Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/945

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

                                 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Ш.Хосбаяр,

иргэдийн төлөөлөгч Г.Хишигжаргал,

шүүгдэгч Д.Т- түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чулуунбат нарыг оролцуулан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокуророос Д.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805041230745 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1955 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 63 настай, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн машинист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, .... аймгийн ... сум ... дүгээр баг Ган замын ... дугаар байрны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.Т-

 

Шүүгдэгч Д.Т- нь 2018 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо ... байрны 55 тоотод согтуурсан үедээ өөрийн хадам дүү О.Чулуунцацрал түүний нөхөр В.Гантулга нартай маргалдаж улмаар В.Гантулгын хүзүүн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, О.Чулуунцацралын баруун бугалга болон цээжний баруун хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Т- мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн үед би гэрээсээ гарч ногоо авахаар явж байтал таньдаг тэтгэврийн хөгшинтэй тааралдахад нэг хүнтэй хамт явж байсан. Бид гурав хамт ярьж суунгаа Хандгай 0.75 граммын архи хуваан ууж дуусаад харьцгаасан. Харих замдаа дэлгүүрээс 0.33 граммын архи аваад хоол хийж идэнгээ авсан архиа ууж дуусаад 13 цагийн үед унтаад шөнө 24 цагийн орчим сэрж гадаа гарч суусан. Удалгүй хажуу орцны Сумъяа гэх хөгшин ирж бид хоёр ярилцаж байгаад Ерөөл 0.33 граммын архи аваад манай гэрт орж уунгаа телевизор үзээд байж байтал 01 цаг 15 минутын үед гэрийн хаалга дуугарахаар очиж хартал талийгаач Чулуунцацрал, хохирогч Гантулга нар байхаар нь оруулаагүй. Удалгүй хаалга чанга нүдээд байхаар нь оруултал Сумъяа гэрээс гарч нөгөө хоёр ууж байсан тал шилтэй архи, ундаагаа гарган ирж миний хажууд Гантулга, захад Чулуунцацрал суутал Чулуунцацрал та яагаад гэртээ оруулахгүй байгаа юм, манай ээжийн байрыг зарчихаад та нар энэ байрыг авсан, энэ байранд бид нар амьдарна, та яв гэж хэлсэн. Талийгаач Чулуунцацрал нь хааяа архи уусан байхдаа ийм асуудал гаргадаг. Тэгээд Гантулга надад архи аягалж өгөөд дараа нь өөрөө уугаад дараа нь талийгаачид аягалж өгтөл бага хийж өгсөн байна гээд тэр хоёр маргалдсан. Талийгаач Чулуунцацрал надад Төмөрөө ахаа энэ Гантулга архи уухаараа намайг байнга зодоод байна гэхээр Гантулгад Чулуунцацралыг өмөөрөх хүмүүс байдаг шүү гэтэл Гантулга надад Ногоон Төмөрөө чиний үе өнгөрсөн, чи надтай ярих яриа байхгүй шүү гээд бид хоёр маргалдаад байж байтал намайг цохиод бид хоёр барьцалдаад автал намайг боох гээд байхаар нь босоод зогстол ар нуруу руу цохисон. Би хөргөгч дээр байсан хутга аваад Гантулгыг хутгалахад талийгаач Чулуунцацрал та Гантулгыг хутгалчихлаа гээд хэлж байхад нь би талийгаачийн гар хэсэг рүү хутгалсан. Биеийнх нь аль хэсэг рүү хутгалснаа сайн санахгүй байгаа. Тэр үед миний хамгийн хайртай бага хүү өвчний улмаас нас барахад нь хажууд нь хамт байгаагүйдээ хямарч хэцүү байсан. Хохирогч Гантулга мэдүүлэгтээ худал мэдүүлэг өгсөн байна. Энэ хэргийг хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогчийн ах О.Чулуунбат, ар гэр, хамаатан садангуудаас, өөрийнхөө гэр бүл, үр хүүхдүүд, 42 жил хамт амьдарсан ханийнхаа дүүг ийм байдалд оруулсанд туйлын ихээр гэмшиж, уучлалт гуймаар байна” гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чулуунбат мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө энэ хэрэг гарсан талаар талийгаачийн эгч над руу залгаж хэлсэн. Маргааш нь Гантулгатай ярьтал Төмөрөө ах бид хоёрыг хөөж гаргах гээд муудалцаж байгаад бид нарыг хутгалчихлаа гэж ярьсан. Би тэр үед бодохдоо энэ хоёр архи уухаараа хоорондоо маргалддаг болохоор өөрөө энэ хэрэг үйлдчихээд Төмөрөө ах руу чихэж байна гэж бодсон. Хүргэн ахыгаа эгчтэй 42 жил амьдрахад нь хэрүүл маргаан хийж, асуудал гаргаж байсан талаар сонсож байгаагүй, харин архи ууж манай эгчид загнуулж байх талаар мэднэ” гэв.

 

Шүүгдэгч Д.Т- нь 2018 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо ... байрны 55 тоотод согтуурсан үедээ өөрийн хадам дүү О.Чулуунцацрал түүний нөхөр В.Гантулга нартай маргалдаж улмаар В.Гантулгын хүзүүн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, О.Чулуунцацралын баруун бугалга болон цээжний баруун хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хэргийн газарт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 13 дугаар хороо ... байрны 2 дугаар орцны гадна 02:45 минутанд хүрэлцэн ирэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн авто эргүүлийн Бугат-112 чиглэлийн алба хаагчид  цагдаагийн дэслэгч З.Тэмүүжин, ахлах ахлагч Ц.Гарьдмагнай нар хэргийн газрыг хамгаалалтанд авсан байв. ... Уг шатаар дээш өгсөхөд 4 давхарын плитан гадаргуу цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч №2 дугаараар тэмдэглэж цагаан өнгийн бинтэнд шингээж авав. ... 51 настай гэх эмэгтэй хүний цогцос байх ба  уг цогцосыг №3 дугаараар тэмдэглэв. ... 12 см урт хар болон цагаан өнгийн резинэн бариултай заазуур, үзүүр хэсэг нь хугарсан ажлын хэсэг нь 11.5 см урт, 2.2 см өргөнтэй цагаан өнгөөр цоохорлосон хар өнгийн ажлын хэсэгтэй 11 см урт хар болон цагаан өнгийн резинэн бариултай хутга зэрэг байх ба уг заазуур болон хутганы ажлын хэсэг бариулууд ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байв. ... шинжээч №8 дугаараар тэмдэглэж эд мөрийн баримтаар хураан авав. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр 11-15 дугаар хуудас/

Баянгол дүүргийн 13 дугаар хороо ... байр болон уг байрны 55 тоотын гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр 16-25 дугаар хуудас/

Цогцост үзлэг хийсэн “...баруун гуяны урд гадна ар хэсэг зүүн тавхайн урд дотор хэсэг баруун тавхайн урд сарвуу хэсгээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байдалтай, баруун бугалганы гадна дээд хэсэгт 5 см урттай хурц ирмэг нь бугалганы урд хэсэгт мохоо, төгсгөл нь булгалганы ар хэсэгт ташуу байрлалтай ангайсан. Булчин өөхөн эд гарсан, зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шархтай. Уг шархнаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйл урсаж гарна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр 26-30 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 31-33 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн “...нурууны ар босоо хэлбэрийн 5х03 см хэмжээтэй мэс заслын хуучин сорвитой, баруун хөлийн шилбэний хэсэгт 2х1,3 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 34-38 дугаар хуудас/

Эрүүгийн 1805041230745 тоот хэргийн амь хохирогч Осоржамцын Чулуунцацралын хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 39-41 дүгээр хуудас/

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 42-43 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар хуудас/

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 48-51 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чулуунбатын “ ... 2018 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Чулуунчимэг над руу залгаад Төмөрбаатар ах Чулуунцацралыг хутгалаад алчихсан байна гэнэ, нөхөр нь ярьж байна гэж хэлсэн юм. Тэгээд өглөө нь Чулуунцацралын нөхөр Гантулга над руу утсаар залгаад Төмөрбаатарын талийгаач хүүгийнх нь гэрт очсон чинь Төмөрбаатар ах юу хийж яваа юм бэ гээд Чулуунцацрал бид хоёрыг хөөгөөд Чулуунцацрал та нар ээжийн минь гал голомтыг зарж энэ байрыг авчихаад намайг хөөгөөд байхдаа яадаг юм бэ гэхэд нь Төмөрбаатар ах дандаа ингэж байдаг гэж уурлаж босож ирээд намайг хутгалаад бас Чулуунцацралыг хутгалаад алчихлаа” гэж хэлсэн юм. ... Миний хувьд болон манай ах дүү нар Төмөрбаатарт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 56-57 дугаар хуудас/

“... Манай ар гэрийнхний зүгээс Д.Т-т ямар нэгэн гомдол, санал байхгүй. Энэ бол миний хувийн бодол биш. Манай гэрийн  гишүүд, ах дүү нарын маань бодол юм. Д.Т-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/

Хохирогч В.Гантулгын “Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эхнэр Чулуунцацралын хамт 23 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  байрлах Ногоон төгөл хотхоноос гараад Өргөөгийн хажуу талд байрлах гэр дэлгүүрийн хойд талын сааданд эхнэр Чулуунцацралын хамт 0,75 граммын Хараа архи нэг шилийг авч хамт ууж байгаад архиа талд нь хүртэл уучихаад байж байх үед Чулуунцацрал хоёулаа Төмөрбаатар ахтай орж уулзъя ойрд утсаар ч ярьсангүй гэрт нь оръё гээд бид хоёр хамт орсон. ... Төмөрбаатар, Сумъяа, Чулуунцацрал бид дөрөв суугаад авч орсон Хараа архиа хамт ууцгаагаад сууж байтал Төмөрбаатар зайл пиздануудаа гээд Чулуунцацрал бид хоёрыг хөөгөөд байсан. ... Тэгсэн Төмөрбаатар миний хүзүүний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгсэн манай эхнэр Чулуунцацрал Төмөрөө ахаа та яаж байгаа юм бэ, та манай хүний гүрээнд нь хутгалчихлаа гэж хэлэхэд миний хүзүүнээс цус олгойдоод гараад байсан. Тэгэхэд Чулуунцацрал миний хүзүүн дээр дарсан. Тэгсэн Төмөрбаатар чи муу ч гэсэн гээд Чулуунцацралын мөрөнд нь нэг удаа хутгалсан. /ямарч байсан мөрөнд нь нэг удаа хутгалсан би аль мөрөнд хутгалсанг нь одоо сайн санахгүй байна/ Тэгсэн манай эхнэр Чулуунцацрал гаръя гээд намайг аваад чирээд Төмөрбаатарын гэрээс аваад гарсан. Тэгээд бид хоёр гэрээс нь гараад 5-н давхараас 4-н давхар руу буугаад явж байхад манай эхнэр Чулуунцацрал миний хөгшин түргэн, цагдаа дуудаадах би энд байж байя гэж хэлсэн. Тэгээд намайг нэг удаа Чулуунцацрал хацар дээр үнсээд хань нь чамдаа хайртай шүү гэж хэлээд шат нь дээр суугаад үлдсэн. Тэгээд би байрнаас шатаар буугаад орцоор гарах үед хүүхэн залуу хоёр сууж байсан. Би тэгээд тэр хүүхэн залуу хоёрт ах нь хүнд хутгалуулчихлаа, ахдаа 103 дуудаад өг, манай эхнэр бас хутгалуулчихсан байгаа гэж хэлсэн. ... Тэгээд намайг гарах үед эмч нь үзээд танай эхнэр өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ... Тэгсэн манай эхнэр Чулуунцацрал та яахаараа бид хоёрыг хөөдөг юм, миний ээжийн гал голомтыг зарж энэ байрыг аваа биз дээ гэж уурласан. Тэгсэн чинь Төмөрбаатар Сумъяа гээд тэр явалддаг эмэгтэйгээ гарсаны дараа гэдэснээсээ хуйтай хутга гаргаж ирээд намайг хутгалсан. ... Би одоо гомдолтой байна. Би одоо сэтгэл санаа биемахбодийн хувьд гомдолтой байна. Би одоо эхнэр Чулуунцацралыг нүдэн дээрээ үхүүлсэн учир гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 62-64 дүгээр хуудас/

“... Надад тодорхой оршин суух хаяг байхгүй бөгөөд надад өөрийн гэсэн орон гэр байхгүй. ... Д.Т- ахыг уурласандаа л хутгалсан байх л гэж би бодож байна. Гэхдээ Төмөрбаатар ах намайг хутгалах гээгүй байх. Талийгаачийг хутгалах гээд гараа далайхаар нь би талийгаачийг түлхээд эрчиндээ өөрөө урдуур нь унахад Төмөрбаатар ах намайг хутгалсан. Би одоо бодоод байхаар ийм зүйл л болсон санагдаад байна. ... Харин талийгаач архи ууж согтсон үедээ Төмөрбаатар ахыг “манай ээжийн гал голомтыг зарж та нар байр авсан, Та нар надад хотод хашаа байшин авч өгнө гэж ээжийн байрыг зарсан биздээ” гэдэг байсан. Би тэр учрыг нь сайн мэдэхгүй байна. ... Хэрэг гарахаас хоёр билүү гурав хоногийн өмнө талийгаач орцонд унтаж байсан хүнийг хөөж гаргах гэтэл нөгөө хүн нь түүнийг цохичихсон юм. ... Би Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 506.000 төгрөгийг Төмөрбаатараас нэхэж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 66 дугаар хуудас/

“...Д.Т-ын ахын ар гэрийнхэн өмгөөлөгчөөрөө дамжуулж надад хохирлын 900.000 төгрөг хүлээлгэж өгсөн. Би Д.Т- ахаас дахиж нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэдгийг л хэлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 67 дугаар хуудас/

Гэрч Ц.Сумъяагийн “2018 оны 08 дугаар сарын 12-ны орой би гэртээ хоолоо хийчихээд 21 цагийн үед салхилах гээд гэрээсээ гарсан чинь Төмөрбаатар байрны гадна сүүдрэвчинд сэтгэл санаа үймрээд байна гээд халамцуу сууж байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс 1 шил 0,33 граммын архи аваад бид хоёр Төмөрбаатарын ... байрны 55 тоот гэрт нь орж авсан архиа хувааж уугаад байж байтал гаднаас Төмөрбаатарын эхнэрийнх нь төрсөн дүү эмэгтэй нөхрийнхөө хамт халамцуу орж ирсэнээ Төмөрбаатарыг та яагаад архи уугаад байгаа юм бэ гээд загнах маягтай хэлсэн чинь Төмөрбаатар та нарт ер нь ямар хамаатай юм бэ гээд орилж чарлаад босоод ирэхээр нь би гараад явчихсан юм. Намайг гарсаны дараа юу болсон талаар мэдэхгүй. Би Төмөрбаатарынхаас гараад шууд гэртээ орсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 68-69 дүгээр хуудас/

Гэрч С.Намууны “... Тэр үед манай орцноос нэг ах гарч ирээд Төрболдыг дуудсан. Тухайн үед би тэр ахыг согтуу байсан болохоор мөнгө гуйх гэж байна гэж бодсон. Тэгээд Төрболд очиход тэр ах “Түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн.

... Төрболд утсаар ярьж байхад тэр ах хажуунаас нь “ахынх нь хүзүү рүү хутгалсан, манай эхнэрийн гар руу хутгалсан. Одоо орцон дотор хэвтэж байгаа” гэж  хэлж байсан. Тэгээд утсаар ярьж дууссаны дараа тэр ахыг анзаарч харсан чинь хүзүү, хувцас нь цус болсон байсан. ... Тэгсэн 4-өөс 5-н давхар хоорондох шатан дээр эмэгтэй хүн доошоо харсан байдалтай хэвтчихсэн, шатны дээд хэсгээр нэлээн цус болчихсон байсан. Тэгээд Төрболд бид хоёр дээшээ гаралгүй буцаад доошоо буусан. Нөгөө ах хэвтэж байсан эмэгтэйд хүрээд байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 72 дугаар хуудас/

Гэрч С.Төрболдын “... Тэр ахын хажууд очиход “102 руу залгаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэр ахын хүзүү, хувцас нь цус болсон байсан болохоор түргэн дуудах ёстой юм байна гэж бодоод өөрийнхөө 99732063 дугаарын утаснаас 103-т холбогдсон. Би утсаараа өөрөө 103-т холбогдсон болохоор тэр ах хажуу талаас “ахынх нь хүзүү хутгалуулчихсан бас эхнэр хутгалуулчихсан орцонд хэвтэж байгаа, эхнэрийн ах нь хутгалсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 73 дугаар хуудас/

Гэрч О.Чулуунцэцэгийн “Би тухайн үед болсон талаар мэдэх зүйл байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 01 цаг өнгөрч байхад манай хүү Гантулга руу талийгаач дүүгийн маань нөхөр Гантулга утсаар залгаж “танай аав чинь миний хүзүү рүү, Чулуунцацралын гар руу нь хутгалчихлаа, түргэн дуудаад түргэн ирээд үзэж байна” гэж ярьсан юм. Тэгээд өглөө нь 07 цагт цагдаагаас яриад Чулуунцацралыг нас барчихсан гэж хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 74-75 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1805 дугаартай шинжээчийн

“1. Талийгаачийн О.Чулуунцацралын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун бугалга, цээжний баруун хажуу хэсгийн шарх, баруун уушгины авчилт, цээжний хөндийд шингэн  хуралт /100мл/ хамар, зүүн доод зовхи, хүзүү, зүүн гуянд шинэ цус хуралт, баруун нүдний гадна булан, цээжинд хуучин цус хуралт, дух хамар, зүүн  өвдөг, шилбэ, баруун өвдөгт шинэ зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн зулгаралт,  цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчин тогтоогдсонгүй.

4.5. Талийгаач нас барах үедээ хүнд  зэргийн согтолттой байжээ.

Ходоодны шингэнд хорт болон эмийн бодис хүчил шүлт илрээгүй.

6. О.Чулуунцацрал нь цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас нас баржээ.

7. Талийгаач О.Чулуунцацрал нь 2-р бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 108-111 дүгээр хуудас/

Шинжээч эмч Б.Ганзоригийн “Амь хохирогч О.Чулуунцацралын биед учирсан баруун бугалга, цээжний баруун хажуу хэсгээр цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Өөрөөр хэлбэл баруун бугалга болон цээжний баруун хэсэгт хавж хутгалсан үед үүсэх боломжтой юм. ... Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байсан. ... Унтаарах шинж тэмдэг илрээгүй нөхцөлд үйлдэл хөдөлгөөн хийж биеэ хамгаалах чадвар тодорхой хэмжээгээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 112-113 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 8484 дугаартай “1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Төмөрбаатар” гэж хаягласан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 149-150 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн1197 дугаартай

“1.2. В.Гантулгын биед хүзүүний зүүн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 160 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 163, 196, 198-203 дугаар хуудас/

ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлагын лавлагааны хуудас. /хэргийн 1 дүгээр хавтас 191-194 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Тухайн үед харанхуй шөнө болсон хойно талийгаач, Гантулга хоёр хаалга балбаж амар тайван байдал алдагдуулж орж ирж хэрүүл хийснээс болсон юм. Тэр хоёр байнга л манай гэрт шөнө ирж, хаалга балбаж амгалан тайван байдал алдагдуулдаг байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 186-188 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд Д.Т-ын В.Гантулгын хүзүүн тус газар хутгалж хөнгөн гэмтэл учруулсан, О.Чулуунцацралын цээжний баруун хэсэгт хутгалж алсан нь дээр дурдагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чулуунбатаас мөрдөн байцаалтад “... Манай ар гэрийнхний зүгээс Д.Т-т ямар нэгэн гомдол, санал байхгүй. Энэ бол миний хувийн бодол биш. Манай гэрийн  гишүүд, ах дүү нарын маань бодол юм. Д.Т-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг /хэргийн 1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/ үндэслэн шүүгдэгч Д.Т-аас гаргуулах төлбөргүй байна.

Мөн хохирогч В.Гантулга нь мөрдөн байцаалтад “ ... Д.Т-ын ахын ар гэрийнхэн өмгөөлөгчөөрөө дамжуулж надад хохирлын 900.000 төгрөг хүлээлгэж өгсөн. Би Д.Т- ахаас дахиж нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэдгийг л хэлмээр байна” гэж мэдүүлсэн /хэргийн 1 дүгээр хавтас 67 дугаар хуудас/ тул шүүгдэгч Д.Т-аас хохирогч В.Гантулгад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Д.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт 32.5 см, ажлын хэсэг 19.5 см, иш 13 см хар цагаан алаг хуванцар иштэй хутгыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Т-ын энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 116 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар  тогтоож уг ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 9 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт 32.5 см, ажлын хэсэг 19.5 см, иш 13 см хар цагаан алаг хуванцар иштэй хутгыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Д.Т-ын энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 116 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Д.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Д.Т- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

              

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

 

                            

                             ШҮҮГЧИД                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                          Ч.ОТГОНБАЯР