхний ээлжинд эмчилгээний төлбөр болон эм тарианы мөнгийг бол гаргаж өгсөн. Энх-Ундрага ХХК-д 1 сая 500 мянга, нүдний хагалгаанд 2 сая 250 мянган төгрөг, портезны мөнгө 300,0 мянга гарсан. Эм тарианд 300,0 мянга өгсөн. Өөрөө эгэм татлага, далны татлага гээд нийт 145,0 мянган төгрөгийн зардал гаргасан. Жолооч 100,0 мянган төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг аваагүй. .. Би өөрөө их гомдолтой байна. Осол болсноос хойш 2016 оны 01 сард ажилласан байсан хоногийн цалин гэж 864,0 мянган төгрөгийн цалин авсан. Одоо бол цалин мөнгө байхгүй байгаа гэсэн мэдүүлэг /хх-23 тал/, .. Надад жолооч Т.Наранмандахын зүгээс протез 350 000, 1 ширхэг нь 80000 төгрөгийн үнэтэй эм-3 ширхэгийг уусан. Бас тариа авч өгч байсан. Бэлнээр гар дээр цувуулж мөнгө өгч байсан. Миний бодлоор 280 000 төгрөг бэлнээр авсан байх. Эмнэлэгт байхад эргэж тойрч байсан. Миний зүгээс гомдолтой байна. Энэ жолоочоос болж би эрүүл мэндээрээ хохирчихоод байна шүү дээ. Би өөрийнхөө биеийг гадаадад гарч эмчлүүлмээр байна. Нүд толгой хоёроо маш сайн үзүүлж эргээд эрүүл болмоор байна гэсэн мэдүүлэг /хх-209 тал/,

 

Хохирогч Б.Отгонцэцэг нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 01 сарын 24-ний өглөө 0930 минутын үед Дундговь аймгийн Гурвансайхан сумын Жи Пи Эф ХХК-ны уурхайгаас Улаанбаатар хот орохоор байгууллагын автомашинтай Батцэцэг, Энхтуяа, нэг хятад иргэн жолоочтойгоо 5-лаа явж байгаад замдаа Төв аймгийн нутагт зам тээврийн осолд орж гэмтсэн. Осол өдөр 13-14 цагийн үед болсон. Би автомашины арын суудалд зүүн талын захад жолоочийн арын суудалд сууж явсан. Жолооч 100-гаас дээш хурдтай явсан байх. Жолоочийн хажууд нөгөө хятад иргэн сууж явсан. Миний хажууд Батцэцэг түүний баруун талд Энхтуяа сууж явсан. Жолооч архи дарс хэрэглээгүй. Эрүүл байсан. Автомашины урд сууж явсан хоёр хүн бүстэй арын суудалд бид хоёр бүсгүй явсан. Автомашины жолооч замдаа тоормос заримдаа бариад барихгүй байна гэсэн. Тэгээд замын хажуу руу орж онхолдсон. Замдаа замын гулгаан дээр тооромсгүй машин нэг бүтэн эргэж зогссон. Их хурдтай явсан байх. Урдаас машингүй ирж яваа машин харагдаагүй. Осол болох үед миний талын дугуй обудаар явж пар пар гэж дуугараад замын хажуу орж 2-3 удаа хөрвөсөн. Ослын дараа машинд сууж байсан. Намайг босож чадахгүй байна гэхэд арын хаалга онгойлгож машинаас гаргаж намайг цасан дээр хэвтүүлсэн. Би нуруундаа гэмтэл авсан. Толгой их өвдөнө. Хүзүү жаахан хөшингөтэй байгаа. Хагалгаанд орж нуруугаа хадуулсан. Эмчилгээ бол хийгдэж байгаа. Батцэцэгийн эгэм хугарч, нүдний хагалгаанд орсон гэсэн. Энхтуяа гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Автомашинд юу эвдэрсэнийг бол мэдэхгүй. Урд нь автомашины тооромс болохгүй байна гэсэн. Зам халтиргаатай, эрээнтэй, өгсүүр, үзэгдэх орчин хязгаарлагдмал, цаг агаар тогтуун байсан. Наранмандах өөрөө барьж явсан. Жолооч тусламж үзүүлж байгаа. Эмчилгээний зардал мөнгийг бол өгч байгаа. 2016 оны 01 сарын 22-ны өдрөөс амраад 24-ний өдрөөс компани цахилгаангүй гээд 2 сарын 15 хүртэл ажиллах гээд бүгдээрээ хоёр автомашинд хуваагдаж сууж явсан юм. .. явж чадахгүй ажил төрөлөө хийж чадахгүй би гомдолтой байна. Одоогоор нарийн тооцсон зүйл байхгүй байна. Дараа нь тооцож өгье. Одоо эмчилгээ хийлгэх бүх зардлыг нэхэмжлэх болно гэсэн мэдүүлэг /хх-28 тал/, ... Надад жолооч Наранмандах 300 000 мянгаар 2 удаа нийтдээ 600000 мянган төгрөгийг өгсөн байгаа. Өшөө надад ямар тусламж өгч байсан талаар хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед ухаангүй байсан. Яаралтай зураг авахуулсан мөнгө төгрөгийг өгсөн байж магадгүй. Надад нийтдээ Жэй Пи Эф ХХК-ны зүгээс 3465000 мянган төгрөгийг өгсөн байгаа. Баримт нь байгууллагад байгаа байх. Би жолооч Наранмандахад гомдолтой байна. Миний зүгээс жолооч Наранмандахаас 10000000 сая төгрөг нэхэмжилж байна. Одоо надад баримт гэх зүйл байхгүй. Миний зүгээс Жэй Пи Эф ХХК-нд гомдолтой байна. Яагаад гэвэл би тухайн үед байгууллагын машинаар явж байгаад ийм асуудал болсон шүү дээ. Миний одоог хүртэл эмчлүүлсэн эмчилгээний мөнгө төгрөгийг зохих хэмжээнд байгууллага өгсөн байгаа нь талархууштайч энд хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байна шүү дээ гэсэн мэдүүлэг /хх-211 тал/,

 

Хохирогч Г.Энхтуяа нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ..Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхитын уурхайгаас 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өглөөний 09 цагийн орчим Улаанбаатар хот руу явахаар болсон ба тухайн үед тог тасраад хүйтэн болсон учраас бүх ажилчиддаа буулгахаар болсон. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу явахаар болсон ба уурхайн дарга Фан Наранмандахыг жолооны үнэмлэхтэй учраас Улаанбаатар хот руу машин бариад явах талаар зааварчилгаа өгөөд явуулсан ба тухайн Тоёото Скуа маркийн 77-67 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгслийг Наранмандах жолоодоод, Наранмандахын хажууд БНХАУ-ын Уй Жин Хуа гэх хүн, жолоочийн арын суудалд Отгонцэцэг жолоочийн хажуу талын арын суудалд Батцэцэг бид хоёр сууж явсан юм. Мөн бид нартай хамт Тундр маркийн тээврийн хэрэгсэл хамт явсан ба тус автомашиныг Билгээ гэх залуу жолоодоод түрүүлээд явсан. Харин бид нар араас нь явсан бөгөөд би замдаа унтаад явж байхад гэнэт орилоон чарлаан болоод ирэхэд нь сэрсэн ба бидний сууж явсан тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон. Ослын дараа хаалга онгойхгүй байсан болохоор жолоочийн хаалганы шилэн доогуур бид нар гараад цагдаа, эмнэлэг дуудсан. Тухайн үед Отгонцэцэг, Батцэцэг нарын биеийн байдал хүнд байсан. Т.Наранмандах тухайн үед эрүүл байсан. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би унтаж явсан болохоор энэ талаар мэдэхгүй байна. Т.Наранмандах тухайн үед тус тээврийн хэрэгслийн тоормоз нь ажиллахгүй байх шиг байна гэж хэлж байсан ба мөн замдаа явж байхад тоормоз нь алдаж бариад байх шиг байсан. Тус дугуйны обуд нь хагарсан байсан. Бид нар тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан болохоор энэ талаар мэдэхгүй байна. Миний эмчилгээний 1883451 /нэг сая найман зуун наян гурван мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийн зардлыг “Жи Пи Эф” ХХК-наас олгосон. Харин 524.435 /таван зуун хорин дөрвөн мянгө дөрвөн зуун гучин тав/ төгрөгийн зардлыг болон цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээр гаргуулан авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-138 тал/, ..Надад жолооч Наранмандах  эмчилгээний зардал болох мөнгө төгрөг юу ч өгөөгүй. Миний зүгээс гомдолтой байна. Миний зүгээс ердийн ажлаа хийгээд явж байсан хүн осол болсноос хойш 4 сар ажил хийгээгүй цалин аваагүй ажлаас листний мөнгө өгөөгүй байна. “Жи Пи Эф” ХХК-иас 4 сарын цалингаа нэхэмжилж байна. Бас эмчилгээний зардлыг жолооч Наранмандахаас сүүлд эмчлүүлсэн ажлаас өгөөгүй 524000 мянган төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-210 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Өлзиймаа нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Зам тээврийн ослын улмаас хохирогч Г.Энхтуяад учирсан эмчилгээний зардал болох 1883451 /нэг сая найман зуун наян гурван мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийг манай компаний зүгээс өгсөн. Б.Отгонцэцэг, Б.Батцэцэг нар нь мөн ослын улмаас хагалгаанд орсон ба хагалгаанд орсон эмчилгээний зардлыг манай компаниас мөн адил гарган өгсөн. Мөн Г.Энхтуяа, Б.Отгонцэцэг, Б.Батцэцэг нар нь үйлдвэрлэлийн осолд орсон гэх үндэслэлээр сар болгон листний мөнгөө авч байгаа. Т.Наранмандах манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Т.Наранмандах манай байгууллагад ороод удаагүй байсан ба хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй харин ажил үүргийн хуваарь нь байгаа. Т.Наранмандахаар манай байгуулагад учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-141 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Өнөрцэцэг хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай компаний Т.Скay маркийн 77-67 УНИ дугаарын автомашин Дундговь аймгийн Гурван сайхан сумаас Улаанбаатар хот орох гэж яваад замдаа Төв аймгийн нутагт зам тээврийн осолд орсон. Тухайн үед машиныг БНХАУ-ын иргэн Наранмандах жолоодож явсан. Машиныг сая би харлаа нилээн эвдэрсэн байна. Энэ машины дугаарыг Дундговь аймаг руу шилжүүл гэхэд компани Дундговь аймаг руу шилжүүлээгүй байсан юм. Татвараа төлөх гээд би өөрийн хувь нэр дээр татвараа төлөөд өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн юм. Сая танилцлаа үнэлгээ жоохон өндөр гарсан байна. Энэ хохирол бол надад хамаагүй. Энэ “Жи Пи Эф” ХХК мэднэ гэсэн мэдүүлэг /хх-25 тал/,

 

Гэрч Б.Цогнэмэх хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 01 сарын 24-ний өдөр манай эхнэр Б.Отгонцэцэг нь Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Улаанбаатар хот орохоор баярын амралтаараа гэртээ харих гээд байгууллагынхаа автомашинтай өөрөөсөө гадна 4 хүний хамт явж байгаад замдаа осол орж гэмтээд одоо болтол хэвтэж эмчлүүлж байна. Ингээд зам тээврийн осол орж нуруу нугасны хагалгаанд орж эмнэлэгт 23 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо биеийн байдал тааруухан байна. Автомашины бүрэн бүтэн байдлаас болж тоормосгүй муу барьдаг автомашинтай явж байгаад замын хажуу руу орж онхолдсон байсан. Осол болох үед жолоочийн арын суудалд зүүн талд сууж явсан. Зам халтиргаа гулгаагүй хэвийн байсан. Хамт явсан Б.Батцэцэгийн эгэс хугарчнүдний хагалгаанд орж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Энхтуяагийн толгой доргисон, хавирга цуурсан гэж байсан. Одоо хоёулаа бас хэвтэж эмчлүүлж байна. Манай эхнэр Б.Отгонцэцэгийн нурууны нугалмайн хэсгийн 1,5,12 дугаар нуруу гэмтсэн.Толгой тархи доргилттой байсан. Нуруугаа хадуулж хагалгаанд  орсон, нуруу гэмтсэн. Автомашиныг Наранмандах гэдэг өвөр монгол залуу барьж явсан. Архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Манай эхнэрийн эмчилгээнд 240,0 мянгаар нурууны зураг авахуулсан хагалгааны хадаас гэж 1 сая 900 мянган төгрөг, хагалгааны 600,0 мянга, эм тарианы 174,0 мянга, соронзон бүс 70,0 мянга, кальци 215,0 мянга болон бусад зардал гээд нийт 3 сая 465 мянган төгрөгийг зарцуулсан байна. 2016 оны 02 сарын 15 өдөр энэ компанийн хуулийн зөвлөх Уянгаа гэх хүн хохирол барагдуулах талаар өргөдөл гаргаж өгсөн байгаа. Одоо хүртэл ямар нэгэн шийдвэр ирээгүй байгаа. Одоо хагалгаа эмчилгэээ дуусаж  эмнэлэгээс гараад гэрээрээ эм тариа ууж дүүргийн эмнэлэгээр боолт хийлгэж байгаа. Осол болсноос хойш манай эхнэрийн ажилласан 1 сарын цалин гэж 950,0 мянга төгрөг өгсөн. Одоо болтол ямар ч төгрөг огт аваагүй. Эхнэр бид хоёр одоо 13 сая төгрөгийн зээл , сөн хашаа байшингийн зээл гээд бараг 1 сая шахам төгрөгийн зээл төлдөг юм. Ингээд нөгөө зээл төлдөг хүн осол орж гэмтэж эмчлүүлсэнээс болж одоо бид бүхний амьдрал хэцүү болж байна. Хэн зээл төлөх бэ, хэн ажил хийх бэ одоо энэ зээлийг яаж барагдуулах гээд олон санаа сэтгэл болсон асуудал гарч иймд маш их гомдолтой бүх хохирлоо гэм буруутай хүнээс нэхэмжлэх болно. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохоор эмчилгээ сувилгааны зардлыг мөн нэхэмжлэх болно. Би өөрийн эхнэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр энэ осол хэрэгт оролцох болно гэсэн мэдүүлэг /хх-29 тал/,

 

Шинжээч Г.Баттулга хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 сарын 18-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газраас шинжилгээ хийлгэх тогтоолтой танилцаж тогтоолын дагуу үнэлгээг тогтоосон. Энэ үнэлгээг гаргахад онхолдсон гэх Тоёото Скау маркийн 77-67 УНЯ дугаарын автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн.  2014 онд Монголд орж ирсэн. Уул уурхайн чиглэлээр ашилаж байсан ашиглалтын хугацааны элэгдлийг тооцож гаргасан. Нийт 16 сая 340 мянга 800 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргасан. Ойролцоогоор 31-35%-ийн элэгдэл тооцож гаргасан юм. Энэ автомашины хохирлын үнэлгээг захиалгын үнээр тооцож авсан, кузовыг бүхэлд нь солихоор гаргасан манайханы үнэлгээ засахаар гаргасан зөрүү нь 10 сая 500 мянган төгрөг болсон. Эдгээр үнээс шалтгаалж ингэж зөрүүтэй гарсан байх боломжтой. Итгэлт Эстимейт ХХК хаанаас үнийн санал авсан нь тодорхой биш байгаа юм. .. Би энэ асуултыг анзаараагүй явуулчихсан юм байна гэсэн мэдүүлэг /хх- 65 тал/,

 

Гэрч Уй Жинхуа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:  .. Би 2016 оны 01 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхитын уурхайгаас Наранмандах, Батцэцэг, Отгонцэцэг, Энхтуяа нарын хамт компани эзэмшлийн Тоёото Скуа маркийн 77-67 УНЯ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй өглөөний 09 цаг 40 минутын орчим гарсан юм. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудалд суугаад харин Наранмандах тус тээврийн хэрэгслээ жолоодоод явсан ба машины арын суудалд Батцэцэг, Отгонцэцэг, Энхтуяа нар сууж явсан. Тухайн үед Наранмандахын сэтгэл санааны байдал тогтворгүй байсан ба замдаа 3 удаа машин асфальтан зам  дээр хөндлөн зогсож байсан бөгөөд тухайн үед зам цастай байсан. Тэгээд бид нар өдөр нь Төв аймгийн орчим явж байтал өөдөөс цагаан өнгийн дунд оврын ачааны автомашин өөрийн зорчих хэсгээр явж байсан бөгөөд тухайн үед Наранмандах нь 70-80 орчим км цагийн хурдтай явж байгаад тус машиныг хараад тооромсоо гишгээд хурдаа багасгахад машин хальтараад замаас гарч онхолдсон юм. Ослын дараа машины урд 2 хаалга нээгдэхгүй байсан болохоор өөрийнхөө урд хэсгийн цонхыг хөлөөрөө хагалж гараад  Наранмандахын хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд нөгөө 3 эмэгтэйг машинаас тэвэрч гаргасан. 30 орчим минутын дараа цагдаа эмнэлэгийн хүмүүс ирсэн. Тухайн үед гэмтсэн 3 эмэгтэйг Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ба харин Наранмандах бид 2 осол болдог газар үлдсэн. ... Миний биеийн байдал сайн байгаа. Ослын улмаас биед гэмтэл, бэртэл учраагүй. .. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-145-146 тал/,

 

Гэрч Р.Мөнхбаясгалан хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:  Хэргийн газрын үзлэгийн 15, 18, 19-р гэрэл зураг дээр тодорхой харагдаж байгаа ба мөн 20 дугаар гэрэл зураг дээр харагдаж байгаа. Уг тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйн обуд нь өөр байсан ба бусад 3 дугуй нь ижил обудтай байсан. Мөн тус тээврийн хэрэгслийн 4 дугуйны хээ нь ердийн байсан. Тоёото Скуа маркийн 77-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй нь обудаараа хагарч салж унасан байсан ба энэ олгой хаймаргүй дугуй байсан. Хэргийн газрынс үзлэг хийсний дараа тус компани Э.Уянга гэх эмэгтэйд тус тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн ба автомашиндаа үнэлгээ хийлгэх шаардлагатай гээд хэлж тайлбар авсан байгаа. Би компани хүмүүст нь хүлээлгэж өгсөн болохоор битүүмжлэх арга хэмжээ аваагүй. Компаний хүмүүс өөрсдөө машинаа хариуцаад үлдэе гэсэн. Мөн цагаан сар болох гээд байна, манай ажилчид буцаж явсан юм. Энэ асуудлыг манай компаний зүгээс танилцуулаад шийдье гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-147-148 тал/,

 

Гэрч Д.Эрдэнэбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:  “Жи Пи Эф” ХХК-д 2015 оны 08 сарын 03-ны өдрөөс хойш жолоочоор ажилд орсон ба 2016 оны 01 сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт манай компаний тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон байна гэж компаний хууль эрх зүйн мэргэжилтэн Уянга утсаар мэдэгдсэний дагуу би Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тус зам тээврийн осол болсон гэх газар 16 цагийн орчим очиход Тоёото Скуа маркийн тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байдалтай байсан. Намайг тус газар очиход цагдаа эмнэлэгийн хүмүүс ирээд явсан байсан ба хотоос ачлагын машин ирээд осол орсон тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн авто засварын газар очиж буулгасан.Тухайн үед зүүн хойд дугуй нь байсан ба осолд орсон тээврийн хэрэгслийн доор нь байсан илүү дугуйн зүүн хойд хэсэгт нь хийгээд салж унасан зүүн хойд хэсэгт нь хийгээд салж унасан зүүн хойд дугуйг тээврийн хэрэгслийн арын суудалд хийж ачуулсан байгаа гэсэн мэдүүлэг /хх-150-151 тал/,

 

-гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 тал/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-4 тал/,

-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5 тал/,

-Төв аймгийн Сэргэлэн сумын Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замын 222/ дахь километрт иргэн Наранмандах 77-67 УНЯ улсын дугаартай “Тоёото Sequoi” маркийн автомашиныг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гарсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-16 тал/,

 

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №53 актад

1. Б.Батцэцэгийн биед зүүн эгэм ясны далд хугарал, баруун ухархайн дотор ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зүүн гарт цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Б.Батцэцэгт архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ /хх-32 тал/,

 

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №52 актад

            1.Б.Отгонцэцэгийн биед тархи доргилт, хамрын ясанд далд цөмөрсөн хугарал, сээр, бүсэлхийн нугалам яснуудад зөрүүгүй, далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй.

            5.Б.Отгонцэцэг-н биед баруун хөхлөг сэртэнд хатууралт өөрчлөлт, хоёр уушигт архаг өвчин тогтоогдлоо гэжээ /хх-35 тал/,

 

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №51 актад

1. Г.Энхтуяагийн биед гайморовын доод гадна хананы хугарал, хамрын хөндийн шингэн, тархи доргилт, баруун гуяанд цус хуралт, зүүн эгмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-37 тал/,

 

-Компьютер томографийн оношлогоо /хх-38-39 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-41 тал/,

-“Итгэлт Эстимэйт” ХХК-ны авто машин текникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-42 тал/,

-77-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-43 тал/,

-“Хос Стандарт” ХХК-ны авто машин текникийн үнэлгээнйи тайлан /хх-45 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-46-51 тал/,

-№00000004 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. Тоёото SEQUOIA маркийн 77-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Төмөр овогтой Наранмандахад нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Үүнд:

- 2-р бүлгийн 2-3-б-д “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт,

- 9-р бүлгийн 9-1.2-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, “жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт,

-21-р бүлгийн 21-8-Б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Зам тээврийн ослын схем, фото зурагаас харахад Тоёота SEQUOIA маркийн 77-67 УНЯ улсын дугаартай автомашины дугуйн даралтанд үүссэн 50,0м-ээр автомашины хурдыг тогтоох боломжгүй. Тухайн нөхцөлд жолооч Төмөр овогтой Наранмандах зогсоох арга хэмжээ авах боломжтой.

3. Энэхүү зам тээврийн осол нь Төв аймгийн Сэргэлэн сумын  4-р баг Гүнбүрдийн хоолой гэх газар Улаанбаатар Дундговь аймгийн чиглэлийн замын 222/53 дахь километрт газар асфальтан, тэгш өгсүүр, тахир, хуурай, суурийнгийн гаднах, цаг агаар тогтуун, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, тусгаарлах зурвастай, хоёр эгнээ хашлагагүй замд 2016 оны 01 сарын 24-ний өдрйн 12 цаг 10 минутанд гарсан байна.

4. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх шаардлагатай зүйл байхгүй болно” гэж үзэж дүгнэлтийг гаргав гэжээ /хх-53 тал/,

 

-Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /хх-63 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16/50 дугаар бүхий тодорхойлолт /хх-70 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16/52 дугаар бүхий тодорхойлолт /хх-71 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16/53 дугаар бүхий тодорхойлолт /хх-72 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16/51 дугаар бүхий тодорхойлолт /хх-73 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №1942 шинжээчийн дүгнэлтэд

1. Автомашины баруун, зүүн талын далбаа, баруун, зүүн талын урд хаалга, зүүн хойд хаалга дотогшоо налж хонхойсон. Урд салхины шил, баруун урд, зүүн урд, зүүн хойд хаалганы цонхны шил хагарсан. Хойд хаалга гажиж ангайсан. Хойд бамбай хагарсан, урд бамбай байхгүй. Капот гажиж баруун урд хэсгээрээ хонхойсон. Баруун, зүүн талын толь хугарсан. Зүүн урд талын гэрэл байхгүй, баруун урд талын гэрэл хагарсан. Баруун талын гишгүүрийн гадна хуванцар болон зүүн талын гишгүүр гажиж гулзайсан. Зүүн хойд талын доод гар, амортизатор гулзайсан. Урд нүүр хагарсан. Агаарын хоолой салсан, шил арчигчийн шингэн хадгалах сав хагарсан, сэнсний хүрээ хагарсан, радиаторын битүүмж алдагдсан. Аюулгүйн хийн дэр задарч гарсан зэрэг гэмтлүүдтэй байна.

2.Уг тээврийн хэрэгсэл нь анх онхолдохдоо зүүн тал хэсгээрээ онхолдсон байна.

3. Уг тээврийн хэрэгслийн жолооны болон тоормосны механизм ажиллаж байна. Автомашинд үүссэн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх тул осолд техникийн нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэх үндэстэй байна.

4. Автомашины баруун урд, баруун хойд дугуйнууд нь шаардлагад нийцсэн дугуй байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины ослын үед байсан гэх зүүн хойд талын дугуй нь ослын материалд авагдсан дугуйтай тохирохгүй байх тул тухайн дугуй нь шаардлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Жич: 1942 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн 201619000080 тоот хавтаст хэргийн материалын хамт ШБМХ-т хүлээлгэн өгөв. Автомашиныг эзэнд нь хүлээлгэн өгсөн. Мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Авирт 2016.03.21 өдөр шинжилгээнд ирүүлсэн автомашины бүхээгний баруун хэсэгт байх ослын үед байсан гэх дугуй нь хавтаст хэргийн гэрэл зургаар бэхжүүлж авсан ослын үед байсан дугуйтай тохирохгүй байгааг мэдэгдсэн гэжээ /хх-111-113 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №1942 шинжээчийн дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-114-128 тал/,

 

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/173 дугаар бүхий албан бичиг /хх-133 тал/,

 

- 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №00000018 тоот шинжээчийн дүгнэлтэнд

Хариулт 1. Шинжээчийн 2016.02.19-ний өдрийн №04 тоот дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хариулт 2. 2016.01.24-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн А цэг нь үндэслэлтэй байна.

Хариулт 3. Хэрэгт авагдсан материлаас үзэхэд Тоёото sequoia  маркийн 77-67 УНЯ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Наранмандах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3”жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9.1. “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2 “жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 21.8.  хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх ба Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн хүн тээвэрлэх журам зөрчих 51.1. Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэхл оногдуулна гэсэн заалт зөрчигдсөн байна гэж үзлээ.

Хариулт 4: Хавтаст хэргийн материалд байх криминалистикийн шинжээчийн авсан №12,14 гэсэн дугаартай фото зураг нь дээрхи дугуй, мөн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Авирын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилох тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 1942 тоот дүгнэлтийн /фото зураг№52-79, №129-132/ дугаар бүхий шинжилгээнд ирүүлсэн дугуйн зураг, мөн дүгнэлтийн 4-т автомашины баруун урд, зүүн урд, баруун хойд дугуйнууд шаардлагад нийцсэн дугуй байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины ослын үед байсан гэх зүүн хойд талын дугуй нь ослын материалд авагдсан дугуйтай тохирохгүй байх тул тухайн дугуй нь шаардлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байх тул уг тээврийн хэрэгслийн 4 дугуйны марк, хээ нь ижил бус нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх, хэрвээ зөрчсөн бол тээврийн хэрэгслийн жолооч, эзэмшигч аж ахуйн нэгжийн аль нь зөрчсөн болохыг тогтоох боломжгүй.

Хариулт 5: Хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй.

Хариулт 6: Хэрэгт авагдсан материалаас үзэхэд дээрхи зам тээврийн осол болсон гэх зам нь улсын чанартай хатуу хучилттай зам болно.

Хариулт 7:  Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Тоёото sequoia  маркийн 77-67 УНЯ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Наранмандах нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1.“жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2 “жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Хариулт 8: Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэг ач холбогдолтой нөхцөл байдал илэрээгүй гэжээ /хх-155 тал/,

 

-2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №02 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. “Жи Пи Эф” ХХК-ийн машинаас нэр бүхий ажилчид ажлаасаа буцах замдаа тээврийн осолд өртсөнийг тус компаний “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс” бүртгэн судлаагүй. “Жи Пи Эф” ХХК-ий удирдлага нь ажилтныг гэрээ байгуулаагүйгээр ажиллуулсан гэжээ /хх-158 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16/149 дугаар бүхий албан бичиг /хх-165 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16/149 дугаар бүхий албан бичигт хавсаргасан баримт бичгийн хуулбарууд /хх-166-187тал/,

-хураан авах тогтоол /хх-188 тал/,

-хураан авсан тэмдэглэл /хх-189 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-190 тал/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-191 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх193 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-194-195 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16/184 дугаар бүхий албан бичиг /хх-200тал/,

 

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №251 актад

1. Г.Энхтуяагийн биед гэмтлийн гаралтай өөрчлөлт тогтоогдсонгүй гэжээ /хх-213 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/174 дугаар бүхий албан бичиг /хх-219 тал/,

- “Жи Пи Эф” ХХК-иас осолтой холбогдон гарсан зардал, холбогдох баримт бичгийн хуулбар /1-р хавтас хх-224-250 тал, 2-р хавтас хх-1-10 тал/,

 

-хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-11-16 тал/,

 

-шүүгдэгч Т.Наранмандахыг 2016 оны 02 сарын 19-ний өдөр сэжигтнээр /хх-61-62 тал/, 2016 оны 04 сарын 20-ны өдөр яллагдагчаар /хх-161-162 тал/, 2016 оны 05 сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин /хх-207 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Т.Наранмандахын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-64 тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Наранмандах нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар Дундговь чиглэлийн замын 222/53 дахь километрт “Тоёото Скуа” маркийн 77-67 УНЯ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Б.Батцэцэг, Б.Отгонцэцэг нарын биед тус тус хүндэвтэр, иргэн Г.Энхтуяагийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Жи Пи Эф ХХК-нд нийт 14 710 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн хохирогч Б.Батцэцэгийн мэдүүлэг /хх-22-23-209 тал/, хохирогч Б.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-28, 211 тал/, хохирогч Г.Энхтуяагийн мэдүүлэг /хх-138, 210 тал/, иргэний нэхэмжлэгч Х.Өлзиймаагийн мэдүүлэг /хх-141 тал/, гэрч Б.Цогнэмэхийн мэдүүлэг /хх-29 тал/, гэрч Уй Жинхуагийн мэдүүлэг /хх-145-146 тал/, гэрч Д.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-150-151 тал/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Төв аймгийн Сэргэлэн сумын Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замын 222/ дахь километрт иргэн Наранмандах 77-67 УНЯ улсын дугаартай “Тоёото Sequoi” маркийн автомашиныг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гарсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №53 акт, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №52 акт, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №51 акт, “Хос Стандарт” ХХК-ны авто машин текникийн үнэлгээний тайлан, №00000004 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №1942 шинжээчийн дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №00000018 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Наранмандахад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Т.Наранмандахын холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Наранмандахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

            Хохирогч Б.Батцэцэгт Т.Наранмандах нь 1800000 төгрөг, байгууллагаас эмчилгээний зардалд 4472450 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмж 120472 төгрөг, хохирогч Б.Отгонцэцэгт Т.Наранмандах нь 2600000 төгрөг, байгууллагаас эмчилгээний зардалд 2761794 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмж 178463 төгрөг, хохирогч Г.Энхтуяад Т.Наранмандах нь 540000 төгрөг, байгууллагаас эмчилгээний зардалд 2081451 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмж 441155 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд хохирогч нар нь Т.Наранмандахад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний хариуцагч цаашид гарах гэм хорын асуудлыг хуульд заасан журмын дагуу хариуцан төлөхөө ойлгосон гэх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна. Харин хохирогч  нар нь цаашид ослын улмаас гарсан гэм хорын хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 448229 дугаарын жолоочийн үнэмлэх, 00890895 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, G41135734 дугаарын гадаад паспортыг шүүгдэгч Т.Наранмандахад буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох “Делл” маркийн компьютер 1 ширхэг, “Панасоник” маркийн угаалгын машин, цагаан өнгийн хөргөгч, саарал өнгийн хөлдөөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилэх тогтоолыг хүчингүй болгох зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Наранмандах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.1, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хоньчин овогт Төмөрийн Наранмандахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүндэвтэр, 1 хүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж Т.Наранмандахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Б.Батцэцэг, Б.Отгонцэцэг, Г.Энхтуяа нар нь цаашид ослын улмаас гарсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

4.Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 448229 дугаарын жолоочийн үнэмлэх, 00890895 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, G41135734 дугаарын гадаад паспортыг шүүгдэгч Т.Наранмандахад буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Наранмандах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Делл” маркийн компьютер 1 ширхэг, “Панасоник” маркийн угаалгын машин, цагаан өнгийн хөргөгч, саарал өнгийн хөлдөөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

          6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Наранмандахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Наранмандахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА