| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0324/и |
| Дугаар | 310 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 310
2017 оны 06 сарын 09 өдөр Дугаар 129/шз2017/00310 Эрдэнэбулган сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,
Нэхэмжлэгч: А аймгийн ЭМНДХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г овгийн Б.М-д холбогдох
491002 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн ЭМНДХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даатгуулагч Б овогтой М-ын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тул Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын 4.6 дахь заалтын дагуу тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмж болох 491002 төгрөгийг төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.М нь А аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус хэлтсээс нэхэмжилсэн 491002 төгрөгийг 2017 оны 06 сарын 25-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн НДХ нь хариуцагч Б.М-оос 491002 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 491002 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15380 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А аймгийн ЭМНДХ-ийн нэхэмжилсэн 491002 \дөрвөн зуун ерэн мянга хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15380 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг Б.М сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН