Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр             Дугаар 129/шш2017/00304               Эрдэнэбулган сум

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга бригадын Намсрайн нүүр гэх газар оршин суух Сээр барьчин Мягмар овгийн Майдарын Нямсүрэн /РД:АД62050119/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санжмятав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Нямсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний өндөр насны тэтгэвэр гарах нас болсон хэдий боловч хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүйн улмаас шүүхэд хандаж байна. Миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1983 оноос 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Би 1980 оноос 1983 оны хооронд цэргийн алба хаасан. Иймд Нямсүрэн намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санжмятав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Нямсүрэн нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй малчинаар ажиллаж байсан. М.Нямсүрэнгийн дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэв.

 

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

            Хүсэлт гаргагч М.Нямсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Майдарын Нямсүрэнгийн 407697 дугаартай “1980 оны 09 сарын 05-ны өдөр цэргийн алба хааж эхлэн 1983 оны 06 сарын 15-ны өдөр халагдсан” гэсэн бичилттэй цэргийн батлах,

          2. Майдар овогтой Нямсүрэнгийн 1981 оноос 1990 оныг хүртэл ажилласан хугацааны бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

          3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 сарын 10-ны өдрийн 48 дугаартай “Зарим тэргүүний малчдыг шагнах тухай” тогтоолд: 2. Төллөвөл зохих 120-иос дээш хонь, ямаа хариуцан төллүүлж 100 эх малаас 100-аас дээш хувиар төлөө бойжуулсан малчдыг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтад Нямсүрэн баярын бичиг 1, 45-ын гутал 1 ширхэг, бүгд 46 төгрөг, 60 мөнгө гэсэн,

          4. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 06 сарын 24-ний өдрийн 54 тоот “Хүнсний зүйл зарлага болгох тухай” тогтоолд: 1. Тууварч малчдын бүсийн зөвлөгөөнөөр өөрийн сумын оролцсон 36 тууварчдыг зөвлөгөөний хугацаанд хооллосон 278 төгрөг, 60 мөнгөний хүнсний зүйлийг хавсралтанд заасан хэмжээгээр зарлага болгохоор тогтоож хавсралтыг баталсугай. Хавсралтын 3-т Нямсүрэн гэсэн,

          5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 09 сарын 04-ний өдрийн 57 дугаартай “Мал олгох тухай” тогтоолд: 1. Нэгдлийн удирдах ажилтан, мэргэжилтэн нэр бүхий 39 хүнд /нэрсийг 1 дүгээр хавсралтаар батлав/ гүү 5, үнээ 12, эм хонь 63, эм ямаа 25, хурга 42 бүгд 147 толгой малыг нэгдлийн гишүүдэд худалдах үнээр олгохоор тогтоосугай. Хавсралтын 71-т Нямсүрэн гэсэн,

          6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 04 сарын 26-ны өдрийн 34 тоот “Тууварч малчдыг шагнах тухай” тогтоолд: 1. 1988 онд малдаа тарга хүч сайн авахуулж мах нэмж махаа давуулсан, үргэлжлэн мал тууж байгаа тууварч малчид 20 хүнд 1800 төгрөгний шагнал олгосугай. Хавсралтад Нямсүрэн, олгох шагнал 100 гэсэн,

          7. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 сарын 15-ны өдрийн 32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд: 1. 1990 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн сүү тосны заводын ажилчнаар хавсралтаар батлагдсан нэр бүхий хүмүүсийг томилон ажиллуулсугай. Хавсралтын 33-т Төв заводад малчнаар М.Нямсүрэн гэсэн,

          8. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 1993 оны өмч хувьчлалын материалд М.Нямсүрэн гэсэн,

          9. Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 14 тоот тодорхойлолтод “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нэгдсэн конторын барилга нь 1984 оны 12 сарын 23-ны өдрийн 16:20 цагт цахилгааны утасны гэмтлээс болж шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов” гэсэн,

10. Гэрч Ч.Жарантайгийн “М.Нямсүрэн нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Азарга бригадад 1980 онд цэрэгт явахаасаа өмнө аав ээжийгээ даган тугал хардаг байсан. Тэгээд 1980 оноос 1983 оны хооронд хугацаат цэргийн албыг 3 жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын Хужирбуланд хаасан юм. Тухайн үед цэргүүдийг нэгдсэн журмаар сум орон нутагт нь хүргэж ирдэг байв. М.Нямсүрэн 1983 онд цэргээс халагдаж ирэхэд нь би Өндөр-Улаан сумын Азарга бригадын цэргүүдийг сумын төвөөс авч гэрт нь хүргэж өгч байлаа. Нямсүрэнгийн аав Майдарынх Өндөр-Улаан сумын Азарга бригадын Ханхын цагаан эрэг гэх газар нутагладаг байхад нь би хүргэж өгч байлаа. Тухайн үед цэргээс халагдаж ирсэн хүмүүс бүгд нэгдэлд харъяалагдаж ажил хийдэг байсан болохоор тэр үед 16 наснаас дээш насны бүх хүмүүс ажил хийдэг байлаа. М.Нямсүрэн нь 1983 оны 06 сард цэргээс халагдаж ирсэн даруйдаа буюу 1983 оны 07 сараас эхлэн 1990 оныг хүртэл Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Бадрал нэгдлийн Азарга бригадад жолоочоор 1982 оноос 1992 оныг хүртэл ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байгаа юм. Би ферм болон хонь, адуун суурийн айлуудыг нүүлгэх, хашааны мод татах, өвс хадах, татах зэрэг ажил хийдэг байв. Мөн манай хадам аавынх нь М.Нямсүрэнгийнхтэй айл аймаг байсан тул би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. М.Нямсүрэн нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга бригадын Г.Дэлгэрсүрэн, Дашням нарын ферм дээр 1983 оны 07 сараас 1992 оныг хүртэл тугал хариулж, үхэрчнээр ажилладаг байсан. Үнээн фермийн үхэрчид зунд нь өглөө 4 цагт босож фермийн үхэр хураах, тугал, хариулах, үнээ эвлэгэх ажлуудыг, өвөлд нь үхрээ онд алдагдалгүй оруулахын тулд байнга хариулж, малладаг юм. М.Нямсүрэнгийн фермийн ажилчид өвс хадланд явахад М.Нямсүрэн л малаа хариулж үлддэг байсан. Учир нь өөрөө малаа сайн хариулдаг, тэргүүний ажилчин байсан тул түүнийг итгэлтэй хүн гэж үлдээдэг байсан юм. М.Нямсүрэнгийн ажиллаж байсан үнээн ферм нь өвөлдөө Өндөр-Улаан сумын Азарга бригадын Ханхад өвөлждөг, Модтолгойд хаварждаг, Цагаан эрэгт зусдаг, Дэнж гэх газар намарждаг байв. М.Нямсүрэнгийн ажиллаж байгаа ферм нь тухайн үедээ сайн нэртэй, тэргүүний ферм байсан бөгөөд М.Нямсүрэн нь ажилаж байх хугацаандаа сайн нэртэй хүн байсан бөгөөд сум орон нутгаас гавъяа шагнал авч, сайшаал урамшуулал авдаг байсан нь үнэн. М.Нямсүрэн нь одоо ч ажилсаг хэвээр юм билээ” гэх,

Гэрч Г.Дэлгэрсүрэнгийн “М.Нямсүрэн нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга бригадын Бадрал нэгдэлд 1983 оноос 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1990 онд Бадрал нэгдэл хувьчлагдаж байсан. Тэр үеэр бид бүгд нэгдлээсээ гарч байсан. М.Нямсүрэн нь 1981 оноос 1983 оныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хаахаасаа өмнө нэгдэлд ажиллаж тугал хардаг байсан. Би 1974 оноос 1990 оныг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсан. Би Бадрал нэгдлийн Азарга бригадын үнээн фермийн саальчин, эрхлэгч байлаа. Манай фермид М.Нямсүрэн нь тугалчин, үхэрчин байсан. Манай ферм 6 саальчинтай байсан бөгөөд 1 тугалчин, 2 үхэрчинтэй байсан. Нийт 90 гаран үнээтэй. Нэг саальчин 15 үнээ сааж, өдөрт 40-50 литр сүү саадаг байсан. М.Нямсүрэн нь 1983 оноос 1990 оныг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн. Би М.Нямсүрэнтэй хамт Азарга бригадын үнээн ферм дээр хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байгаа юм” гэх мэдүүлгүүд,

11. Гэрч Ч.Жарантай, Г.Дэлгэрсүрэн нарын нотлох баримтаар өгсөн баярын бичиг, хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.  

          Хүсэлт гаргагч М.Нямсүрэн нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь М.Нямсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 сарын 10-ны өдрийн 48 дугаартай “Зарим тэргүүний малчдыг шагнах тухай” тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 06 сарын 24-ний өдрийн 54 тоот “Хүнсний зүйл зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 09 сарын 04-ний өдрийн 57 дугаартай “Мал олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 04 сарын 26-ны өдрийн 34 тоот “Тууварч малчдыг шагнах тухай” тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 сарын 15-ны өдрийн 32 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 1993 оны өмч хувьчлалын материал, гэрч Ч.Жарантай, Г.Дэлгэрсүрэн нарын мэдүүлгүүд  зэргээр тогтоогдож байна.

          Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч М.Нямсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хүсэлт гаргагч М.Нямсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сээр барьчин Мягмар овгийн Майдарын Нямсүрэнг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН