Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811016680850 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Шинэ их холдолт” ХХК-нд гэрээний ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ж.А, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ж.А нь бусдыг шилээр зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 6 дугаар сарын 01-нээс 02-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Угалз” караокены хажуу талд байрлах монгол гэрт хохирогч Г.Батболд, М.Адъяа нарыг шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай дунд охины төрсөн өдөр байсан тул 20 цагийн орчимд манай дүү Уранчимэг нөхөр Аийн хамт ирсэн. Тухайн үед бид нар гэртээ байгаагүй бөгөөд 22 цаг болж байхад гэртээ очсон. Ингээд манай нөхөр Батболд би манай дүү Уранчимэг хүргэн А бид нар гэрт байсан 0,75 литрийн архийг хувааж уусан. Тэгээд уг архиа дуусгаагүй хажууд байдаг “Угалз” караокед орж суусан. 1 шил архи хүн тус бүр нэг шил пиво авсан. Ингээд авсан архи пивоо ууж дуусгаад дахиж 1 шил архи захиалж аваад талд нь орж байхад би караокед Атэй хамт ойртоод бүжиглээд байсан нэг эмэгтэйд "наад хүн чинь эхнэртэйгээ явж байгаа эмэгтэй хүн байж учиртай байгаач" гээд хэлчихсэн чинь тэр хүүхэн миний үснээс зулгаагаад авсан. Тэгээд манай нөхөр Батболд дүү Уранчимэг нар намайг салгаад бид нар караокеноос гарч манай гэрт эргээд орсон. Караокеоос гарахдаа тал шил архиа аваад гарсан байсан. Тэгээд гэрт орж ирээд Батболд А хоёр архиа голдоо тавиад ширээний хоёр талд суусан. Тэгээд би хүүхдээ хөхүүлээд манай дүү мөн хүүхдээ хөхүүлээд хэвтэж байтал Батболд А хоёр маргалдаад А зүүн хөлөн дээрээ архины шил хагалаад босоод ирсэн. Тэгээд Батболд мөн адил босож ирэх гээд байхаар нь би Батболдыг цээжин дээр нь дараад хэвтчихсэн. Энэ хооронд А миний баруун хөлний ар хэсгийг мөн Батболдын өвдөг орчимд нь зүсчихсэн. Тэгээд би Батболдыг дарахаа болиод Аийг аваад гэрээс гарсан араас Батболд гарч ирэх гээд байхаар нь гэр лүү нь түлхэчихээд Атэй гэрийн гадаа зууралдаж байхад А би тэгвэл үхээд өгье гээд барьсан байсан архины хагархай шилээр өөрийнхөө цээж гараа зүссэн. Тэгтэл гаднаас цагдаа орж ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/, хохирогч Г.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэрийн дүү Уранчимэг нөхөр Аийн хамт манай гэрт ирсэн бөгөөд бид нар манай гэрт нэг шил 0,75 литрийн архи уусан. Би тухайн үед хөдөөнөөс үүрээр орж ирсэн бөгөөд унтаагүй явж байсан болохоор хурдан тасарчихсан юм шиг байна лээ. Ингээд нэг шил архиа хувааж ууж дуусаад гэрийн хажууд байдаг караоке орсон. Тэнд манай эхнэр хүмүүстэй маргалдаад байх шиг байсан бөгөөд би тэр гурвыг караокеноос чирээд гарч байснаа санаж байна. ..дахиад сэргэхэд гэмтлийн эмнэлэг дээр хөлөндөө оёдол хийлгэж байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 21х/ гэрч Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд би нөхөр Аийн хамт өөрийн төрсөн эгч болох Адъяагийн гэрт очсон юм. Тухайн үед ах эгч хоёр гэртээ байхгүй байсан бөгөөд түлхүүр байдаг газраа зааж өгсөн. Гэрт нь ороод байж байхад удаагүй Адъяа эгч нөхөр Батболдын хамт хүрч ирсэн. ...архиа ширээн дээр тавиад Батболд ах А хоёр ширээний цаана наана өөдөөсөө хараад суусан Адъяа эгч бид хоёр газар суусан юм яриад байж байсан бөгөөд Батболд ах "саяны хэдийг алах байсан юм" гээд яриад байж байтал А өөрийг нь ална гэсэн гэж ойлгоод ширээн дээр байсан архины шил аваад Батболд ахын өвдөг дээр нь хагалсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №7222 дугаартай шинжээчийн "...Г.Батболдын биед баруун өвдөг, зүүн гуянд шархтай гэмтэл тогтоогдлоо. ..гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх дүгнэлт /хх-ийн 48х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №7221 дугаартай шинжээчийн "...М.Адъяагийн биед цээжинд зулгаралт, баруун гуя, шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх дүгнэлт /хх-ийн 49х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Ж.Аийг 2, түүнээс олон хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнийг 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг болох архины хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах нь зүйтэй гэж шүүх үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Боржигон овогт Ждановын Аийг 2, түүнээс олон хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Аийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины хагархай шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл усгах комисст шилжүүлж усгасугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.БАТГЭРЭЛ