Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0420

 

“Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210201507 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “2012 оны 05 дугаар сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ныг дуусталх хугацааны шалгалтыг хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-н экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнд албан татварын тэг хувь хэмжээг хэрэглэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байхаар заасан ба тус компанийн /төмрийн хүдэр хайх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй/ хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтын хасалтыг хасч тооцох боломжгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний борлуулалтад татварын хэрхэн ногдуулахыг, мөн хуулийн 12.1.7, 13.1.16-д зааж өгсөн ба хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлоготой ажиллаагүй тохиолдолд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй.

1. Хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж буй тохиолдолд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-д заасны дагуу хайгуулын болон олборлолтын явцад хийсэн худалдан авалтын хасалтыг хийхгүй.

2. Хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ байх тохиолдолд хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүн гарч ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн буюу хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэлэн зарсан, эсвэл эцсийн үр дүн гарч хайгуулын үйл ажиллагаа дуусгавар болсноор худалдан авалтын хасалтыг хийх нь зүйтэй байна” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хүчингүй болсон/ 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг тус тус баримтлан Гааль, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №210201507 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр давж заалдах гомдолдоо: “1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай

Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс 2014, 2015 онд гаргасан актуудаар “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлсөн нийт 243,898,654 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах эрхтэй гэж тогтоосон бол Гааль, татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын 210201507 дугаар актаар 243,898,654 төгрөгийн буцаан авах боломжгүй буюу “0” төгрөг болгож, нэг тохиолдолд дээр хоёр өөр утга агуулга бүхий улсын байцаагчийн актуудыг гаргасан. Үүнийгээ Гааль, татварын ерөнхий газрын улсын байцаагч нар нь “... Гааль, татварын ерөнхий газрын улсын байцаагч нь аймаг, дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалттай холбоотой асуудлаар нэг бол нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг олгох эсхүл 0 төгрөгөөр баталгаажуулах гэсэн 2 төрлийн акт гаргадаг. “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн хувьд буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсан нь тус компани 243,898,654 төгрөгийг ирээдүйд төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасуулах эрхийг хязгаарлахгүй” гэсэн утга, агуулгатай тайлбарыг хийдэг.

Гааль, татварын ерөнхий газрын улсын байцаагч нар нь дээрх тайлбараараа үндсэндээ манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг боловч дээрх тайлбар нь холбогдох хууль, тогтоомжид нийцдэггүй болно.

Тухайлбал, “... буцаан авах, эсхүл “0” төгрөгөөр баталгаажуулах гэсэн хоёр төрлийн акт үйлддэг” гэх тайлбарын тухайд “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-д зааснаар заавал дээрх хоёр төрлийн актын аль нэгийг гаргана гэсэн зохицуулалт байхгүй юм. Харин, “...243,898,654 төгрөгийг ирээдүйд төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасуулах эрхийг хязгаарлахгүй” гэх тайлбарын тухайд, Гааль, татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын 210201507 дугаар акт хуулийн хүчин төгөлдөр болсноор 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн “0” төгрөгөөр тооцогдох буюу тухайн актад дурдсан хугацаанд хамаарах тус компанийн нэгэнт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг ирээдүйд төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасуулах эрхийг шууд хязгаарлах үр дагаврыг бий болгоно. Өөрөөр хэлбэл, Гааль, татварын ерөнхий газрын улсын байцаагч нар нь тус компанийн нэгэнт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг “0” төгрөгөөр баталгаажуулсан нь үндсээрээ буруу бөгөөд татварын байгууллага өөрөө босоо удирдлагатай болохын хувьд Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч нарын 190008763, 190014768 дугаар актуудыг хүчингүй болгох нь зүйд нийцэх байсан. Гэтэл, энэ асуудлаар Гааль, татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нэмж акт үйлдэж, нэг тохиолдолд дээр гурван акт өнөөдрийн байдлаар хүчинтэй байна.

2. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох тухай

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... 2014 онд худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын болон орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн татварт шилжүүлэн тооцуулах эрхтэй” гэж дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүх ийнхүү дүгнэсэн нь шүүх өөрөө “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 70 дугаар зүйлийг зөрчсөн хэрэг болсон бөгөөд шүүх өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн буюу маргаан бүхий захиргааны актын утга, агуулга, үйлчлэлийн хүрээг тогтоосон явдал болсон. Хуульд зааснаар Шүүх зөвхөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, шинээр акт гаргахыг даалгах зэрэг эрхтэй болохоос маргаан бүхий захиргааны актыг тайлбарлах, өөрчлөх, найруулах, засах гэх мэт боломж байхгүй билээ. Түүнчлэн анхан шатны шүүх “... улсын болон орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн татварт шилжүүлэн тооцуулах эрхтэй” хэмээн хуульд заасан “буцаан авах” эрхийг хасаж дурдсан нь тус компанийн эрхийг хязгаарлаж, хумьсан хэлбэр гэж бид үзэж байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь эрх зүйн үр дагавар бий болгох бөгөөд үндэслэх хэсэг нь тухайн хэргийг шүүх хэрхэн үнэлж дүгнэснийг нотлох болохоос эрх зүйн үр дагавар үүсгэхгүй билээ.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустлах хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгаж төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 243898654 төгрөгөөр баталгаажуулсныг Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нар нягтлан шалгаж 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210201507 дугаар актаар “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр баталгаажуулжээ.

Ийнхүү баталгаажуулсан үндэслэлийг актад “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх татвараас хасдаг” гэж тусгасан.[1] Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.4.3 /энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортлосон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ/-д нэхэмжлэгч компанийг шууд хамааруулж нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь тухайн 2006 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д мөн хуулийн 12.1.17 /экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн/-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан бөгөөд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч компанийг хуулийн энэхүү зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д тодорхойлсон ашигт малтмал хайх буюу эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулж байсан, цаашид ашигт малтмал олборлож уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч компанийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулсан гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4.3-д заасан үндэслэлээр маргаан бүхий актыг үйлдсэн нь буруу байна.

Хариуцагч нараас шүүхэд “хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж буй тохиолдолд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-д заасны дагуу хайгуулын болон олборлолтын явцад хийсэн худалдан авалтын хасалтыг хийхгүй, харин нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ байх тохиолдолд хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүн гарч ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн буюу хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэлэн зарсан, эсвэл эцсийн үр дүн гарч хайгуулын үйл ажиллагаа дуусгавар болсноор худалдан авалтыг хасалтыг хийх нь зүйтэй” гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

Үүнээс гадна “Эрдэнэс-Эрдэнэс” ХХК-ийн тухайд Ашигт малтмалын газраас Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр авснаар[2] хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан талбайдаа ашигт малтмал ашиглах буюу Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д тодорхойлсноор ашигт малтмал олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг явуулах боломжтой болжээ.

Тодруулбал, хариуцагч улсын байцаагч нарыг маргаан бүхий актыг гаргахаас буюу 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож бодит байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ.

Энэ тохиолдолд маргаан бүхий акт хүчинтэй үлдсэнээр хариуцагч нарын тайлбарт дурдсанчлан “нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ байх тохиолдолд хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүн гарч ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн буюу хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэлэн зарсан, эсвэл эцсийн үр дүн гарч хайгуулын үйл ажиллагаа дуусгавар болсноор худалдан авалтын хасалтыг хийх” боломжгүй болох бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган маргаан бүхий актыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-д заасныг баримтлан Гааль, татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Баатархүү, Б.Төгсжаргал нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210201507 дугаар актыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Д.БАТБААТАР