Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0328 |
Огноо | 2014-08-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2014/0328
Д.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, В.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 236 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 451 дүгээр захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Г-ын эзэмшил газар нь 0.006 га бөгөөд уг газарт 2013 оны 9, 10 дугаар сараас ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг хийж эхэлсэн нь дүүргийн Засаг даргын эзэмшүүлэхээр олгосон газрын талбайн хэмжээтэй зөрж, барилгын газрын суурь талбайн хэмжээ нь 112 м.кв газарт баригдсан нь тухайн маргаан үүсэх нөхцөл болсон. Дээрх хугацаанд барилгын ажлыг зогсоох, зохих зөвшөөрөлгүйгээр барилга барьж болохгүй, Газрын тухай хууль болон газар эзэмшигч Газрын албатай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчиж байгаа талаар удаа дараа бичгээр болон Газрын албанаас биечлэн шаардлагыг өгч байсан./Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3.1,40 дүгээр зүйлийн 40.1.1, 60.1.2, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.6-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Г-оос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 451 дүгээр захирамжийн Д.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Г давж заалдах гомдолдоо: Тухайн газрыг 2000 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд анх авахад одоо байгаа газрын хэмжээгээр байсан. Түүнээс хойш газрыг дур мэдэн томсгосон зүйл байхгүй, кадастрын зургаар баталгаажуулан эзэмшсэн. Анх тухайн газрыг Г банкнаас худалдан авахад 60.м.кв байшинтай байсан. Тэр хэвээр нь ашиглаж байгаад 2013 оны 9 дүгээр сараас барилгын ажил эхлүүлж, 2 давхар сүмийн барилга бариулсан.
Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 451 дугаартай захирамжаар надад олгосон газрыг хүчингүй болгосон. Тухайн захирамжид дурдсан хуулийн заалтуудын аль ч хэсэг нь надад хамааралтай бус байсан. Би өөрийн эзэмшлийн газар дээрээ барилгаа өөрчлөн сайжруулсныхаа төлөө газар ч үгүй, 300 сая төгрөгийн өртгөөр баригдсан барилга ч үгүй болох аюул учраад байна.
210 м.кв газар эзэмшиж хашаа татан үйл ажиллагаа явуулж байхад хэн ч илүү газар эзэмшиж байна гэж хэлээгүй бөгөөд манай газар мөн гэдэг нь үүгээр нотлогдоно. Хэрвээ илүү газар эзэмшсэн гэж үзвэл түүнийг чөлөөлөх үндэслэл болох байтал шууд л хүчээр хүчингүй болгосныг шүүх улам баталгаажуулан хууль бус үйлдлийг дэмжсэн үйлдэл болж байна. Тухайн газарт манай сүм эхэлж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд гомдол гаргаж байгаа гэх дэлгүүр, ардчилсан намын байр зэрэг нь сүүлд баригдсан, бид сүмийн барилгаа шинэчлэхдээ суурин дээрээ барьсан бөгөөд арагш нь сунгаагүй. Хамгийн сүүлд 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 100 тоот захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулсан.
Хариуцагч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг үндэслэн хүчингүй болгосон гэж тайлбарласан. Гэтэл ямар ч маргаан үүсээгүй байхад санаачилгаараа бусдын хөрөнгөнд шууд халдан хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүх уг хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжтой байсан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах ёстой боловч хуулийг буруу хэрэглэн хууль бус захирамж гаргасан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч Д.Г нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 451 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Уг захирамжаар “эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлэн барилга барьсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч нь 2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 90 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 2 дугаар үйлчилгээний төвийн баруун талд 60 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байх ба маргаан бүхий газарт 57.2 м.кв барилга байжээ.
Нэхэмжлэгчээс энэхүү байшингийн хэмжээг томсгож, 112 м.кв талбайтай барилга барихаар барилгын ажил эхлүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, зохих зөвшөөрөлтэй газрын хэмжээнээс хэтрүүлэн зөвшөөрөөгүй газарт, барилга барих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн барилга барьж, газар эзэмших гэрээг ноцтой зөрчсөн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн иргэний эрхийг сэргээхэд захиргааны шүүхийн чиг үүрэг оршдог. Энэ тохиолдолд маргаан бүхий 451 дүгээр захирамж нь хуулийн дагуу гарсан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, харин нэхэмжлэгч нь өөрөө хууль зөрчжээ.
Нэхэмжлэгчээс “210 м.кв газар эзэмшиж, хашаа татан үйл ажиллагаа явуулж байхад хэн ч илүү газар эзэмшиж байна гэж хэлээгүй” гэх гомдлын тухайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжид заасан хэмжээний хүрээнд газар эзэмших эрхтэй ба өөрийн эзэмшил газраас илүү газарт хашаа хатгаж, газар
эзэмшиж байсан байдал нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг зөвтгөх, улмаар хатгасан газрын хэмжээгээр газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/647 тоот албан бичигт иргэн Д.Г-ын эзэмшиж буй газар нь 210
м.кв талбайтайгаар зураглагдсан гэж тодорхойлсон боловч энэ нь нэхэмжлэгчийг уг газрыг эзэмших эрхтэйг нотолсон баримт биш юм. Өөрөөр хэлбэл, хашаа татсан газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ 60 м.кв газартай зөрж, илүү гарсан байхад Газрын харилцаа, геодези зураг зүйн газар шалгаж тогтоогоогүй,
газар эзэмшүүлэх захирамж, гэрээтэй тулгалт хийлгүй зураглал үйлдсэн буруутай байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт зааснаар Газрын алба нь Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн эзэмшилд олгосон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх ёстой атал эзэмшил газраас хэтрүүлсэн зураг үйлдэж, хууль зөрчжээ.
Нэхэмжлэгчээс “бусдын хөрөнгөнд халдсан, барилга ч үгүй болох аюул тулгараад байна” гэх гомдлын тухайд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг барилга барьж эхлэх үед зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхийг хориглож байсан байхад нэхэмжлэгч өөрөө дур мэдэн барилга барьсан, өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн үр дагаврыг өөрөө хариуцах учиртай.
Нэхэмжлэгчийн “хэрэв илүү газар эзэмшсэн гэж үзвэл чөлөөлөх байтал шууд хүчээр хүчингүй болгосон” гэх гомдлын хувьд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар үзэхэд нэхэмжлэгч газрыг зөвшөөрөлгүй ашиглаж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учир захиргааны байгууллага газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, хуулиар захиргааны байгууллагад хүчингүй болгох эрхийг олгосон байх тул шүүхээс захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй.
Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх боловч уг хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “түр хугацаагаар эмнэлэгт хэвтэж байгаа” гэсэн атал үүнийг нотолсон баримт байхгүй, эмнэлэгт хэзээ хэвтсэн, хэзээ гарах, өвчний түүх, эмчлүүлэгчийн карт зэрэг баримтгүй байна.
Харин эмнэлгийн магадалгаа гэх баримтыг ирүүлсэн байх боловч Эрүүл
мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалаар баталсан Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журмын 4.5-д заасныг зөрчсөн, аль үндэслэлээр эмнэлгийн магадалгаа олгосон нь тодорхойгүй, хэд хоногоор чөлөөлсөн тухай огноо бичигдээгүй, эмнэлгийн байгууллагын эрх баригч буюу ерөнхий эмч баталгаажуулаагүй байна.
Мөн нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “миний бие өвдсөн, өмгөөлөгч бол өвдөөгүй, өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт өгнө гэсэн” гэж тайлбарласан зэргээс үзэхэд хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүхээс хангасан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч “өвчтэй” гэх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-д зааснаар хэргийг хэлэлцсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86,1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Э.ХАЛИУНБАЯР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ