Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2017/00022

 

 

 

 

 

Э.Даваанансалын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2017/00737 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Даваанансалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Цэрэндоржид холбогдох

“Хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байх үед үүссэн эд хөрөнгийн маргааны үнэ 6 950 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Даваанансал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 5 сард танилцаж 2016 оны 5 сар хүртэл хамтран амьдарсан. Бид амьдарч эхлэхэд аль аль нь ажилгүй, нүүрс зөөж зардаг, дундын хөрөнгө босгоход төрсөн ах, эгч нараасаа мөнгө зээлж машин унаа, малтай болох зорилгоор хоёр талаасаа олсон орлогоо нэг дансанд төвлөрүүлж хоёр ч машинтай, хашаатай болж байсан. Ц.Цэрэндоржийн аав ээж уламжлалт зан заншлын дагуу бэр гуйх ёслол үйлдэж хамтын амьдрал эхэлж байсан. Ц.Цэрэндоржийн буруутай үйлдлээс болж салсан.

Иймд төрсөн эгч болох Э.Сумъяажаваар 2013 оны 11-р сарын 20-нд 5 500 000 төгрөгийн цалингийн зээл авахуулж 1196 УНУ гэсэн улсын дугаартай "пронтэр" маркийн машин авсан. Үүний тал мөнгийг, миний төрсөн ах болох Э.Батсайханаас надад 500 000 төгрөгийг миний дансруу шилжүүлж байсан. Энэ мөнгөөр бид хоёр дээр нь мөнгө нэмээд 1 000 000 төгрөгт хашааны банз авчирч хашаагаа барьж байсан. 2015 оны 12-р сарын 22-ны өдөр Ц.Цэрэндоржийн дүү Ц.Гончигцэрэн нь байр авах гэж байна гээд ээж, аав хоёр нь мөнгө зээлээч гэхээр нь би хугацаатай хадгаламжийн дэвтрээ цуцлуулаад 1 800 000 төгрөгийг Ц.Цэрэндоржийн ээж болох н.Энхтуяагийн данс руу хийж байсан. Үүнээс 900 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2014 оны 4-р сард манай хамаатнаас "Истана" гэдэг машин зээлээр 6 000 000 төгрөгөөр авсан. Ц.Цэрэндоржийн аав болох н.Цогтбаяр нь цалингийн зээлтэй байсан ба нэмж 6 000 000 төгрөгийн зээл авч өгч байсан. Бид хоёр сар болгон 300 000 төгрөгийг н.Цогтбаяр гуайн цалингийн зээлэнд төлдөг байсан. 2015 оны 04-р сард авсан зээлээ нэг жилийн хугацаатай сард 300 000 төгрөг төлдөг байсан. Бид хоёр 2016 оны 05-р сард салсан гэж бодохоор 3 600 000 төгрөгийн 50 хувь болох 1 800 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай ах н.Батбилэг 2014 оны 07-р сарын 4-ний өдөр 1 000 000 төгрөгийг зээлсэн нийт 6 950 000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай ах эгч бид хоёрыг хөрөнгө босгох зорилгыг дэмжиж амьдралд туслалцаа үзүүлж байсан болохоос бэлэглээгүй буцаан төлөх ёстой юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 6 950 000 төгрөгийг нэхэмжилж байна. Зохигчид 2006 анх танилцаж хамтран амьдарч байсан. Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй. Бэр гуйсан гэж байгаа боловч үүнийг гэрлэсэн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд байгаа мөнгөнүүд нь үндэслэлгүй, тогтоох боломж байхгүй. Тухайн хугацаанд хариуцагчийн цалингийн карт нь Э.Даваанансалд байсан. Хариуцагчийн цалингаас нэхэмжлэгч 13-14 сая төгөрг хэрэглэсэн байдаг. Цалингийн зээл болох 2 750 000 төгрөгийг гаргуулна гэж байгаа. Уг цалингийн зээл төлөгдөөд дууссан байгаа. Хэн нь хэдэн төгрөг төлсөн талаарх баримт байхгүй. Төрсөн ах н.Батсайханы хашаа барихад оролцуулсан мөнгийг нэхэмжилнэ гэж байна. Ц.Цэрэндорж хашаа барьсан нь үнэн. Н.Батсайхан гэдэг хүний мөнгийг Э.Даваанансал нэхэмжлэх үндэслэл байхгүй. н.Батбилэгээс авсан 1 000 000 төгрөгийг гаргуулна гэж байна. н.Батбилэгээс хэн зээлж аваад, хэн хэрэглээд байна вэ. Ц.Цэрэндоржийн ээжид зээлсэн 1 800 000 төгрөгийн 50 хувь болох 900 000 төгрөг гаргуулна гэж байгаа баримт байгаа боловч дундын хадгаламжаа хаалгаад зээлүүлсэн. Хэний мөнгөөр бүтсэн данс вэ гэдгийг тогтоох шаардлагатай. Энэ мөнгийг төлөх боломжгүй. 2014 оны 4-р сард манай хамаатнаас "Стана" маркийн машин зээлээр 6 000 000 төгрөгөөр авсан. Ц.Цэрэндорж ажилдаа зориулж уг машиныг авсан уг машины эзэмшигч нь Э.Даваанансал байдаг. Яагаад гэвэл Э.Даваанансал хотын хаягтай учир Э.Даваанансалын нэр дээр авсан. Машины мөнгийг н.Цогтбаяр цалингийн зээл авч төлж барагдуулсан байдаг. Гэтэл бид 2 төлсөн гэж яриад байдаг. Ийм учраас эдгээр нэхэмжилж байгаа зүйл нь хуулийн шаардлага хангахгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: - Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 129 дүгээр зүйлийн 129.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Цэрэндоржоос дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийн үнэ 4 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Даваанансалд олгож, 2 750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 150 төгрөгийг "Төрийн сан"-ийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжпэлийн шаардлагыг хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 82 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Даваанансалд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах гомдолдоо: “Э.Даваанансалын нэхэмжлэлтэй Ц.Цэрэндоржид холбогдох 6.950.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Цэрэндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2017/00737 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т "Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 129 дүгээр зүйлийн 129.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Цэрэндоржоос дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийн үнэ 4.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Даваанансалд олгож..." гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамт амьдарч байсан 2 талын хүсэл зориг нь анхнаасаа гэр бүлийн харилцаатай байж хамт амьдрах зорилго байсан гэж үзвэл энэ хүсэл зоригоо баталгаажуулаагүй буюу гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр амьдарч байсныг гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцсонтой адилтгаж үзэх боломжтой юм.

Харин энэ тохиолдолд хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 108, 119, 487 дугаар зүйлүүдэд зааснаар зохицуулах хуулийн үндэслэлтэй байна" гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох болон түүнээс үүсэх үр дагаврыг нарын зохицуулсан байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т "Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцдог"

Нэхэмжлэгч Э.Даваанансал, хариуцагч Э.Цэрэндорж нар анхнаасаа гэрлэлтээ батлуулаагүй, гэрлэлтээ батлуулаагүй учраас Гэр бүлийн тухай хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэсэн зүйл байхгүй, шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр байхгүй байхад шүүх Э.Даваанансал, Ц.Цэрэндорж нарын гэрлэлтээ бүртгүүлэлгүй амьдарч байсныг гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцсонтой адилтган үзэх боломжтой гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д "гэр бүлийн харилцаатай хамт амьдарч эхэлснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд хамаарна" гэж зааснаар талуудын хооронд дундын эд хөрөнгө бий болсон байгаа ба хариуцагчийн татгалзал нь дээрх хуулийн зохицуулалтаар няцаагдаж байна” гэжээ.

Одоо мөрдөгдөж байгаа 2002 оны 1 сарын 10-ны өдрийн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т "гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө" гэж заасан байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар зохигчдын хамтран амьдарч эхэлснээс хойш бий болсон эд хөрөнгө гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай бөгөөд хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан зүйл, заалтын дагуу шийдвэрлэх ёстой.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т "гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон .бусад эд хөрөнгө" гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойшхи хугацаанд бий болсон хөрөнгө хамаардаг байтал шүүх өөрийн үзэмжээр гэр бүлийн харилцаатай хамт амьдарч эхэлснээс хойшхи хөрөнгө гэж тайлбарлажээ.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 129 дүгээр зүйлийн 129.4-д заасныг баримталж хариуцагчаас 4.200.000 төгрөг гаргуулсан байх бөгөөд 129 дүгээр зүйлийн 129.4-д заасан заалт нь гэрлэгчидээс бусад гэр бүлийн гишүүнд хамааралтай заалт бөгөөд гэр бүлийн дундыг өмчийг бий болгоход хөдөлмөр, хөрөнгөөрөө оролцсон гишүүд л тухайн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах үед гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг авах эрхтэй байна.

Мөн хуулийн 129.4-т заасан "гэр бүлийн гишүүн" гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн хүүхдүүд орохгүй, харин гэр бүлийн бусад гишүүн болон садангийн буюу гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, мөн ах, эгч, дүү, авга, нагац тэдгээрийн хүүхдүүд байж болох юм.

Шүүх дундын эд хөрөнгийг хуваахдаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн байх бөгөөд тус хуулинд Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, иинхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч Э.Даваанансалын нэхэмжилж буй төрсөн ах Э.Батсайхан 500.000 төгрөг өгсөн, энэ мөнгөн дээр 1.000.000 төгрөг нэмээд банз авсан гэх боловч тухайн мөнгө банз авахад оруулсан, Хадгаламжийн дэвтрээ хааж 1.800.000 төгрөгийг Цэрэндоржийн ээж Энхтуяад 900.000 төгрөг өгсөн, Истана машин 6.000.000 төгрөгөөр авсан уг мөнгийг Цэрэндоржийн аав Цогтбаяр цалингийн зээл авч авсан, уг мөнгийг бид 2 сар бүр Цогтбаярын дансанд хийдэг гэх боловч Цогтбаярын цалингаас дээрх мөнгийг авсан баримт байдаг бөгөөд уг мөнгийг хариуцагч Цэрэндоржийн аав Цогтбаяр өнөөдрийг хүртэл банкинд төлсөөр байгаа, ах Батбилэг 1.000.000 төгрөг зээлсэн энэ мөнгийг гаргуулна гэх боловч тухайн мөнгийг ямар зориулалтаар ашигласан, дундын өмч мөн гэдэг нь тогдоогдохгүй байхад шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан эсвэл Иргэний хуулинд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан гэдгийг ялгаж салгалгүйгээр, мөн Иргэний хуулиийн 108 дугаар зүйлд заасан дундын өмчлөлийн зүйл мөн эсэх, түүний эдийн засгийн үнэлгээг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн шүүхийн шийдвэр байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, үндэслэл тодорхой бус байхад тодруулах ажиллагаа хийхгүйгээр нэхэмжлэлийн заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрх зүйн үндэслэл тодорхой бус, тухайн маргаантай харилцаанд хэрэглэх хуулийг буруу хэрэглэсэнээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Даваанансал хариуцагч Ц.Цэрэндоржид холбогдуулан 6 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын утга агуулга нь бусдаас авах авлага, бусдад төлөх өр төлбөр байдлаар нэхэмжлэл болон түүний тайлбарт туссан байна.

Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ дундын өмчөөс үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалттай холбоотой Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэснээс гадна тухайн маргаанд хамааралгүй гэр бүлийн гишүүдийн дундын өмчийн харилцааг тусгайлан зохицуулсан Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсгийн заалтыг хамтран амьдрагч нарын дундын өмчийн маргаанд хамааруулан хэрэглэж, талуудын хооронд дундын эд хөрөнгө бий болсон гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн алдаа гэж үзнэ. Зохигчид нь хууль ёсны гэр бүл биш бөгөөд хамтын амьдралтай байсан байна.

Шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар нэхэмжлэгч хамтын амьдралтай байх үед бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг буюу үнийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн заримыг хангасан байх боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгад энэ талаар огт тусгагдаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйлийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон ямар эд хөрөнгө, түүнээс өөрт ногдох хэсэг, эсхүл үнийг гаргуулахаар нэхэмжилсэн болох нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгээгүй нь буруу байна.

Анхан шатны шүүх дээрх материаллаг хууль хэрэглээний алдаанаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн дараах алдааг гаргасан байна. Тухайлбал, Нэхэмжлэгч Э.Даваанансал 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Ц.Цэрэндоржийн аав Д.Цогтбаяр, өөрийн эгч болох Э.Сумъяажав нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх иргэний хэрэг үүсгэх үедээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар шийдвэрлээгүй, улмаар Э.Сумъяажавыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан, энэхүү ажиллагаандаа зохигчийг буруутгах байдлаар хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн заалтуудыг зөрчжээ.  

Түүнчлэн шүүх хуралдааныг шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2424 дугаар захирамжаар мөн өдрөө буюу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт хийхээр товлож мөн өдрөө шүүх хуралдааныг хийсэн байх ба, шүүх хуралдааны товыг энэ хугацаанаас өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зохигчдод мэдэгдсэн зэрэг нь хуульд нийцээгүй, ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэсэн заалт нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын мэтгэлцэх зарчмыг хангах, хэрэгжүүлэх зорилготой бөгөөд шүүх хэргийн оролцогчийн энэ эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй болно.

Шүүх хэргийн материал танилцуулах ажиллагааг нэхэмжлэгчид 2017.07.04, 2017.07.25-нд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 2017.07.24-нд, хариуцагчид 2017.06.14-нд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017.06.19, 2017.07.25-нд тус тус хийж, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөртөө шүүх хуралдаан хийсэн байгаагаас үзвэл зохигчийн мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзэх  боломжгүй байна.

         Давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд маргааны үйл баримт, нотлох баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж залруулах боломжгүй алдааг анхан шатны шүүх гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын шүүх хууль буруу хэрэглэсэн, шийдвэрийг хүчингүй болгуулах тухай үндэслэлийг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

                Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2017/00737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 57.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА                  

            ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР           

   Ц.ӨРНӨНДЭЛГЭР