| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0703/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/733 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгч Г.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 1811021170859 дугаартай хэргийг 2018 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Г.Г, 1975 оны 12 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 31-77 тоотод оршин суух бүртгэлтэй хаягтай боловч, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17-23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Г.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
2018 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маамуу нааш ир” худалдааны төвийн гадна зогсоолд байрлуулсан байсан салсан эхнэр Ж.Эийн эзэмшлийн 35-30 УБД улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн баруун талыг таарамжгүй харилцааны улмаас санаатайгаар зурж гэмтээн 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 7 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маамуу нааш ир” худалдааны төвийн гадна зогсоолд байрлуулсан байсан салсан эхнэр Ж.Эийн эзэмшлийн 35-30 УБД улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн баруун талыг таарамжгүй харилцааны улмаас санаатайгаар зурж гэмтээн 500.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.Эийн /хх-17-18/: “..2018 оны 8 сарын 12-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа явахаар гэрээсээ гарч ирээд машиндаа суух гэтэл миний өөрийн эзэмшлийн 35-30 УБД улсын дугаартай “аллион” маркийн суудлын автомашины жолоочийн талыг хурц үзүүртэй зүйлээр будганд нь ортол эрээчиж гэмтээсэн байдалтай байсан. Тэгээд гарашийн манаачаас миний машин яагаад ийм болсон талаар асуухад шөнө танай нөхөр гараш руу ороод гарсан гэж хэлсэн. Тэгээд би Ганзоригийг өмнө нь миний унаж байсан машиныг мөн адил гэмтээж байсан..Би Ганзоригоос машин эвдэж гэмтээсний засварын хөлс 500.000 төгрөгийг 2018 оны 8 сарын 04-ний өдөр өөрийнхөө Хаан банкны 5063078218 дугаарын данс руу шилжүүлж авсан. Одоо надад машин эвдэж гэмтээсэн талаар ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг,
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим танай машины зогсоолд машин тавьж байсан тэр залуу орж ирж байсан. Тэгээд өглөө эхнэр нь нөхөрөө асуугаад байсан. Машин зурсан уу гээд нөхөрөө асуусан. Би мэдэхгүй орж байсан л гэж хэлсэн. Манайд тухайн үед хяналтын камер ажиллаагүй. Хойноо 3 камертай урд талын, баруун талын камер ажиллаагүй..” гэх мэдүүлэг,
“Ухаа шүрт консалтинг” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №11050163 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: /хх-24/ “..Уг машины баруун урд хаалга зурагдаж будаг халцарсан. Баруун хойд хаалга мөн зурагдаж будаг халцарсан. Баруун хойд крыло зурагдаж будаг халцарсан болно. ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 500.000 ...” гэх тайлан,
Шүүгдэгч Г.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-30-31/ “..2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Э рүү залгаад хүүхдүүдээ аваад хамт салхинд гаръя гэсэн чинь Э би ажилтай амжихгүй гэж хэлсэн. Тэгээд би Энхцэцэгийг чи өөрөө хамт явна гэж хэлчихээд амжихгүй гэлээ гээд би жаахан уурлаад болъё гэж хэлээд утсаа тасалсан..тэгээд би дэмий зүйлээс болоод уурлачихлаа намайг уучлаарай чи жаахан хүн чанартай байгаач ээ би аль болох чамд болон 3 хүүхэддээ тусалмаар байна шүү дээ гэсэн чинь миний хэлсэн үгийг сонсохгүй хэрүүл хийгээд байсан. Энхцэцэг нь миний хэлсэн үгийг сонсохгүйгээр намайг гүтгээд доромжлоод байхаар нь тэр уурандаа Энхцэцэгийн машиныг чулуугаар зурж гэмтээсэн..Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би Э машиныг засуулахаар 500.00 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан ...”, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг, болон шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-32/ хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-52/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогчтой утсаар маргалдаж, тэр уурандаа граж руу нь орж тээврийн хэрэгслийг нь чулуугаар зурж гэмтээсэн талаараа мөрдөн шалгаж ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, “Ухаа шүрт консалтинг” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №11050163 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр хохирогч Ж.Эт учирсан хохирол нь 500.000 гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2018 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маамуу нааш ир” худалдааны төвийн гадна зогсоолд байрлуулсан байсан салсан эхнэр Ж.Эийн эзэмшлийн 35-30 УБД улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн баруун талыг таарамжгүй харилцааны улмаас санаатайгаар зурж гэмтээн 500.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г хохирогч Ж.Эт учруулсан 500.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР