Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Г. Эрдэнэжаргал Улсын яллагч Б. Эрхэмбаяр Шүүгдэгч Д. Жадамба Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жадамбад холбогдох 2123000000172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 22-нд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Тайж овогт Даваажавын Жадамба, /Регистрийн дугаар: ИУ86042218/

Шүүгдэгч Д.Жадамба нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн нутаг “Хатуу” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр иргэн Ш.Цэрэндоржийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмдагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Тайж овогт Даваажавын Жадамба нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн нутаг “Хатуу” гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр иргэн Ш.Цэрэндоржийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Малаа бэлчээрээс хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ш.Цэрэндоржийн “...2020 оны 09 сарын 20-ын үеэр Хар зүсмийн сарлагийн 4-н настай гунжин үнээ алдсан. 2020 оны 10-н сард яг өдрөө санахгүй байна. Манай сумын Жадамба гэдэг хүн л тэр хавиас нэг үхэр ачуулж явсан гэсэн битүү сураг гараад байгаа юм яг ч баттай биш. Жадамба гэгч миний хохирлыг барагдуулаад өгье хүнд зарчихсан юм. Надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Д.Жадамба бэлчээрт нэг үхэр гаргасан талаар мэдүүлсэн гэрч Д.Сүх-Очирын “...Одонхүүтэй утсаар ярьсан чинь ... Жадамбынхаас идэшний үхэр авах гэсэн юм, машин бариад яваад өгөөч” гэхээр нь би Нэргүйн машиныг унаад Чагнаатай хамт Жадамбынх луу явж байсан чинь Жадамба хээр үхрээ тууж явж байхад нь очоод “харанхуй боллоо” гээд тэр газарт нь нөгөө өгсөн үхрийнх нь амийг нь Чагнаа таслаад машиндаа ачиж аваад сумын төв орж ирсэн. 20-н цагийн үед байх. Нэргүй буюу Шугарсүрэн гэдэг байхаа тэрний цагаан амбаартай “Бонго”-гоор ачиж ирж сумын төвд Одонхүүгийн хашаанд Нэргүй, Чагнаа бид 3 төхөөрсөн. Хар өнгийн сарлагийн гунжин үнээ л байсан. Им тамгыг нь анзаараагүй. Жадамба л үхрээсээ барьж өгсөн шүү дээ тэгээд тэнд нь хээр амийг нь тасалж орж ирээд л төхөөрч өгчхөөд явсан. Жадамбынд очих гэж яваад замдаа таараад тэгээд тэндээсээ нөгөө үхрээ амийг нь тасалж ачиж аваад л буцаад ирсэн. Жадамба тухайн үед нээх онц юм яриагүй Одонхүүгийнд нөгөө үхрээ зарж байгаа л гэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Т.Энх-Амгалангийн “...Одонхүүтэй таарсан чинь “би ажилтай болчхоод байдаг, Жадамбынхаас идэшний үхэр авах гэсэн юм” гэхээр нь би “машинаа муу унадаг” гэж хэлсэн чинь “өөр жолоочоор бариулаад явчихъя” гэхээр нь за тэгье гээд араас нь Одонхүүгийнд очоод байж байхад Чагнаа гэдэг залуу орж ирээд дараахан нь Сүх-очир гэдэг залуу орж ирээд тэгээд л бид 3 нөгөө үхрийг нь авахаар миний машинаар Сүх-Очир барьж яваад хээр Жадамба таараад үхрээ тууж ирээд нэг үхэр барьж авахаар нь нөгөө өгсөн үхрийг нь тэр газарт нь амийг нь Чагнаа гэгч таслаад машиндаа ачиж аваад 20-н цагийн үед байх сумын төв орж ирсэн. Хар өнгийн сарлагийн үхэр байсан им тамгыг нь анзаараагүй Жадамба л үхрээсээ барьж өгсөн. Жадамбынд очих гэж яваад замдаа таараад тэгээд тэндээсээ нөгөө үхрээ амийг нь тасалж ачиж аваад л буцаад ирсэн. Жадамба тухайн үед нээх онц юм яриагүй Одонхүүгийнд нөгөө үхрээ зарж байгаа л гэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Д.Жадамбаас авах өрөндөө үхэр авсан талаар мэдүүлсэн гэрч Б.Одонхүүгийн “...Би Жадамбад машин зарсны үлдэгдэл гээд мөнгө төгрөг авах авлагатай байсандаа “өвөл хүнсэнд гаргаад идэх үхэр өгчих” гээд тэгээд нэг өглөө “нөгөө үхрээ ирээд авчих” гээд ярихаар нь би өөрөө согтуу байсан болохоор Сүх-Очирыг гуйж Нэргүйн машиныг бариулаад найз Чагнаагийн хамт явуулж тэд нар Жадамбын үхрийг бэлчээр дээр нь амийг нь таслаад ирлээ гээд нэг хар үхэр авч ирж манай хашаанд гадаа гэрэл тавьж төхөөрөөд тэгээд л явцгаасан. Хар охин гунжин үнээ л байсан им тамга тэмдгийг нь ёстой анзаараагүй тэгээд хавар нөгөө үхрийн толгойг хогийн толгой дээр аваачаад хаячихсан. Тэр талаар ёстой мэдэхгүй. Нэг өглөө л үхрээ ирээд ав гэхээр нь хүн амьтан хайж байгаад л үдээс хойш Сүх-Очир, Нэргүй, Чагнаа 3-ыг явуулсан юм...” гэсэн мэдүүлгээр Ш.Цэрэндоржийн үхрийг бэлчээрээс хулгайлсан талаар мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Жадамбын үйлдлийн улмаас хохирогчид 900,000 төгрөгийн хохиучирсан нь Хөрөнгийн үнэлгээчин Хурд-Од ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ. Шүүгдэгчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бэлчээрээс бусдын 1 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.Жадамбыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Жадамба хохирогч Ш.Цэрэндоржид хохирол нөхөн төлсөн болох нь хохирогч Ш.Цэрэндоржийн хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол, саналгүй гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.Жадамбыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 02 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно. “ гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэж тус тус заасны дагуу шүүх энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Шүүгдэгч Д.Жадамба нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Даваажавын Жадамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Жадамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жил 02 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4. Шүүгдэгч Д.Жадамбад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ