Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 20

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Энхбат,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2067 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Энхбатын гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 1808000001149 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.Б, 1964 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, аппаратчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвийн хамгаалалтын албаны өрөөнд “хамгаалагч У.Т, О.Н нар нь бусдын гар утсыг хулгайлсан байж болзошгүй гэж шалгалаа” гэх шалтгааны улмаас маргаж, тус өрөөнд байрлах хяналтын камерын бичлэгийг хянах зориулалт бүхий 49 инчийн “Monel” загварын LCD зурагтыг резинэн бороохойгоор цохин дэлгэцийг нь хагалж, дахин ашиглагдахааргүй устгаж, 378.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбат нь мөрдөгчийн саналыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр /прокурорын бүртгэв дардас/ хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад мөн өдрийн 16 цаг 10 минутад 1808000001149 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Уг тогтоолд “эд зүйлд үнэлгээ тогтоосон 378.000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан”-г үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлон зүйлчлэл хийсэн байх боловч хавтас хэргийн 34-35 дугаар хуудсанд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тайлангийн огноог 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр тусгажээ. Тодруулбал, прокурор хөрөнгийн үнэлгээний тайлан гарахаас өмнө хохирлын хэр хэмжээг тодорхойлсон нь эргэлзээ бүхий бөгөөд прокурорын тогтоол үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.

Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол ... гаргана” гэж, 31.3 дахь хэсэгт “Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр нь хууль ёсны, үндэслэлтэй байна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авч, үндэслэл бүхий ... шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор ... мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус хуульчилсан тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг үнэлэх, иргэн Б.Бг яллагдагч гэж үзэх үндэслэл алга.

Мөн прокурор хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгалгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо Б.Б нь хэнд хохирол учруулсан болох нь эргэлзээтэй байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд өөр хоорондоо ихээхэн зөрүүтэй байна. Тухайлбал;

- ЦЕГ-аас “Бондхой” хуулийн этгээдэд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон  бүртгэлийн гэрчилгээ /хх-9/

- “Драгон холдинг” ХХК-ийн Б.О, “Бондхой” ХХК-ийн захирал Ш.Бямба нарын баталсан Харуул хамгаалалтын үйлчилгээ авах, үзүүлэх тухай гэрээ /хх-15-17/,

- Гэрч У.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хагарсан зурагт нь манай хамгаалалтын албаны зурагт байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,

- Гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хагарсан зурагт нь Драгон төвийн зурагт байсан юм. ...” /хх-25/,

- Т.Эыг хохирогчоор тогтоож авсан: “... манай хамгаалалтын албаны өрөөнд байсан камер хянадаг 49 инчийн “Monel” загварын зурагт нь Драгон төвийн өмч биш, миний өөрийн хувийн өмч байгаа юм. ...” /хх-18-21/,

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс “Драгон” худалдааны төвийн захиргаанд хандаж “... гомдолд манай байгууллагаас төлөөлж, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох алба хаагчийг томилж, манайд хариу ирүүлнэ үү” гэсэн албан бичиг /хх-48/ зэрэг ноцтой зөрүү бүхий нотлох баримтууд цугларчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд прокурор, мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагаагаар хэнд, ямар хохирол учирсныг хуульд заасан арга хэрэгслээр эргэлзээгүй нотлох үүрэгтэй.

Хэргийн үйл баримтаас үзвэл “Бондхой” ХХК-ийн эрхлэн явуулж байсан гэрээт харуул хамгаалалтын албан өрөөнд албаны зориулалтаар ашиглаж байсан эд хөрөнгөд хохирол учирсан байхад уг эд хөрөнгө хэний өмч болохыг юуны өмнө тухайн хуулийн этгээд, түүнийг төлөөлөх эрх бүхий хүнээс тодруулах нь зүйн хэрэг.

Гэтэл хэрэгт “Бондхой” ХХК-иас уг хөрөнгийн талаар хуульд заасан журмын дагуу асууж тодруулсан ямар ч баримтгүй, мөн хэрэгт хохирогчийн талаар нэгэнт зөрүү бүхий баримтууд цугларсан бол прокурор уг асуудлыг хуульд заасан арга хэрэгслээр бүх талаас нь бүрэн шалгуулсны эцэст хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий яллах дүгнэлт үйлдэж, дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсэгт хохирогчоо нэрлэн заах учиртай.

Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Т.Э-д хууль сануулж мэдүүлэг авсан тул түүний мэдүүлгийг үнэлэх бүрэн боломжтой. ...” гэсэн нь өрөөсгөл тайлбар байх бөгөөд энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн У.Т, О.Н нарт ч мөн адил мөрдөгч худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулсан байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг заавал нотлох бөгөөд энэхүү шалтгаан нөхцөл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол холбогдох байгууллага, албан тушаалтанд мөрдөгч, прокурор мэдэгдэл хүргүүлж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахуулна.

Гэрээт харуул хамгаалалтын ажилтны эрх, үүрэг, үйл ажиллагааны журам, хэмжээ хязгаарыг 2000 онд батлагдсан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулиар зохицуулах бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааны хязгаарлалтыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсныг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.

Иймд Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзээд хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурджээ.

Прокурор Э.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

1. Цагдаагийн байгууллага анх 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 00 минутад гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5 хоногийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай прокурорт ирүүлсний дагуу прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ" гэж заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн.

Дээрх хуулийн зохицуулалт нь гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн аваад гэмт хэргийн шинж байгаа, яллагдагчаар татах хүн нь хаана байгаа нь тодорхой тохиолдолд шууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар зохицуулалт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирлын хэмжээг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай заалт байхгүй хэдий ч прокурор тухайн үед шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн болох нь дараагийн мөрдөн шалгах ажиллагаануудаар нотлогддог. Тухайлбал: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10:15 цагаас 11:45 цагийн хооронд яллагдагч Б.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, бусад мөрдөн байцаалтын ажиллагаанууд явагдсан.

Хэдийгээр прокурорын тогтоолд "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтуудын жагсаалтад оруулсан боловч тухайн үнэлгээний огноо нь тогтоолын огноотой зөрсөн техникийн шинжтэй алдаа нь дээрх тогтоолыг хууль ёсны бус гэж үзэх үндэслэлгүй. Мөн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол нь өөрөө эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн хэлбэр биш бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг юм.

Шинжээчийн дүгнэлтийн огноо нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарахаас 1 хоногийн өмнө гарсан байх ямар ч үндэслэлгүй, техникийн шинжтэй алдаа болох нь тодорхой бөгөөд энэ талаар прокуророос урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд тайлбар хэлснийг шүүгч анхаарч авч үзэхгүйгээр хэргийг буцаасныг буруу гэж үзэж байна.

Шүүгч шинжээч дүгнэлт гарсан цаг хугацааг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шинжээч өөрийн гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө", мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно" гэсэн заалтуудыг үндэслэн гэм буруугийн хуралдаанд шинжээчийг оролцуулж, дүгнэлтийг хэзээ гаргасан талаар тодруулах боломжтой байсан.

Урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор шинжээчийг оролцуулж дүгнэлтийн огноог тодруулах боломжтой талаар дурдсан боловч шүүгч шинжээч гаргасан дүгнэлтээ тайлбарлахаас огноо хамааралгүй талаар тайлбарласан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлсийг тусгана", 1.1 дэх хэсэгт "шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар" гэж заасан байна.

2. Хэрэгт авагдсан гэрч У.Т, О.Н нарын мэдүүлгийн дагуу дээрх зурагт хэний өмчлөлийнх болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр "Драгон" худалдааны төвийн захиргаанд хандаж байгууллагыг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох алба хаагчийг томилж ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Т.Эрдэнэ-Олзод өөрийн биеэр цагдаагийн байгууллагад ирж, "Драгон холдинг" ХХК-ийн захирал Б.О , "Бондхой" ХХК-ийн захирал Ш.Б нарын баталж, хамгаалалтын албаны захирал Т.Эрдэнэ-Олзод өөрөө гэрээ байгуулж гарын үсэг зурсан "Харуул хамгаалалтын үйлчилгээ авах, үзүүлэх тухай" гэрээг хавтас хэрэгт хавсаргуулсан.

Мөн хохирогч Т.Э-д нь "...зурагт нь Драгон төвийн өмч биш, миний өөрийн хувийн өмч байгаа юм. ...би саяхан “Драгон” төвтэй гэрээ байгуулаад ажиллаж байгаа болохоор камерийг хянадаг дэлгэцийг хувийн зурагт гаргаад албаны хэрэгцээнд түр ашиглаж байсан" гэж мэдүүлсэн.

Дээрх баримтуудаас дүгнэхэд "Бондхой" нэртэй хуулийн этгээдийн өмнөөс "Драгон холдинг" ХХК-тай Б.Э-д гэрээ байгуулсан нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй гэж үзэхээр байна.

Шүүгч гэрч У.Т , О.Н , хохирогч Б.Э нарын мэдүүлэг ноцтой зөрүүтэй, гэрч, хохирогч нарт аль алинд нь хууль сануулж мэдүүлэг авсан талаар дурдсан боловч хамгаалагч У.Т, О.Н нар нь тухайн хамгаалалтын албанд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулаад сар хүрэхгүй хугацаанд ажиллаж байсан, тухайн зурагтыг хэний өмчлөлийнх болохыг мэдэхгүй байсан байх боломжтой гэж үзэхээр байна. Хэрэв дээрх мэдүүлгүүд ноцтой зөрж байгаа гэж үзвэл гэрч, хохирогч нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлгийн зөрүүг арилгах бүрэн боломжтой. Түүнчлэн хэрэгт хохирогчоор тогтоохтой холбоотой, иргэний нэхэмжлэлтэй холбоотой ямарч маргаан гараагүйг дурдах нь зүйтэй байна.

3. Хэрэгт гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоож, тухайн харуул хамгаалалтын албаны хамгаалагч нарын үйлдэл нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар хэргийн материалаас холбогдох баримтуудыг хуулбарлан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах тасагт албан бичиг хүргүүлсэн. Мөн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу "Бондхой" ХХК-д мөрдөгч мэдэгдэл, Дүүргийн ерөнхий прокурор мэдэгдэл бичиж хүргүүлсэн.

Мөн Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан явуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтуудын аль үндэслэлээр явуулсан талаар захирамжид дурдаагүй. Мөн захирамжид "...шүүхийн урдьчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай эсэхийг хянан хэлэлцэв, ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай" гэж дурдсан атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж ямар ажиллагаа хийх талаар захирамжид дурдаагүй нь шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2067 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, гэм буруугийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2067 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина” гэж заасан.

Гэтэл прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчиж, хэргийн үйл баримтыг тодорхой тогтоогоогүй байх ба яллах дүгнэлт нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг хохирол шаарддаг тул уг гэмт хэргийн улмаас хэнд хохирол учруулсныг бүрэн тогтоох ёстой.

Гэтэл энэ хэргийн хохирогч нь хэн болохыг тогтоогоогүй, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн агуулгыг бичихдээ 378.000 төгрөгийн хохирлыг хэнд учруулсан талаар зааж өгөөгүй, энэ нь тодорхой биш байгаа, яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Т.Э, Т.О гэх мэтээр нэрийг өөр өөрөөр бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн энэ гэмт хэрэг гарахад гэрээт харуул хамгаалалтын ажилтнуудын зүй бус, хууль зөрчсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйл ажиллагаа нөлөөлсөн байх ба уг асуудал хэрхэн эцэслэн шийдвэрлэгдсэн нь тодорхой биш байх тул тодруулах нь зүйтэй.

Иймд прокурор Э.Энхбатын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2067 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2067 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Энхбатын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР   

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН