| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0319/и |
| Дугаар | 321 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 321
2017 оны 06 сарын 14 өдөр Дугаар 129/ШШ2017/00321 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Тодор дэлгүүрийн залгаа хашаанд оршин суух, Ачбариад овогт Сандагжавын Энх-Амгалангийн /рд: РД78102422/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1965 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Тодор дэлгүүрийн залгаа хашаанд оршин суух, Хориннэгийнхэн овогт Батмөнхийн Баттулгад /РД: АК65121515/ холбогдох
Хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Энх-амгалан, хариуцагч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Энх-амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Энх-амгалан нь 2014 оноос Б.Баттулгатай хамтын амьдралтай болж бидний дундаас хүү Б.Билэгдэмбэрэл 2015 оны 04 сарын 13-ны өдөр мэндэлсэн. Гэтэл Б.Баттулга нь надтай танилцсан үеэс эхлэн намайг байнга зодож хэл амаар доромжилон миний дагавар хүүхэд Бямба-эрдэнийг хүртэл зоддог байсан. 2014 оны өвөл намайг жирэмсэн байхад гутлаар толгой руу цохиж миний толгойг цоолж байсан удаатай. Дээр асуудал нь одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Ер нь Б.Баттулга нь намайг байнга л хэл амаар доромжилж алгадах, өшиглөх гэх мэтээр дарамталдаг байсан. Архи маш их ууж агсан согтуу тавьдаг, намайг үргэлж дээрэлхэж харьцдаг. Би түүнд зодуулж цаашид хамт байх хүсэлгүй болсон. 2017 оны 04 сарын 13-ны өдөр хүү Билэгдэмбэрэлийг цэцэрлэгээс нь аваад Архангай аймгийн Хайрхан сум руу аваад явсан. Одоо хөхнийхөө сүүнээс ч гараагүй хүү Билэгдэмбэрэлийгээ би маш их санаж байна. Эвлэрэх хүсэлгүй болно. Иймээс хүү Б.Билэгдэмбэрэлийг миний асрамжинд үлдээж хариуцагч Б.Баттулгаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баттулга нь эхнэр Энх-амгалантай гэр бүлийн маргаан үйлдсэн боловч бид 2 хүүхдүүдээ бодоод эвлэрч амьдрахаар болсон. Мөн би буруугаа ойлгон дахин ийм маргаан гаргахгүй болно. Бид 2 харилцан тохиролцож эргэн амьдарч байгаа тул үүнийг харгалзан үзэж эхнэр Энх-амгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Энх-амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баттулга намайг хэл амаар байнга дарамталж, хөөж туудаг, мөн Б.Баттулга архи дарс байнга уудаг тул шүүхэд хандсан. Хүүхдээ өөрийн асрамжид авч хүүхдээ өөрөө асран халамжлах хүсэлттэй байна. Би Б.Баттулгатай эвлэрэх боломжгүй... Би Б.Баттулгыг үр хүүхэдгүй байхад нь хүүхдийг нь төрүүлээд өсгөлцөж өгсөн. Б.Баттулга намайг хэл амаар доромжилж зодож, нүдэх гээд байдаг учир гэрээс гарч ах дүү, хамаатан садныхаараа хонодог... Б.Баттулга бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. 2014 оноос хамт амьдарч байгаа. Одоо амьдарч байгаа гэр орон Б.Баттулгынх. Надад өөрт газрын ширдэггүй гэр байгаа. Би ажил хийдэггүй. Хоёулаа ажил, мэргэжилгүй учир хэцүү л байдаг. Тэгэс ингэс гээд байж байдаг. Тогтсон орлого байхгүй. Хүүхдээ асрамжиндаа авбал ажил төрөл хийгээд ямар нэгэн аргаар хүүхдээ өсгөж, сургуульд сургана гэж бодож байгаа. Өмнөх бандийгаа 3 настай байхад нь өөрөө авч байсан. Одоо 14 нас хүрч байгаа. Түүн шигээ л болгоод хүүхдээ өсгөнө... Баттулга хүүхдээ асарч халамжлахдаа бол хайр халамжтай. Угаасаа бие муутай, архи дарс уугаад хүүхдээ хоолтой хоолгүй явуулчих болов уу гэж санаа зовдог. Надаас илүү гэж хэлж чадахгүй. Архи дарс уусан үедээ намайг гараад явсан хойно хүүхдэдээ хоол хийж өгөхгүй байх үе бий. Үүнээс биш хайрлаж халамжилж, хүүхдэдээ санаа тавих үе бий. Хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Ааваас нь дутахгүй хүүгээ хайрлаж халамжилж өсгөнө гэжээ.
Хариуцагч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг байнга архи уудаг, ингэдэг тэгдэг гэж бүх зүйлд буруутгаж байна. Бид хоёр 3-4 жил хамт амьдарсан. Би хүүгээ эхийнх нь асрамжид өгөхгүй. С.Энх-Амгалан сайхан ааш нь хөдлөхөөр ирчихээд, муухай ааш нь хүрвэл хүүхдээ өлгийтэй байхад нь хүртэл үлдээгээд явдаг байсан. Дугаараа нууцалсан дугаараас “Хөгшин төгцөг минь чи Энх-Амгалантай яриул” гээд янз бүрийн утаснаас залгадаг. Би архи уудаг, янз бүрээр хэлдэг. Тэр болгоноор далимдуулж, хүүгээ бага байхад нь хүртэл хаяад явчихдаг байсан. Хүүхдээ би өөрөө л өсгөсөн. Ойр хавийн хүмүүс бүгд мэднэ... Надтай суухаасаа өмнө С.Энх-Амгалан ээжтэйгээ хамт амьдарч байсан. Нэг гэртэй байсан. Гэрийг нь хураах гэтэл хураах ч газар байхгүй байсан. Тэгээд гэрийг нь энд авчирсан. Тэгээд саяхан гэрийг нь өөрт нь өгөөд явуулсан. Би өөрийнхөө гэрт амьдарч байгаа. Гэрээ авч явснаасаа хойш С.Энх-Амгалан байнга л хүүхдүүдийнхээ хамт надтай амьдарч байгаа. С.Энх-Амлаганг очлоо ч гэсэн ах дүү нар нь хүлээж авахгүй. Хүүхдээ яаж, хаана тэжээх юм бэ?. Утсаар өөрт нь төрсөн дүү нь хүртэл “Хохь чинь. Наадахаа хаяач” гэсэн. Гэр оронгүй хүнд яаж хүүхдээ өгч явуулах юм бэ?. Би өөрийн дутагдлаа хүлээн зөвшөөрч байна... Би зарын дагуу ажил олж хийдэг. Одоо байгаа хашаандаа гал түлдэг байсан. С.Энх-Амгаланг ажилд оруулахаар шалтаг хэлээд 1-2 хоноод ажлаасаа гарчихдаг. С.Энх-Амгалан мэдлэг, боловсрол байхгүй. Хүн амьтантай харилцаа муутай. Би хүүхдээ Хайрхан авч явсан нь үнэн. Угаасаа хүүхэд мөөмөө нэг их тоодоггүй байсан. Намайг Хайрхан явсан хойгуур өмгөөлөгчид хандаж, шүүхэд өргөдөл өгсөн байсан. Би ажил хийгээд олсон мөнгөө гэрийнхэндээ өгдөг. Би архи уудаг нь үнэн. Согтуу байхдаа гутал авч шидээд толгойг нь бэртээж байсан. Тэгээд цагдаад байцаагдаж байгаад торгуулаад суллагдсан. Архи сардаа 2-3 удаа уудаг... Уг нь С.Энх-Амгаланг Булган буудалд хүний орон хэд хоног ажилд оруулсан. Тэгээд “Хүүг мөөмнөөс нь гаргая. Хөдөө хэд хоног явуулъя” гэж ярьж байсан. Тэгээд би багшаас нь чөлөө аваад хөдөө хүүгээ авч явсан. Явахдаа С.Энх-Амгаланд хэлээгүй. Дараа нь хүүхэд хэлэлгүй авч явсан байна гэсэн. Цаашид хамтран амьдрах бодолтой байна. Цаашид хамт амьдрахгүй бол хүүхдээ С.Энх-Амгаланд өгөхгүй. С.Энх-Амгалан түргэн ууртай. Их хараал хэлж байнга үгэлдэг. Би хүүхдээ өмөөрч хайрлалгүй яах вэ... Өмгөөлөгч бас буруу ярьж байна. С.Энх-Амгалан бусдын амаар л ярьна. Өөрөө юу гэж хэлэхээ ч мэдэхгүй. Хамт амьдарсан хугацаанд С.Энх-Амгалан ажил хийгээгүй. Энэ олон жил би гэр бүлээ өөрөө л тэжээсэн. Ганц архи уудаг гэдгийг л яриад байна. Би мөнгө олдог, ажил хийдэг. Ах дүү нар ч гэсэн мөнгө төгрөг өгдөг. Би С.Энх-Амгаланг бие муутай байхад нь Тариат руу очиж харж хандаж байсан. Надад бүх бурууг өгч байна. Ямартай ч хүүхдээ С.Энх-Амгаланд өгөхгүй. С.Энх-Амгалан “Гэр орноо баръя” гэхэд барих бүрээс ч байхгүй, барихын аргагүй. Эгч нь эмнэлэгт хэвтчихээд хоол цай манайхаас зөөж байна. Хүүгээ аваад явлаа гэхэд өсгөхөд хэцүү шүү дээ. Намайг ойр хавийн хүмүүс бүгд мэднэ. “Намайг хүүхдээ үнэхээр сайн асардаг юм байна” гэж хэлж байсан. Хүү байнга “Ааваа” гэж уйлаад надтай хамт байдаг гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Энх-амгалан нь хариуцагч Б.Баттулгад холбогдуулан хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Баттулга хүүхдийг эхийн асрамжинд өгөхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болно.
Нэхэмжлэгч С.Энх-амгалан, хариуцагч Б.Баттулга нар 2014 оноос хамтран амьдарч тэдний хүү Б.Билэгдэмбэрэл 2015 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн болох нь 6501000178 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүүхдэд эхийн асаргаа шаардлагатай бага насны онцлог, хүүхдийн хүмүүжил эрүүл мэндэд тавих анхаарал, хариуцагч Б.Баттулгын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг нөхцөл байдлуулыг харгалзан хүү Б.Билэгдэмбэрэлийг эх С.Энх-амгалангийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна. Хүү Б.Билэгдэмбэрэлийг эхийн асрамжинд үлдээж байгаа учир хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Б.Баттулгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү шүүхийн шийдвэрээр зөвхөн хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “ Эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд адил тэгж эрх эдэлж адил үүрэг хүлээнэ. Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах” гэсэн үүрэг хэвээр хадгалагдаж үлдэхийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Энх-амгалан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд энэ нь хариуцагчийн улсын тэмдэгийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч Б.Баттулгын эдийн засгийн байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд буюу хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200, 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг, нийт 99734 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг баримтлан багасгаж хариуцагч Б.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 21 дүгээр зүйлийн 21.5, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг баримтлан 2015 оны 04 сарын 13-нд төрсөн хүү Баттулгын Билэгдэмбэрэлийг эх С.Энх-амгалангийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Билэгдэмбэрэлийг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баттулгаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “ Эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд адил тэгж эрх эдэлж адил үүрэг хүлээнэ. Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах” гэсэн үүрэг хэвээр хадгалагдаж үлдэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамж 29534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН