Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 318

 

 

 

 

           

 

 

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр            Дугаар 129/ШШ2017/00319               Эрдэнэбулган сум

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1995 онд төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 8 дугаар багийн 38-322 тоотод оршин суух, Боржигон овогт Гантөмөрийн Гэрэлцэцэгийн / рд: йю95032103/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1993 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арсланцохионы 3-1 тоотод оршин суух, Заямонгол овогт Энхжаргалын Мягмарбаярт / рд: аю93060115/ холбогдох

 Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнгөнтуяа оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Нэхэмжлэгч Г.Гэрэлцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 05 сард Мягмарбаяртай танилцаж улмаар дотносон хамтран амьдарч бид 2-н дундаас охин М.Алтжин 2015 оны 01 сарын 30-нд төрсөн. Гэтэл Мягмарбаяр охин Алтжинг гарснаас хойш зан ааш, харилцаа байгаа байдал нь өөрчлөгдөж архи дарс ууж хоногоор гэртээ ирэхгүй, үүрийн 3,4 цагт, заримдаа 6,7 цагт орж ирдэг болсон. Энэ 5 жилийн хугацаанд Мягмарбаяр охин эхнэр 2-оо хэд хэдэн удаа хөөж зодож гэмтээж байсан. Ээж нь болох Амаржаргал бидэнд анхаарал тавин нэмэр болохгүй хэрнээ намайг байнга загнаж гэр оронгүй гуйлгачин, гичий гэх мэт муухай үгээр доромжилон дээрэлхэх тохиолдол олон удаа давтагдлаа. Э.Мягмарбаяр хэд хэдэн хүүхэнтэй орооцолдож явалдаж гэрт нь очиж амьдарч байсан. Ийм явдлыг нь би охин Алтжингаа бодон олон удаа уучилж болъё, битгий гэж олон удаа явлаа. Хүний нутагт байгаа намайг хөөдөг, очих айл байхгүй ах дүүгийнд нь очихоор наадхаа яах гэж оруулсан юм, хөөж гарга гэж зандардаг. Энэ хүнтэй цаашид хамт амьдрах хүсэлгүй болсон. Ийм явдлаас болж эцэг Мягмарбаяраас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Э.Мягмарбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Мягмарбаяр нь 2012 оны 05 сард Г.Гэрэлцэцэгтэй танилцаад охинтой болж 5 жил болсон нь үнэн. 2014 оны 09 сарын 01-нд Архангай аймгийн Тариат суманд татвар хураагчаар ажилд орж улмаар бусдын адил амьдрахын төлөө өөрийн гэсэн гэр орон машинтай болж эхнэр Г.Гэрэлцэцэгийг мэргэжилтэй болохын төлөө цалингийн зээл авч өнөөг хүртэл чин сэтгэлээсээ амьдарч ирсэн. Энэ хугацаанд ажлын онцлогоос болж гэртээ оройтож ирдэг улмаас эхнэр Г.Гэрэлцэцэг нь ойлгодоггүй. Мөн миний ээж Н.Амаржаргал нь амьдралын туршлагаасаа хуваалцах гэж зөвлөж туслахад нь үл тоон хүндэтгэдэггүй. Хүүхдээ ээжид нь асрамжинд үлдээн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч байна. Иймд хүүхэдтэйгээ сард 1 удаа уулзуулж байхыг хүсэж байна. Мөн аавтай нь, өвөө эмээтэй нь утсаар яриулж байхыг хүсэж байна гэжээ.           

          Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Гэрэлцэцэг, хариуцагч Э.Мягмарбаяр нар хамтран амьдарч тэдний охин М.Алтжин 2015 оны 01 сарын 30-ны өдөр төрсөн болох нь  Мягмарбаярын Алтжингийн 6501000058 дугаартай төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Охин М.Алтжин эхийн асрамжинд амьдарч байгаа бөгөөд асрамжийн асуудлын талаар маргаагүй, нэхэмжлэгч Г.Гэрэлцэцэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Э.Мягмарбаяр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин М.Алтжинд тэтгэлэг тогтоон эцэг Э.Мягмарбаяраар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

          Хариуцагч Э.Мягмарбаяр охин М.Алтжинтай сард нэг удаа уулзаж байхыг хүссэн тайлбар шүүхэд ирүүлсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрээр зөвхөн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд хариуцагч Э.Мягмарбаярын охин М.Алтжингийн хувьд эдлэх эцгийн эрх үүргийг хязгаарлаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “ Эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд адил тэгж эрх эдэлж адил үүрэг хүлээнэ. Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах” гэсэн үүрэг хэвээр хадгалагдаж үлдэхийг дурдах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.Мягмарбаяраас 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Гэрэлцэцэгт олгохоор шийдвэрлэлээ.

 

          Нэхэмжлэгч Г.Гэрэлцэцэг, хариуцагч Э.Мягмарбаяр нар шүүх хуралдаанд оролцохгүй, өөрсдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан зохигчдыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 01 сарын 30-нд төрсөн охин Заямонгол овогт Мягмарбаярын Алтжинг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Мягмарбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гэрэлцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29534 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.Мягмарбаяраас улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гэрэлцэцэгт олгосугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН