Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/297

 

 

    

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0034/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б, 
Шүүгдэгч Ц.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт  Ц.У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000814 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Ц.У  суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөө,  суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь давтан үйлдлээр, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, нийт 3160000 /гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч 210,000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэгт, дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж байхдаа өөрт нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, прокурорын хяналт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь давтан үйлдлээр, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч иргэдэд нийт 3,160,000 /гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөгний хохирол учруулсан, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Ц.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...удаа дараа хулгай хийж, бусдад 3160000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Мөн  дотуур байранд хамт амьдарч байсан найзынхаа утсыг залилж авсан нь  үнэн. Хохирол төлбөрөө төлж чадаагүй байгаа. Хөдөө байгаа малаа зарж хүмүүсийн хохирлыг барагдуулах болно. Би өөрөө очиж байж зарж борлуулахгүй бол манай ар гэрт хүн бүл цөөн учир мал борлуулж хохирлоо төлж чадаагүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг,

-Хохирогч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим манай дүү охин Х, С, У гурав угаалгын газраа хаагаад явсан юм. 
...маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн өглөө манай дүү охин Х миний гар утас руу залгаад угаалгын газрын том хаалга онгорхой байна, амралтын өрөөнд байсан зурагт байхгүй байна гэж хэлсэн юм. Ингээд би яваад очиход хаалга нь онгорхой зурагт хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55/,

-Хохирогч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц.У 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед танилцсан.
...гэртээ ороод зөөврийн компьютераа асаах гэхэд байхгүй байсан. Сүүлд Ц.У манай өрөөнөөс HP загварын нөүтбүүкийг хулгайлж Сонор хайрхан төвийн дэргэд ломбарданд тавьсан байсныг дэслэгч Б авч өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 217/,

-Хохирогч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Отгон тэнгэр “зочид буудлыг ажиллуулдаг юм. 
...манай Отгонтэнгэр зочид буудлын 6 тоот өрөөний А, Б тоот өрөөнд байсан Елко маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайд алдагдсан байсан. Манайх хулгайд алдагдсан 2 ширхэг зурагтаа 2015 оны 11 дүгээр сард тус бүрийг 410,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Буудлын хяналтын камерийг шүүж үзэхэд уг өрөөнд 25 орчим насны зүүн талын хацар дээрээ босоо хэлбэртэй Монгол бичгээр шивээс хийлгэсэн залуу орсон байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 47/,

-Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 03-р сарын 04-08-ны үед манайд улаан өнгийн 90 жил гэсэн бичигтэй мотоцикл унасан нэг залуу ирсэн юм. Би хаа хүрч яваа юм гэж асуухад нэг морь гүйлгээд Цэнхэр сум орох гэж яваа гэсэн. 
...би яндангаа гагнуулчихаад төвийн гэрийнхээ хашаанд мотоциклоо тавьчхаад гараад иртэл мотоцикль унаад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 172/,
-Иргэний нэхэмжлэгч Х.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр намайг ломбард дээрээ ажиллаж байхад Ц овогтой Ц.У гэдэг залуу иргэний үнэмлэхтэйгээ ирээд би өөрийнхөө компьютерийг 280000 төгрөгт яаралтай тавимаар байна, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд гуйхаар нь би бичиг баримттай юм чинь өөрийнх нь компьютер байх гэж бодоод шалгахад кодоо мэдэж байсан. Тэгээд 280000 төгрөг өгөөд компьютерийг нь барьцаанд аваад үлдсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 220/,

-Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 2 дугаар сарын 29 -ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Эрдэм сургуулийн оюутны дотуур байрандаа байх үед ойролцоогоор 19 цагийн үед Ц.У манай өрөөнд орж ирээд “утаснаас чинь зураг татаж авах гэсэн юм аа” гэсэн. Урд өдөр нь миний утсаар интернетээс өөрийнхөө зургийг татаж авсан байсан юм. Тэгээд өөрийнхөө Samsung galaxe S4 гар утсаа өгсөн. Миний утсыг цэнэглэгчтэй нь аваад “өрөөнийхөө Сумъяабазарын утас руу зургаа хуулаад буцаагаад аваад ирье” гэсэн. Би зөвшөөрөөд утсаа өгсөн боловч ирэхгүй болохоор нь өрөөнд нь очсон чинь Ц.У байхгүй байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 144/,

-Иргэний нэхэмжлэгч Я.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо  1 дүгээр дотуур байрны 110 тоот өрөөнд өөрийн Самсунг Галакси S3 HD гар утсаа цэнэглэж орхиод гарсан юм. Өрөөгөө онгорхой орхисон байсан. Байранд дотроо өөр өрөөгөөр ороод буцаад 10 минутын дараа орж ирэхэд миний утас алга болсон байсан. Тэгээд дотуур байрныхаа жижүүрт хэлээд камерийн бичлэг шүүж үзэхэд манай өрөөнд Ц.У ороод гарч байгаа нь харагдсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 142/,

-Иргэний нэхэмжлэгч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдөр өрөөнд өөрийн I phone гар утсаа орхиод гарсан юм. Гэтэл зүс таних Ц.У манай өрөөнд орж ирээд надтай хамт тэр өрөөнд хамт амьдардаг Энхтуяад “Агий намайг утсыг нь авчих гэсэн, сая өөрт нь хэлсэн” гээд миний I Рhone 4 гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд Ц.Угийн өрөөнд орсон чинь байхгүй байсан. Тэрнээс хойш Ц.У алга болсон.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 140/,

-Гэрч С.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо  зочин хүлээн авагчийн ажил хийдэг байсан юм. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 30 минутын үед буудалд гаднаас үл таних зүүн нүднийхээ доос Уйгаржин үсгээр Монгол гэсэн шивээстэй 160-165 см орчих өндөр нуруутай туранхай шар царайтай 25-аас 26 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирээд “ өрөө байна уу” гэж асуусан. 
...Б өрөөний хаалгыг гаднаас түлхүүрээр онгойлгоод дотогш ороход гэрэл нь унтраастай байсан. Би гэрлийг нь асаагаад хартал хананд байсан зурагт алга болсон, цонхны порчик нь онгорхой, цонхны хөшиг нь алга болсон байсан. Тухайн үед  манай дүү А зааланд тоглож байгаад манай ажил дээр ирсэн байсан бөгөөд дүүдээ энэ талаар хэлээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43/,

-Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н буюу Өвгөөгийнд 2 дугаар сард Тогтохоо гэх хүн ирээд нэг хоноод буцсан. Анх ирэхдээ адуу хайж ирээд Баасанбаяр гэх хүний дүү О төв рүү хүргүүлсэн. Тэгээд мотоциклыг нь унаад явсан гэсэн. Тэр Тогтохоо гэх залуу 170 см өндөр, зүүн нүднийхээ хажууд монгол гэсэн шивээстэй байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 173/,  

-Мөрдөн байцаагч П.Ү “...яллагдагч  Ц.Уг эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэхээр буцаасан хэрэгт сэжигтэн Ц.Угийн ээжийн 99557402 гэсэн дугаар луу залгаж холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байв. Яллагдагч Ц.Угийн хамгийн сүүлд холбогдож байсан  дугаар луу залгахад холбогдох боломжгүй байв” гэх тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 190/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 4-5/,
--ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хэргийн 9-10/,
-Зураг таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 23-24/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 25-27/,
-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 29, 32/,
-” ХХК-ийн  66 дугаартай эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 213/,
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 30/,
-Капитал зууч ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дахь хавтаст хэргийн 219-220/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул давтан үйлдлээр, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3370000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Дархан-Уул аймаг Дархан сум 8-р баг 17-6-36 тоотод оршин суух  Х.Х  800000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхон Б байрны 16 тоотод оршин суух Хар дархад овогт Б.У -т 360000 төгрөг,  Улаанбаатар хот Багануур дүүрэг 1-р хороо 15-26 тоотод оршин суух Д.Н-д 800000 төгрөг, Архангай аймаг Өгий нуур сум Дойт багт оршин суух овогт Б.О 1200000 төгрөг, С Их монгол овогт Ж.Эт 210000 төгрөгийг  тус тус олгохоор шийдвэрлэв.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.У нь давтан үйлдлээр, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, нийт 3160000 /гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөгний хохирол учруулсан,  шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч 210000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Х.Х мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55/, хохирогч Б.У мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 217/, хохирогч Д.Н мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 47/, хохирогч Б.О мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 172/, иргэний нэхэмжлэгч Х.О мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 220/, хохирогч Ж.Э мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 144/, иргэний нэхэмжлэгч Я.Сумъяабазарын мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 142/, иргэний нэхэмжлэгч М.А мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 140/, гэрч С.З мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43/, гэрч О.Б мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 173/,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 4-5/, -ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хэргийн 9-10/, зураг таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 23-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 25-27/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 29, 32/, ХХК-ийн  66 дугаартай эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 213/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 30/,-ийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дахь хавтаст хэргийн 219-220/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа өөрт нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, прокурорын хяналт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулиар прокурорын хяналт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдлийг  гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.У нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.Уд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийн гэсэн эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон 442 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаад 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  Ц.Уг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосуай.

2.Шүүгдэгч  Ц.Уг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах”, 148 дугаар зүйлийн 148.1-т заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц.Угөөс нийт 3370000 төгрөгийг гаргуулж, 800000 /найман зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймаг Дархан сумын Х.Х /РД/-т, 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг Орхон аймгий....оршин суух Хар дархад овогт Б.У-т,  800000 /найман зуун мянга/ төгрөгийг Улаанбаатар хот Д.Н -д, 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг Б.О  210000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг Ж.Э-т тус тус олгосугай.

4.Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 3 сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уг 3 сар баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй.
 
 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Угийн энэ хэрэгт цагдан хоригдсон 442 /дөрвөн зуун дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Уд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ