Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0219/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Н.Б-, Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Н-ын Б-, З- овогт Э-гийн А- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002320228 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б- овогт Н-ын Б- /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дархан баг, ...суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай З- овогт Э-гийн А- /РД: /,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Б-, Э.А- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б-, Э.А- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон болох нь:

 

 Хууль ёсны төөлөгч Т.А-гийн “...Хонгор сумын 2 дугаар баг, Цэхэр цөөрөм гэх газар иргэд хууль бусаар газрын хэвлийд халдах, ашиглах гэмт хэрэг зөрчил ихээр гарч байгаа. Н.Б-, Э.А- нарыг танихгүй. Хонгор сумын 2 дугаар баг, Цэхэр цөөрөм гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл иргэн, аж ахуй нэгжид байхгүй. Улсад учруулсан хохирлыг төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 15-16/,

 

Монгол банкны ханшийн тооцоолол /хх-ийн 24/,

 

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №200000069 дугаартай үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /хх-ийн 25/,

 

БОАЖ Газрын газар, газрын хэвлий, түүний баялгийг ашиглалт, хариуцсан мэргэжилтэн Д.Б-ийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газрын хэвлийд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар тооцсон шинжилгээний дүнгээр “газрын хэвлийд учруулсан хохирол 756, усанд учруулсан хохирол 21,480 төрөг” гэх үнэлгээ /хх-ийн 32/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Н.Б-, Э.А- нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний нэхэмжлэгч Т.Аг нь шүүгдэгч Н.Б-, Э.А- нараас нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хууль бусаар олборлосон алтыг эд мөрийн баримтаар хураан авсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.Б-, Э.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх, “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ бага, Н.Б-, Э.А- нар 5 хүүхдийн хамт хамтран амьдардаг /хэрэгт төрсний гэрчилгээний хуулбарууд авагдсан/ зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-, Э.А- нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой ба ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг.

 

Шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураан авахаар заасан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл бүрийг хураах талаар заасан зохицуулалт биш ба тухайн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн арга, шүүгдэгчийн хөрөнгө орлого, хувийн байдлыг харгалзан тухайн тээврийн хэрэгсэл, зэвсэг хэрэгслийг ашиглан дахин хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг зорилгоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөрөнгө, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах талаар шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байдал тогтоогдож байх боловч шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч нар нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тээврийн хэрэгслээр 7 ам бүлийн амьжиргаагаа залгуулдаг зэрэг байдлыг харгалзан Н.Б-ын эзэмшлийн Хьюндай портер маркийн ХХ-ХХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь эрүүгийн хариуцлага тухайн этгээдийн үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзлээ.

 

Харин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход ашигласан, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЛТ3900 маркийн цахилгаан үүсгүүр мотор /хятад/ 1 ширхэг, 3600 эргэлттэй усны насос /хятад/ 1 ширхэг, чулуу бутлагч /молдок/ цахилгаан мотор 1 ширхэг, R50 усны шланк 60 метр, хуванцар түмпэн 2 ширхэг, хүрз 1 ширхэг, сүх 1 ширхэг, R50 зузаан ханатай шланк 2.2 метр, хууль бусаар олборлосон 0.49 грамм алт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-, С.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Н-ын Б-, З- овогт Э-гийн А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Б- овогт Н-ын Б-, З- овогт Э-гийн А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Н.Б-, Э.А- нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Б-ын Хьюндай портер маркийн Хх-ХХ УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЛТ3900 маркийн цахилгаан үүсгүүр мотор /хятад/ 1 ширхэг, 3600 эргэлттэй усны насос /хятад/ 1 ширхэг, чулуу бутлагч /молдок/ цахилгаан мотор 1 ширхэг, R50 усны шланк 60 метр, хуванцар түмпэн 2 ширхэг, хүрз 1 ширхэг, сүх 1 ширхэг, R50 зузаан ханатай шланк 2.2 метр, 0.49 грамм алт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-, С.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД