Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/982

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Н.Б- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогч Б.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805041161038 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цом трейд ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...  дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Б-.

 

Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баасанжаргалаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Зэс картны  зээл хаагаад өгье гэж хуурч нийт 3.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 3305103976 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.Б- мэдүүлэхдээ: “Би Баасанжаргал эгчээс 3.000.000 төгрөг Зэс картын зээл хаана гэж авсан. Лангуу ажиллуулж байхдаа хүнээс өдрийн зээл авсан болохоор энэ зээлээ хаагаад буцаагаад зээл авах санаатай өгтөл нөгөө хүн дахин зээл гаргах боломжгүй болсон. Энэ шалтгаанаас хэрэг гарсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баасанжаргал мэдүүлэхдээ: “2018 оны 3 сарын 27-ны өдөр Болормаа нь 1.600.000 төгрөг Зэс картны зээл хаана гэж надаас мөнгө зээлж аваад маргааш нь өгсөн. Дахин 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг Зэс картны зээл хаана гээд авсан. Маргааш нь Болормаагаас зээлсэн мөнгөө авахаар залгатал хажуу талын лангууны эгчийн пос машинаар уншуулаад удахгүй шилжүүллээ гэж хэлснээс хойш гурав хоносон. Дараа нь дахин залгатал хажуу талын лангууны эгч Япон явчихлаа гээд 10 хоноод Болормаатай ярьтал мөнгө байдаггүй, мөнгөө авч чадсангүй гэж хэлсэн. Дараа нь дахин ярьтал ээжийн тэтгэвэрийн зээл аваад өгнө гэтэл зээл нь бүтээгүй гээд байраа ломбарданд тавихаар хөөцөлдөж яваад бүтээгүй, группд ороод таны мөнгийг өгье гэсэн бүтээгүй, ингэж удаа дараа худлаа ярьж явахаар нь цагдаад өгсөн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Баасанжаргалын “... Болормаа нь надаас урьд нь 2018 оны 03 дугаар сарын 27-нд 1.600.000 төгрөгийг зээлж аваад 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.680.000 төгрөг болгож өгсөн учраас би итгээд их юм бодолгүй зээлчихсэн юм. Н.Б- нь надаас зээл авснаас хойш надад би таниас авсан мөнгөөрөө өрөө дарсан гэж хэлж байсан. Би Н.Б-гаас одоогийн байдлаар нэг ч төгрөгийг аваагүй. Би одоо Н.Б-гаас 3.000.000 төгрөгийг л авна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

“2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг миний 5753265680 тоот дансаар надад шилжүүлсэн. Үүнээс өөрөөр ямар нэгэн хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Надаас мөнгө авахдаа ганцаараа л байсан. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Б-гийн яллагдагчаар өгсөн “Би Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбын гаргасан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа ялтай холбоотой санал хүсэлт байхгүй. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа учраас нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Би уг нь Зэс картны зээл хаах гэж байгаа юм гэж хэлээд л авчихсан юм. Харин би мөнгөө аваад ойр зуурын зүйлд захиран зарцуулаад л дууссан. Б.Баасанжаргалд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Би Б.Баасанжаргалыг залилан мэхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг минь хөнгөнөөр шийдэж өгнө үү гэж хүсэх байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд  шүүгдэгч Н.Б- нь Б.Баасанжаргалаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Зэс картны  зээл хаагаад өгье гэж хуурч нийт 3.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 3305103976 тоот дансаар шилжүүлэн авч залилсан нь хохирогчийн мэдүүлэг, Н.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг  зэргээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч Б.Баасанжаргалд учирсан 3.000.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Н.Б- нь мөрдөн байцаалтын явцад 500.000 төгрөг төлсөн, шүүх хуралдаанд 200.000 төгрөг төлж байсан баримт гаргаж өгсөн тул түүний учруулсан хохирлоос хасч үлдэх 2.300.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Б.Баасанжаргалд олгуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэсгийг төлж барагдуулсан, мөн тэрээр бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан түүний эрх чөлөөг хязгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн түүний  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Н.Б-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б- торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-гаас 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 11 дүгээр байр 149 тоотод оршин суух Шарнууд овогт Бямбатогтохын Баасанжаргалд /ЧД84092961/ олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.АЛТАНХУЯГ