Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар М.Бүрэнжаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711010900279 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Отгон тэнгэр овогт Д.О

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.О нь 2018 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 23 дугаар гудамжны 550 тоотод оршин суух хохирогч О.Бадралын төрсөн эх Ё.Норовмааг гэртээ байхад нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар орж, “Шарп” брэндийн 42 инчийн Лед зурагтыг дээрэмдэн 671.200 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээжид танай хүү зурагт аваад ир гэж байна гэж хэлээд зурагтыг аваад явсан гэсэн. Өөр алдагдсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-21х/, гэрч Ё.Норовмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 7 дугаар сарын 08-ны өглөө үүрээр 03 цаг 50 минутын орчим гэртээ хэвтэж байхад гаднаас үл таних залуу орж ирээд надад хандаж танай хүү зурагт аваад ир гэж хэлээд манай гэрийн хойд талын тавиур дээр байсан зурагтыг авч гарахдаа хөргөгч онгойлгоод идэх уух юм аваад гарсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 24-26х/, Шинжээчийн 4624 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 23-550 тоотод оршин суух иргэн О.Бадралын байшингаас эд зүйл алдагдсан хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон гарын хээний нэгдсэн санд MN0000СБД01382 дугаартаи Даваажав овогтой Оын баруун гарын эрхий хурууны хээний дардастай, 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь баруун гарын долоовор хурууны хээний дардастай тохирч байна..." гэх дүгнэлт /хх-ийн 36-41х/, Дамно ХХК-ны үнэлгээний "...Зурагт 671.200 төгрөг.." тайлан /хх-ийн 30-31х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Д.Оыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч О.Бадрал нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагдсан /хх-ийн 73х/ тул шүүгдэгч Д.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Д.От ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн мөн түүний хувийн бадлыг нь харгалзан хэд хэдэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Отгон тэнгэр овогт Даваажавын Оыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заалтад зааснаар Д.Оыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь нийт 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай. 4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 5. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.От урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.БАТГЭРЭЛ