| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2019/0001/З |
| Дугаар | 123/ШШ2020/0029 |
| Огноо | 2020-07-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 123/ШШ2020/0029
2020 оны 07 сарын 28 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2020/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сумын иргэн С.Э, Ч.П,
Хариуцагч: Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны 12 сарын 03-ны өдрийн 2018-0002 тоот нэгж талбар болон 2018 оны 2018-0001 тоот нэгж талбар дээр явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг хүчингүй болгож, 2018 оны 11-р сарын 22-ны өдрийн 2018-0002 тоот, 2018-0001 тоот нэгж талбар дээр явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.П, нэхэмжлэгч С.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, гуравдагч этгээд М.Н, хариуцагч Газрын дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э, Ч.П нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах 2018-0002 тоот газрын дуудлага худалдаанд оролцож ялсан. /12495000/. Дуудлага худалдаа тухайн өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хугацаанд явагдаж, оролцогч нар дараах байдлаар саналаа өгсөн байдаг. Үүнд хэрэглэгч 2858-09 цаг 48 минут 34 секунд, хэрэглэгч 2858-11 цаг 11 минут 38 секунд, хэрэглэгч 2694-14 цаг 58 минут 50 секундэд, хэрэглэгч 2915-14 цаг 59 минут 06 секундэд, миний бие-14 цаг 59 минут 37 секундэд тус тус санал өгсөн байдаг. Гэтэл уг дуудлага худалдаа оролцогчдын гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин эсхүл үргэлжлэн явагдаж хууль зөрчлөө.
Миний бие Ч.П нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах 2018-1230 тоот газрын дуудлага худалдаанд оролцож ялсан. /15950000 төгрөг/. Энэхүү дуудлага худалдаа тухай өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хугацаанд явагдаж, оролцогч нар саналаа өгч, миний бие энэ хооронд 3 удаа үнийн саналыг хийж, сүүлийн үеийн саналыг 15 цаг 01 минут 58 секундэд өгч ялсан. Газар зохион байгуулалтын ажлын хэсгээс лавлаж асуухад та ялсан байна гэж мэдээлсэн. Гэтэл уг дуудлага худалдаанд оролцогчдыг гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин эсхүл үргэлжлэн явагдаж хууль зөрчлөө.
Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.1-т дуудлага худалдааг дахин явуулах нөхцөлүүдийг заасан бөгөөд үүнд оролцогчийн техникийн бүрэн бүтэн байдал, интернетийн хурд зэрэг асуудлууд нь дуудлага худалдаа дахин явуулах эрх зүйн үндэслэл болохгүй, үүнд хамааралгүй гэж үзээд Төв аймгийн Засаг даргад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан. Гэвч аймгийн Засаг дарга бидний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдаа дараах үндэслэлээр хууль бус байна.
Миний бие Ч.П нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа нь зохих журмын дагуу аливаа саатал гэмтэлгүй үнэн зөв явагдаж дууссан гэж бодож байна. Энэхүү дуудлага худалдаанд хамгийн сүүлийн үнийг 15 цаг 1 минут 58 секундэд өгсөн бөгөөд нийт 5 оролцогч саналаа өгч оролцсон. Миний ялсан газарт дуудлага худалдаа явагдаж дууссанаас хойш бусад оролцогчоос гомдол гараагүй байхад дуудлага худалдаанд дахин оруулсан.
Засгийн газрын 2016 оны 10 дугаартай Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.1-т дуудлага худалдааг дахин явуулах нөхцөлүүдийг дараах байдлаар хуульчилсан байдаг. 10.1.1 дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнийг энэ журмын 11.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй, эсхүл төлөхийг зөвшөөрөөгүй тохиолдолд, 10.1.2.дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй, 10.1.4.хуульд заасан бусад тохиолдолд гэж заасан. Гэтэл дээрх нөхцөлүүдийн аль нь ч бүрдээгүй. Харин ч дуудлага худалдаа товлосон өдөр, зарласан хугацаандаа явагдаж дууссан бөгөөд зөвхөн бусад оролцогч нар компьютер гацсан талаар гомдол гарсанаас шалтгаалж дуудлага худалдааг дахин явуулсан нь үндэслэлгүй. Учир нь энэхүү дуудлага худалдааны сүүлийн минутад 1959 тоот газарт 2 оролцогч саналаа өгсөн байсан бөгөөд бусад оролцогч нар 14:58:50, 11:11:38. 09:48:34 минутад саналуудаа өгсөн байдаг. Хэрэв үнэхээр сервер цаанаасаа гацсан бол дуудлага худалдаа дуусах сүүлчийн минутанд 3 нь ч оролцогч саналаа өгч яаж чадсан байх бэ? Тухайн оролцогчийн техникийн бүрэн бүтэн байдал, интернетийн хурд, гар утас, таблет, компьютерын гацалт зэргээс шалтгаалж гацалт үүссэх бүрт дуудлага худалдааг дахин явуулах нь утгагүй. Бидний компьютер хэвийн ажиллаад саналаа өгч болоод байхад бусад хүмүүсийн компьютер гацсан асуудал нь хувийн бэлтгэлийн асуудал. Энэ дуудлага худалдаанд ялсан ялагчийн үнэ харьцангуй хямд байсан гэдгийг мэдчихээд арга заль хэрэглэн дуудлага худалдааг хууль бусаар дахин явуулах хүсэлтүүд гаргасныг хүлээн авч, дуудлага худалдааг дахин явуулсан.
2. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 9.9.6-г зөрчсөн, 9.9.6-д цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно гэж заажээ. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа хэдний өдөр товлогдсон байна тухайн өдрийн ажлын цагт багтаан дуудлага худалдаа дуусах ёстой. Гэтэл 2018 оны 11-р сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа нь 2018 оны 12-р сарын 3-ны өдөр үргэлжлээд байгаа мэтээр явагдаж 2 дахь дуудлага худалдаа 14:30-15:00 цагийн хооронд 30 минутын хугацаанд өмнөх дуудлага худалдааны үнийг үргэлжлүүлэн дуудаж эхэлсэн нь дээрх журмыг зөрчжээ.
3. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам болон Газрын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн. Хэрэв үнэхээр техникийн саатал гаран дуудлага худалдааг дахин явуулсан бол дуудлага худалдааг анх зарласан үндсэн үнэнээс дуудаж, хугацаа нь мөн л анх зарласан хугацаанд үргэлжлэх ёстой байсан. Гэтэл 2 дахь дуудлага худалдаа дахин явагдаж байгаа ч биш. Анхны дуудлага худалдааны үргэлжлэл мэтээр 30 минут хийгдэж, өмнөх дуудлага худалдаанд санал өгсөн хүний үнэнээс үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчиж байна. Учир нь Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журамд заасан дуудлага худалдааг дахин явуулах үндэслэл бүрдээгүйгээс гадна энэ журам болон Газрын тухай хуульд дуудлага худалдааг зохион байгуулах харилцааг зохицуулсан байхад хууль тогтоогчийн гаргасан хууль, түүнд нийцүүлэн баталсан журмыг зөрчиж түүгээр ч үл барам хууль, журамд заагаагүй үндэслэл болох дуудлага худалдаа үргэлжлэн явах гэсэн ойлголтыг бий болгон хэрэгжүүлсэн байна.
4. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны дуудлага худалдаа дууссанаас хойш миний бие С.Э 3 удаа. Ч.П 2 удаа газрын төлбөрөө өгөх дансаа авъя гэж тус газарт хандахад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт албан бичгээр хандсан хариу гарахаар таньд мэдээлнэ гэсэн, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны үдээс хойш /14-15 цагийн хооронд/утсаар дахин дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутаас 15 цагийн хооронд явагдах тухай утсаар бидэнд мэдээлсэн. Газрын дуудлага худалдаа дахин болох болсон шалтгааныг хүмүүсээс өргөдөл, гомдол ирсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч бид 2018 оны 11 дүгээр сарын 22-ны газрын дуудлага худалдааг үнэн зөв, шударга явагдаж дууссан болон ахин дуудлага худалдаа явуулахгүй байх тухай хувийн өргөдлийг Төв аймгийн Газрын харилцаа. барилга хот байгууллалтын газарт гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 16, 17 цагийн үед өөрийн биеэр хүргэж өгсөн. Иргэн С.Эийн өргөдлийн хариуг 2018 оны 12 дугаар сарын 03-ны 14 цаг 18 минутанд 80099339 тоот утсаар таны өргөдлийг Газрын дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэх боломжгүй байна танд өнөөдрийн газрын дуудлага худалдаанд оролцох эрх байгаа шүү гэж мэдээлсний дагуу миний бие дуудлага худалдаанд оролцож ялагдсан.
Иргэн Ч.Пд өргөдлийн хариуг 2018 оны 12 дугаар сарын 03-ны 14 цаг 16 минутад 80099339 тоот утсаар дахин газрын дуудлага худалдаанд оролцохыг мэдэгдсэн. Газрын дуудлага худалдаа явуулах нөхцөлийг дээрх газрууд анхнаасаа бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл дуудлага худалдаа зарласан товлосон өдрөө явуулсны дараа цахим системийн үндсэн серверт ачаалал үүссэний улмаас хэвийн ажиллагаа доголдсон мэтээр шийдвэр гаргаж ахин дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зүйд нийцэхгүй байгаагаас иргэн бид хохироож байна. 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 2018-0002 тоот нэгж талбар болон 2018 оны 2018-0001 тоот нэгж талбар дээр явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг хүчингүй болгож, 2018 оны 11-р сарын 22-ны өдрийн 2018-0002 тоот, 2018-0001 тоот нэгж талбар дээр явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулах эрх олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь 2018 оны 12 сарын 22-ны өдөр Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах 2018-0002 тоот газрын дуудлага худалдаанд оролцож ялсан. Дуудлага худалдаа 09:00 цагаас 15:00 цагийн хугацаанд явагдаж, оролцогч нар дараах байдлаар саналаа өгсөн байдаг. Үүнд хэрэглэгч 2858-09 цаг 45 минут 34 секунд, хэрэглэгч 2858-11 цаг 11 минут 38 секунд, хэрэглэгч 2694-14 цаг 58 минут 50 секундэд, хэрэглэгч 2915-14 цаг 59 минут 06 секундунд, С.Э 14 цаг 59 минут 37 секундэд тус тус санал өгсөн. Гэтэл уг дуудлага худалдаа оролцогчдын гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин эсхүл үргэлжлэн явагдаж хууль зөрчсөн. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018-0002 тоот болон 2018-0001 нэгж талбарт явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг хүчингүй болгож, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан 2018-0002 тоот болон 2018-0001 нэгж талбарт явагдсан дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулж гэрээ байгуулах эрх олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ...2 дахь дуудлага худалдаа нь дараах байдлаар хууль зөрчсөн. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.1-т заасныг зөрчсөн. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа нь зохих журмын дагуу аливаа саатал гэмтэлгүй, үнэн зөв явагдаж дууссан. Гэтэл дуудлага худалдаа явагдаж дууссанаас хойш бусад оролцогч гомдол гарган уг дуудлага худалдаанд техникийн саатал гарсан мэтээр худал хуурмаг зүйл үүсгэж байна. Дуудлага худалдаа явуулах журмын 10.1-т заасан ...дахин дуудлага худалдаа явуулах хуульд заасан нөхцөлүүдийн аль нь ч бүрдээгүй. Харин ч дуудлага худалдаа товлосон өдөр, зарласан хугацаандаа явагдаж дууссан бөгөөд зөвхөн бусад оролцогч нар компьютер гацсан талаар гомдол гарсанаас шалтгаалж дуудлага худалдааг дахин явуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Дуудлага худалдаа явуулах журмын 9.9.6-г зөрчсөн... дуудлага худалдаа 2, 3 өдөр дамнаад үргэлжлээд явах эрх зүйн үндэслэл байхгүй. Гэтэл 2018 оны 11-р сарын 22-ний өдрийн дуудлага худалдаа 2018 оны 12-р сарын 3-ны өдөр үргэлжлээд байгаа мэтээр явагдаж 2 дахь дуудлага худалдаа 14:30-15:00 цагийн хооронд 30 минутын хугацаанд өмнөх дуудлага худалдааны үнийг үргэлжлүүлэн дуудаж эхэлсэн нь дээрх журмыг зөрчсөн. ... Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны дуудлага худалдаа дууснаас хойш нэхэмжлэгч С.Э 3 удаа, Ч.П 2 удаа газрын төлбөрөө өгөх дансаа авья гэж тус газарт хандахад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт албан бичгээр хандсан хариу гарахаар таньд мэдээлнэ гэсэн, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны үдээс хойш дахин дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутаас 15 цагийн хооронд явагдах тухай утсаар мэдээлсэн. ... Хариуцагч тал 14 цаг 30 минутаас эхлээд 30 минутын хороонд гацалт үүссэн гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд 14 цаг 55 минутаас 15 цаг 09 минутын хооронд серверт гацалт үүссэн байх магадлалтай. Давхцал маш их байсан учраас гацалт үүссэн байна гэж дүгнэсэн. Мөн хавтаст хэрэгт гуравдагч этгээдүүдийн тайлбарт сүүлийн 30 минутад гацалт үүссэн гэж маргадаг. Ийм учраас хариуцагчийн гаргасан сүүлийн 30 минутад гацалт үүсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн хариуцагч тал уг дуудлага худалдаа дахин явагдаагүй, үргэлжлүүлэн явуулсан гэсэн тайлбар өгч байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нар нь дуудлага худалдаа дахин явагдана гэж бидэнд утсаар мэдэгсэн гэж тайлбар гаргасан. Үүнээс үзэхэд дуудлага худалдаанд оролцогч этгээдүүд нь дуудлага худалдаа дахин явагдана гэсэн ойлголт авсан гэдэг нь харагдаж байна гэв.
Нэхэмжлэгч Ч.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн цахим дуудлага худалдааны явцын тэмдэглэлд утсаар лавлаж асуусан хүмүүсийн тэмдэглэл байдаг. 0002 дугаар нэгж талбарт С.Э ялагч болсон. 0001 дугаар нэгж талбарт Ч.П ялагч болсон байна гэж байдаг... 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2 дахь дуудлага худалдааг явуулах үед үнийн хувьд аль үнээс явагдах нь тодорхойгүй байсан ... гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 09 цагаас 15 цагийн хооронд дуудлага худалдаа зохион байгуулсан. Тухайн дуудлага худалдаанд нийт 365 иргэн бүртгүүлж оролцсон. Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын цахим сервер дээр гацалт үүсэж хэтэрхий олон оролцогч оролцсон. Монгол улсад өмнө ийм олон оролцогч орж байгаагүй учраас серверийг урьдчилан тооцоолоогүйн улмаас гацалт үүсэж 12 цаг 30 минутаас 15 цаг 15 минутын хооронд серверт гацалт үүссэнээс болж зарим оролцогчид үнийн санал оруулж чадаагүй, дуудлага худалдаа доголдсон. 0001, 0002 тоот дуудлага худалдаанд оролцсон Э, П нар нь 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдаанд үргэлжлүүлэн оролцох үед ажлын хэсгээс яаж зохион байгуулсан бэ гэвэл өмнөх дуудлага худалдаа 14 цаг 30 минут хүртэл хэвийн үргэлжилж байсан цагаас хойш үргэлжлүүлэн явуулах зөвлөмж ирсний дагуу ажлын хэсэг шийдвэрлээд зохион байгуулсан. Ажлын хэсэг яагаад уг шийдвэрийг гаргасан бэ гэвэл Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын 9.3-т “ дуудлага худалдааны явцад үүссэн гомдол, маргааныг ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тухайн маргааныг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь ажлын хэсгийн бие даасан шийдвэр учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. 0002, 0001 дугаар дээр оролцсон С.Э, Ч.П нарын дуудлага худалдаанд оролцох нөхцөлийг бүрэн хангасан бөгөөд оролцогч нар нь 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдаанд оролцоод үнийн саналаа өгөөд өөр ялагч тодорсон байгаа. 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдаанд дахин оролцоод үнийн саналаа өгсөн хэрнээ нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй Дуудлага худалдаа явуулахдаа эхнээс нь зохион байгуулж байгаа юу, өмнөх дуудлага худалдааны сүүлийн үнээс явуулж байгаа юу гэдгийг цахим сайтад бүртгүүлсэн хаягаар нь албан ёсны хуудсаар мэдэгдсэн. Мөн холбогдох утас руу нь залгаж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд нэхэмжлэгч С.Э, Ч.П нар нь оролцсон, өөр оролцогч ялагчаар тодроод гэрээгээ байгуулсан учраас дахин баталгаажуулах боломжгүй. Хууль ёсны дагуу ялагч болсон хүнд нь баталгаажуулж өгсөн. Дуудлага худалдааг дахин явуулсан бол бүх хүний дэнчинг буцааж өгөөд дахин шинэ захирамж гараад дуудлага худалдааны товыг зарлаад, дуудлага худалдаанд оролцох хүсэлттэй хүмүүсийг бүгдийг бүртгээд зохион байгуулах байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О: Дуудлага худалдаа нь Засгийн газраас баталсан 10 дугаар тогтоолоор баталгаажсан журмын дагуу зохион байгуулагдсан. Уг журмын дагуу дуудлага худалдааны техникийн гацалт үүссэн тохиолдолд дуудлага худалдааг хүчингүй болгох боломжгүй байсан. Гацалт үүссэнийг зохицуулах нарийвчилсан хууль, журам байдаггүй учраас ажлын хэсэг журамд заасны дагуу эрх мэдлийнхээ хүрээн шийдвэрлэсэн. Дуудлага худалдааг дахин явуулах нөхцөл бүрдээгүй. Мөн бүргүүлсэн 356 хүний эрх ашгийг хангах, хүндрэл учруулахгүй байх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх үүднээс 14 цаг 30 минут буюу хамгийн сүүлд өгсөн үнийн саналаас үргэлжлүүлэн зохион байгуулсан нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэр гаргасан. Дуудлага худалдааг дахин явуулах, үргэлжлүүлэн явуулах тал дээр нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас үүнийг дуудлага худалдааны явцад гарсан өргөдөл гомдлыг ажлын хэсэг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Мөн мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу ажлын хэсгийн шийдвэрлэсэн шийдвэр юм. Нэхэмжлэгч Э, Пгээс гадна дуудлага худалдаанд оролцсон 356 хүнд утсаар мэдэгдсэний дагуу 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдаа бүгд оролцож эрхээ эдлээд үнийн саналаа өгөөд оролцсон. Ийм учраас уг шийдвэр нь хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн цахим дуудлага худалдаанд оролцсон. Тухайн үед серверт гацалт үүссэн нь үнэн. Бид нар үнийн саналаа явуулах гэтэл болохгүй байсан. Олон хүн оролцож байгаа учраас болохгүй байна гэж бодсон. Дахин дуудлага худалдаа болох талаар надад мэдэгдсэн. Олон хүнээс гомдол санал ирсэн учраас дуудлага худалдааг үргэлжлүүлэхээр болсон гэдгийг мэдэгдсэн. Дараагийн дуудлага худалдаанд ороод ялагчаар тодорсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулахад бүгд оролцсон байхад гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн цахим дуудлага худалдаа гацсанд гомдолтой байсан. 2018 оны 12 сарын 03-ны өдрийн цахим дуудлага худалдаанд оролцож сүүлийн үнийн саналаа 24,970,000 төгрөгөөр өгч ялсан. Тухайн дуудлага худалдаа журмын дагуу шударга болсон... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч С.Э, Ч.П нарын “2018 оны 12 сарын 03-ны өдөр 2018-0002, 2018-0001 тоот нэгж талбарууд дээр явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг хүчингүй болгож, 2018 оны 11 сарын 22-ны өдөр 2018-0002, 2018-0001 тоот нэгж талбар дээр явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулж гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, сумын 1-р багийн нутаг, Хуульчдын хотхоны урд талд байршилтай 1 га газрыг амины орон сууцны зориулалтаар, 6-р багт 1 нэгж талбарт 0.2 га газрыг спорт заалны зориулалтаар тус тус дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэхээр төлөвлөжээ
Төв аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/627 дугаар захирамжаар дээрх төлөвлөгөөнд заасан Зуунмод сумын 1-р баг, Хуульчдын хотхоны урд талд, 42 нэгж талбарт байршилтай газрыг амины орон сууц барих зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 644 дүгээр захирамжаар газрын дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан, хийх ажлын төлөвлөгөөг нь баталжээ.
Уг төлөвлөгөөний дагуу Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсэг 2018 оны 11 сарын 19-21-ний өдрүүдэд Зуунмод сумын 1-р баг, Хуульчдын хотхоны урд талд, 42 нэгж талбарт байршилтай, тус бүр 400 мкв газрыг амины орон сууц барих зориулалтаар ...эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэхэд нийт 356 иргэн оролцогчоор бүртгүүлэн, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд оролцсон.
Нэхэмжлэгч С.Э 2018-0002 тоот нэгж талбарт байршилтай 400 мкв газрын дуудлага худалдаанд, нэхэмжлэгч Ч.П 2018-0001 тоот нэгж талбарт байршилтай 400 мкв газрын дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн газрын дуудлага худалдаанд оролцсон зэрэг нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
2. Нэхэмжлэгч С.Э “2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2018-0002 тоот нэгж талбартай газрын дуудлага худалдаанд нийт 5 оролцогч саналаа өгсөн. Хамгийн сүүлийн үнийг миний бие 14 цаг 59 минут 37 секундэд өгч ялагч болсон. Дуудлага худалдаа нь зохих журмын дагуу үнэн зөв явагдаж дууссан...бусад оролцогч гомдол гарган уг дуудлага худалдаанд техникийн саатал гарсан мэтээр худал хуурмаг зүйл үүсгэж, дуудлага худалдааг үргэлжлүүлэн 2 дахь дуудлага худалдааг явуулсан нь Газрын дуудлага худалдаа явуулах журмын 9.9.6, 10.1-д заасныг зөрчсөн” гэж,
нэхэмжлэгч Ч.П 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа нь зохих журмын дагуу аливаа саатал гэмтэлгүй үнэн зөв явагдаж дууссан. 2018-0001 тоот нэгж талбартай газрын дуудлага худалдаанд оролцож, сүүлийн үеийн саналыг 15 цаг 01 минут 58 секундундад өгч ялсан, ажлын хэсэг та ялсан гэж хэлсэн. Гэтэл уг дуудлага худалдаанд оролцогчдын гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин эсхүл үргэлжлэн дуудлага худалдаа явуулж, Газрын дуудлага худалдаа явуулах журмын 9.9.6, 10.1-д заасныг зөрчсөн” гэж маргажээ.
Харин хариуцагч “газрын цахим дуудлага худалдааг 2018 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгуулах явцад Газрын биржийн цахим системийн сервер гацсан, иргэдээс гомдол ирсэн...дуудлага худалдаанд оролцсон иргэдийн эрх ашгийг хүндэтгэж, бүртгүүлсэн иргэдээс өөр хүн нэмж бүртгэхгүй, үнийн хөөрөгдлөөс сэргийлж, 11 сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад өгсөн үнийн саналаас нь үргэлжлүүлэн үнийн санал өгөх зохицуулалт хийж, дуудлага худалдааг 2018 оны 12 сарын 03-ны өдөр 14 цаг 30 минутаас үргэлжлүүлэн явуулсан ... дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай оролцогчдод, С.Э, Ч.П нарт иргэдэд утсаар мэдэгдсэн, С.Э 2018-0002 тоот нэгж талбар дээр дуудлага худалдаанд оролцоогүй, өмнө нь оролцсон өөр 2 нэгж талбар дээрээ үнийн санал өгч оролцсон, Ч.П 2018-0002 тоот нэгж талбар дээр үнийн саналаа үргэлжлүүлэн өгч дуудлага худалдаанд оролцсон ч ялагч болж чадаагүй, дуудлага худалдаа явуулахыг зөвшөөрч оролцчихоод дараа нь гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарласан байна.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6-д цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 17 цаг 00 минутад зогсооно. 9.9.9-д цахим дуудлага худалдааг энэ журмын 9.9.6-д заасан хугацаанд зогсоосноор оролцогчоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг, минут, секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заажээ.
Мөн Газрын дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг ”Өнөөдөр” сонины 2018 оны 10 сарын 31-ний өдрийн дугаарт “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааны зар” -ыг нийтэлж, уг зарын 8-д “дуудлага худалдаа эхлэх: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 09.00 минутаас эхлэнэ. 9-д “Дуудлага худалдаа 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ”. 10-д “үнийн санал өгөх хугацаа 15:00 цагаас хойш систем 1 минут буюу 60 секунд хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдаа автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдсаар 17 цаг хүрвэл хамгийн сүүлийн үнэ өгсөн хэрэглэгч ялагч болж дуудлага худалдаа хаагдана.”, 11-д “...дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох ...” гэж тус зааж, дуудлага худалдаанд оролцох журмыг тодорхойлон мэдээлжээ.
3. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан Газрын дуудлага худалдааны явцад 14 цаг 58 минутаас эхлэн Газрын биржийн цахим системд гацалт үүсч, зарим оролцогчид үнийн санал оруулах боломжгүй болсон нь:
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 4909 тоот дүгнэлтийн “үзлэг ба шинжилгээ” хэсгийн 5 дахь хэсэгт “...төв процессорын ачаалал ойролцоогоор 14 цаг 58 минутаас 15 цаг 6 минут хүртэл хугацаанд дээд цэгтээ хүрсэн харагдаж байна. Ачаалал дээд цэгт тулсан тохиолдолд компьютер гацдаг. ....Дүгнэлт: 1. Газар зохион байгуулалт Геодези зураг зүйн газрын www.mle.mn буюу Газрын биржийн цахим системийн серверт гацалт үүссэн байна... гэсэн дүгнэлт,
-Газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн №1 тэмдэглэлд “...утсаар 15 иргэн, өөрийн биеэр 7 иргэн, бичгээр 4 өргөдөл ажлын хэсэгт өгөөд байна...” гэсэн тэмдэглэл,
-Өргөдөл гаргасан иргэдийн жагсаалтын 12-рт Д.Э...оролцсон байршил 2018-0002, сүүлийн 1 минут гацаад хүлээлтийн секунд үнэ оруулж болохгүй байна...” гэж тэмдэглэсэн зэрэг бичгийн нотлох баримтуудаар нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Э, Ч.П нар “газрын дуудлага худалдааг дахин явуулахгүй байхыг хүссэн” өргөдлөө 2018 оны 11 сарын 30-ны өдөр Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт гаргасан, уг өргөдөлд 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 07/952, 07/954 тоот албан бичгээр “дуудлага худалдаанд үргэлжлүүлэн оролцох боломж нээлттэй...” гэсэн хариуг өгчээ.
Иймд С.Э, Ч.П нарыг тухайн нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар тогтоож баталгаажуулаагүй, энэ талаар гаргасан гомдолд 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 07/954 тоот албан бичгээр хариу өгсөн зэрэг хариуцагчийг буруутгах боломжгүй байна. Тодруулбал, хариуцагчийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газрын дуудлага худалдаа явуулах журмын 9.9.6-д “цахим дуудлага худалдааг ...17 цаг 00 минутад зогсооно”, 9.9.7-д “...9.9.6-д заасан хугацаанд хамгийн өдөр санал ирүүлсэн оролцогчийг...ялагчаар тодруулах....”, 15.1-д дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
4. Газрын дуудлага худалдааны Ажлын хэсэг 2018 оны 11 сарын 28-ны өдөр хуралдаж, “2018 оны 11 сарын 22-ны өдрийн дуудлага худалдааг үргэлжлүүлэн 12 сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутаас эхлэн 17 цаг 00 минут хүртэл хугацаанд зохион байгуулах, дуудлага худалдааны оролцогчид 11 сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаанд өгсөн саналаасаа үргэлжлүүлэн үнийн саналаа өгөх” тухай шийдвэр гаргаж, энэ тухай нэхэмжлэгч С.Э, Ч.П нарт 12 сарын 03-ны өдрийн 14 цаг, 18 минутад мэдэгдсэн. 12 сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутаас эхэлсэн газрын цахим дуудлага худалдаанд нэхэмжлэгч С.Э маргаан бүхий 2018-0002 тоот нэгж талбарын дуудлага худалдаанд оролцоогүй, өөр 2 нэгж талбарын дуудлага худалдаанд оролцсон, нэхэмжлэгч Ч.П маргаан бүхий 2018-0001 тоот нэгж талбарын дуудлага худалдаанд оролцож, 19,460,000 төгрөгөөс эхлэн 3 удаа үнийн санал өгсөн[1] /11 сарын 22-ны өдөр 15,950,000 төгрөгөөр санал өгсөн/ боловч ялагч болж чадаагүй. Мөн нэхэмжлэгч нар 2018 оны 12 сарын 03-ны өдөр газрын цахим дуудлага худалдаанд оролцсоны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тухайн дуудлага худалдаатай холбогдох гомдлыг Төв аймгийн Засаг даргад гаргаад, гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр авсан зэрэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нар Газрын дуудлага худалдаа явуулах журмын 15.2-т “Иргэн аж ахуй нэгж, байгууллага дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо тухайн шатны Засаг дарга...шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж зааснаар Ажлын хэсгийн дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах шийдвэрт гомдол гаргаагүй, 12 сарын 03-ны өдрийн дуудлага худалдаанд оролцсон байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагч нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “... газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий газарт цахим дуудлага худалдааг явуулж, дуудлага худалдаанд оролцогчдын хуульд заасан эрхийг хангаж ажилласан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э, Ч.П нарын “2018 оны 12 сарын 03-ны өдрийн 2018-0002 тоот нэгж талбар болон 2018 оны 2018-0001 тоот нэгж талбар дээр явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг хүчингүй болгож, 2018 оны 11-р сарын 22-ны өдрийн 2018-0002 тоот нэгж талбар дээр явагдсан газрын дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН