Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/834

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

                                

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч В.Борис,

шүүгдэгч  Б.Г- түүний өмгөөлөгч Л.Амартогос,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Г-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805032700602 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа зам засвар тохижилтын ажил эрхэлдэг, ам бүл 6, төрсөн эх, эгч, ах нарын хамт Дорнод аймгийн ... сумын ... оршин суух, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн ...  дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах нийтийн байранд түр оршин сууж байсан, урьд Баянзүрх дүүргийн шүүүхийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б.Г-

 

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зүүн нарангийн ... тоотод байх нийтийн байранд Г.Очирмөнхийн хэвлийн зүүн доод хэсэгт нь хайчаар хатгаж хүнд хохирол санаатай учруулсаны улмаас Г.Очирмөнх нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Г- мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганболд мэдүүлэхдээ “Ганбат нь манай хүүгийн найз байсан. Залуу хүн болохоор хөнгөн ял эдэлж сайхан яваасай гэж хүсэж байна. Миний хохирлыг барагдуулаарай гэж хэлмээр байна. Би ганц хүүтэй байсан. Түүнийгээ алдсан. Хүүгээ алдсан болохоор 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хүү маань Ганбатыг миний ах гэж хэлж надтай утсаар ярьж байсан. Би гомдолгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зүүн нарангийн ... тоотод байх нийтийн байранд Г.Очирмөнхийн хэвлийн зүүн доод хэсэгт нь хайчаар хатгаж хүнд хохирол санаатай учруулсаны улмаас Г.Очирмөнх нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “... хоёр тийш дэлгэж онгойлгодог хэсэг байх бөгөөд онгойлгож үзэхэд хоёр тасалгаатай байх ба доод талын тасалгаанд хөх цэнхэр өнгийн бариултай нийт 19.5 см урттай хайч байсныг тэмдэглэлд тусгаж хураан авав. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 7-16 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “...хар хөх /сааралдуу/ өнгийн бариултай металл хайч /урт 19 см, үзүүрийн өргөн 0.5 см/- 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол. /хэргийн 23 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганболдын “ ... Очирмөнх 2018 оны 06 дугаар сарын 09-ний орчим над руу нэг танихгүй дугаарын утаснаас залгаж яриад хүү нь хотод явган хүний зам засах ажил хийж байгаа, Ганбаа гэдэг ахтай гурвуулаа ажиллаж байгаа, байр хөлслөөд амьдарч байгаа, та ахтай ярь гээд намайг Ганбаа гэдэг хүнтэй яриулсан. ... Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний хүү Гантулга надруу яриад Очирмөнх Цэргийн госпитальд сэхээнд ухаангүй байна гэж цагдаагаас хэллээ гэхээр нь би үүнийг дуулаад шууд хот руу гарсан. 23 цагийн үед хотод орж ирээд Цэргийн госпитальд очиход миний хүү Очирмөнх сэхээний тасгийн өрөөнд ухаангүй байдалтай байсан ба эмч нар найдваргүй шүү гээд намайг хүүгийн өрөөнд нь оруулсан. Би тухайн үед хүүгээ сэхэх байх гэж найдаж байсан боловч хүү минь ухаан орохгүй байсаар байгаад шөнийн 01 цаг 40 минутын орчим нас барсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/

“...Хэргийн холбогдогч Ганбатын ээж нь надтай ирж уулзсан. Хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйсан. Талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой төлбөр мөнгийг ойрын хугацаанд Ганбатын ээж нь төлж барагдуулах арга хэмжээ авна гэсэн. ... талийгаачийн оршуулгын зардал болон холбогдох бусад зардлыг гаргуулж авахыг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/

“... Ганбатын төрсөн эх С.Дуламжаваас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 700.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 600.000 төгрөг буюу нийт 1.600.000 төгрөгийг хүлээн авсан байгаа. Одоо үлдэгдэл 1.337.500 төгрөгийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 33 дугаар хуудас/

Гэрч Ү.Мөнхнасангийн “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Цэргийн төв эмнэлгийн мэс заслын эмчээр жижүүрт гарч байх үед хүлээн авах дээр хэвлийн доод хэсэгт 1.5 см орчим урттай 9-12 см гүнтэй хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархтай хүн ирсэн. Хэвлийн эход харахад хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийд их хэмжээний шингэнтэй байсан учир 10:15 цагт хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг, /хэргийн 56-57 дугаар хуудас/

Гэрч Х.Цэрэндэндэвийн “Ганбат, Очирмөнх нар надаас цалинжиж ажиллаж байгаад  2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хоёулаа ажилдаа ирэхгүй байснаа 2018 оны 06 дугаар сарын 10-ны өглөө биднийг Энхбаярын зам дээр ажиллаж байхад Ганбат, Очирмөнхтэй хамт ирээд Ганбат нь надаас чөлөө аваад явсан. Очирмөнх тэр өдрөө бид нартай 16 цаг хүртэл ажиллаад ажлаас буусан. Маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ганбат,Очирмөнх нар ажил дээр согтуу ирээд Ганбат надад манай эгчийн бие муу байгаа, мөнгө шилжүүлчих гэхээр нь би Ганбатын эгч рүү утсаар ярьж асуучихаад эгч рүү нь Ганбатын ажлын хөлсний урьдчилгаанд 50.000 төгрөг шилжүүлсэн. ... Ганбат явахаасаа өмнө манай ажлын Цолмондаваа гэдэг залуугаар нэг шил архи авхуулсан гэж дуулсан. Түүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын 13-ны орчим болов уу Ганбат цагдаад баригдсан гэх өдрийнхөө 12 цагийн орчим ажил руу ганцаараа согтуу ирчихээд чулуун дээр хэвтээд байхаар нь би Ганбатын толгой дээрээс ус хийж өгч жаахан сэргээгээд гэртээ харь гээд ажлынхаа машинаар дүү Бямбажаваар гэр рүү нь дөхүүлүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 60 дугаар хуудас/

Гэрч Д.Ариунбуянгийн “2018 оны 06 дугаар сарын 13-ны өглөө би 06 цаг гэж босоод удаагүй байхад манай нийтийн байрны 3 тоот өрөөг түрээслэн амьдарч байсан хоёр залуугийн нэг болох Очирмөнх гэх залуу нь миний бие муудаад үхэх нээ түргэн дуудаад өгөөч ахаа гэхээр нь би нийтийн байрны 9 тоотод амьдардаг эмэгтэйд хэлээд тэр эмэгтэйгээр түргэнд дуудлага өгсөн. ... Удалгүй түргэн ирэхээр нь би түргэний эмч залууг 3 тоот өрөө лүү оруулж өгсөн боловч түргэний эмч хэсэг хугацааны дараа явахдаа Очирмөнх гэх залууг үлдээгээд явчихаар нь би 3 тоот өрөө рүү ороод Очирмөнх гэх залуугаас түргэн чамайг яагаад авч явсангүй вэ гэж асуухад эмч намайг нэг эмнэлэг рүү оч гэсэн гээд эмнэлгийн нэр надад хэлээд байсан. ... Дараа нь Очирмөнх гэх залуу гадаа хашаа налаад 5-10 орчим минут суугаад байхаар нь би түүнтэй хамт амьдардаг Ганбат гэх залууг нь дуудаад найздаа түргэн дуудаж өг гэж хэлсэн. Ганбат гэх залуугийн утас болохгүй байхаар нь би нийтийн байрны 10 тоотод амьдардаг эмэгтэйд хэлээд түүний утаснаас дахин 103 дуудахад дараагийн түргэн 09 цагийн орчим ирээд Очирмөнх гэх залууг аваад явсан” гэсэн мэдүүлэг,/хэргийн 63-64 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ №1338 дугаартай:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн хөндийг нэвтэрч, чацархай нарийн гэдсийг гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2018.06.11-нд үүссэн байх боломжтой.

3.5 Талийгаач дээрх шарх гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч нас барсан болно.

4. Талийгаач нь нас барахаас өмнө 15 цаг 10 минут  эрчим эмчилгээ тасагт эмчлүүлсэн байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно.

6. Талийгаач нь бөөрний завсрын эдийн үрэвсэл, элэгний архаг үрэвсэл өвчтэй байжээ.

7. Талийгаачийн цогцост тогтоогдсон шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хэргийн 76-80 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1076 дугаартай:

1. Г.Очир-Мөнхийн цогцост тогтоогдсон хэвлийн хөндий нэвтэрч чацархай, нарийн гэдсийг гэмтээсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, /хэргийн 103 дугаар хуудас/

Шинжээч О.Болороогийн “Тухайн хүний нарийн гэдэсний агууламжаас болон чацархайн судаснаас цус алдаж хэвлийн гялтанг цочроож хэвлийн гялтангийн үрэвслийг үүсгэх бөгөөд энэ нь богино хугацаанд явагдана. Архи болон өвчин намдаах эм хэрэглэсэн тохиолдолд өвдөлтийг намдаана. Талийгаачийн тухайд эмнэлгийн тусламжийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 06:11:44 баг болон 08:27:22 цагт алинд нь ч ялгаагүй эмнэлгийн тусламж авлаа ч хугацаа хожимдсон хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч хугацаа алдсан байна. Иймд эхний түргэн яаралтай тусламж үзүүлэх болон эмнэлэгт хүргэсэн ч нэгэнт хожимдсон байжээ. Хоног хугацаа алдалгүйгээр эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 81 дүгээр хуудас/

Б.Г-ын яллагдагчаар өгсөн “... Гэхдээ тухайн үед Г.Очирмөнхтэй бөхийн талаар ярилцаж байсан гэдэг нь үнэн боловч яг бөхийн талаар ярилцаж байгаад маргасан эсэхээ би сайн мэдэхгүй байна. Харин дараагийн мэдүүлэгтээ 06 дугаар сарын 11-ний өглөө Очирмөнхтэй хамт ажил руу оччихоод үдээс хойш 13 цаг өнгөрч байхад байрандаа очиж архи хувааж уугаад хоол хийж байхдаа хоорондоо хальт маргаад би аяганы алчуур хуваах гээд барьж байсан хайчаараа айлгах гээд далайхдаа Очирмөнхийн хэвлийн орчим хатгачихсан байсан гэж мэдүүлсэн нь үнэн. Тухайн үед Очирмөнх агаа хатгачихлаа ш дээ гэж байсан боловч харахад цус ерөөсөө гараагүй байсан болохоор бид хоёр хоёулаа гайгүй гээд бодчихсон юм. 2018 оны 06 дугаар сарын 11-ний үдээс хойш 13 цаг өнгөрч байхад би Очирмөнхтэй хамт байрандаа очиж архи ууж байгаад багцаагаар 17-18 цагийн орчимд уг асуудал болсон болов уу. Цагийг тодорхой хэлж мэдэхгүй ч талийгаач Очирмөнхийг хайчаар хатгахаас өмнө би өөрийнхөө 89589694 дугаараас Очирмөнхийн аав Ганболд руу залгаж утсаар яриад мэнд мэдээд Очирмөнх надтай хамт цуг байгаа, зун наадмаар очно, айраг бэлдэж байгаарай гэж захиснаа санаж байна. Түүнээс хойш энэ асуудал болсон юм. Би Г.Очирмөнхийг хайчаар хатгасныхаа маргааш өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 08 цагаас өмнө сэрээд дэлгүүр онгойнгуут явж нэг шил архи авчраад түүнийгээ Очирмөнхтэй хувааж уучихаад согтоод унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 137-138 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд  Б.Г-ын үйлдэл нь дээрхи дурдагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 640 дугаартай “...4. Б.Г- нь хэрэг хариуцах чадвартай. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 99-100 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээний төлбөр төлсөн 60.000 төгрөгийн баримт, оршуулгын ажиллагаанд зориулсан зүйлс худалдан авсан 29.000, 56.000, 39.950, 26.800, 21.400, 21.400, 26.000, 25.640, 6000 төгрөгийн баримтуудаар /хэргийн 35-44 дүгээр хуудас/ нийт 290.790 төгрөг тогтоогдож байгаа бөгөөд зан үйлтэй холбоотой баримтууд, цахилгаан эрчим хүчний төлбөрийн баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч Б.Г-ын эх С.Дуламжаваас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 700.000 төгрөг, 300.000 төгрөг тус тус ХААН банкиар шилжүүлсэн баримтууд /хэргийн 68 дугаар хуудас/ шүүх хуралдаанд гаргаж өгсөн 400.000 төгрөг, 300.000 төгрөг, 437.500 төгрөг, 200.000 төгрөг тус тус ХААН банкиар шилжүүлсэн баримтуудаар нийт 2.337.500 төгрөг төлжээ.

Иймд хэрэгт цуглуулсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганболд хохирол, хор уршигт тооцож 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч энэ талаар нотлох баримтууд хэрэгт байхгүй тул тооцох боломжгүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганболд нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1/нэг/ ширхэг хайчийг устгаж, шүүгдэгч Б.Г-ын энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 92 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Б.Г-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 2.5 заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дах заалтад зааснаар Б.Г-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-ад оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Б.Г-ын энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 92 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Г-ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Б.Г- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганболд нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

      

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

 

     

       ШҮҮГЧИД                                 Ч.ОТГОНБАЯР

 

 

         

               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ