| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00600/И |
| Дугаар | 00910 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00910
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2017/00910
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-8-56 тоотод оршин суух, Боржигон овогт Ц.Х /Регистрийн дугаар: АЮ78100101/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9-100 тоотод оршин суух, Жансамбуугийн П.Б / Регистрийн дугаар: ТА67070715/
Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 5,436,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: П.Б бид хоёр 2003 оноос хойш гэр бүл болж амьдарсан. Эхний жилүүдэд эв найрамдалтай амар тайван амьдарч байсан боловч 2013 оноос хойш байнгын хэрүүл маргаантай хааяа надад гар хүрдэг болсон. Энэ байдал бүр даамжирсаар П.Б нь 2017 оны 3-сарын 9-нд намайг гэртээ байхад гаднаас согтуу орж ирээд хардаж элдвээр хэлж зодсон, миний биед хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд миний баруун гарын мөрний шөрмөс гэмтсэн. Би тэр үед цагдаа дуудан асуудлыг шийдүүлсэн. Би тэр үед хот руу хувийн ажлаар 8 хоног яваад ирсэн ба хотод байх хугацаанд утсаар элдвээр доромжилж байсан. Үүнээс хойш одоог болтол бид хоёр эвлэрээгүй бөгөөд хэд хэдэн удаа янз бүрийн муу муухай үгээр хэлж сүрдүүлэх оролдлого хийж байсан. Мөн Б-ийн ээж болон дүү нар нь хүү бид хоёрыг хэд хэдэн удаа элдвээр харааж зүхэн гэр орноосоо хөөж байсан ба хүү бид хоёр 2015 оны 6 сараас хойш аав ээж ах дүүтэй нь уулзаагүй. Би цаашид энэ хүнтэй эвлэрэн хамт амьдрахад айдастай байна.
Үүнээс хойш бид хоёр тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн хэн нь салах хүсэлтэй байгаа тул бид хоёрын гэр бүлийг салгаж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: П.Б нь надаас хүүхдийг минь авч, дээр нь надаас мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүний амьдралаа хэрхэн авч явдаг, арчаагүй өрхийн тэргүүн болохыг түүний энэ бичсэн сөрөг нэхэмжлэл нь харуулж байна. Эр хүн шиг амьдралаа аваад явж чадаагүй, 14 жил амьдрахад гэр оронтой болж тогтворжоогүй, орох оронгүй түүнд би яахаараа хүүхдээ өгөх болж байна. 13 настай хүүхэд өөрөө саналаа өгч асрамжаа шийдүүлэх эрхтэй учир шүүх энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх нь ойлгомжтой. Бас ичихгүй надаас тэтгэвэр нэхэмжилжээ. Өмнөөс нь бүр нүүр улайж ичиж байна. Яг чавганц шиг эрээ цээргүйгээр зөвхөн өөрийгөө бодсон зүйлс бичжээ. Ийм хүнийг эцэг хүн эр хүн гэж хэлэх үү. Энэ хүн ганцаараа цалингийн зээл авч байсан гэвэл худлаа би ч мөн адил цалингийн зээлтэй л яваа. Бид хоёулаа цалингийн зээлтэй болохоор ихэнх цалин хөлс зээлэнд суутгагдаж гар дээр үлдэгдэл цөөхөн мөнгө ирдэг нь амьдралд хаанаа ч хүрдэггүй тул өр зээл тавьж түүнийгээ төлж чадахгүй өр шир нэхэгддэг. Цалингийн зээл авч хамгийн түрүүнд хүмүүсийн өр зээлийг төлж, ам бүлээ тэжээх хоол хүнс, улирал бүрд тохируулан гутал гутал хувцас авах, байрны түрээс, байр гэрэл дулааны зардал, 3 хүний гар утас, унааны зардал зэрэгт зарцуулагдсан . Ийм учраас би түүнд 5,436,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, хүү Лхагвасүрэнгээ өөрийн асрамжиндаа байлгах тул түүний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие П.Б нь хань Ц.Х-тэй 2003 оноос эхлэн дотно харилцаатай болж миний хүү Б.Л нь 2004 оны 07 сарын 05-ны өдөр төрсөн. 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болж аз жаргалтай сайхан амьдарч байсан. Ам бүл 3-лаа болж өнөөдөрийг хүртэл энэ хоёрынхоо төлөө хөлс хүчээ шавхан амьдарч ирсэн. 2004 онд миний дүү П.Батжаргал та 3 орох орон гэртэй болтлоо миний байранд урсгал зардал буюу ус, тог цахилгаан дулааны төлбөрийг л төлж амьдарахгүй юу гэсний дагуу бид 3-24-104 тоот 3 өрөө байранд 11 жил амьдарсан. Дүү маань та хоёр 2-лаа ажил мэргэжилтэй хүмүүс өөрийн гэсэн орон гэртэй болтлоо манайд амьдар гэсэн. Би Хишигнэмэхийг хашаа байшин бариад тусдаа гарая, багшийн цалин бага болохоор байр авч хүрэхгүй нь гэхээр би гэр хороололд амьдарч чадахгүй гээд хөдөлж өгдөггүй байсан. Ингээд дүү маань 2015 онд байраа худалдах боллоо гээд энэ байрнаас 2016 оны 8 сард нүүсэн. Ингээд бид 5-8-56 тоот 3 өрөө байрыг сарын 450,000 төгрөгөөр хөлсөлж амьдарсан. Хамт амьдрах хугацаанд би цалин орлогоо эхнэртээ л өгдөг байсан. Ц.Х гэрийнхээ санхүүг зарцуулдаг байсан. Би гэр орны, авгай хүүхний,нарийн ширийн юманд нь оролцоод байдаггүй байсан.
Байрнаас гарснаас хойш бидний дунд таагүй уур амьсгал үүсч эхэлсэн. 2017 оны 01 дүгээр сараас эхлэн энэ хүний ааш зан огцом өөрчлөгдөж аяг нь дийлдэхгүй болсон. Улаанбаатар хот явж ирээд л хөндий хүйтэн болсон. 2017 -02-16-нд Улаанбаатар хотруу ажил хөөцөлдөнө гээд явсан ба 5 хоног бас алга болсон. Ирээд ямар ажил хөөцөлдөв гэхээр юу ч хэлэхгүй нуугаад байсан. Дүү П.Батжаргалын байрнаас гарснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд нийт 3 удаа надаар цалингийн зээл авахуулсан.
Үүний дараа Ц.Х Улаанбаатар хотруу 2017 оны 3 сарын 2-нд 8 хоног явсан ба хэл чимээгүй, хаана хонож байгаа нь мэдэгдэхгүй, хэлсэн ярьсан нь зөрөөд, сураггүй алга болсон. Утаслуу нь залгаад ярихаар хүнтэй хоол идэж байна битгий залгаад бай, битгий орой болохоор залгаад бай чи гээд уцаарлаж тээршаасан өнгө аястай утсаа таслаад байсан. Намайг үнэхээр доромжилж байсан. Ямар ч эр хүн тэсэхгүй л байх? Ингээд УБ хотоос 2017 оны 3 сарын 9-нд гэртээ ирэхэд нь муудалцаж маргалдаж харилцан асуудал болсон.Тэр шөнөө би эрүүлжүүлэх байранд хоносон. Үүнээс хойш намайг гэрээс хөөж, эргээд гэртээ орох гэтэл гэрийн түлхүүрийг минь сугалаад авчихсан байсан. Үүнийг нь сүүлд мэдсэн Би эхнэртээ хамт амьдарч байх хугацаандаа гар хүрч, айлгаж ичээж зовоож байгаагүй.
Бид анх танилцаж гэр бүл болох үед Ц.Х 26 настай, би 37 настай Сайхан залуу байжээ. Хамт амьдрах хугацаанд Ц.Х магистрт сурч өсөж дэвшиж, өөрөө ч жолоонд суугаагүй байж ханиа жолооны курс төгсгөж, хүссэн хувцас хунараа гадаад дотоод явж авч өмсөж жаргалтай л байлгасан гэж би боддог. Би үр хүүхэд хань ижилдээ халамжтай сайн хань, сайн аав байсан. Одоо бол Ц.Х39 настай, би 50 настай болжээ. Одоо би орох оронгүй, хөгшин, цалин орлого муутай, банкны өр ширтэй, хань нөмөр түшиг болж чадахгүй гологдох болж. Одоо эр ганц би хаачих билээ. Гудамжинд гаралтай биш аргаа барж өндөр настай аав ээж хоёр дээрээ л очиж мөн ч их сэтгэлийг нь зовоож байна даа. Хөгшин хонины насгүй болсон эцэг эх хоёроо зовоохгүй тусдаа байр хөлслөөд амьдрая гэхэд ямар ч цалин орлогогүй хүнд байдалд байна. Учир нь Ц.Х Солонгос улсруу хоёулаа явж ажил хийе гээд чи цалингийн зээлээ аваадах гээд 2017 оны 2 дугаар сарын 9-нд 6.564.000 үлдэгдэлтэй байсныг нэмж 5.436.000 төгрөг болгож ХААН банкнаас цалингийн зээл авахуулсан. Гэтэл энэ бүхэн худлаа байсан. Зөвхөн өөрөө л Солонгос улсруу гарах гэж эртнээс арга саам хийж намайг мэхлэж цалингийн зээл авахуулж байсан байна гэж бодаход хүрч байна. Одоо миний цалингийн зээлийн үлдэгдэл 11.439.000 төгрөг ба 2021 оны 02 сарын 02-нд зээл маань дуусна. Би Орхон аймгийн Эрдэм ахлах сургуульд физикийн багшаар ажилладаг ба миний үндсэн цалин 530.000 төгрөг. Цалингийн зээлэнд 368.000 төгрөг төлдөг. Гар дээр суутгал хийгдээд 140.000 гаран мянган төгрөг л ирдэг. Бид гэрлэлтээ цуцлуулж болно. Гэрлэлт цуцлалтын ард миний хүү яах юм. Ц.Х надаас 5.436.000 төгрөгөө нэхэхгүй бол чамаас хүүхдийн тэтгэвэр нэхэхгүй гэх шиг аймшигтай зүйл ярьж байгаан. Өнөөдөр энэ хүүхэд бид хоёрын хувь заяа 5.000.000 сая төгрөг дээр тогтож байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Би удаа дараа уучлалт гуйж үр хүүхдээ бод, гэр орондоо орж урьд байснаар сайхан амьдрая гэж их гуйсан. Гэтэл намайг аавынд байхад хиртэй хэдэн хувцас, номуудыг минь авчирч өгсөн.
Би өдөр хоног өнгөрөх тусам маш их ганцаардаж үр хүүхэдээ санаж хань ижлээ ч үгүйлж байна.
Одоо надтай төрсөн ганц үрийг минь ч уулзуулахгүй байгаад би маш их гомдолтой байна. Миний хүүхэд биш гэж үзэж наймаалцаж байгаа юм уу. Би ойлгохгүй байна. Иймд би хүү Б.Л-д П.Б миний хүүхэд мөн гэдгийг тогтоолгох үүднээс генийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Надаас салах л байсан юм бол яах гэж надаар цалингийн зээл авахуулж байгаа юм бэ, хөгшин намайг голж, хаяж, салж болно гэхдээ хүний хань ижил байна даа. Энэ маань цаашдаа юугаараа амьдрах юм бол гэж бодож болоогүй юм уу. Иймд П.Б миний асрамжинд хүү Б.Л-г үлдээж өгнө үү, эх Ц.Х-ээс хүү Б.Л-д тэтгэвэр тогтоож өгнө үү, Ц.Х-ээс 5,436,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Х, П.Б бид гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Л-г өөрийнх нь хүсэлтийн дагуу эх Ц.Х-ийн асрамжинд үлдээх, хариуцагч П.Б нэхэмжлэгч Ц.Х бид хүү Б.Л-г 18 насанд хүртэлх сар бүрийн бүх тэтгэмжийг П.Б-ийн банкинд төлөх 5.400.000 төгрөгөнд тооцож, цаашид хүүхдийн тэтгэмжийг уг төлбөрт тооцон, нэхэмжлэхгүй байхаар эвлэрсэн тул П.Б би 5.400.000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, банкинд төлөх төлбөрөө П.Б нь төлж барагдуулахаар болж талууд тус тус эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч П.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 5,436,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 5,436,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2001 онд танилцаж, гэр бүл болон 2004 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас хүү Б.Л 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Мэндцэцэн” ӨЭМТөвийн тодорхойлолт, Орхон цогцолбор сургуулийн тодорхойлолт, Б.Л-ийн Г-1011 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ 2013 оноос хойг байнгын хэрүүл маргаантай, нөхөр П.Б нь өөрийг нь харддаг, хааяа зоддог гэж тайлбарлаж байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа өөрийн гэсэн гэр оронгүй, хардалтын улмаас бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүү Б.Л нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр зохигчид гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Л-г өөрийнх нь хүсэлтийн дагуу эх Ц.Х-ийн асрамжинд үлдээх, хүү Б.Л-г 18 насанд хүртэлх сар бүрийн бүх тэтгэмжийг П.Б-ийн банкинд төлөх 5.400.000 төгрөгөнд тооцож, цаашид хүүхдийн тэтгэмжийг уг төлбөрт тооцон, нэхэмжлэхгүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хүү Б.Лхагвасүрэнг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдах зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 171,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х-эд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц.Х, П.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Л-г эх Ц.Х-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 171,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х-эд олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН