Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 112/2018/0023/З |
Дугаар | 481 |
Огноо | 2020-07-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 481
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Г
Хариуцагч: ГААИТХ
Гуравдагч этгээд: Л.Б, Я.Э, Ж.Г, А.П, С.Х, М.Д, М.З, Д.Н, Ш.Н, Г.Б, Ж.А
Нэхэмжлэлийн шаардлага: “...” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Л.Б өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд 2018 оны 12-р сарын 02-ны өдрийн 11 цаг 40 минутад аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Я.Э, Л.Б нар аймгийн хурлын дарга Т.Г миний биеийг албан тушаалаас өөрчлөх тухай 5 заалт бүхий бичгийг ирүүлсэн. Тус бичиг нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхой нотлох баримтгүйгээр гүжирдсэн шинжтэй зүйл байсан бөгөөд тухайн бичгийн хариуг тус өдөрт нь албан бичгээр хүргүүлсэн. Монгол Улсын Засаг зхиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо судалгаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан.
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д Цаг хугацаааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гарван сараар, хоногийг хоин дөрвөн цагаар тоолно гэж заасан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хуралд асуудал санаачлан оруулах эрхтэй боловч тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан хугацааг баримталж буюу 1 хоногийн өмнө асуудлыг ИТХ-ын хуралдаан, намын бүлгийн хуралдаанд танилцуулах ёстой байсан боловч тус заалтыг зөрчиж хуралд асуудал оруулсан байна.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д Цагаар тогтоосон хугцаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна гэж заасан бөгөөд Я.Э, Л.Б нар нь хурал эхлэхээс 22 цаг 20 минутын өмнө асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд хүргүүлсэн нь 1 хоногийн өмнө гэж хуулийн хугацааг баримтлаагүй, хууль зөрчсөн үйлдэл юм. Хуульд тодорхой заасан заалт байхад түүнийг зөрчиж хуралдсан тус хурлын шийдэр нь хууль бус гэж үзэж байна. Иймд аймгийн 2018 оны 12 дугаар сарын 03-05ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаанаас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хууль бусаар харалдаж, процессын алдаатай гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас даргыг чөлөөлөх тухай 04 тоот тогтоол гарсан байдаг. Уг тогтоолд Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Г ажлаас нь чөлөөлсүгэй, мөн 05 тоот тогтоолоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Л.Б томилсугай гэсэн тогтоол гарсан. 06 тоот тогтоолоор нийт төлөөлөгчдийн гарын үсгээр хүмүүсийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан тушаалуудад шинээр сонгож батласан гэх 3 эрх зүйн акт гарсан. Энэ актууд нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээг тогтоосон эрх зүйн актууд юм.
…. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *******ийн ажил, үүргээс чөлөөлсөн 04 дүгээр тогтоол, мөн өдрийн Л.Б Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр сонгосон 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгон *******ийг Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. 1. “... ИТХ, ИТХ-ын дарга...” гэсэн нэртэй захиргааны байгууллага, албан тушаалтан аймагт байхгүй. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээрзүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. 3. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар авч хэлэлцсэн асуудал, хэлэлцэх гэж байгаа асуудлыг Захиргааны хэргийн шүүх дахин авч хэлэлцэх, маргаан үүсгэх хууль байхгүй. Ямар асуудал авч хэлэлцэх нь ИТХурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өөрийнх нь дотоод асуудал. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт биш. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх хэрэг биш. 4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Я.Э, Л.Б нарын ирүүлсэн санал, дүгнэлтийг иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба 1 хоногийн өмнө хүлээн аваад хариу өгсөн байна. Энэ нь Я.Э, Л.Б нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 72.6, 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл хийсэн гэдгийг нотлохгүй. Захиргааны хэргийн шүүх эдгээр хуулийн хянан хэлэлцэх шүүхийн харьяалал байхгүй. Т.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Т.Г нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөчийн хуралд холбогдох хэрэгт нэхэмжлэгч Т.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.Үүнд: Нэхэмжлэгч Т.Г Захиргааны хэргийн шүүхэд тус шүүхийн харьяаллын бус ”ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгүүлэх” зэрэг нэхэмжлэлийг гаргасан байна. Мөн хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б гэж буруу тодорхойлжээ. Захиргааны хэргийн шүүх ямар нэхэмжлэлийн шаардлага хянан хэлэлцэх, ямар шийдвэр гаргах талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 106 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Хуулинд нэхэмжлэлийг хэсэгчлэн буцаана гэсэн заалт байхгүй учир Т.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 54.2 дахь хэсэгт тус тус зааснаар хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг буцааж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Г нь Захиргааны хэргийн шүүхийн биш Иргэний хэргийн шүүхийн харьяалалтай нэхэмжлэлийг гаргасан байх тул Т.Г гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 54.2 дахь хэсэгт зааснаар буцааж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Эрдэнэбатын “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцааж өгнө үү” гэсэн тайлбар хүсэлтийг дэмжиж байна” гэжээ.
Гуравдагч этгээд *******, Я.Э, Г.Б, Д.Н, Ж.А, М.З, С.Хишигжаргал нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Я.Э, Л.Б нар аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд Т.*******ийг албан тушаалаас нь өөрчлөх тухай санал асуудлаа бичгээр 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 40 минутад ирүүлсэн. Уг санал асуудал тэргүүлэгч, төлөөлөгч надад тараагдаж ирсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол хуралдаж, хуралдаанаар олонхийн саналаар хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тийм учраас Төлөөлөгч Я.Э, Л.Б нарын оруулж ирсэн саналыг хэлэлцэж “зохион байгуулалтын асуудал” нэртэйгээр хэлэлцэх асуудлын 3 дугаарт оруулж хэлэлцэхээр тогтсон. Уг асуудлаар санал хураалгах асуудлыг Т.Г өөрөө хуралдаан даргалагчийн хувьд ярьж хэлэлцүүлж, зохион байгуулж, олонхийн “хэлэлцэе” гэсэн шийдвэрийг дэмжиж оролцсон. Энэ тухай бичгийн нотлох баримт Хуралдааны тэмдэглэлд буюу хавтаст хэргийн 1-р хавтасны 54-61 дүгээр хуудсанд авагдсан байна.
Т.Г “.. хуралдаан болохоос 1 хоногийн өмнө өгөөгүй тараагдаагүй” гэсэн асуудлыг Иргэний хуулиар биш харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар 33.3 дахь хэсэгт шүүх шийднэ гэж бодож байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан 1 хоногийн өмнө гэсэн шаардлага хангагдсан гэж үзэж байна.
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016.12.05-ны өдрийн Хуралдааны нийтлэг батлах тухай 12 дугаартай тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т “Хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлыг танилцуулж хуралдаанаа хуралдаанаар хэлэлцэх эсэхийг төлөөлөгчдийн олонхийн саналаар батлуулна” гэж заасны дагуу Хурлын төлөөлөгчийн “Хурлын дарга Т.Г оролцуулах асуудлыг хэлэлцэх үед хуралдааныг даргалуулах эсэх” талаар санал гаргаж, санал хурааж төлөөлөгчдийн олонхийн саналаар Хурлын дарга Т.Гогцруулах асуудлыг хэлэлцэхэд уг хуралдааныг даргалуулахгүй байхаар тогтсон. Тийм учраас Хуралдааныг Хурлын тэргүүлэгч төлөөлөгч Г.Ч даргалж явуулсан.
Хуралдаанаар даргалагч Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 6 дугаар хуралдааны дэгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу дэгээ тогтоож хэлэлцэх асуудлуудаа тогтоод Хуралдаан үргэлжлэн явагдсан.
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хуралдаанаас 04 тоот тогтоол гаргаж Т.Г аймгийн ИТХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлсөн. МАН-ын бүлгээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад нэг төлөөлөгчийн буюу төлөөлөгч Л.Б нэрийг дэвшүүлсэн. Бусад бүлэг, төлөөлөгчөөс өөрийн болон бусад бүлэг, төлөөлөгчөөс өөрийн болон бусад хүний нэрийг дэвшүүлээгүй.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц саналт хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасны дагуу саналыг илээр хурааж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хуралдаанаас 05 тоот тогтоол хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчдийн санал буюу 52,84 хувийн саналаар дэвшигч Л.Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт заасны дагуу хуралдаанд зориудаар оролцоогүй орхиж гарсан санал хураалтанд оролцоогүй төлөөлөгчдийн хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулсан.
Хурлын даргыг сонгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 хэсгийн “Б” заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 25.1, 25.2 дахь хэсгийг тус тус баримталсан болно.
Шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын дарга Л.Б Хуралдааныг цаашид 4-р асуудлаасаа эхэлж даргалж Хурлын Тэргүүлэгчдийг ... нарын бүрэлдэхүүнтэй байхаар хэлэлцүүлж төлөөлөгчдийн олонхын саналаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг 06 тоот Хурлын тогтоол гаргаж баталгаажуулсан. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Л.Б дарга 4 дүгээр асуудлаас эхлээд хуралдаанаа даргалаад асуудлаа хэлэлцүүлээд батлаад явсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 64 дүгээр зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр ззүйлийн 24.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар 5 төлөөлөгчийн санал дүгнэлт хуралдаанаас 1 хоногийн өмнө төлөөлөгчдөд тараагдсан байгаа.
Хуралдааны цаг хугацааны тухайд тухайн хуралдаанаас тогтоож баталсан дэгийн дагуу явагдсан. Нууцаар эсхүл цаг хожимдсон зүйл байхгүй. Олонхын баталсан дэгийн дагуу явагдсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Г огцоруулах асуудал 3 дээр хэлэлцэхээр баталж тогтоосон учир өөрийнх нь асуудлыг хэлэлцэх учраас Хуралдааныг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар Хурлын дарга *******ийн санал болгосноор Тэргүүлэгчдын бүрэлдэхүүнд орсон тэргүүлэгч Б.Ч даргалуулахаар тогтсон. Хуралдаанаас гарсан 04, 05, 06 дугаартай тогтоолуудыг Хурал хуралдаж байж өөрөө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох хуультай. Түүнээс биш иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, дарга, Ажлын алба хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй.
Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага буруу гэж үзэж байна. Т.Г нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Т.Г Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 12 сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургадугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын илтгэл, илтгэгчийг баталсны дараа тус хурлын төлөөлөгч Л.Б, Я.Э, Ж.Г, А.П, С.Х нараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг өөрчлөх тухай” 11 дугаар албан бичиг хүргүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 40 минутад хүлээн авчээ.
Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургадугаар хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 48 минутад Хурлын дарга Т.******* нээж, хэлэлцэх асуудалдаа “зохион байгуулалтын асуудал” оруулж баталсан болох нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Ийнхүү хурлын төлөөлөгч нар олонхийн саналаар хэлэлцэх асуудлаа оруулан баталсан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 12.1.4-д “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 10.1.1.төрийн улс төрийн албан тушаал; 10.1.2.төрийн захиргааны албан тушаал; 10.1.3.төрийн тусгай албан тушаал; 10.1.4.төрийн үйлчилгээний албан тушаал.” гэж төрийн албан тушаалыг ангилсан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна: …” 11.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолд Хурлын даргыг улсын төрийн албан хаагчид хамааруулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурлын дарга нь улсын төрийн албан тушаалтан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгуулийн дүнд сонгогдсон төлөөлөгч нар дундаасаа Хурлын даргыг сонгох, өөрчлөх эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар: … б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх; 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...” гэж хуульчлан заасан байна.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэвэл Хурлын даргыг өөрчлөх нь Хуралд олгосон онцгой бүрэн эрх бөгөөд Хурлын төлөөлөгчид хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд олонхийн саналаар Хурлын даргыг өөрчилснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Г Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 12 сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.1-ийн “б”, 19 дүгээр зүйлийн 19.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Г Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН