Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 07 өдөр              Дугаар 129/ШШ2017/0408             Эрдэнэбулган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1958 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 12-22 тоотод оршин суух Гэчигэнэ овгийн Төв-Очирын Давагсүмбэрэл /РД:АН58072419/-ийн хүсэлттэй,

            Төв-Очирын Баяраа нь Төв-Очирын Давагсүмбэрэл мөн болохыг болон 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, гэрч Б.Шура, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.     

                                

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Давагсүмбэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Төв-Очирын Давагсүмбэрэл би 1956 онд Төв-Очирын Баяраа хэмээх 2 дугаар хүү болон төрсөн юм. Миний бие өвчин ороож байсны улмаас миний нэрийг сольж Давагсүмбэрэл болгож өөрчилсөн. Мөн насыг дарж дүү Дашмягмарын төрсөн он сараар бүртгүүлж сургуульд цуг оруулж байсан юм. Иймд Улсын бүртгэлийн төв архивын 357/002787 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн Төв-Очирын Баяраа нь Төв-Очирын Давагсүмбэрэл, мөн 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Давагсүмбэрэл нь 1956 онд төрсөн. Түүний төрсөн огноо нь дүү Дашмягмарынх нь төрсөн он, сар, өдөртэй адилхан байгаа юм. Иймд Т.Давагсүмбэрэлийг 1956 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү. Урьд нь Баяраа гэдэг байсан ба бага байхад нь өвчин их ороодог байсан учир сургуульд орохоос нь өмнө өөрчилсөн. Сургуульд байхдаа Давагсүмбэрэл гэсэн нэрээр сурч байсан. Т.Давагсүмбэрэлийн төрсөн ах дүү нараас Архангай аймагт Цэцэгмаа гэх эмэгтэй дүү нь байдаг гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Т.Давагсүмбэрэл нь Төв-Очирын Баяраа нь Төв-Очирын Давагсүмбэрэл мөн болох болон 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Түв-Очирын Давагсүмбэрэлийн 1986 оны 09 сарын 08-ны өдрийн мужааны 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэх,

          2. Түв-Очирын Давагсүмбэрэлийн 288628 дугаартай цэргийн батлах,

          3. 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 357/007249 дугаартай Дашнямын Төв-Очир /РД:АЭ14122010/-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

          4. 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 357/007248 дугаартай Содномдоржийн Хишигтийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

          5. 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 151/001614 дугаартай Очирын Нямцэцэг /РД:АЭ62112106/-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

          6. 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 357/007182 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд “эцгийн нэр Дашнямын Төв-Очир, эхийн нэр Содномдоржийн Хишигт, 1966 оны 06 сарын 02-ны Төв-Очирын Нямдавааг Архангай аймгийн Ихтамир сумын 115-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэсэн,

          7. 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 357/007247 төрсний бүртгэлийн лавлагаанд “эцгийн нэр Дашнямын Төв-Очир, эхийн нэр Содномдаржаагийн Хишигт 1968 оны 05 сарын 25-нд төрсөн Төв-Очирын Отгонбаярыг Архангай аймгийн Ихтамир сумын 114-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэсэн,

          8. 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 357/002787 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд “эцгийн нэр Дашнямын Төв-Очир, эхийн нэр Содномдаржаагийн Буянхишиг, 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн Төв-Очирын Баярааг Архангай аймгийн Ихтамир сумын 81-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэсэн,

          9. Арлан овгийн Төв-Очирын Цэцэгмаа /РД:УЮ62041502/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

          10. Гэчигэн овгийн Төв-Очирын Давагсүмбэрэл /РД:АН58072419/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

          11. Төв-Очирын Давагсүмбэрлийн товч намтарт “Төв-Очирын Давагсүмбэрэл миний бие нь 1956 оны 07 сарын 24-нд Архангай аймгийн Ихтамир суманд Төв-Очирын 2 дахь хүү болон төрсөн. Би айлаас долуулаа. Нэг ах 5 дүүтэй. Том ах болох Т.Давагдорж нь 1955 онд төрсөн. Дүү Дашмягмар нь 1958 онд төрсөн, дүү Цэцэгмаа нь 1962 онд төрсөн, дүү Нямцэцэг нь 1962 онд төрсөн, дүү Нямдаваа нь 1966 онд төрсөн, дүү Отгонбаяр нь 1968 онд төрсөн, Миний бие нь 18 нас хүртэл аав ээж дээрээ мал маллаж байгаад 1975 онд цэргийн албанд явж 1978 оны 05 сард халагдаж ирсэн. Цэргээс ирсэн жилийнхээ 6-н сард Архангай аймгийн Барилга трестэд мужаанчнаар ажилд орж 2000 оныг хүртэл ажилласан. Эхнэр Цэрэнбалжирийн Оюунтай 1981 онд гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. Том охин Д.Гантуяа 1982 онд, хүү Д.Эрдэнэхүү 1983 онд, охин Д.Эрдэнэтуяа 1990 онд, хүү Д.Лхагвасүрэн нь 1995 онд тус тус төрсөн. Одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна.

          12. Сономдоржийн Хишигтийн товч намтарт “Миний ээж С.Хишигт нь Ихтамир суманд Сономдаржаа гэдэг айлын ууган охин нь болон төрсөн. Багаасаа аав, ээж дүү нарын хамт мал маллаж өссөн. Аав Д.Төв-Очиртой гэр бүл болж долоон хүүхдийн эцэг эх болсон. Ээж маань мал маллаж байгаад 1984 онд өвчний улмаас нас барсан” гэсэн,

          13. Дашням овогтой Төв-Очирын товч намтарт “Миний аав Д.Төв-Очир нь Ихтамир суманд Дашням гэдэг айлын хоёр дахь хүү нь болон малчны гэрт төрсөн. Багаасаа эцэг эхтэйгээ мал маллаж өссөн. Ээж С.Хишигттэй гэр бүл 7-н хүүхдийн эцэг эх болсон. Насаараа мал маллаж байгаад 1989 онд өвчний улмаас нас барсан” гэсэн,

          14. Архивын ерөнхий газрын Үндэсний төв Архивын 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 03-2/241 дугаартай албан тоотод “Танайхаас ирүүлсэн захирамжийн дагуу тус архивын сан хөмрөг дэх БНМАУ-ын 1956 оны хүн амын тооллогын Архангай аймгийн Ихтамир сумын баримтаас Дашнямын Түв-Очирын ам бүлийн лавлагааг хүргүүлэв” гэсэн,

          15. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 03-2/1165 дугаартай лавлагаанд “Архангай аймгийн Ихтамир сумын 2 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 8 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Дашнямын Түв-Очир эрэгтэй, 38 настай, эхнэр Сономдаржаагийн Хишигт 27 настай, ээж Зэвгээгийн Дашням 70 настай, хүү Түв-Очирын Давагдорж 1 настай гэж бүртгэгдсэн байна” гэсэн,

          16. 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 151/003867 дугаартай Төв-Очирын Дашмягмар /РД:АЭ58072411/-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

          17. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 152 дугаартай албан тоотод “Таны тус хэлтэст ирүүлсэн өргөдлийг хянахад Иргэний бүртгэлийн архивын 357/002787 тоот лавлагаанд нэр болон нас зөрүүтэй бүртгэгдсэн байна. Иймд шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандахыг зөвлөж байна” гэсэн,

          Гэрч Б.Шурагийн шүүх хуралдааны шатанд өгсөн “Т.Давагсүмбэрэл 1956 онд төрсөн. Сар өдрийг нь мэдэхгүй. Намайг 12-13 настай байхад манай ээж Давагсүмбэрэл гуайн тэнд очиж үнээ саадаг байсан. 1956 оны 08 сарын 01-ний үед намайг очиход Т.Давагсүмбэрэл төрчихсөн 2-3 сартай гээд өлгийтэй байж байсан. Намайг очиход өлгийтэй, эрэгтэй хүүхэд байсан. Тухайн үед эцэг, эх нь түүнийг Баяраа гэж дууддаг байсан. Дараа жилийн зун очиход “Өвчин ороогоод байна гээд нэрийг нь Давагсүмбэрэл гэж өөрчилсөн” гэж байсан. Тухайн үед Төв-Очир гуайнх 4 хүүхэдтэй байсан байх. Давагсүмбэрэл, Даш зэрэг хүүхдүүд л байсан санагдаж байна.

          Гэрч Т.Цэцэгмаагийн “Т.Давагсүмбэрэл нь 1956 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн. Миний ах Давагсүмбэрэлийг Баяр гэдэг байсан. Сүүлдээ өвчин ороогоод байсан болохоор Баяр гэсэн нэрийг нь сольж Давагсүмбэрэл гэдэг нэрийг өгч байсан юм. Бид эцэг эхээс 8-лаа ба миний том ах Давагдорж 1953 онд төрсөн, түүний дараагийн ах Давагсүмбэрэл 1956 онд төрсөн, дараагийн ах Дашмягмар 1958 онд төрсөн, миний дүү Нямцэцэг 1963 онд төрсөн, дүү Нямдаваа 1964 онд төрсөн, түүний дараагийн дүү 1966 онд төрсөн, отгон дүү Отгонбаяр 1968 онд төрсөн. Миний ахыг багад нь Баяр гэдэг байсан ба 1956 онд төрсөн нь үнэн. Одоогийн бичиг баримтууд нь төрсөн дүү Дашмягмарын онтой давхцаад төрсөн дүүтэйгээ чацуу болчихоод байна. Иймд миний ах Давагсүмбэрэл нь 1956 онд төрсөн Баяраа мөн юм” гэх,

          Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн “Т.Давагсүмбэрэл нь Архангай аймгийн Ихтамир суманд 1956 онд төрсөн. Т.Давагсүмбэрэл бид хоёр 1956 онд төрсөн, мич жилтэй, нас чацуу хүмүүс байгаа юм. Т.Давагсүмбэрэлийг багад нь Баяраа гэдэг байсан юм. Гэхдээ өвчин их ороодог байсан тул ламд үзүүлээд нэр нь таарахгүй байна гэсний улмаас Давагсүмбэрэл гэдэг нэрийг өгч байсан юм. Бид түүнийг Давагсүмбэрэл гэдэг нэрэнд нь дасалгүй Улаанаа гэж дууддаг байсан. Одоо ч гэсэн Улаанаа гэж дууддаг. Төв-Очирын ахын 1955 онд төрсөн Давгадорж, 1956 онд төрсөн Давагсүмбэрэл, 1958 онд төрсөн Дашмягмар нарын төрсөн оныг сайн мэдэхгүй. 1958 онд төрсөн гэх Дашмягмартайм манай дүү Баасансүрэн чацуу юм байгаа юм. Одоо Дашмягмар нь өөд болсон. Т.Давагсүмбэрэлийн насыг нь дарж дүү Дашмягмартай нь ханьтай гээд сургуульд оруулж байсан юм. Тухайн үед 2 нас дарж дүүтэйгээ хамт сургуульд орж байсан. Тэр үеийн хүмүүс ихэнхдээ л насаа дарж сургуульд ордог байсан. Тэр байтугай Давагсүмбэрэлийн ах Давагдорж надтай хамт 8 дугаар анги төгсөж байсан. Т.Давагсүмбэрэл нь 1956 оны 12 сарын 04-нд төрсөн Давагсүмбэрэлийн Баяраа мөн гэдгийг би сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд зэрэг болно.

          Хүсэлт гаргагч Т.Давагсүмбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь шүүх хуралдааны явцад Төв-Очирын Баяраа нь Төв-Очирын Давагсүмбэрэл мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

          Хүсэлт гаргагч Т.Давагсүмбэрэл нь 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нотлох баримтаар дээр дурдсан баримтуудыг өгсөн боловч Т.Давагсүмбэрэлийг 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар нотлож чадаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно. Түүнчлэн хуульд заасан үндэслэлээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг талуудын зүгээс гаргаагүй байна.

            Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

            Хүсэлт гаргагч Т.Давагсүмбэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Т.Давагсүмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Давагсүмбэрэлийн 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн болохоо тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Давагсүмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Давагсүмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН