| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0406/и |
| Дугаар | 344 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 344
2017 оны 05 сарын 30 өдөр Дугаар 129/ШШ2017/0285 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох баг, Тамирын гол гэх газар оршин суух Цорс овгийн Ядамсүрэнгийн Сарангэрэл /РД:АЖ64122306/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Я.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Сарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1964 онд төрсөн. Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 онд нэгдэл хувьчлагдтал тасралтгүй саальчин, малчнаар ажиллаж байсан. Би Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 14-ний өдрийн 235 дугаартай шийдвэрээр 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарыг хүртэлх хугацаанд Өгийнуур сумын Туяа нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Тухайн үед 1980 оноос 1981 онд ажиллаж байсан байдлыг нотлох баримт олдоогүйгээс энэ хугацааг тогтоолгоогүй. Сүүлд Архангай аймгийн Архивын тасгаас миний 1981 онд ажиллаж байсан байдлыг нотлох цалингийн тодорхойлолт гарсан тул намайг 1981 оны 05 сарын 01-ээс 1982 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Я.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ядамсүрэнгийн Сарангэрэл би 1980 оноос 1992 онд нэгдэл тарах хүртэл хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн Тоглох бригадад саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. 2012 онд шүүхээр 1982 оноос ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Архиваас 1981 оны лавлагаа гарсан учир 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. 1980 оны 06 сард 8 дугаар ангиа төгсөөд 16 настайдаа нэгдлийн гишүүн болсон. 1980 онд ажиллаж байсан талаарх баримт олдохгүй байгаа гэв. Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн Тоглох бригадад Лувсан-Очирын фирмд саальчнаар ажиллаж байсан. Манай фирм Тоглох бригадын Тамирын голоор нутагладаг байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.Сарангэрэл нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 512 тоот Ядамсүрэн овогтой Сарангэрэлийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
2. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 15-ны өдрийн 235 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “... Я.Сарангэрэлийг Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сар хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай” гэсэн,
3. Гэрч Б.Пагамсүрэнгийн “Я.Сарангэрэл нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Я.Сарангэрэл малчин, саальчнаас өөр ажил хийж байгаагүй. Би тухайн үед тус сумын Туяа нэгдэлд 1969 оноос 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл хугацаанд мөн саальчнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болон нэг нутгийн хүмүүс учир Я.Сарангэрэлийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Я.Сарангэрэл нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн гавъяа шагнал авч байгаагүй хэдий ч өөрт оногдсон ажлаа сайн гүйцэтгээд явж байсан. Биднийг ажиллаж байх үед Туяа нэгдлийн дарга Бадрах гэж хүн байсан ба тоо бүртгэгч нь Мягмаржав гэх хүмүүс байлаа. Туяа нэгдэл нь Тоглох, Дойт, Орхон гэсэн бригадуудтай байсан. Туяа нэгдэл нь хувьчлагдаад Алтантариа компани болсон учир малчдад хамаагүй болсон. Нэгдэл хувьчлагдахад нэгдлийн мал маллаж байсан хүмүүс хувьчлалаар хэдэн тооны мал аваад хувийн малаа маллах болсон. Я.Сарангэрэл нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл хугацаанд тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх,
Гэрч Л.Олзбаатарын “Я.Сарангэрэл нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл хугацаанд Тоглох бригадын саальчнаар ажиллаж байсан. Я.Сарангэрэл нь Лувсан-Очир гэж хүний үнээн фермийн саальчин байсан. Дандаа монголын үнээ саадаг байсан юм. Би Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн Тоглох бригадын үхэрчнээр ажиллаж байсан. Үнээн фермийн саальчид 15 үнээ саадаг байсан ба өглөө, оройд 70 литр сүү саах нормтой байлаа. Лувсан-Очирын ферм нь 15-16 саальчинтай байсан. Бид нэг ферм дээр ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар би сайн мэдэж байгаа юм. Я.Сарангэрэл нь анх 1981 онд илгээлтээр гарч байсан юм” мэдүүлгээд,
4. Гэрч Л.Олзбаатар, Б.Пагамсүрэн нарын нотлох баримтаар өгсөн шүүхийн шийдвэр зэрэг болно.
Хүсэлт гаргагч Я.Сарангэрэл нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 512 тоот Ядамсүрэн овогтой Сарангэрэлийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 15-ны өдрийн 235 дугаартай шийдвэр, гэрч Б.Пагамсүрэн, Л.Олзбаатар нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Я.Сарангэрэлийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Я.Сарэнгэрэлийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цорс овогт Ядамсүрэнгийн Сарангэрэлийг Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Я.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН