Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/827

 

 

 

 

 

2020       09         14                                    2020/ШЦТ/827

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нарийн бичгийн дарга Ц.Ч,

Улсын яллагч Н.П,

Иргэдийн төлөөлөгч Г.М,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Г.А-т холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 09 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн  суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Данзангийн 1-07 тоотод оршин суух хаягтай, ам бүл 8 аав, ах, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй Б овогт Г.А

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

               Шүүгдэгч Г.А нь А.С, Л.Б, Г.Э-тай бүлэглэн машин механикзм ашиглан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын аманд байрлах иргэн С.Н-ийн монгол гэрт 2017 оны 12 дугаар сарын 01 нээс 02-нд шилжих шөнө нэвтрэн орж Тошиба маркын 43 инчийн өнгөт зурагт, таслагч 1 ширхэг, нарны зай 6 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 914.460 төгрөгний хохирол учруулсан,

               Шүүгдэгч Г.А нь  Г.Э, Л.Б нартай  бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-304 тоотод суух Д.Б-ы гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж 507.000 төгрөгний хохирол учруулсан,

 

                Шүүгдэгч  Г.А нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгайд оршин суух Б.П-ын тахилын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж мөнгөн аяга, Чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

                 Шүүгдэгч  Г.А нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 25-47 тоотод суух Д.Доржпаламын монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж Вааран хөөрөг, Халтар манан хөөрөг, орчин цагийн хөөрөг, В8В өнгөт зурагт зэрэг эд зүйл хулгайлж 2,850,000 төгрөгний хохирол учруулсан,

                   Шүүгдэгч Г.А нь А.С, Г.Э-тай  бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зуслангийн Ойн жимс амралтын газарт байх Б.Т контейнерын хаалганы цоожийг эвдлэн орж Кен маркийн багажнуудыг хулгайлж 1.166.000 төгрөгний хохирол учруулсан,

                 Шүүгдэгч Г.А нь А.С, Л.Б, Г.Э-тай бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн задгай тоотод байрлах О.Б эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг эд зүйл хулгайлж 633.000 төгрөгийн хохирол учруулсан,

                 Шүүгдэгч Г.А нь А.С,Л.Б, Г.Э нартай  бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 20 хэсэг 2055 тоотод иргэн Б.Х-н зуслангийн тахилын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж цагаан арьсан гутал, архи, виски зэрэг эд зүйлс хулгайлж 1.218.000 төгрөгийн хохирол учруулсан,

                 Шүүгдэгч Г.А нь Г.Э-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 03-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 38 дугаар гудамжны 3803 тоот иргэн У.Цын өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлж, 782.400 төгрөгийн хохирол учруулсан,

                 Шүүгдэгч  Г.А нь  Г.Э-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 6260 тоот иргэн Л.А-н эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.683.400 төгрөгийн хохирол учруулсан,

    Шүүгдэгч  Г.А нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-1-490 тоотод оршин суух иргэн Б.Гантөмөрийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт, 3 шил архи зэргийг хулгайлж 218.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Г.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн болно. 

 1. Шүүгдэгч Г.А нь А.С, Л.Б, Г.Э-тай  бүлэглэн, машин механизм ашиглан, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын аманд байрлах иргэн С.Нийн монгол гэрт 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нэвтрэн орж Тошиба маркийн 43 инчийн өнгөт зурагт, таслагч 1 ширхэг, нарны зай 6 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 914.460 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 94-97 дугаар хуудас/

Хохирогч С.Нийн "... 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай гэрт хулгай орж манай гэрээс 50 инчийн Тошиба маркийн лсд зурагт, кен маркийн улаан өнгийн тасдагч, орны бүтээлэг, авдранд байсан 2 ширхэг Хайнекен виски, 2 ширхэг Евок архи, зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 125 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт А.С-аас зурагт, Кени маркийн тасдагч, орны бүтээлэг, нүүр цэвэрлэгч, оо, цэвэрлэгээний бээлий, аяга таваг угаагч, тос, гарын тос, цүнх зэрэг эд зүйлийг хураан авч хохирогч С.Н-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 99-101 дүгээр хуудас/

2.  Шүүгдэгч Г.А, Г.Э, Л.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-304 тоотод суух Д.Б-ы гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж 507.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 107-112/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 113-114/

Хохирогч Д.Б-ы “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагаас гэрээсээ гарсан шөнө 02 цагт ирсэн. Энэ хооронд гэр эзэнгүй байсан. Гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан ба гэрийн эд зүйлийг онгичсон эмх цэгцгүй байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудсан. Гэрээс 37 инчийн “ВSВ” гэсэн бичигтэй зурагт, хагас түрийтэй гутал, дэлгэц нь гэмтэлтэй “Самсунг" гар утас, орны шинэ бүтээлэг, дэлгэц нь гэмтэлтэй “Самсунг 83” маркийн гар утас 1 ширхэг, дэлгэцний шил нь цуурсан “52”маркийн утас 1 ширхэг, хоёр сим ордог “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 124/

Хохирогч М.О “... Б ахын гэрт байсан миний цүнхтэй хувцаснууд дунд “Нөүт-1” маркийн гар утас байсан. Тэр алга болсон байсан. Би уг утсаа 40.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 151 дүгээр хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 132 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 156 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 186 дугаар хуудас/

3 . Шүүгдэгч  Г.А нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн задгайд оршин суух Б.П-ын тахилын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 235-237 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 239-242 дугаар хуудас/

Хохирогч Б.П-ын "... 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр очиход гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байсан. шинэ цагийн дунд гарын даваа толгойтой мөнгөн халбагатай, гуулин нуухтай, бор шаргал өнгийн чүнчигноров хөөрөг хулгайд алдсан. Анх би мөнгөн аяга алдсан гэж мэдүүлсэн. Гэтэл уг аяга хотын төвийн гэрт байсан байна лээ. Үнэлгээтэй танилцсан санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 245 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 8 дугаар хуудас/

4 .  Шүүгдэгч Г.А нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 25-47 тоотод суух Д.Доржпаламын /Батдоржийн/ монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж Вааран хөөрөг, Халтар манан хөөрөг, орчин цаг хөөрөг, ВSВ өнгөт зурагт зэрэг эд зүйл хулгайлж 2.850.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /6-р хх-ийн 26-32 дугаар хуудас/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /6-р хх-ийн 36-38 дугаар хуудас/

Хохирогч Д.Д-н “...2017 оны 10 дугаар сард намайг Багануур явсан бахад манай гэрт болон хүүгийн байшинд хулгай ороод хүүгийн гэрээс зурагт алдагдсан. Миний гэрээс өвөөгөөс уламжилж ирсэн хуучин цагийн хөөрөг, чулуун толгойтой, модон халбагатай, нуухгүй хөөрөг 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хуучин вааран хөөрөг, хув толгойтой төмөр халбагтай хөөргийг 500.000 төгрөгөөр үнэлнэ. Орчин цагийн хөөргийг захаас 70.000 төгрөгөөр авч байсан. Зурагтын хүлээн авагч алдагдсан. Энийг 160.000 төгрөгөөр, “Самсунг эс-2” маркийн гар утас алдагдсан. Үүнийг 100.000 төгрөгөөр үнэлсэн. Хүү Батдорж хөдөө явсан учир намайг зурагт алдсан хэрэгт хамтад нь хохирогчоор орчих гэсэн юмаа...гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 40 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний шинжээчийн дүгнэлт/ 6-р хх-ийн 50-52 дугаар хуудас/

5.  Шүүгдэгч Г.А нь С, Г.Э-тай  бүлэглэн машин механикм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шавивлан зуслангийн “Ойн жимс” амралтын газарт байх Б.Т-н контейнерын хаалганы цоожийг эвдлэн орж “Кен” маркийн багажнуудыг хулгайлж 1.166.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 18-20 дугаар хуудас/

 Хохирогч Б.Т “...Би 2017 оны 12 дугаар 02-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Асгатын ам “Ойн жимс” амралтын газраа эргэж ирэхэд 3 байшингийн цонх, хаалга онгорхой 1 байшингийн хаалга онгорхой байхаар нь улмаар зүүн урд байх гэрийг шалгахад цоожийг мулталсан. Эд зүйл алдагдаагүй байсан. Зүүн урд байх 40 тонн контейнерын хаалгыг онгойлгож дотроос нь барилгын багаж хэрэгсэл алдагдсан. Харин хойд байшингаас эд зүйл алдагдаагүй байсан. Манайхаас цохилттой дрилл 2 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, шруп марш 1 ширхэг, кен маркийн гагнуурын аппарат 1 ширхэг, маркийн багажны ком зэрэг алдагдсан. Би гэрийнхээ эд зүйлийг дахин нягталж үзэхэд хөнгөн цагаан 40 литрийн багтаамжтай усны сав, мөнгөн аяга алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 29 дүгээр хуудас/

Тод үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 44 дүгээр хуудас/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 50-54 дүгээр хуудас/

6. Шүүгдэгч Г.А нь А.С, Л.Б, Г.Э нартай  бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн задгай тоотод байрлах О.Б-н эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэврэн орж бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг эд зүйл хулгайлж 633.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 84-87 дугаар хуудас/

Хохирогч О.Бийн “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хулгайч орж байшинд байсан бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 96-98 дугаар хуудас/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 116 дугаар хуудас/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 121-125 хуудас/

7. Шүүгдэгч Г.А нь А.С, Л.Б, Г.Э нартай  бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн 20 хэсэг 2055 тоотод иргэн Б.Хын зуслангийн тахилын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж цагаан арьсан гутал, архи, виски зэрэг эд зүйлс хулгайлж 170.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хх-ийн 160-163 дугаар хуудас/

Хохирогч Б.Х-ын “...2017 оны 12 дугаар сарын 01-ний 12 цагийн үед зусландаа ирэхэд манай тахилын гэрийн цоожийг эвдэн хулгай орсон байсан. Манай гэрээс архи, виски, бөөгийн зан үйлд хэрэглэдэг цагаан арьсан гутал, хөөрөг, гаанс зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 170-172 дугаар хуудас/

Тод үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /10-р хх-ийн 114 дүгээр хуудас/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 7-р хх-ийн 203-207 дугаар хуудас/

8.  Шүүгдэгч  Г.А нь  Г.Э-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 03-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 38 дугаар гудамжны 3803 тоот иргэн У.Ц-ын өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлж, 782.400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримт2018 оны 06 сарын 03-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /17 хх-ийн 237-241 дүгээр хуудас/,

Хохирогч У.Ц-н “...Ирээд үзтэл хулгай орчихсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан юм. 2 ширхэг гагнуурын аппарат, 1 бүр нь 200.000 төгрөг, түрдэг хөрөө 80.000 тегрөг, цахилгаан тог таслагч 150.000 төгрөг, өрмийн өнгөлгөөний апарат 80.000 төгрөг, 15 градус цельсээр хөрөөддөг хөрөө 50.000 төгрөг, ховил гаргагч 100.000 төгрөг, цахилгаан харуул 50.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг/17 хх-ийн 250 дугаар хуудас/

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ДАМНО хөрөнгийн үнэлгээний СБД-ийн 17 дугаар хорооны 293 дугаартай “...Хуучин хэрэглэж байсан Кен маркийн цахилгаан гагнуур  216.000 төгрөг, Кен маркийн цахилгаан харуул 51,000 төгрөг, Кен маркийн цахилгаан гар хөрөө 78,000 төгрөг, Кен маркийн цахилгаан тастагч 72,000, Кен маркийн өнгөлгөөний аппарат 60,000 төгрөгөөр үнэлж Нийтдээ 477.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн тайлан /18 хх-ийн 2-3 дугаар хуудас/

2019 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн ДАМНО хөрөнгийн үнэлгээний Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны 628 дугаартай “Кен маркийн хэрэглэж байсан 45 градусаар хөрөөддөг хөрөө 233,400, кен маркийн хуучин хэрэглэж байсан ховил гаргагч 72,000 төгрөгөөр үнэлж Нийтдээ 305,400 төгрөгөөр үнэлэв...” гэсэн тайлан /18 хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Шүүгдэгч  Г.Э-ын “...Би 2018 оны 06 дугаар сарын эхээр шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо шарга морьт танил А-тай хамт явж байтал гадуураа сараалжин хашаатай улаан өнгийн чингэлэг байхаар нь хашааг нь давж ороод чингэлэгний цоожийг хадаасны лоомоор хөшиж онгойлгон чингэлэг дотор байсан кен маркийн барилгын багажнуудыг хулгайлан авч хот руу ороод маргааш нь Нарантуул зах дээр аваачиж бүгдийг нь явуулын хүнд 250,000 төгрөгөөр зарсан юм...” /18 хх-ийн 12 дугаар хуудас/,

9 . Шүүгдэгч  Г.А нь Г.Э-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 6260 тоот иргэн Л.Алтангэрэлийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.683.400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаарх нотлох баримтууд

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /17 хх-ийн 187-192 дугаар хуудас/

Хохирогч Л.А “...2018 оны 05 сарын 29-ны өдрөөс 06 сарын 08- ны хооронд хулгай орж 49 инчийн зурагт 3 шил архи алга болсон байна. Би 49 инчийн “Самсунг” маркийн зурагтыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БСБ-ээс төгрөгөөр үнэлж байна.. Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо Шарга морьт- ийн зуслангын 6260 тоотод байрлах зуслангийн 2 давхар байшингийн цонхоор 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 сарын 08-ны хооронд хулгайч цонхоор орж манай гэрт байсан 49 инчийн Самсунг маркийн хүнхэр дэлгэцтэй зурагт болон зочны өрөөнд байсан 3 шил виски архи, мөн гэрт өмсөж байсан цагаан өнгийн пүүзэн гутал, хүүхдийн кет гутал зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед манай гэрийн 2 давхарт байсан орны бүтээлгийг аваад зурагтыг ороож аваад явсан байсан. Тэр орны бүтээлэг нь улаан хүрэн өнгийн цэцэгтэй бүтээлэг байсан Би зурагтаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Самсунг төвөөс 3.700.000 төгрөгөнд авч байсан...” гэсэн мэдүүлэг, /17 хх-ийн 195, 205 дугаар хуудас/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний СБ2-19-330 дугаартай тайлан /17 хх-ийн 214-215 дугаар хуудас/

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /17 хх-ийн 217-218 дугаар хуудас/

Шүүгдэгч  Г.Э-ын “...Би 2018 оны 06 дугаар сарын эхээр танил Атай Сансар хороолол 21 цагийн үед уулзсан юм. Тэгээд А бид хоёр 7-н буудал ороод 7-н буудлаас Шарга морьтын эцсийн автобусанд суугаад шарга морьт ороод хойшоогоо алхаад явж байтал гадуураа сараалжин төмөр хашаатай 2 давхар зуслангийн байшин эзэнгүй байхаар нь байшингийн 1 давхрын вакум цонхыг түлхэн ороод 1 давхарт байсан 49 инчийн самсунг маркийн зурагт 1 шил виски, 2 шил архи, том хүний пүүзэн гутал 1 хос, хүүхдийн кетэн гутал 1 хос зэргийг хулгайлаад уг байшингаас гарч явж байгаад замдаа шарга морьт зуслангийн орчимд байрлах чингэлэгний доор хулгайлсан эд зүйлсээ нуучхаад маргааш нь Г.А-ын хамт очиж хулгайлсан эд зүйлсээ Нарантуул захын хойд талд аваачаад явуулын хүнд 650,000 төгрөгөөр зарсан юм... гэсэн мэдүүлэг /17 хх-ийн 223 дугаар хуудас/

10.  Шүүгдэгч  Г.А нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 4-1-490 тоотод оршин суух иргэн Б.Гантөмөрийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт, 3 шил архи зэргийг хулгайлж 218.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18 хх-ийн 106-111 дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /18 хх-ийн 112-116 хуудас/

Хохирогч Б.Г-н “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай гэр буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 4-1-490 тоотод байх миний өөрийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоож цүүг эвдэж, хулгайч орж гэрээс 32инчийн ЛСД зурагт, 3 шил 0.5 литрийн Чингис нэртэй архи зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тухайн өдөр би 11 цагийн орчим гэрээсээ эхнэр хүүхдийн хамт гарч ярьсан. Тэгээд орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож, цүү эвдэрсэн хаалга онгорхой, гэр доторх эд зүйлийг онгичиж, сандайлгасан байдалтай байсан...32 инчийн хар өнгөтэй нүүрэн дээрээ ЮБ гэсэн бичигтэй зурагт байсан. Харин алдагдсан архинууд нь 0.5 литрийн Чингис нэртэй архи байсан...” гэсэн мэдүүлэг/18 хх-ийн 120 дугаар хуудас/

“Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /18 хх-ийн 133-134 дүгээр хуудас/

 Шүүгдэгч Г.А-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн машин механизм ашиглан нийт 10 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний буюу 10.572.760 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч буцаан өгсөн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

2015 оны Эрүүгийн хуульд Хулгайлах гэмт хэргийг “Бүлэглэж” үйлдэх шинжийг хуульчлаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  Шүүгдэгч нь Г.А-тай гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх А.Б,  Л.С, Эрдэнэбаатар  нарт холбогдох хэргийг Г.А-т холбогдох хэргээс тусгаарлан шийдвэрлэж, гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул тэдгээрийн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.                                                

Шүүхээс шүүгдэгч Г.Ат  ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн   гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулахаар тогтоов.

Шүүгдэгч Г.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Г.Ат  5 / тав / жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ял оногдуулж  шүүгдэгчийн эдлэх  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар :

Шүүгдэгч Г.А-аас нийт 5.921.810 төгрөг гаргуулж хохирогч хохирогч Д. Б-д 169.000 төгрөг, хохирогч Б.Төмөрбаатарт 388.660 төгрөг, хохирогч О.Б-т 158.250 төгрөг, хохирогч Б.Х-д 304.500 төгрөг, хохирогч У.Ц-т 391.200 төгрөг, хохирогч Л.А-д 841.700, хохирогч Б.П-т 600.000 төгрөг, хохирогч Д.Доржпаламд 2850.000 төгрөг, хохирогч Б.Гантөмөрт 218.500 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгийг дараах байдлаар  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г. А нь А. Б,  Л. С,  Эрдэнэбаатар   нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-70 УБЗ улсын дугаартай Тоёото Корса  маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч Т. Наранмандахад олгож, хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-аас тогтоогдсон 1.800.000 төгрөгний үнэлгээний дүнгээс 450.000 төгрөгийг шүүгдэгч Г.А-аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.  Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 сарын 03-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, 2017 оны 12 сарын 06-ны өдрөөс 2018 оны 03 сарын 16 хүртэл, 2018 оны 11 сарын 28-аас 2019 оны 08 сарын 26 хүртэл нийт 373 хоног цагдан хоригдсоныг түүний  эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн  1,5,6,8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Г.А-ыг  “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.А-ыг 5 / тав / жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-т оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.А-ын цагдан хоригдсон 373  хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:  Шүүгдэгч Г.А-аас 5.921.810 / таван сая есөн зуун хорин нэгэн мянга найман зуун арав / төгрөгийг  гаргуулж  хохирогч хохирогч Д.Б-д 169.000 төгрөг, хохирогч Б.Т-т 388.660 төгрөг, хохирогч О.Б-т 158.250 төгрөг, хохирогч Б.Х-д 304.500 төгрөг, хохирогч У.Ц-т 391.200 төгрөг, хохирогч Л.А-д 841.700, хохирогч Б.П-т 600.000 төгрөг, хохирогч Д.Д-д 2850.000 төгрөг, хохирогч Б.Г-т 218.500 төгрөгийг тус тус олгосугай.

6 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорьж, шүүгдэгч Г.А-ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт битүүмжлэн ирсэн шүүгдэгч Г.А-ын бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-70 УБЗ улсын дугаартай Тоёото Корса маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч Т.Н-д олгож, хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-аас тогтоогдсон үнийн дүнгээс 450.000 төгрөгийг  шүүгдэгч Г.А-аас гаргуулж улсын орлогод оруулсугай. 

9.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тогтоолыг  эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.ДАРЬСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                               Б.БАТСАЙХАН

 

      З.БОЛДБААТАР