| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0798/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/845 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/845
2020 11 02 2020/ШЦТ/845
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д,
Иргэний нэхэмжлэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Бд холбогдох эрүүгийн 2003 00399 0322 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б овогт Т.Б, Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн .... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн .. сумын ... дүгээр баг, ... гудамж .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................................
/Холбогдсон хэргийн талаар/
2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашааны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Т.Б нь “Nissan Tida” маркийн 40-.. УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 13.4ж-д заасан “Дараах газруудаад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтыг зөрчиж үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан “Hyundai Aero city 540” маркийн 45-.. УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас айлын хашааг мөргөж, хашаан дотор байсан “Hyundai Sonata” маркийн 09-.. УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон явган зорчигч Д.Нг тус тус мөргөж, Д.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Ниссан Тида маркийн 40-.. УБМ улсын дугаартай ..... ББСБ-ийн нэр дээр байдаг автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодоод Чингэлтэй дүүргийн хуучин эцсээс ганцаараа гараад Сургуулийн буудлын ойролцоо байдаг найзындаа очих гээд явж байгаад урд талын жижиг суудлын машин удаан яваад байхаар нь гүйцэт түрүүлэх гээд дохиогоо өгөөд гүйцэт түрүүлээд явж байтал эргэлтэн дээр урдаас автобус гарч ирэхээр нь автобусны жолоочийн талын урд хэсгийг шүргэхээр нь баруун гар тал руугаа жолооны хүрдээ дарсан чигээрээ явган хүний замын боржуур мөргөөд машин бүтэн эргээд айлын хашаа руу орчихсон. Айлын хашаанд байсан Н гэх өвгөнийг машиныхаа урд гупер хэсгээр мөргөж гэмтээсэн. Мөн хашаанд нь байсан Соната 6 маркийн автомашиныг мөргөж гэмтээсэн. Ослоос болж би биедээ бэртэл гэмтэл аваагүй. Автобусанд явсан хүмүүс бэртэл гэмтэл аваагүй. Харин Н гэх өвгөн биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Автобусны эвдрэл, гэмтэлд 1.000.000 төгрөгний хохирлыг төлсөн. Соната 6 маркийн автомашины хохирол 995.000 төгрөгний хохирлыг би төлж барагдуулсан. Н гэх өвгөнд эмчилгээний төлбөрт 1.379.100 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Одоогоор үлдэгдэл 873.480 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Шүүх хурлаас өмнө төлж барагдуулна. Шүүх хурлаас өмнө төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-172-173х/,
Шүүгдэгч Т.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нэг санах нь машин өнхөрч орж ирээд миний нуруу орчимд буугаад би ёолоод хамраас цус гарсныг мэдэж байна, хэсэг ухаан алдсан, нэг харахад машин хөмөрсөн жолооч нь дотроо гарч чадахгүй харагдсан ...тэр машин намайг мөргөчихөөд хашаанд байсан Х.Соната-6 маркийн машиныг мөргөөд зогссон байсан. Жолооч нь согтуу байсан ...” гэх мэдүүлэг /хх-40-41х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Жолоочид их гомдолтой байна, би аавыгаа асрахаар ажилдаа явах боломжгүй болоод байгаа. Жолоочоос эмчилгээний зардал болон бусад зардлаа гаргуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-45х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Манай аав хэвтэрт байгаа. Яг одоо энэ хүн миний гар дээр 1.5 сая төгрөг төлсөн. Эмнэлэгт аавыг сахиж байхад гаднаас уураг авчирч өгсөн” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Гэрээнд Н хариуцна гэсэн байдаг тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч А.Оагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай диспитчер надад мэдэгдэж би ослын талаар мэдсэн ...буруутай жолоочоос автомашины хохирол 1 сая 300 мянган төгрөгөө гаргуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-49х/,
Иргэний нэхэмжлэгч Б.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад автомашиндаа эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй гэж шийдсэн. Б ямар нэгэн санал гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-53х/,
Гэрч Ц.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Чингэлтэйн эцэс рүү өгсөөд явж байтал Ниссан тийда маркийн автомашин тахир зам дээр өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Би баруун тал руугаа жолоогоо дартал тэр машин шууд орж ирээд автобусны зүүн талыг шүргээд тэр чигээрээ зогсолгүй замын урд талын хашааг мөргөөд 4 дугуй нь дээшээ хараад онхолдсон байсан ба жолооч нь согтуу ганцаараа машин дотроос гарч ирсэн. Мөн тэр хашаан дотор сууж байсан нэг настай хүнийг мөргөсөн бололтой хамраас нь цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх-55х/,
Гэрч Д.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...цонхоор хартал цонхны урдуур нэг машин өнхөрч орж ирээд миний машиныг мөргөөд зогссон. Байшингаас гүйгээд гартал манай ахын амнаас нь цус гарчихсан сууж байсан газраа хажуулдаад хэвтсэн байсан ...Машин дотроос жолооч нь гарч ирсэн ба ахаа уучлаарай гэж байсан ба амнаас нь архи үнэртээд нилээн согтуу байсан ...” гэх мэдүүлэг /хх-57х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8107 тоот дүгнэлтэнд:
“1. Д.Нн биед аарцаг яс, баруун дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-115-116х/,
....... ХХК 88.. дугаартай “...Үйлдвэр загвар:Hyundai Aero city 540 Улсын дугаар: 45.. УАЕ ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 1.300.000” автомашин техникийн үнэлгээний тайлангийн хавсралт /хх-121-124х/,
.... ХХК 720 дугаартай “...Марк, загвар: Hyundai Sonata №20 Улсын дугаар: 09.. УБТ ...Үнэлгээгээр тогтоосон дүн: 995.000” автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-135-137х/,
20/080 дугаартай “...Д.Нгийн өмчлөлийн модон хашаанд авто ослын улмаас учирсан хохирлын хэмжээг 165.600 төгрөгөөр тогтоов ...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-142-150х/,
129 дугаартай мөрдөгчийн магадлагаа “...1. ...жолооч Т.Б нь ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 13.4.ж-д заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”. Гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна ...” гэсэн магадлагаа /хх-153-154х/,
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6х/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч , гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-15х/,
Ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18х/,
Хохирлын баримтууд /хх-22-33х, 36-38х/,
Хохирол барагдуулсан тухай хүсэлтүүд /хх-87, 89х, 187х/, Өвчний түүх /хх-92-114х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-181х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-183х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, .. тоот хашааны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Т.Б нь “Nissan Tida” маркийн 40-.. УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 13.4ж-д заасан “Дараах газруудаад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтыг зөрчиж үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан “Hyundai Aero city 540” маркийн 45-.. УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас айлын хашааг мөргөж, хашаан дотор байсан “Hyundai Sonata” маркийн 09-.. УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон явган зорчигч Д.Нг тус тус мөргөж, Д.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас айлын хашааг мөргөж хашаан дотор байсан тээврийн хэрэгсэл болон явган зорчигч Д.Нг тус тус мөргөж, Д.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Бид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Б нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Т.Б нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогч Д.Нд 2.379.100 төгрөгийг, “Hyundai Aero city 540” маркийн 45-.. УАЕ улсын дугаартай автобусны хохиролд 1.000.000 төгрөгийг, “Hyundai sonata” маркийн 09-.. УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 995.000 төгрөгийг, нийт 4.374.100 төгрөгийг тус тус төлснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч Д.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас айлын хашааг мөргөж хашаан дотор байсан тээврийн хэрэгсэл болон явган зорчигч Д.Нг тус тус мөргөж, Д.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Б нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 4.374.100 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Д.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН