| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0257/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/271 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0257/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г.Ц-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Э-,
Шүүгдэгч Ө.Ө.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Г-т холбогдох эрүүгийн 1818004380269 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө.Г-, 1974 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ө.Ө.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хөтөл хороолол явах төв зам дээр ****ДАХ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 жолоодох хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр явна, мөн дүрмийн 6 дугаар бүлэг 6.1а зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохио хэрэглэж болно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц.А-ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Ө.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хөтөл хороолол явах төв зам дээр **** ДАХ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т "заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр явна", мөн дүрмийн 6 дугаар бүлэг 6.1.а-д заасан "зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохио хэрэглэж болно" заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 нас 10 сар 13 хоногтой Ц.Ц.А-ийг мөргөж эрүүл мэндэд нь "зүүн чамархай ясны битүү хугарал, тархи няцрал дунд зэрэг, баруун чамархайн хуйхны шарх, зүүн дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, ар нурууны доод хэсэгт зулгаралт" бүхий хүнд хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ө.Ө.Г-ийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед Хөтөл хороололд аав, ээжийнхээ гэрт оччихоод 1 цаг орчмын дараа буцаад Хөтөл хорооллоос гэр рүүгээ явж байтал Баяндавааны гудамжны орчимд замын хойд талд буюу Хүнсчид талд 10 орчим насны эрэгтэй хүүхэд ганцаараа зогсож байсан. Тэр хүүхдийг харахад зам руу хөндлөн гарч гүйх гээд байгаа шинжтэй харагдсан. Тэгэхээр нь би хурдаа багасгаад би ер нь зөөлөн хурд багатай явж байсан. Тэгтэл эсрэг талын урсгалаар 2 машин зөрж өнгөртөл Баяндаваа талаас 5 орчим насны эрэгтэй хүүхэд зам хөндлөн гүйж машины урдуур орж ирээд мөргөсөн. Би тэр хүүхдийн баруун гар талаас нь мөргөөд зогссон. Тэр хүүхэд газар зам дээр унасан. Би машинаас буутал тэр хүүхэд босоод зугтаах гэхээр нь барьж аваад нөгөө 10 орчим настай ахыг нь гэрээсээ том хүн дууд гээд явуулсан. Удалгүй 20 гаран насны ах нь ирээд бид нар бүгдээрээ миний машинд суугаад Нэгдсэн эмнэлэгт хүүхдийг үзүүлэхээр явсан. Тухайн үед мөргүүлсэн хүүхдийн толгойн баруун хэсгээс бага зэрэг цус гарч байсан гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г.Ц-ын өгсөн: 2018 оын 5 дугаар сарын 27-ний өдөр гэртээ байж байтал 18 цагийн үед манай бага хүү Ц.А-э ах С-, Э- нарынхаа хамт гэрээсээ Баяндаваад байдаг Э-ын гэрт очиж тоглохоор явсан. Орой 20 цагийн үед манай хүү Э- над руу утсаар яриад Ц.А-ийг машинд мөргүүлчихлээ эмнэлэг рүү аваад явж байна гэхээр нь бид хоёр араас нь очиход Ц.А-ий толгойд оёдол тавьж байсан. Тэгээд рентген зураг авахуулаад гэмтлийн тасагт шууд хэвтүүлсэн. Маргааш нь чамархай яс хугарсан тул Улаанбаатар хот орж үзүүлж Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед Ц.А-ий толгойн баруун чихний дээд хэсэгт 4 оёдол тавиулсан, зүүн талын ар дагз хэсэг нь хавдсан, зүүн талын ташаа нуруу орчим зулгарсан байсан. Одоо зүүн нүд нь жоохон бүрсийгээд байгаа болохгүй бол хагалгаанд орно гэсэн. Гарах зардлаа нэхэмжилнэ, шүүгдэгч Улаанбаатар хот руу явсан болон шинжилгээ өгсөн, эмчилгээний хийлгэсэн зардлыг бүгдийг гаргасан. Нийт 730 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Ц.Ц.А-ий өгсөн: Би одоо он сарыг нь санахгүй байна тэр өдөр ах С- бид 2 гэрээсээ гараад Баяндаваад байдаг Э- ахын хашаанд очиж тоглож байгаад буцаад С- ах бид 2 хөтлөлцөөд зам хөндлөн гарах гэж байтал миний гар мултраад С- ах түрүүлээд зам хөндлөн гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би араас нь зам хөндлөн гарах гээд алхаж байтал дээрээс /баруун гар талаасаа гэж гараараа зааж харуулав/ нэг машин хурдаа нэмж ирээд миний толгой руу мөргөөд газар унасан чинь тэр машины жолооч машинаасаа бууж ирээд намайг барьж аваад С- ах Э- ахыг дуудаад тэгээд намайг эмч дээр авч ирсэн. Би машинд мөргүүлээд уйлсан, миний толгой өвдөж байсан, хөл гар урагдаж шалбараагүй гэх мэдүүлэг /хх 20/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Х- өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байж байгаад дүү Ц.А-этэй хамт 16 цагийн үед гэрээсээ гараад Баяндаваанд байдаг ах Э-ын гэрт очиж тоглож байгаад орой 20 цаг болоход Ц.А-э бид 2 гэрлүүгээ буцаж явах гээд Баяндаваанаас гараад Хөтөл хороолол явдаг замыг хөндлөн гарах гээд би Ц.А-ий гараас хөтлөөд гарах гэж байтал Ц.А-ий гар мултраад ард үлдчихсэн. Би түрүүлж гүйгээд зам хөндлөн гараад замын нөгөө талд гараад Ц.А-ийг зам хөндлөн гарч ирэхийг хүлээгээд зогсож байтал Ц.А-э доороос буюу Хүнсний уулзвараас машин ирэхийг хараад зам хөндлөн гарах гээд замын голоор алхаж байтал Хөтөл хорооллоос ирэх машины урсгалаар нэг гэр бүлийн саарал өнгийн машин ирээд Ц.А-ийг мөргөчихсөн. Ц.А-э зам дээр унаад босоод гүйх гэхэд нь мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд Ц.А-ийг барьж аваад намайг гэрийнхнээсээ том хүн дууд гэж хэлсэн. Тэгээд би эргэж зам хөндлөн гараад Баяндаваанд байдаг Э- ахыгаа дуудаад бид нар Ц.А-ийг аваад мөргөсөн машин дотор суугаад эмнэлэг очсон. Ц.А-э машинд мөргүүлээд толгойны баруун талаас нь цус гарч байсан. Баруун гарны шуу хэсэг дээр нь жаахан шалбарчихсан байсан өөр гэмтэл шарх харагдаагүй гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч Ц.Э-ын өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн дүү Х-, Ц.А-э 2 манай гэрт 16-17 цагийн үед ирээд тоглож байгаад орой 20 цагийн үед манай гэрээс гараад гэр рүүгээ явна гээд гарсан. Тэгээд нэг их удаагүй 5-10 минутын дараа Х- манай гэрт гүйж орж ирээд Ц.А-э машинд дайруулчихлаа гэхээр нь би гүйгээд хойд Хөтөл хороолол явдаг зам руу гараад очтол нэг ах Ц.А-ийг барьчихсан замын цаад талд зогсож байсан. Очсон чинь Ц.А-э айчихсан уйлах гээд толгойных нь баруун талаас бага зэрэг цус гарч байсан. Ц.А-ийг барьж байсан ах мөргөсөн машиных нь жолооч байсан юм байна лээ. Тэгээд Ц.А-э, Х- бид 3 тэр ахын машинд нь суугаад шууд эмнэлэг орж Ц.А-ий толгойд оёдол тавиулж, зураг авахуулаад Ц.А-э Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтсэн. Намайг гэрээс гүйгээд гарсаны дараа манай эхнэр аав, ээж рүү утсаар хэлсэн байсан бид нарын араас аав, ээж хоёр эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг /хх 30/,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ******* 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ослын дүгнэлт:
"Жолооч Ө.Ө.Г- нь T/Alphard маркийн **** ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 9 дүгээр бүлгийн 9.1-т "заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна"-ыг зөрчсөн тул уг зам тээврийн осол гарсан гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна" гэжээ /хх 6/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх 5-6, 8-9/,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт:
"1.Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч С.Г- 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гаргасан ослын дүгнэлт учир дутагдалтай байна. Учир нь жолооч дохио өгөөгүй, явган зорчигч 6 настай Ц.Ц.А-ийн асран хамгаалагч 10 нас хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулсан байдлыг тусгаагүй байна.
2.Toyota Alphard маркийн ****ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ө.Г- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлэг 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалт мөн дүрмийн 6-р бүлэг 6.1а "зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохиог хэрэглэж болно" гэсэн заалтуудыг зөрчсөн.
3.Явган зорчигч 6 настай Ц.Ц.А-ий асран хамгаалагч нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 54-т заасан заалтыг зөрчсөн.
4.Автомашин хүүхэд мөргөсөн А цэгийг үнэн зөв авсан байна. Ослын газарт шинжээчийн фото зургаар бэхжүүлж авсан зураг, схем зураг хоёрын байршил таарч байгаа тул А цэгийг зөв авсан байна.
5.Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь Toyota Alphard маркийн ****ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.Ө.Г- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1, мөн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.1а заалтуудыг зөрчсөн учраас зам тээврийн осол гарсан.
6.Toyota Alphard маркийн ****ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.
7.Жолооч Ө.Ө.Г- нь тухайн тээврийн хэрэгслийн жолоодох В ангиллын эрхийн үнэмлэхтэй жолооны үнэмлэх хүчинтэй байна" гэжээ /хх 33/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.5.31-ний өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Ц.Ц.А-ий биед зүүн чамархай ясны битүү хугарал, тархи няцрал дунд зэрэг, баруун чамархайн хуйхны шарх, зүүн дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал баруун шууны цус хуралт, ар нурууны доод хэсэгт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу ЗТО-ын үед хүчтэй цохигдох, юм мөргөх, унах үед үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 38/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Ө.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч талаас хохирогчийн эмчилгээний зардалд 730 000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цогтбааатар, шүүгдэгч Ө.Ө.Г- нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байгааг харгалзан дээрх зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Ө.Ө.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 55-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ө.Ө.Г-ийн эзэмшлийн №84****1 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ө.Ө.Г-т хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Ө.Г-ийн тэнссэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
4.Шүүгдэгч Ө.Ө.Г-ийн эзэмшлийн №8***** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5.Насанд хүрээгүй хохирогч Ц.Ц.А-ий эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч Г.Г.Ц- нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ө.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ