Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч Ч.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чинбаатарын Баяржаргалд холбогдох эрүүгийн 201619000265 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, яс үндэс халх, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалан 1 дүгээр баг Тарганы ар гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чинбаатарын Баяржаргал /РД:НЕ85112176/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

            Шүүгдэгч Ч.Баяржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Солгой худаг гэх газар 47-68 УБЧ улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэх” мөн дүрмийн 2.3.б “хамгаалагдсан бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7.а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж /онхолдож/ Б.Баярбаясгалангийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Баяржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт машинтай явж байгаад онхолдоод хүү Б.Баярбаясгалан нас барсан гэв.

 

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг Тарагны ар гэх газар гэртээ байж байгаад худалдаж авсан 47-68 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ янзлах гээд сумын төв рүү нөхөр Баяржаргал охин Баярбаясгалан, охин Өөдөөцэцэг нарын хамтаар орсон юм. Тэгээд засварын газар очиж машинаа тавьчихаад янзлагдахгүй болохоор нь орхиод би Отгонбатынд хүргүүлээд байж байсан тэгээд манай нөхөр Баяржаргал архи уучихсан ирсэн. Тэгээд унтаж амарчихаад маргааш өглөө нь Баяржаргал гараад Улаанбаатар хотоос захисан сэлбээ аваад машинаа янзалсан мөн тэр өдөр архи уучихсан ирсэн. Тэгээд оройхон буцах гээд байж байтал манай бага охин Өөдөөцэцэг халуураад би бага охинтойгоо үлдээд Баяржаргал болон том охин Баярбаясгалан нар хөдөө гэр лүүгээ явна гээд гарсан тэгээд би Баяржаргалын дүү Отгонбатынд унтаж байхад шөнө осолд орсон талаар Болор хэлсэн. Тэгээд бид нар яваад очиход манай нөхөр Баяржаргал нь сумын 1 дүгээр баг Солгой худаг гэх газар онхолдчихсон талийгаач Баярбаясгаланг тэвэрчихсэн сууж байсан тэгээд би аваад шууд сумын эмнэлэгт хүргэж ирсэн тэгэхэд амьсгал хураачихсан байсан.хөдөө явахдаа архи уучихсан байсан. Осол болсны дараа хэр зэрэг согтуу байсан талаар нь би сайн мэдэхгүй байгаа. Манай хүргэн ах Говьсүмбэр аймагт байдаг Гансүх гэдэг ахаасаа 2016 оны цагаан сарын өмнө авсан тухайн үед 3 сая 500 мянган төгрөгөөр бодож авч байсан бид хоёр 800 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь намар мал өгнө гэж тохиролцоод авсан энэ машин бол манай эзэмшлийн машин. Жолооны үнэмлэх байхгүй өөрөө л машин жолоодож сурсан юм. Хааяа сумын төв орсон үед найз нөхөдтэйгээ таарахааараа л архи уучихдаг юм байнга бол уудаггүй юм. Бид хоёрын дундаас гарсан хүүхэд болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн Баяржаргал ба хүүхдээ алдсан хохирсон байгаа Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй ямар нэгэн зүйл байхгүй.  Манай нөхөр хүүхдүүддээ болон надад маш сайн халамжтай бид хоёр ам муруйж хэрэлдэж байсан удаагүй. Их сайн нөхөр. Осол болсноош хойш манай нөхөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм байхгүй хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг /хх-16-17 тал/,  

 

Иргэний нэхэмжлэгч, Ж.Гантөмөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Бат-Отгон гэх хүнээс 1 500 мянган төгрөгөөр бодож худалдаж авсан юм.  Тэрнээс хойш өөрийн хэрэгцээнд хааяа унаж байж байтал манай баз хүргэн Ч.Баяржаргал манайд ажил хийхээр очсон юм тэгээд ажил хийж байгаад буцахдаа надаас уг тээврийн хэрэгслийг худалдан авах санал тавьсан юм. Тэгээд анх 3 сая 800 мянган төгрөгөөр бодож өгөхөөр тохироод 2016 оны цагаан сарын өмнөхөн санагдаж байна. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна тэгээд 800 мянган төгрөгийн бэлнээр өгөөд үлдсэн 3 сая төгрөгөө малаар өгөхөөр болсон. Сүүлд нь би 2 сая 500 мянган төгрөгөөр өгөхөөр болсон. Тэрнээс нь өгсөн 800 төгрөгийг нь хасаад 1 сая 700 мянган төгрөг авахаар болоод тэрэнд нь 1 тугалтай 1 үхэр 1 бяруу авахаар болсон. Тэр үхэрээ авахаар зүсэлчихсэн байгаа. Одоо хэзээ л бол хэзээ очиж авахад бэлэн. Яг одоогийн байдлаар очиж аваагүй байгаа. Уг тээврийн хэрэгсэл бол Ч.Баяржаргалын нэр дээр бүрэн шилжсэн.  .. Надад гомдол санал байхгүй. Одоогийн байдлаар үлдсэн мөнгөнийхөө оронд үхэрээ аваагүй байгаа үхэрээ авчихвал нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Б.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Баяржаргал, болор нарыг танина. Нутгийн залуучууд байгаа юм төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баяржаргал, Дэмчигдорж, Мөнхбаатар, Энхболд нар манайд орж ирээд Мөнхбаатар, Дэмчигдорж хоёр яваад өгсөн сүүлд нь Отгонбаатар орж ирсэн. Тэгээд тэд нар 1 шил 0,5-тай Алтан түрүү гэдэг архи 1 том пиво хувааж уусан. Отгонбаатар, Энхболд 2 яваад өгсөн Баяржаргал бид хоёр Баяржаргалын машиныг янзлах гээд Хэнбээ ахынх руу явсан. Хэнбээ ахынд очоод Баяржаргал үлдээд би салаад явсан тэрнээс хойш уулзаагүй. Надаас салах үед гайгүй дундын согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч Г.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны өглөө босоод гэртээ байж байтал Дэмчигдорж манай гэрт орж ирээд тамхи асууж байсан тэр үед Батцэнгэл орж ирээд Дэмчигдорж Батцэнгэл хоёрын хамтаар гэрээсээ гараад дэлгүүр ороод Батцэнгэл 1 шил Соёорхол гэдэг архи аваад гарсан чинь Баяржаргалтай таараад буцаад манай гэрт ирээд авсан архиа бүгд хувааж уусан тэгээд би Баяржаргалыг дүүгийнд нь хүргэж өгчихөөд буцаад гэртээ харьсан. Гэртээ байж байтал Батцэнгэлийн ах нь Батцэнгэл рүү залгаад бид гурав ахынд нь очиж нүүрс буулгачихаад дэлгүүр ороод тамхи авчихаад байж байтал Дэмчигдорж Баяржавхлан гэдэг хүнээр 1 шил  Алтантүрүү авахуулаад соёлын төвийн хойно зогсож байхад Ч.Баяржаргалтай таарсан Баяржаргал Идэрээ гэдэг залуугаар нэг пиво авахуулаад тэгээд уулзсан чинь автобусанд машины сэлбэг ирж байгаа хамт тосоод авалцаадах гээд бид дөрөв хамт явж шуудангаас машины бөгс, морин толгойг нь аваад Тэмүүлэнгийн гэр лүү явахаар болоод замаараа Энхболдын гэрээр нь орж Энхболдыг аваад Тэмүүлэнгийн гэрт очсон. Тэгээд тухайн архи пивийг задлаад байж байтал Дэмчигдорж гараад явсан ба над руу эхнэр утсаар залгаад хүүхдийн хавтас дэвтэр авах гэсэн юм гэж дуудаад би Батцэнгэлийн машиныг нь авч гараад эхнэртэй уулзаж сургуулийн хүүхдийн юм аваад гэрт харьчихаад буцаад очиход Батцэнгэл Тэмүүлэн, Баяржаргал нар байсан ба ууж байсан архи нь дуусчихсан байсан. Тэгээд салаад би Энхболдтой хамт яваад Энхболдыг хүргэж өгчихөөд Батцэнгэлтэй хамт гэрлүүгээ харьсан тэрнээс хойш Баяржаргалтай уулзаагүй гэсэн мэдүүлэг /хх-22 тал/,

Гэрч Б.Дэмчигдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Г.Мөнхбаатар, Батцэнгэл хоёрын хамтаар Батцэнгэлийн машинтай 2016 оны 04-р сарын 20-ны өдрийн 12 цагийн үед сумын төвд явж байгаад Ч.Баяржаргалтай таарсан. Тэгээд уулзсан чинь автобусанд машины сэлбэг ирж байна. Очоод авалцаадах гээд бид дөрөв хамт явж шуудангаас машины бөгс, морин толгойг нь аваад Тэмүүлэнгийн гэрлүү явахаар болоод явж байхад Баяржавхлантай таарч 0,5 гр-ийн Алтан түрүү архи авахуулж замаараа Энхболдын гэрээр нь орж Энхболдыг аваад Тэмүүлэнгийн гэрт очсон. Тэгээд тухайн архийг задлаад Баяржаргал надад өгсөн ба би эхнэр хүүхэдтэйгээ таарамж муутай байгаа, ажил байна гээд би гараад явсан. Г.Мөнхбаатар, Тэмүүлэн, Батцэнгэл, Энхболд нар тухайн архийг уугаад үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч З.Ариунболор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Би Болор болон Баярбаясгалан нарын биед үзлэг хийсэн. Үзлэгээр Болорын биеийн байдал сайн ил харагдах шарх гэмтэл байхгүй, ямар нэгэн зовиур байхгүй, зүрхний цохилт хэвийн даралт 120, 80-тай байсан болохоор үзлэгийг зогсоосон. Харин талийгаач Баярбаясгалангийн биед үзлэг хийхэд нүүр хэсэг нь хаван үс нүүр хэсэг нь цус болж хатсан мөн зүүн чихнээс цус гарсан байдалтай, баруун талын хацар зүсэгдсэн, зүрхний цохилтгүй байхаар үзлэгийг зогсоосон гэсэн мэдүүлэг /хх-25 тал/,

Гэрч С.Оюунчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Ч.Баяржаргал бол миний төрсөн 3 дахь хүүхэд. Хүнд их тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй хүүхэд сүүлийн үед архи уугаад байдаг болсон. Одоогоор хамт амьдардаггүй Баяржаргалтай 21 настай байхаас нь хойш тусдаа яваа. Манай бага хүү Отгонбат над руу 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө залгаад Жагаа том охинтойгоо машинтайгаа явж байгаа онхолдоод охин нь өнгөрчихлөө гэж байсан. Тэгээд  л би гарсан гэсэн мэдүүлэг /хх-26 тал/,

Гэрч Ч.Отгонбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 20-ны орой сумын клуб дээр Захиргааны нээлттэй хаалганы өдөрлөгийн үдэшлэгт орчихоод 23 цагийн орчимд гэртээ орж ирээд байж байтал миний ах Баяржаргал өөрийнхөө 98303183 дугаарын утсаар залгаад Солгой худагт дугуй буудаад онхолдчихлоо хурдан хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би бэр эгч Оюунчимэгийн эгч Наранчимэг рүү утсаар Баржаргал онхолдчихсон гэнэ та манайд хүрээд ирээч хамт явъя гээд ирэхээр Наранчимэгийн 49-42 Төв улсын дугаартай портер маркийн машинтай Наранчимэг, бэр эгч Оюунчимэг, эхнэр Энхнавчийн хамтаар явж очиход Баяржаргалтай хамт явсан Болор зам дээр машинаас ойролцоогоор 500 орчим метрийн наана бид нарыг хүлээгээд зогсож байсан тэгээд Болороор заалгаад очиход ах Баяржаргалын машин нь хойшоо харсан байрлалтай ачаа нь салаад хажуу талдаа уначихсан Баяржаргал машиныхаа зөв талд тэвшнийхээ харалдаа хүүхдээ тэвэрчихсэн би хүүхдээ алчихлаа гээд уйлаад сууж байсан очиход талийгаач охин Баярбаясгалангийн нүүр битүү цус болчихсон шанаа цөмөрчихсөн өнгөрчихсөн байсан. Тэгээд би орилж хашгираад байхаар нь хөл гар нь хөдөлж байна гээд худлаа хэлж тайвшруулаад бэр эгч Оюунчимэгт хүүхдийг тэврүүлж Баяржаргалыг хажуу талдаа суулгаад Баяржаргалтай хамт явсан Болорыг тэвшин дээрээ суулгаад сумын төвийн эмнэлэг дээр ирсэн гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,

Гэрч Б.Наранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны 22 цагийн орчим яг цагийг нь сайн мэдэхгүй байна. Баяружаргалын төрсөн дүү Отгонбат над руу утсаар залгаад Баяржаргал машинтайгаа сумаас хойш ойччихсон байна гэхээр нь би машинаа бариад талийгаачийн дүү ээж хоёрыг бас Отгонбатыг эхнэртэй нь аваад хэргийн газар очсон. Очих үед машиныхаа нөмөр охиноо барьчихсан талийгаачийг цамцандаа ороочихсон миний охин үхчихсэн байна уу гээд л уйлаад байсан. Тэгээд эмнэлэгт хүргэж ирсэн. Талийгаачийг шууд эмнэлэгт оруулж өгсөн. Намайг хэргийн газарт ирэхэд талийгаач амьсгал хураачихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Г.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баяржаргал орж ирж ямар нэг худалдаа хийгээгүй. Харин Болор 14 цагийн орчим орж ирээд 2,5 литрийн Нийслэл пиво худалдаж аваад гарсан тухайн үед Болор архи, пиво уудаггүй болохоор нь яах гэж байгаа юм болоо гэж бодоод өнгөрсөн. Өөр зүйл аваагүй гэсэн мэдүүлэг /хх-29 тал/,

Гэрч Ч.Анхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед өөрийнхөө машинтайгаа охин Баярбаясгалан, Болор гэдэг залуутай гурвуулаа манай өгсөн бэлэгнийхээ адууг авах гэж ирлээ гээд ирээд өөрөө 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг Нийслэл пивотой ирээд манай нөхөр, Бати ах, Болортой дөрөвүүлээ хувааж уугаад 22 цаг өнгөрөөгөөд явна гээд явсан гэсэн мэдүүлэг /хх-30 тал/,

Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Бабагийнд 17 цагийн орчим очоод имийг нь хамт тавиулаад байж байтал гадаа машин ирээд Баяржаргал, Болор, охиныхоо хамт гурвуулаа ирээд Болор гарч яваад 2,5 литрийн Нийслэл пиво оруулж ирээд тэрийг нь хувааж уучихаад би Бабагийн гэрээс 20 цагийн үед гараад шууд гэртээ ирсэн гэсэн мэдүүлэг /хх-32 тал/,

Гэрч Д.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны 17 цагийн орчим ирсэн байх яг цагийг нь сайн санахгүй байна. Манайхаас бэлэгний адуугаа авна гэж байсан тэгээд өөрийнхөө авч ирсэн Нийслэл нэртэй пивийг гаргаж ирээд Бат, би , Баяржаргал бид гурав л уусан. Тэгээд 22 цагийн үед гараад гэр лүүгээ юм уу сумын төв орно гээд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч Н.Болор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим Баяржаргалтай таараад уулзсан чинь хамт хөдөө явчихаад ирье гэсэн тэгээд хамт Баба гэдэг айлынд очоод Жагаа гэдэг хүн пиво гаргаж ирээд тэрийг Баяржаргал, Жагаа, Баба, Бади гэдэг хүмүүс уусан би тэр пивоноос уугаагүй. Тэгээд 22 цагийн үед сумруу гараад явж байсан чинь машиныхан гэрэл асахгүй байсан. Тэгээд Баяржаргал буугаад машиныхаа гэрлийг цохисон чинь өрөөсөн нь ассан гэж надад хэлсэн тэгээд наашаа явж байхад би зүүрмэглэчихсэн байсан. Тэгээд нэг сэрсэн чинь машин онхолдчихсон хүүхэд нь машинаас гараад уначихсан байсан тэр үед хүүхэд дөнгөж амьсгаатай байж байсан. Тэгээд би утасаараа Баяржаргалын дүү Отгоо руу залгаад болсон асуудлын талаар хэлсэн. Дараа нь хүүхэд нь амьсгаагүй болсон гэсэн мэдүүлэг /хх-37 тал/,

            Гэрч М.Бат-Отгон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 04 дүгээр сарын дундуур байх яг сар өдрийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хотоос Хийн тулгай ХХК-аас актанд гарсан машиныг өөрийн төрсөн эгч Алтантуяагийн том хүү Хашчулуунаар дамжуулан 2 сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн үедээ төлбөр мөнгөө бэлнээр нь өгсөн. Хийн тулгай ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй. Тэрнээс хойш тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх нэрийг шилжүүлэлгүй байж байгаад мөнгөний хэрэг гараад 2015 оны 10 дугаар сарын 08-ны үед 1 сая 500 мянган төгрөгөөр өөрийн найз Гантөмөр гэх хүнд зарсан юм. Тухайн үед нэрээ мөн шилжүүлээгүй байсан. Сүүлд сонсоход манай найз Гантөмөр цаашаа зарсан гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-38 тал/,

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4 тал/,

-зам тээврийн осол дээр тогтоосон байдал /хх-5 тал/,

-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-06 тал/,

-2016 оны 04 дүгээр сарын 21-ний тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж 4 настай эмэгтэй Б.Баярбаясгалан нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8 тал/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-10 тал/,

-цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/,

-хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14 тал/,

-2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №00000041 дүгнэлтэнд

Хариулт: 1. Хэргийн материалаас үзэхэд “киа пронтер” маркийн 47-68 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Баяржаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх “ мөн дүрмийн 2.3б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах үндэслэлтэй.

Хариулт: 2. Хэргийн материалаас үзэхэд тээврийн хэрэгслийг осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй.

Хариулт: 3. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөцөл байдал илэрсэн зүйлгүй гэжээ /хх-40 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №3739 шинжээчийн дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Баяржаргалын 30н/эр” гэсэн хаягтай цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ /хх-45 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №3740 шинжээчийн дүгнэлт

1. Ч.Баяржаргал гэж хаягласан цус нь АВО системээр B/III/ бүлгийн харъяалалтай байна гэжээ /хх-46 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №3187 шинжээчийн дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн ободтой дугуй шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хаймар дугуй 1х2 см хатуу ирмэгтэй гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед зүсэгдэж цоорсон гэмтэл байна. Уг гэмтлээр хий гарахгүй байна гэжээ /хх-50 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №3187 шинжээчийн дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-51 тал/,

 

-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №44 шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн актад

1.Талийгаач Б.Баярбаясгалангийн биед гавлын орой хэсэг титмэн заадсаар салсан хугарлаар үргэлжилж зүүн талдаа суурь ясны бага далавчинд ташуу хугарал үүссэн, субарахнойлдаль зайнд цус хуралт, хатуу хальсны урагдал, баруун тал бөмбөлөгийн тэгш хэм алдагдал, эдэд няцрал, баруун нүдний доод зовхи, чамархай хамарсан шарх, баруун чамархай, баруун тохой, шуунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна гэжээ /хх-56 тал/,

 

-Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №60 шинжээчийн дүгнэлтэд

1. Б.Баярбаясгалан нь АВО Оqв I бүлгийн цустай байна гэжээ /хх-57 тал/,

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх-62 тал/,

-гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-82 тал/,

-47-68 УБЧ тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа  /хх-85 тал/,

-Баянжаргалан сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05/95 дугаартай албан бичиг /хх-90 тал/,

 

-мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллого /хх-91 тал/,

-нас барсны гэрчилгээний хуулбар /хх-92 тал/,

-яаралтай түргэн тусламжийн хуудасны хуулбар /хх-95 тал/,

 

            -шүүгдэгч Ч.Баяржаргалын  ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-81 тал/,

 

- шүүгдэгч Ч.Баяржаргалыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр /хх-73-74 тал/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр дахин /хх-75 тал/ 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-77 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ч.Баяржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Солгой худаг гэх газар 47-68 УБЧ улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэх” мөн дүрмийн 2.3.б “хамгаалагдсан бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 2.7.а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж /онхолдож/ Б.Баярбаясгалангийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунчимэг мэдүүлсэн “..би Баяржаргалын дүү Отгонбатынд унтаж байхад шөнө осолд орсон талаар Болор хэлсэн. Тэгээд бид нар яваад очиход манай нөхөр Баяржаргал нь сумын 1 дүгээр баг Солгой худаг гэх газар онхолдчихсон талийгаач Баярбаясгаланг тэвэрчихсэн сууж байсан тэгээд би аваад шууд сумын эмнэлэгт хүргэж ирсэн тэгэхэд амьсгал хураачихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Оюунчимэгийн мэдүүлсэн “ ..Манай бага хүү Отгонбат над руу 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө залгаад Жагаа том охинтойгоо машинтайгаа явж байгаа онхолдоод охин нь өнгөрчихлөө гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Отгонбатын мэдүүлсэн” ..тэгээд Болороор заалгаад очиход ах Баяржаргалын машин нь хойшоо харсан байрлалтай ачаа нь салаад хажуу талдаа уначихсан Баяржаргал машиныхаа зөв талд тэвшнийхээ харалдаа хүүхдээ тэвэрчихсэн би хүүхдээ алчихлаа гээд уйлаад сууж байсан очиход талийгаач охин Баярбаясгалангийн нүүр битүү цус болчихсон шанаа цөмөрчихсөн өнгөрчихсөн байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Наранчимэгийн мэдүүлсэн “...Очих үед машиныхаа нөмөр охиноо барьчихсан талийгаачийг цамцандаа ороочихсон миний охин үхчихсэн байна уу гээд л уйлаад байсан. Тэгээд эмнэлэгт хүргэж ирсэн. Талийгаачийг шууд эмнэлэгт оруулж өгсөн. Намайг хэргийн газарт ирэхэд талийгаач амьсгал хураачихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Болорын мэдүүлсэн “....тэгээд наашаа явж байхад би зүүрмэглэчихсэн байсан. Тэгээд нэг сэрсэн чинь машин онхолдчихсон хүүхэд нь машинаас гараад уначихсан байсан тэр үед хүүхэд дөнгөж амьсгаатай байж байсан. Тэгээд би утасаараа Баяржаргалын дүү Отгоо руу залгаад болсон асуудлын талаар хэлсэн. Дараа нь хүүхэд нь амьсгаагүй болсон”гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж 4 настай эмэгтэй Б.Баярбаясгалан нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №00000041 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №3739 шинжээчийн дүгнэлт,

Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №44 шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт зэрэг болон шүүгдэгч Ч.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ч.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                               

Шүүгдэгч Ч.Баяржаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

           

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Баяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Чинбаатарын Баяржаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ч.Баяржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  3 /гурав/  жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Баяржаргалд оногдуулсан  3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Баяржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Баяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдасугай.

6.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Баяржаргалд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Баяржаргалын тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Баяржаргал нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Баяржаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ч.Баяржаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА