Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 07 өдөр              Дугаар 129/ШШ2017/0454             Эрдэнэбулган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн 3-04 тоотод оршин суух Ийнж овгийн Долгоржавын Удаанжаргал /РД:АЕ67090969/-ын хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Удаанжаргал, гэрч А.Өлзийбаяр, Б.Балжинням,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Удаанжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг буруугаас болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 сарын 25 хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Д.Удаанжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Долгоржавын Удаанжаргалын 1985 оны 02 сарын 29-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1985.07.02 Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Бодонт бригадад саальчнаар томилов. Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 07 сарын 24-ний өдрийн 147 дугаар тушаалаар,
  • 1988.07.01 ХААСургуулийн техникумд суралцах болсон учир Бодонт хэсгийн саальчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1988 оны 07 сарын 01-ний өдрийн 32 дугаар тушаалаар,
  • 1988.10.31 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг Хөдөө аж ахуйн техникумд зоотехникчийн ангид элсүүлэн суралцуулав. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг аж ахуйн техникумын захирлын 1988 оны 10 сарын 31-ний өдрийн 159 тоот тушаалаар,
  • 1990.06.28 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хөдөө аж ахуйн техникумын зоотехникч мэргэжлээр төгсөв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хөдөө аж ахуйн техникумын захирлын 1990 оны 06 сарын 28-ны өдрийн 60 тоот тушаалаар,
  • 1990.06.28 Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Хөдөө аж ахуй хөнгөн хүнсний үйлдвэрийн хэсэгт,

          2. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 412 дугаартай Долгоржав овогтой Удаанжаргалын Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод:

  • 1986 оны 11 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилттэй,
  • 1987 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилттэй,

          3. Д.Удаанжаргалын Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэхт: 1984 оны 05 сараас 1987 оны 03 сар хүртэлх хугацааны сарын цалин, татвар бичилттэй,

          4. Долгоржавын Удаанжаргалын 1987 оны депутатын үнэмлэх,

          5. Архангай аймгийн Хүүхэд залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас 1987 оны 05 сарын 30-ны өдөр Удаанжаргалыг шагнасан баярын бичиг,

          6. Архангай аймгийн намын хороо, Ардын депутатын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 02 сарын 11-ний өдөр Д.Удаанжаргалыг 1987 оны аймгийн аварга малчнаар шагнасан диплом,

          7. Архангай аймгийн Өлзийт сумын Намын үүр, Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 02 сарын 22-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг,

          8. Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийг удирдах газараас 1988 оны 05 сарын 03-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг,

          9. Сумын Хүүхэд залуучуудын эвлэлийн үүрээс 1988 оны 02 сарын 22-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг,

          10. Өлзийт сумын Хүүхэд залуучуудын эвлэлээс 1988 оны 02 сарын 18-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг,

          11. Өлзийт сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1988 оны 02 сарын 22-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг,

          12. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 02 сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Шагнал олгох тухай” тогтоолд: 1. Бодонт хэсгийн саальчин Д.Удаанжаргал,  ... нар нь аймгийн аварга цолоор шагнагдсан учир тус бүр баярын бичиг, 50 төгрөгний үнэ бүхий зүйлээр шагнасугай гэсэн,

          13. Гэрч А.Өлзийбаярын шүүх хуралдааны шатанд өгсөн “Би 1975 онд сургууль төгсөөд түүнээс хойш Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Бодонт бригадад саальчин, төлчнөөр ажиллаж байсан. Бим  нөхөр болох Пандбалжирын ферм дээр ажиллаж байсан.  Д.Улаанжаргал нь 1985 оноос 1988 онд Архангай аймгийн Өрнөл нэгдлийн  Бодонт бригадад Гүнсмаа эрхлэгчтэй ферм дээр ажиллаж байсан. Д.Удаанжаргал нь илгээлтээр ферм дээр ирэхэд нь бид хоёр нэг багт байсан. Д.Удаанжаргал нь илгээлтээр 1985 онд ирж байсан. Д.Удаанжаргалын ажиллаж байсан фермийн эрхлэгч нь Долгоржав байсан. Бусад хүмүүсийг нь сайн санахгүй байна. Тухайн үед нэгдлийн дарга нь Эрдэнэхүү дарга, тоо бүртгэгч нь Цэнзээжав гэж байсан.

Шагнал урамшуулал авч байсан. Яг ямар шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Ажилдаа сайн байсан.  Д.Удаанжаргал нь нэгдэлд илгээлтийн эзнээр очоод нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан” гэх,

          Гэрч Б.Балжиннямын шүүх хуралдааны шатанд өгсөн “Миний бие 1981 оноос 1984 онд хугацаат цэргийн алба хаасан. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд усны группийн даргаар ажиллаж байсан. Мөн 1984 оноос 1988 он хүртэл Өлзийт сумын монтер, 1989 оноос 1993 онд Өрнөл нэгдэлд усны группийн мастер ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдсаны дараа Баян байшир компаний даргаар 1 жил 6 сар ажилласан.   Д.Удаанжаргал нь Бодонт бригадад 1985 оноос 1988 он хүртэл саальчнаар ажиллаж байсан. Аймгийн мянгат малчин, сумын иргэдийн депутатын ажил хийж байснаар нь сайн мэднэ. Д.Удаанжаргал нь Гүнсмаагийн ферм дээр үнээ саадаг байсан.  Би Д.Удаанжаргалыг 1985 оноос хойш ажиллаж байсныг нь мэднэ. Илгээлт аваад гарч байсан.  Тухайн үед Гүнсмаа намын даалгавраар ферм байгуулж байсан юм.  Тухайн үед тэдний ферм олон хүн илгээлт авч орж байсан. Тэр үед Д.Удаанжаргал нь илгээлтээр ирч байсан. Зарим нэг зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Тухайн үед л тэдний фермд байсан. 1989 оноос тухайн үеийн фермүүд татан буугдсан. 1985 онд би холбооны эрхлэгч, монтерч хийж байхдаа Бодонт гэх газар руу шуудангаа хүргэж өгдөг байсан. Шуудангаа хэвлэл сонинуудаа 7 хоногт 2 удаа хүргэж өгдөг байсан. Тэгээд Д.Удаанжаргалын ажиллаж байсан ферм дээр 7 хоногт 2 удаа очдог байсан болохоороо Д.Удаанжаргалыг 1985 онд ферм дээр ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлгүүд,

          14. Гэрч А.Өлзийбаяр, Б.Балжинням нарын шүүхэд өгсөн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байх үеийн Архивын лавлагаанууд зэрэг болно.  

          Хүсэлт гаргагч Д.Удаанжаргал нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 412 дугаартай Долгоржав овогтой Удаанжаргалын Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Д.Удаанжаргалын Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Долгоржавын Удаанжаргалын 1987 оны депутатын үнэмлэх, Архангай аймгийн Хүүхэд залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас 1987 оны 05 сарын 30-ны өдөр Удаанжаргалыг шагнасан баярын бичиг, Архангай аймгийн намын хороо, Ардын депутатын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 02 сарын 11-ний өдөр Д.Удаанжаргалыг 1987 оны аймгийн аварга малчнаар шагнасан диплом, Архангай аймгийн Өлзийт сумын Намын үүр, Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 02 сарын 22-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг, Архангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийг удирдах газараас 1988 оны 05 сарын 03-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг, Сумын Хүүхэд залуучуудын эвлэлийн үүрээс 1988 оны 02 сарын 22-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг, Өлзийт сумын Хүүхэд залуучуудын эвлэлээс 1988 оны 02 сарын 18-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг, Өлзийт сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1988 оны 02 сарын 22-ны өдөр Д.Удаанжаргалыг шагнасан баярын бичиг,  Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 02 сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Шагнал олгох тухай” тогтоол, гэрч А.Өлзийбаяр, Б.Балжинням нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Удаанжаргалын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Удаанжаргалын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ийнж овгийн Долгоржавын Удаанжаргалыг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Удаанжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.