| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1100 |
| Огноо | 2021-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1100
2021 10 22 2021/ШЦТ/1100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Э.Ариунболд /томилолтоор/,
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Дд холбогдох 2106 00000 1712 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хотхоны 73-237 тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, О овогт ЦД /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
А.Д нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хотхоны 72 дугаар байрны гадна иргэн Г.Баатархүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа болон шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баатархүүгийн өгсөн: “... Тэгээд Дг гараад ирэхээр нь машиндаа суулгаад “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гээд мөр лүү нь цохисон. Тэгтэл Д миний толгой хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Би буцаагаад Дгийн хацар нүүр лүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл Д машинаас буугаад архины шил гартаа бариад миний зүүн дээд хөмсөг рүү цохиод хөмсөг язарчихсан...” гэх мэдүүлэг /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Дийн яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд гадуур найз Батзоригтой хамт явж байсан. Тэгээд Баатархүүгийн 91110478 дугаарын утас руу залгахад гэртээ унтаж байна гэсэн. Тэгэхээр нь найз Батзоригтойгоо 0,75 литрийн Соёрхол нэртэй архи уусан. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарт хотхоны 81-42 тоотод найз Баатархүүгийн гэрт очсон. Тэгээд Баатархүүтэй хамт гараад Батзориг бид гурав миний 91-87 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 0,75 литрийн Соёрхол нэртэй 2 архи авч уусан. Тэгтэл Баатархүү жаахан агсан тавих гээд байхаар нь би агсан тавьж болохгүй найз нөхдийн хооронд ийм харьцаа байж болохгүй гээд маргалдаад машинаас буугаад намайг гараа атгаж байгаад цохихоор нь би гараа атгаж байгаад шанаа руу нь хоёр удаа цохисон. Тэгтэл Баатархүү гэр лүүгээ яваад орсон. Би дуудлагын жолооч дуудаад машинаа бариулаад гэртээ харьсан. Баатархүү бид хоёрыг маргалдаж байхад Батзориг машинд унтаж байсан ба бид маргалдсаныг мэдээгүй. Манай гэрийн гадна машинд унтаж байхдаа сэрээд такси бариад харих гээд явсан. Тэгтэл Баатархүү над руу 91110478 дугаарын утсаар залгаад чи гэртээ байна уу хоёулаа уулзах хэрэг байна гэсэн. Ингээд удалгүй Баатархүү дахин залгаад би Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Хаппи таун хотхоны 72 дугаар байрны гадна ирчихлээ гэсэн. Би тэгэхээр нь гэрээсээ гарахад Баатархүү машинтайгаа ирчихсэн байсан. Би тэгэхээр нь хоёулаа манайд оръё гэтэл би орохгүй гэхээр нь Баатархүүгийн машинд суусан. Тэгтэл Баатархүү юм дуугаралгүй миний нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би уур хүрээд Баатархүүгийн машинд байсан архины шилийг аваад зүүн хөмсөг рүү нь цохиод сэтэлчихсэн. Тэгээд машинаас буугаад нэг нэгийгээ 1-2 удаа цохиод хүмүүс орилоод байхаар нь болиод би өөрийнхөө машинд ороод суусан. Баатархүү явлаа гээд гэр лүүгээ явсан ба удалгүй цагдаа нар ирээд надаас мэдүүлэг тайлбар авсан... Би Баатархүүгийн хөмсөг сэтэрсэн болон зүүн шанаа хууханд учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.44/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6745 дугаартай:
“1. Г.Баатархүүгийн биед зүүн хөмсгөнд шарх, доод уруулд шарх, дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүднүүдэд сулрал, зүүн шанаа хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.36/,
Шүүгдэгч А.Дгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.25-36/,
Хохирогч Г.Баатархүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.14/,
Шүүгдэгч А.Дгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.48/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.45/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.Д нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хотхоны 72 дугаар байрны гадна иргэн Г.Баатархүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа болон шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баатархүүгийн өгсөн: “... Д миний толгой хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Би буцаагаад Дгийн хацар нүүр лүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл Д машинаас буугаад архины шил гартаа бариад миний зүүн дээд хөмсөг рүү цохиод хөмсөг язарчихсан...” гэх мэдүүлэг /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Дийн яллагдагчаар өгсөн: “... Тэгтэл Баатархүү юм дуугаралгүй миний нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би уур хүрээд Баатархүүгийн машинд байсан архины шилийг аваад зүүн хөмсөг рүү нь цохиод сэтэлчихсэн. Тэгээд машинаас буугаад нэг нэгийгээ 1-2 удаа цохиод хүмүүс орилоод байхаар нь болиод би өөрийнхөө машинд ороод суусан. Баатархүү явлаа гээд гэр лүүгээ явсан ба удалгүй цагдаа нар ирээд надаас мэдүүлэг тайлбар авсан... Би Баатархүүгийн хөмсөг сэтэрсэн болон зүүн шанаа хууханд учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.44/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6745 дугаартай:
“1. Г.Баатархүүгийн биед зүүн хөмсгөнд шарх, доод уруулд шарх, дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүднүүдэд сулрал, зүүн шанаа хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
А.Дийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар А.Дийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.
Иймд шүүгдэгч А.Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Г.Баатархүү нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч А.Д энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч А.Дийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
А.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэх ээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт ЦДг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Дд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Баатархүү нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР