Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 302

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын  06 өдөр               Дугаар 129/ШШ2017/0302                   Эрдэнэбулган сум

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Яшилтад оршин суух Яшилт овгийн Аръяажавын Уранцэцэг /РД:АА63030801/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.     

                                

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А.Уранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Уранцэцэг би 1963 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би анх 1981 оны 07 сараас 10-ны өдрөөс эхлэн Батцэнгэл сумын Ахуйн үйлчилгээнд ажилд орж 1985 оны 06 сарын 10 хүртэл ажиллаад гэр бүлийнхээ хүнийг дагаж Дэл багт малчнаар ажилласан билээ. Энэ байдлыг бичсэн улсын хөдөлмөрийн дэвтэр дээр Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас Батцэнгэл суманд ахуйн үйлчилгээнд томилогдсон тушаал байна. Ахуйн үйлчилгээний газраас гарсан тушаал бичигдсэн мөн нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр зөв боловч нэг тамга дарагдсанаас ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Иймд Архивын лавлагааг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уранцэцэг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байгаад гэр бүлтэй болоод нөхрөө дагаад хөдөө мал дээр гарсан. Одоо хүртэл хөдөө мал дээр байгаа. Тийм учраас А.Уранцэцэгийн ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч А.Уранцэцэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

         

1. А.Уранцэцэгийн 1987 оны 01 сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1985 оны 11 сараас 1990 оныг хүртэл хугацаанд ажилласан хоног, тооцсон үндсэн хөлсний бичилттэй,

2. А.Уранцэцэгийн 1981 оны 06 сарын 30-нд олгосон хөдөлмөрийн дэвтэрт

  • 1979.09.25 НААҮ-ний ТМС-ийн гутлын ангид шилжүүлэв. Захирлын 1979 оны 09 сарын 25-ны өдрийн 68 тоот тушаалаар,
  • 1981.06.30 НААҮ-ний Яамны боловсон хүчний мэдэлд шилжүүлэв. Захирлын 1981 оны 06 сарын 30-ны өдрийн 48 тоот тушаалаар,
  • 1981.07.10 Архангай аймгийн Ахуйн үйлчилгээний комбитатад гуталчнаар авч ажиллуулав. Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1981 оны 07 сарын 27-ны өдрийн 131 тоот тушаалаар,
  • 1985.06.10 ХАА-н үйлдвэрлэлд ажилласныг үндэслэн Улаантуг нэгдлийн мэдэлд шилжүүлэв. Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1985 оны 06 сарын 10-ны өдрийн 64 тоот тушаалаар,

3. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 сарын 14-ний өдрийн 48 дугаартай “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалд: 2. ... Дэл бригадын малчнаар А.Уранцэцэгийг мөн бригадад 6 сарын 10-аас малчнаар томилсугай гэсэн,

4. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: 1. ХАА-н нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтыг ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан заавар, бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал сум бригадад байнга зохиогддог ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралтад А.Уранцэцэг гэсэн,

5.Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 02 сарын 28-ны өдрийн 21 дугаартай “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: 1. Төлчдийн семинариар зөвлөгөөнд оролцсон малчид төлчид бүгд 254 хүнд “Улаантуг нэгдэл 40 жил” аяга 300 грам чихрээр гарын бэлэг олгосугай. Хавсралтад А.Уранцэцэг гэсэн,

6. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалд А.Уранцэцэг гэсэн,

7. Гэрч Ж.Бат-Өлзийгийн “А.Уранцэцэг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн гутлын тасагт гутлын эсгүүрчин, гутлын толгой оёгчоор 1981 оны 07 сараас 1985 оны 06 сарыг хүртэл ажиллаж байсан. А.Уранцэцэг нь 1981 оны 06 сард ТМС төгсөж ирээд 1981 оны 07 сард ажилд орсон юм. Харин Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээнд ажиллаж байгаад 1985 оны 06 сард нутгийнхаа Даваадорж гэх залуутай гэр бүл болж улмаар ажлаасаа гаран нэгдлийн мал маллах болсон. Би А.Уранцэцэгийг ажиллаж байх хугацаанд 1980 оны 08 сарын 04-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд Батцэнгэл сумын Нийтийн ахуйн үйлчилгээний гутлын тасагт гуталчнаар ажиллаж байсан юм. Бид хамт гутлын тасагт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. А.Уранцэцэг нь 1981 оны 07 сараас 1985 оны 06 сарыг хүртэл хугацаанд Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд гутлын эсгүүрчин, оёдолчноор ажиллаж байсан нь үнэн. А.Уранцэцэг нь 1985 оны 06 сард Даваадоржтой хуримаа хийгээд манай хамт олныг хуримандаа урьж байсан юм. Тэгээд төд удалгүй ажлаасаа гаран нэгдлийн малчин болсон юм” гэх

Гэрч Л.Оюунгэрэлийн “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн гутлын тасагт 1977 оноос 1991 оныг хүртэл гуталчин, оёдолчин, няраваар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд А.Уранцэцэг нь тус сумын Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 07 сараас 1985 оны 06 сарыг хүртэл хугацаанд гуталчнаар ажиллаж байсан юм. Бид хамт гутлын тасагт ажилладаг байлаа. Гутлын тасаг нь 30-аад ажилтантай байсан бөгөөд тасгийн эрхлэгч нь Туяа, мастер нь Лхагвасүрэн, Ахуй үйлчилгээний дарга нь Лхасүрэн, Давга гэж хүмүүс байсан. А.Уранцэцэг нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн гавъяа шагнал авч байгаагүй хэдий ч өөрт оногдсон үүрэг даалгавраа сайн биелүүлдэг байсан”гэх,

Гэрч Д.Гэндарамын “Би 1980 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн дээд сургуулийн малын эмчийн ангийг дүүргэж ирээд Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр томилогдсон юм. Би тус сумын мал эмнэлгийн тасагт 1980 оноос 1990 оныг хүртэл тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд малын эмчээр одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед мал эмнэлгийн тасаг нь Батцэнгэл сумандаа харъяалагддаг байсан хэдий ч  малын эмч гэсэн албан тушаал нь тус сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнийн сонгуульт ажлыг хийдэг байсан. А.Уранцэцэг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн Дэл бригадын Даваадоржийн хонин суурьт хоньчноор ажиллаж байсан юм. А.Уранцэцэг нь урьд сумын Ахуй үйлчилгээнд ажиллаж байгаад Даваадоржтой гэр бүл болоод мал маллахаар болж Ахуй үйлчилгээнээсээ гаран нэгдлийн хонь хариулахаар болсон бөгөөд түүний нөхөр нь хонин суурь ахалж, өөрөө хоньчноор ажиллах болсон юм. А.Уранцэцэг нь 1985 оны 06 сараас 1990 оны 01 сарыг хүртэл хугацаанд малчнаар Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд ажиллаж байсан нь үнэн. Би тус сумын малын эмч, тус нэгдлийн тэргүүлэгч гишүүн байсны хувьд түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг болно.

       Хүсэлт гаргагч А.Уранцэцэг нь Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчиноор, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь А.Уранцэцэгийн хөдөлмөрийн дэвтрүүд, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 сарын 14-ний өдрийн 48 дугаартай “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 02 сарын 28-ны өдрийн 21 дугаартай “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материал, гэрч Ж.Бат-Өлзий, Л.Оюунгэрэл, Д.Гэндарам нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч А.Уранцэцэгийн Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч А.Уранцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Яшилт овгийн Аръяажавын Уранцэцэгийг Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын Батцэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Уранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН