Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/225

 

                                

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч Б.Халиун, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр

нарийн бичгийн дарга Б.Номинзул

улсын яллагч Г.Ууганбаатар

хохирогч А.Р

иргэдийн төлөөлөгч Б.Оюунтунгалаг

шүүгдэгч У.М, түүний өмгөлөгч Б.Эрдэнэболор, Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1911 0114 10857 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 28-ны өдөр  Сэлэнгэ аймагт  төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,

Холбогдсон хэргийн талаар:

У.М нь 2019 оны 4 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын …....... тоотод А.Рг гэрт орж ирлээ гэх шалтгаанаар хэвлийн тус газарт нь хутгалж А.Ргийн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэс, өрц гэмтээсэн шарх бүхий гэмтэл учруулж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч А.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.....” гэв.

Хохирогч  А.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үдээс өмнө би Чингэлтэй дүүргийн ….... дугаар хороо зурагтад амьдардаг найз Аын гэрт очсон. Тухайн үед А эхнэр Ятайгаа хамт байсан бөгөөд бид гурав том савтай пиво хувааж уусан. Бид 3 ууж байхад Я өөрийн найз М-г дуудсан. Удалгүй У.М бид 4 нийлж том савтай пиво хувааж ууцгаасан. Яг хэдэн пиво ууснаа санахгүй байна. Аын гэрт байхад М бид хоёр бие биедээ таалагдаад үнсэлцсэн. Тэгээд байж байтал У.М юм хэлэхгүй гараад явчихаар нь би араас нь дагаж Аын гэртэй ойролцоо байх тэдний гэрт очоод түүнийг чи яагаад хэлж ярихгүй явчихваа гэтэл У.М гэнэт нэг юм шүүрч аваад миний зүүн далны доод хэсэг рүү цохих шиг болсон. Тэр даруй миний цохиулсан хэсгээс цус гартал У.М би чамайг хутгалчихлаа цагдаа дуудъя гээд гарсан. Удалгүй эмнэлэг ирэд намайг авч явсан ...би түүнтэй огт маргалдаагүй ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ”

“...одоо ямар нэгэн өвчин зовиургүй бүрэн эдгэрсэн. ...надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 16-р хуудас/

Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 1 цаг өнгөрч байтал гаднаас хүн орж ирээд ахаа гэрлээ асаагаарай гэсэн. Тэгээд гэрэлээ асаасан чинь манай хүү Аын найз Р гэдэг залуу ороод ирчихсэн зогсож байсан бөгөөд согтуу, хувцасны урд талын хэсэг болон өмд нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгэхээр нь өөрөөс нь юу болсон талаар асуухад юу ч хэлэхгүй байсан. Тэгээд цамцыг нь татаад үзсэн чинь зүүн суганы доод хэсэгт 2 см орчим зүсэгдсэн, цус нь бараг тогтчихсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/

Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 4 дүгээр сарын 04-ны өглөөний 07-08 цагийн орчимд хамтран амьдрагч Яын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ….. тоотод өөрийн түр оршин сууж байгаа гэртээ байхад гаднаас манай нутгийн багын найз А.Р ирсэн. А.Р аймгаас орж ирээд 2 хонож байна гээд манайхаар ирсэн ба бид  хоёр уулзсаных гээд нэг шил 500 граммын экс нэртэй архи, нэг том савтай пиво авчираад хувааж уугад ярьж суусан. Өдөр 14-15 цагийн орчимд би унтсан. Орой 19 цагийн орчимд А.Р намайг сэрээсэн. Би А.Ргээс эхнэрээ хаачсан талаар асуухад чамайг унтсан хойгуур Яын найз У.М ирээд бид гурав энд үлдсэн жоохон юм аа уугаад үргэлжлүүлээд М-н гэрт очсон. Тэднийд очиж дахин нэг том савтай пиво уугаад ирлээ. Я, М хоёр үлдсэн гэж байсан. Тэгэхээр нь би М-н утас руу нь залгахад бид хоёр манайд байна чи хүрээд ир бид хоёр автобусны буудал дээр хүлээж байя гэсэн. Би А.Ртэй хамт гэрээс гараад явж байтал зурагтын шинэ эцсийн буудал дээр Я, У.М хоёр зосгож байсан. Бид дөрөв уулзаад буцаад манай гэрт ирсэн. Гэрт ирчихээд байж байтал А.Р  дөрвүүлээ гарч караоке оръё, У.М дуулмаар байна гэнэ гэхээр нь зөвшөөрч бид дөрөв зурагтын шинэ эцэст байрлах нийтийн караокед нэг цаг дуулж тус бүр нэг лааз пиво уугаад орой 22 цагийн орчим буцаж манай гэрт очсон. Гэр рүү орох үед У.М, Р нар гадаа үлдсэн ба араас орж ирэхдээ А.Р нь 1 том савтай пиво, 1 шил архи /хэмжээг нь санахгүй байна гэх/ барьчихсан орж ирсэн. Ингээд бид дөрөв уг архи пивоо уусан. Архи ууж байх үед У.М, Р нар хоорондоо үнсэлцээд л, нэг нэгнийгээ үнсээд У.М нь Ргийнхээ өвөр дээр суучихсан их л дотно сууцгааж байсан. Тэр хоёроос манайд хоноод явах юм уу гэж асуухад хоёулаа хононо гэж байсан. Тэгээд би ууж байгаад унтчихсан байсан. Шөнө 3 цагийн орчимд унтаж байхад гэрт манай аав Ц орж ирээд, найз Р чинь хүнд хутгалалуулчихсан байна. Би эмнэлэгт хүргэж өглөө та нар чинь архи дарс уусан юм уу гээд ороод ирсэн. Би тэр шөнөө гаралгүй гэртээ унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 4 дүгээр сарны 05-ны өглөө 9 цагийн орчим ГССҮТ-д очиж А.Р дээр очоод болсон асуудлыг асуухад өчигдөр би тасарчихсан нэг мэдэхэд У.М-н гэрт хоорондоо юм яриад сууж байсан. Тухайн үед түүний бие тааруу байсан учир би хамаагүй юм асуугаагүй. Тэр өдрөө У.Мт-ай уулзаад болсон асуудлыг асуухад шөнө би гэр рүүгээ явтал араас Р дагаж ирээд гэрт ороод ирэхээр нь би айсан хутгалчихсан юм гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Гэрч Ч.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 4 дүгээр сарын 04-ны өглөө 9 цаг өнгөрч байхад би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын …........ тоот найз залуу Аынхаа хамт байхад гаднаас Аын нутгынх нь найз Р ирсэн. Р нь ирэхдээ архи, пиво барьчихсан ирсэн. Тэр хоёр гэрт ууж үлдээд би 09:50 цагийн орчимд ажилдаа явсан. Өдөр 11 цагийн орчимд би буцаж иртэл А, Р хоёр согтчихсон А унтаж байсан. Р сэрүүн байсан. Тэр үед би өөрийн найз У.М руу залгаад юу хийж байна гэтэл хийсэн юмгүй ээ гэртээ ганцаараа байна гэхээр нь би түүнийг хүрээд ир гэж хэлээд дуудсан. У.М утсаар ярьснаас 30 орчим минутын дараа хүрээд ирсэн. У.М ирээд Ртэй хамт пиво уусан. Өдөр 14 цагийн орчим У.М надад хандаж хоёулаа манай гэр рүү орчихоод ирье гэсэн. Бид хоёр Рг үлдээгээд манайхаас ойрхон нийтийн байранд У.М-ы гэрт очсон. У.М-ы гэрт ороод бид хоёр хийсэн юмгүй зүгээр юм ярьж сууж байтал 19-20 цагийн орчимд манай найз залуу У.М руу залгаад хаана байна гээд яриад байх шиг байсан. Утсаар ярьж дуусаад У.М бид хоёр гаръя гээд гараад алхаж байтал зурагтын шинэ эцэст А, Р нартай таарсан. Тэгтэл У.М караоке орно гээд байсан. Уг саналыг Р зөвшөөрөөд хэдүүлээ караоке оръё гээд бид дөрөв зурагтын эцэст байрлах А нэртэй караокед ороод 1 цаг орчим дуулаад нэг нэг лааз пиво уугаад гарцгаасан. Уг караокеноос гарахад У.М надад хандаж танайд хоночихъё гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд бид 4 такси бариад буцаад Аын гэрт ирсэн. А бид хоёр дотогшоо ороод У.М, Р нар таксинд үлдсэн. Удалгүй гаднаас тэр хоёр архи пиво барьчихсан орж ирсэн. Тэр үед А унтчихсан ба Р, У.М бид гурав хувааж уусан. Тэгээд миний нойр хүрээд байхаар нь би тэр хоёрт ор засаж өгчихөөд унтчихсан. Шөнө 12 цагийн үед би сэртэл У.М хувцасаа өмсөөд гараад явж байсан. Би дотроо түүнийг бие засах гэж байгаа юм байх гэж бодтол У.М орж ирэхгүй болохоор нь би түүнийг гэр рүүгээ явчихрлаа гэж бодсон. Тэгтэл удалгүй араас нь 10 орчим минутын дараа Р хувцасаа өмсөхөөр нь би хаашаа явж байгааг нь асуутал шээчихээд ороод ирье гээд гарсан. Тэгээд би унтчихсан. Тэгтэл шөнө 03-04 цагийн орчимд гаднаас Аын аав Ц нь орж ирээд сая Р хутгалуулчихсан орж ирээд би эмнэлэгт хүргэж өглөө гэж хэлсэн. Тэр шөнөдөө А бид хоёр гэртээ хоносон. Маргааш нь би У.М-тай уулзаад болсон асуудлыг асуухад найз нь юу болсоноо сайн мэдэхгүй байна гээд байсан. ...Хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй, энгийн найрсаг л харилцаатай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/

Гэрч С.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-…... тоот нийтийн байранд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 04-өөс 5-нд шилжих шөнө 23 цагийн үед манай хажуу 3 тоот өрөөнд хүмүүс архидаад 00 цаг өнгөрч байхад эмэгтэй нь орилоод хүн зодлоо гэх шиг болоод орилоод байсан. Тэгэхээр нь байрны эзэн рүү залгаад манай хажуу талын айл 3 тоот өрөөнд хүмүүс зодолдоод байна гэсэн. Тэгээд чагнаад хэвтэж байтал орилж байсан хүмүүс дуу нь намдаа гадаа машин ирээд явчих шиг болсон. Тэгээд 00 цаг 40 минутын үед ирээд энд юу болсон  юм бэ гэхээр нь хүмүүс орилоод зодолдож байгаад гараад явчихлаа гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/

Гэрч У.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2014 онд Мөнхсайхан гэх залуутай үерхэж байгаад жирэмсэн болоод 2015 онд ээж болоод Завхан аймаг руу нөхөр хүүхдийнхээ хамт явж тэндээ амьдарсан. 2017 онд Завхан аймагтаа хуримаа хийсэн. Дүү маань надтай утсаар ярихдаа хааяаа нэг уулзахдаа нөхрийгөө их архи ууж байна, намайг зодож байна гэж хэлж ярьдаг байсан бөгөөд 2018 онд нөхрөөсөө салаад нөхөр хүүхдээ Завхан аймагтаа үлдээгээд өөрөө хот руу ороод ирсэн. Нөхрөөсөө салснаасаа хойш энд тэнд хаана байгаа нь мэдэгдэхгүй хэсэг явсан. ...2019 оны 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна шөнө 01-02 цагийн орчимд У.М над руу согтуу залгаад би хүн хутгалчихлаа та намайг ирээд авчихаач гэхээр нь би нялх хүүхдээ хараад очиж чадахгүй нь гэхэд утсаа салгаад л таг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний Дугаар 4610 тоот дүгнэлт: “1. А.Ргийн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэс, өрц гэмтээсэн шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-р хуудас/

            Хохирогч А.Ргийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 53-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10-р хуудас/

Шүүгдэгч У.М-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 51-р хуудас/

            Шүүгдэгч У.М-н төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 78-р хуудас/

Шүүгдэгч У.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч У.М нь согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ….. тоотод байрлах нийтийн байранд хохирогч А.Рг хэвлийн тус газарт нь хутгалж хүний биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэс, өрц гэмтээсэн шарх бүхий гэмтэл учруулж, хутгыг зэвсэг болгон хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч  А.Р, гэрч Ч.Ц, Ц.А, Ч.Я, У.У, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний Дугаар 4610 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч У.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-1…. тоотод байрлах нийтийн байранд хохирогч А.Ртэй эд мөрийн баримтаар тооцох тогтоолд дурьдагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт биет байдлаар шинжлэн судласан 20 см ажлын хэсэгтэй, 14 см урттай хөх өнгийн иштэй хутгыг зэвсэг болгон ашиглаж хохирогч А.Ргийн хэвлийн тус газарт нь хутгалж хохирогчийн биед бүдүүн гэдэс, өрц гэмтээсэн шарх бүхий бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, У.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ. Шүүгдэгч У.М-н бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан хутга нь аливаа биетийг устгах, гэмтээх зориулалт бүхий эд зүйл байх тул зэвсэг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.М нь А.Ргээс айсан учраас түүний эсрэг хутгыг зэвсэг болгон хэрэглэж халдлага үйлдсэн талаар мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэжээ. Аргагүй хамгаалалт нь өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, гэмт этгээдийн эсрэг түүний хууль бус үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж таслан зогсоодог үйлдэл юм. Аргагүй хамгаалалтыг Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, үйлдэл мөн гэж үзнэ. Аргагүй хамгаалалтанд тооцохдоо тухайн мөчид эрүүгийн хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг довтолгоон бодитой, довтолгоон нь зогсоогүй үргэлжилсэн шинжтэй байхыг шаардана. Аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үнэлж, дүгнэхэд хохирогч А.Р нь шүүгдэгч У.М-н амь нас, эрүүл мэндийн эсрэг буюу түүний эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдсан аливаа халдлага хийгдсэн болох нь нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч У.М-н хувьд хохирогч А.Ргээс айсан учраас түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй, худал хамгаалалт буюу магадгүй гэж хийсэн, хэрэг дээрээ халдлага байхгүй нөхцөл байдал байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд У.М-н үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүгдэгч У.М-н үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах талаар өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, өмгөөллийн тайлбар үндэслэлгүй байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээ, хязгаарын дотор шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Прокуророос У.М-н үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч У.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.Р нь  мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “...ямар нэгэн өвчин зовиургүй бүрэн эдгэрсэн. ...надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч У.М нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар У.М нь 2014 оны 9 дүгээр сарын 28-нд өөрийн охин болох Мөнхсайхан овогтой Гоомаралыг төрүүлсэн байна.

Гэрч У.У мөрдөн шалгах ажиллагааны үед  “2015 онд ээж болоод Завхан аймаг руу нөхөр хүүхдийнхээ хамт явж тэндээ амьдарсан. 2017 онд Завхан аймагтаа хуримаа хийсэн. Дүү маань надтай утсаар ярихдаа хааяаа нэг уулзахдаа нөхрийгөө их архи ууж байна, намайг зодож байна гэж хэлж ярьдаг байсан бөгөөд 2018 онд нөхрөөсөө салаад нөхөр хүүхдээ Завхан аймагтаа үлдээгээд өөрөө хот руу ороод ирсэн” гэж мэдүүлсэн буюу У.М-н охин болон М.Гоомарал нь  өөрийн төрсөн эцгийн асрамжид байх тул бага насны хүүхэд болох М. Гоомаралыг асран хамгаалах этгээдийг тогтоох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч У.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлсэн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч У.М нь урьд гэмт хэрэгт холбогдож ял, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн мөчид гэнэт үүссэн шууд санаатай гэм буруугийн хэлбэртэйгээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүнд хохирол учруулсан, урьдын өс хонзон, гэмт санаа бодол урьдаас үүсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч У.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл, хор уршгийн шинж чА зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.

Прокуророос гаргасан саналыг үндэслэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн  20 см ажлын хэсэгтэй, 14 см урттай хөх өнгийн иштэй 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч У.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтанд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар шүүгдэгч У.М-г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч У.М-н бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урт, ажлын хэсгийн урт 14 см, хөх өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай.
  6. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч У.М-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.М-д урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ГАЛБАДАР


                  ШҮҮГЧИД                                  Б.ХАЛИУН


                                                                      С.БАТГЭРЭЛ