| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00315/И |
| Дугаар | 00358 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 00358
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, “Булган мээж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Сүүдэр царам захын дэргэдэх “Хүү од” дэлгүүрийн эзэн С.Батсуурьд холбогдох, 200880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00315/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Булган мээж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хүү од” дэлгүүрийн эзэн С.Батсуурьтай дулаанаар хангах гэрээ байгуулсан ба гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор заасан. С.Батсууриас 2015 оны 04-05 дугаар сар, 2016 оны 10-12 дугаар саруудын төлбөр 133920 төгрөг, алданги 200880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Булган мээж” ХХК-ний нэхэмжлэлтэй “Хүү од” дэлгүүрийн эзэн С.Батсуурьд холбогдох халаалтын төлбөр 200880 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт алданги 66960 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 133920 төгрөгийг хариуцагч бэлнээр төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
“Булган” ХХК-ний нэхэмжлэлтэй, "Хүү од” дэлгүүрийн эзэн С.Батсуурьд холбогдох, 200880 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 200880 төгрөгөөс алданги 66960 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 133920 төгрөгийг бэлнээр төлж барагдуулан харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар “Булган мээж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Сүүдэр царам захын дэргэдэх “Хүү од” дэлгүүрийн эзэн С.Батсуурьд холбогдох, 200880 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 66960 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр болох 133920 төгрөгийг бэлнээр төлж барагдуулан харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6676 /зургаан мянг зургаан зуун далан зургаа/ төгрөгөөс 3338 /гурван мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч “Хүү од” дэлгүүрийн эзэн С.Батсууриас 3338 /гурван мянга гурван зуун гучин найм/ төгрөг, Төрийн сангаас 3338 /гурван мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Магнай петролиум” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ