Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2017/00023

 

 

 

 

 

                                                    2017 оны 10 сарын 12 өдөр

              Дугаар 223/МА2017/00023                                                             Зуунмод

 

 

 

 

Д.Азжаргалын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 151/ШШ2017/00730 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Азжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Наранмандах, Н.Хаянхярваа нарт холбогдох

“Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 20 140 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Азжаргал, түүний өмгөөлөгч Х.Доржпалам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагч Д.Наранмандах, тэдний өмгөөлөгч П.Ганбаатар, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Хаянхярваа эхнэр Д.Наранмандахын хамт 2014 онд надтай уулзахдаа Япон улсаас миний дөнгөж оруулж ирээд байсан Прадо 120 маркийн жип машиныг 45 000 000 төгрөгөөр зээлээр өгчих, мөнгийг нь хагас жилийн хугацаанд төлж барагдуулна гээд гуйгаад байхаар нь мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөг бэлнээр авч эхнэр Наранмандахынх нь нэр дээр шилжүүлэн өгсөн юм. Энэ гэр бүлийн эхнэр, нөхөр 2 өмнө нь надтай нэг бус машины наймаа хийж, сайн танилууд болж, надаас зээлээр машин аваад мөнгөө өгчихдөг болохоор нь нэр дээр нь шилжүүлж өгсөн.

            Гэтэл тэд үлдэгдэл мөнгөө өгөхгүй элдэв шалтаг хэлсээр 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүргэж, мөн өдөр төлөөгүй үлдсэн 15 000 000 төгрөгөнд сарын 3 хувийн хүү тооцохоор тохирч Д.Наранмандах өөрийн гараар бичиж өгсөн. Үүнээс хойш тэдний Гурвалжингийн барилгын зах дээр борлуулдаг цементнээс нь авч суутгасаар үлдсэн 11 500 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусах амлалт өгч энэ тухай Н.Хаянхярваа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн гараар бичиж өгсөн. Хэрэв энэ амласан хугацаанд эс төлсөн нөхцөлд хүүг хэвээр үргэлжлүүлэн тооцохоор тохиролцсон.

            Иймд миний итгэлийг хөсөрдүүлэн бүлэглэн луйвардах оролдлого хийж буй нэг гэр бүлийн Н.Хаянхярваа, Д.Наранмандах нараас 15 000 000 төгрөгөөс сар бүрийн 3 хувиар тооцоход 10 сарын хугацааны 4 500 000 төгрөг, 11 500 000 төгрөгөөс сар бүр мөн хувиар тооцоход 12 сарын хугацааны 4 140 000 төгрөг, нийт 11 500 000+4 500 000+4 140 000=20 140 000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье” гэжээ.

            Хариуцагч Д.Наранмандах, Н.Хаянхярваа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Д.Азжаргалаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Прадо-120 маркийн автомашиныг 45 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Бэлнээр 25 000 000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг бэлнээр, дансаар, Д.Азжаргалын аав, төрсөн дүүгээр дамжуулан мөнгө, цементээр төлж байсан. Тухайн үед гааль дээрээс шууд авсан учир машины эвдрэл мэдээгүй номер авч унах гэтэл эвдрэлтэй байхаар нь засуулж ч чадахгүй буцаагаад 23 000 000 төгрөгөөр зарсан. Энэ машины тооцоо дууссан байсан, гэтэл 2017 оны хавар цагдаагийн газраас дуудаж гэнэт 5 000 000 төгрөг нэхэж эхэлсэн. Өнөөдөр 20 140 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Д.Азжаргалын аав гэх хүн надаар өр төлбөрийн талаар баримт бичүүлж авч байсан боловч автомашины төлбөр төлнө гэсэн болохоос бус хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Нөхрөөр минь бас 2016 оны 04 дүгээр сард баримт бичүүлсэн нь ямарч үндэслэлгүй мөнгө зээлсэн гэж бичүүлсэн байсан, иймд эдгээр баримтыг нотлох баримт гэж хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнд өгөх өр төлбөр байхгүй. Машин худалдаж авсан нь үнэн. Би өөрийгөө төлбөрөө бүрэн барагдуулсан талаар нотлох баримттай гэж бодож байна. 25 000 000 төгрөг аваад машинаа нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. 25 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, нийт дансаар 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөн цемент 14 тонн 750 килограммыг 1 тонныг нь 155 000 төгрөгөөр тооцож өгсөн. Дараа нь Ариунзаяагаар 2 000 000 төгрөг Д.Азжаргалд өгүүлсэн байгаа. 2 удаа идэшний үхэр бэлдэж өгсөн, 1 үхрээ 1 500 000 төгрөгөөр бодоход 3 000 000 төгрөг болж байна. Үлдсэн мөнгийг баримтгүйгээр бэлнээр өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Д.Азжаргал машинаа ийм хүмүүст өглөө гэхэд нь би дургүй байсан. Хариуцагч талаас 25 000 000 төгрөгийг нийт өгсөн юм билээ. 25 000 000 төгрөгийг өгөөд нэрээ шилжүүлье гэж ярьсан. Цементийг бол би авсан. Сүүлд цемент ирэхэд үнстэй хольсон цемент байсан. Би мэргэжлийн хяналт дуудна гэхэд 2 тонн цементийг авч яваад сольж ирсэн байсан. Бодит байдлаар ярьж байна. 25 000 000 төгрөг бол бэлнээр шилжүүлсэн мөнгө биш дансаар 10 000 000 төгрөг орж ирсэн. Үлдсэн 15 000 000 төгрөгийг бэлнээр цувуулж өгсөн байдаг. Энэ талаар маргахгүй байх гэж бодож байна” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар 10 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан нь тогтоогддог боловч талууд 45 000 000 төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах тухай тохиролцсон гэж тайлбар гаргадаг. 25 000 000 төгрөг бэлнээр өгч авалцсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч Д.Азжаргалын Хаан банкны дансны хуулгаас үзэхэд хариуцагч Д.Наранмандах, хариуцагч Н.Хаянхярваа нар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 700 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогддог.

Мөн хариуцагч талаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 45 шуудай цементийг нэхэмжлэгч Д.Азжаргалын дүүд хүлээлгэн өгсөн байдаг. Нийтдээ 14 тонн 750 кг буюу 2 286 050 төгрөгийн үнэ бүхий цементийг автомашины төлбөрт өгсөн байдаг. 2 тооны хязаалан насны үхрийг 2 жил дараалан төлбөртөө өгч 1 үхрийг 1 500 000 төгрөгөөр тооцоход 3 000 000 төгрөг болж байна. Иргэн Д.Ариунзаяа 2 000 000 төгрөгийг бэлнээр Д.Азжаргалд өгсөн байдаг. Үүнийг Д.Азжаргал хариу тайлбартаа 1 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Нийт төлбөрөө барагдуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Наранмандахаас 2 013 750 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Азжаргалд олгож, илүү нэхэмжилсэн 18 126 250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Азжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранмандахаас 47 170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Азжаргалд олгож,

 Н.Хаянхярвааг хэргийн хариуцагчаас хасч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам давж заалдах гомдолдоо: “...Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 сарын 24-ний өдөр иргэн Д.Азжаргалын нэхэмжлэлтэй Н.Хаянхярваа, Д.Наранмандах нараас 20 сая 140 мянган төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг огт үнэлэлгүй, гагцхүү хариуцагч болон түүний өмгөөлөгчийн ямар ч нотолгоогүй аман яриаг үндэслэн хохирсон хүний зөрчигдсөн эрхийг үл ойшоон, зальт луйварчдын эрхийг илт хамгаалан өөгшүүлсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан учир энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:

1.Д.Азжаргал нь Хаянхярваа болон түүний эхнэр Наранмандах нарт 2014 оны 10 сарын 01-нд 45 сая төгрөгний Прадо-120 маркийн машинаа зээлээр худалдсан. Үүний үнээс 25 сая төгрөгийг цувуулан бэлнээр авсан. Үүний дотор хариуцагчдаас 2014, 2015 онд Хаан банк дахь Азжаргалын данс руу шилжүүлсэн 10 сая төгрөг багтаж байгаа. Анх дээрх машины нэрийг Наранмандахын нэр дээр шилжүүлэхэд 10 сая төгрөг бэлнээр авсныг нэхэмжлэгч тайлбарлаж, түүний өмгөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд 25 сая төгрөгийг бөөнд нь авсан мэт буруу ойлгож бичсэнийг тайлбарласан. Гэтэл шүүгч 25+10=35 сая болгон шууд нэмж, дээр нь өгч, авсан цементний хоёр талын нотлох баримт байсаар байхад тулган балансжуулж үзэлгүй, үлдсэн 10 сая төгрөгний дийлэнхийг цементний үнэ болгож, зальт этгээдүүдийн цайруулж чадаагүй хирнээ төлөхгүй гэж гүрийсэн 2 сая гаруй төгрөгийг л хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулахаар дэндүү хариуцлагагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүгч А.Энхтөр гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа 25 сая төгрөгний талаар талууд маргаагүй гэж жишим ч үгүй хэлсэн.

Хариуцагчаас нэхэмжлэгчид машины үнэд эхлээд 25 сая төгрөгийг бэпнээр, мөн 2014 оны 11 сарын 4-нд 1 700 000, мөн оны 12 сарын 11-нд 1 800 000, мөн оны 12 сарын 26-нд 3 000 000, 2015 оны 05 сарын 01-нд 1 000 000, 2016 оны 8 сарын 3-нд 2 500 000 төг, бүгд 10 сая төгрөг банкаар дамжуулж тус тус төлчихсөн байсан бол 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Наранмандах нь 15 сая төгрөг /5 сая төгрөг илуү/ төлнө гэж , энэ мөнгөнд сарын 3 хувийн хүү төлөхийг зөвшөөрч өөрийн гараар бичиж өгөх ёсгүйг дахин дахин хэлсэн ч шүүгч ойлгохыг ер хүсээгүй.

2. Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Наранмандахаас мөнгөө авахаар цемент зардаг газар нь очиж уулзахад өгөх мөнгөгүй гэхээр нь түүнээс авах үлдэгдэл мөнгөнийхөө тооцоог нийлж, банкнаас зээлтэй байдгаа учирлан аваагүй үлдэгдэл 15 сая төгрөгийн өр авлагыг зээл болгож, төлж дуусах хүртэлх хугацаанд сар бүр 3 хувийн хүү тооцохыг санал болгоход тэрбээр зөвшөөрч буйгаа баталгаажуулан өөрийн гараар бичиж өгсөн. /х-6/ Нэхэмжлэгч ийнхүү зээлийн гэрээ болгосон нь зальт этгээдүүдийг хэлсэндээ хүрэхгүй, өрөө төлөхгүй элдэв арга саам хийхэд тэднээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд арга буюу “хүү” тооцохоор авсан арга хэмжээ.

Талууд санал нэгдсэн хүсэл зоригийнхоо илэрхийллийг бэхжүүлсэн ийм гэрээ буюу нотлох баримт байсаар байхад шүүгч А.Энхтөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 заасан зээлийн гэрээг бичгээр хийх ёстой, энэ шаардлагыг хангаагүй нөхцөлд хүү тооцохгүй гэж тайлбарласан ба энэ тухайгаа ч шийдвэртээ дурджээ. Шүүгчийг ийм шийдвэр гаргахад түүний өрөөсөн дугуй гэлтэй хариуцагчийн өмгөөлөгч Ганбаатарын яг адил ойлголтоор хийсэн тайлбар, бас зээлийн гэрээг гэрээний стандарт нөхцөл рүү оруулан хольж хутган цэцэрхсэн их мэдэгчийн дүр эсгэсэн хадуурал нөлөөлөх шиг болсон. Зүй нь шүүгч Энхтөр өөрөө мэддэггүй юмаа гэхэд Иргэний хууль сөхөж, түүний 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр 196 дугаар зүйлийн 196.1.2-т: Гэрээг бичгээр байгуулахаа хуульд заасан талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол байгуулсан тооцно гэснийг уншсан гэхэд эрх биш ухаарах байсан болов уу.

3. Нэхэмжлэгч мөн 2016 оны 4 сарын 29-ний өдөр хариуцагчаас үлдсэн мөнгөө авахаар очихдоо дахин тооцоо нийлснээр Хаянхярваа нь 11.5 сая төлөх ёстойгоо зөвшөөрч 3 хуваан мөн оны 8 сарын 1 гэхэд төлж дуусгахаа амлан өөрийн гараар бичсэн /х-7/.

Хаянхярвааг энэ амлалтаа биелүүлэлгүй байсаар 27 хоног өнгөрсний дараа буюу 8 сарын 27-нд дахин тооцоо нийлэхэд 8 сая төгрөг үлдсэнийг /үлдэгдэл 8 000 сая төгрөг гэж бичсэн нь ямарч засваргүй байгаа/ долоо хоног бүр 500 мянган төгрөгөөр төлж барагдуулахаа амлан Наранмандах гарын үсгээ зурсан 163/ бичгийн хөдөлшгүй нотлох баримтууд байсаар байхад, энэхүү гарын үсэг нь Наранмандахын 15 сая төгрөгт 3 хувийн хүү тооцохыг зөвшөөрөн бичсэн баримтад зурсан гарын үсэгтэй "усны дусал шиг" адилхан байхад шүүгч шударга үнэлэхийг ер хүсээгүй. Нотлох баримт шинжлэн судлах үеэр дээрх хоёр баримтад зурсан Наранмандахын гарын үсгийг харьцуулж харахыг шүүгчээс хүсэхэд өөрийгөө шинжээч" биш гэж шууд эсэргүүцээд ер хүлээж аваагүй.

Мөн шүүгч Энхтөр Уг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д: хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т: Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтуудыг хэрэгжүүлсэнгүй.

Шүүгч маань Наранмандахын гарын үсэгтэй хоёр баримтыг харьцуулж үзээд ижил эсэхийг үнэлээд эргэлзээ төрвөл Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38 заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт /шинжээчийн дүгнэлт/ гаргуулахын тулд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох байсан ингэхийг хүссэнгүй.

Шүүгч энэ маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хариуцагч Наранмандах, түүний нөхөр Хаянхярваа нарын Сонгинохайрхан дүүрэг дэх  Цагдаагийн 3-р хэлтэст өгсөн тайлбарт Наранмандах нь гэмтэлтэй машин авсан тул мөнгө өгөхгүй гэж улаан цайм гүрийж, Хаянхярваагаас тайлбар авсан мөрдөн байцаагч үлдсэн 7 сая төгрөгийг хэзээ өгөхийг асуухад өгөх өргүй гэж үгүйсгээгүй, мөнгө өгөх хугацаа тогтоогоогүй, мөнгөтэй болохоороо өгнө гэсэн хариулт өгч, 7 сая төгрөг өгөхөө хүлээн зөвшөөрсөн байхад /х-9/ Азжаргалд тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх, байгаа бол түүнийг өгсөн эсэх нь тодорхой бус байна гэж тэмдэглэж, зальт этгээдүүдийн эрх ашгийг илт хамгаалахдаа Хаянхярвааг энэ хэргийн хариуцагч бус гэж  хамааралгүй этгээд болгож, Наранмандах миний гарын үсэг биш гэж мэлзсэнийг нэхэмжлэгч няцааж чадаагүй гэж бас л худал зүйл бичиж хуулийг уландаа гишиглэв.

Азжаргал энэ гэр бүлийн хоёрт машинаа зээлээр худалдах хэлцлийг өрхийн тэргүүн Хаянхярваатай хийснийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн нотлох баримт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөн байцаагчид түүний өгсөн тайлбараар батлагддаг /х-9/. Тэр хариуцах ёстой учраас үлдэгдэл 11,5 төгрөгийг 2016 оны 8 сарын 1-ний дотор төлөхөө амлан өөрийн гараар бичиг өгсөн бас нэгэн нотлох баримт /х-7/ хэрэгт бий. Түүний хүсэлтээр гагцхүү машин өмчлөх эрхийг эхнэр Наранмандахынх нь нэр рүү шилжүүлж өгсөн. Шүүхийн шийдвэр шударгаар гарч, нэхэмжлэгч машиныхаа дутуу мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар зальт  этгээдүүдийн дундын хөрөнгөнөөс гаргуулах) зорилгоор хамтран хариуцагчаар татуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Эдний аль нэгийг хариуцагчаар татаж, нөгөөг үлдээхэд үлдсэн нь хамааралгүй болсон этгээдийнхээ өмчийг бүх хөрөнгөө болгон зааж шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх башир аргыг сэдэхдээ зөвхөн эхнэрээ нэхэмжлэгчтэй тулган орхиж, өөрөө сугаран гарах гэж буйг шүүхэд тайлбарласан ч бас л үл хайхрав. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хэлнэ гэж заасан болохоор Хаянхярвааг хамтран хариуцагч болох ёстой.

Эцэст нь өгүүлэхэд маргалдагч талууд өр, авлагынхаа хамгийн сүүлийн тооцоог 2016 оны 8 сарын 27-нд хийхэд 8 сая төгрөгний үлдэгдэл байсан. Энэ бол нэхэмжлэгчид хариуцагчийн учруулсан бодит хохирол. Үүнээс хойш нэхэмжлэгч хариуцагчаас нэг ч төгрөг, нэг ч уут цемент аваагүй. Талууд 2015 оны 5 сарын 29-ний өдөр уулзахдаа 15 сая төгрөгнөөс эхлэн төлж дуустал 3 хувиар хүү тооцохоор тохирсны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртлээ аваагүй мөнгөндөө хүү тооцсоноос 20 сая 140 мянган төгрөг болгон нэхэмжилсэн. Нэгэнт гэрээгээр хулээсэн үүргээ биелүүлээгүй тал хүү төлж хариуцлагаа хүлээх ёстой. Энэ "хүү"-г бүрэн олгох эсэхийг шүүх хуульд заасныг үндэслэн шийдэх нь зүй.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан дээр авчирч бодит байдлаас зөрүүтэй зүйлийг зааж өгч хэлүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, цемент өгсөн авсан тухай тооцоо, анх машинаа шилжүүлж өгөхөд бяруу насанд нь 700 мянган төгрөгөөр үнэлж 2 жилийн дараа өвлийн идшинд авсан үхэр, машины сэв арилгахад тооцсон 400 мянган төгрөгийг талууд 3 удаа тооцоо нийлсэн бүрдээ хасаж тооцсон нь нэхэмжлэгчид цувуулан өгсөн 25 сая төгрөгт багтаж байгаа болохоор энэ талаар тоо бодож толгой гашилгах нь ч төдийлөн ач холбогдолгүй. Шүүх хариуцагч Наранмандахын нотлох баримтгүйгээр бодит байдлаас зөрүүтэй ярьсан бүхнийг ба түүний шүүх хуралд авчирсан хоёр гэрчийн дэгс мэдүүлгийг туйлын үнэн болгож, манай нэхэмжлэгчийн гаргасан баримтуудыг огт үнэлээгүй, үнэлэхийг ч хүсээгүй юм.

Хэрэв нэхэмжлэгч энэхүү нэг гэр бүлийн зальт этгээдүүдээс огт авлагагүй байсансан бол ийнхүү цаг, мөнгө үрэн заргалдаж явахгүй нь эрүүл ухаантай хэн бүхэнд ойлгомжтой.

Нэхэмжлэгч Азжаргалын хүнлэг сайхан сэтгэл, итгэлийн хариуд Хаянхярваа,  Наранмандах нар жинхэнэ хулгайч луйварчингийн араншин харьцаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Иймд "Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 сарын 24-ний өдрийн 151/ШШ2017/00730 дугаар шийдвэрийг дахин хянаж алдааг залруулж, зальт этгээдүүдэд бусдын итгэл дээр тоглож болдоггүйг, тэдэнд бусдад учруулсан хохирлоо төлөх ёстойг, шүүх төрийн хуулийг дээдлэн асуудалд шударга хандаж чаддагийг мэдрүүлж өгөхийг хүсье” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэхэд учир дутагдалтай, хэрэгт цугларсан, хэргийн зохигчоос гаргаж ирүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, маргааны зарим үйл баримтын талаар талуудын нотлох үүргийн хуваарилалтыг буруу тогтоосноос нотлох үүргийг хүлээх талд нь уг үүргийг хүлээлгээгүй нөгөө талд нь хүлээлгэсэн, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Азжаргал худалдах-худалдан авах гэрээний үүрэг 11 500 000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэгт хүү тооцож 8 140 000 төгрөг, нийт 20 140 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Д.Наранмандах машин худалдаж авсан нь үнэн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н.Хаянхярваа нь эхнэрийнхээ өмнөөс мөнгийг өгч байсан, худалдах-худалдан авах гэрээг огт хийгээгүй гэж тус тус тайлбар гаргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Азжаргал, Д.Наранмандах нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Автомашин худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдаж, “Prado” маркийн машиныг 10 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож, худалдсан төлбөрийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар тохиролцжээ. /хх-ийн 5-р тал/

Худалдах-худалдан авах гэрээнд заагдсан гэрээний үнэ 10 000 000 төгрөг гэрээний бодитой үнэ биш, харин талууд гэрээний үнийг 45 000 000 төгрөгөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар маргаагүй байна. Зохигчдын хоорондох маргааны зүйл нь машины өмчлөх эрх шилжүүлэх тухай дээрх гэрээний дагуу худалдан авагч тал эд хөрөнгийн үнэ төлөх үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх үйл баримт байна. Хариуцагч Д.Наранмандах худалдан авсан авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, бусдад 23 000 000 төгрөгөөр худалдсан тухайгаа тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... машиныг 45 000 000 төгрөгөөр зээлээр өгчих, мөнгийг нь хагас жилийн хугацаанд төлж барагдуулна гээд гуйгаад байхаар нь мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөг бэлнээр авч, эхнэр Нармандахынх нь нэр дээр шилжүүлэн өгсөн юм ... гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 25 000 000 төгрөг нь бэлнээр авсан мөнгө биш, дансаар 10 000 000 төгрөг орж ирсэн, үлдсэн 15 000 000 төгрөгийг бэлнээр цувуулж өгсөн байдаг гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотолж шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч Д.Наранмандах нарын гарын үсэг бүхий 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн 15 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн тухай баримт, хариуцагч Н.Хаянхярваагаас 2016 оны 4 дүгээр сарын 29-нд “үлдэгдэл 11 500 000 6 сард 2 сая төгрөг, 7 сард 3 сая төгрөг төлнө. Үлдэгдэл мөнгийг 8 сард дуусгавар болно” гэсэн баримт гаргасныг шүүх худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй ямар хамааралтай баримт болохыг зохигчийн тайлбар болон бусад баримтттай бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэж хуульд заасан журмаар үнэлээгүй, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн баримт нь талууд худалдах-худалдан авах гэрээний үүргийг өөр гэрээний үүргээр буюу зээлийн гэрээний үүргээр солихоор хүсэл зоригоо илэрхийлж үйлдсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд туссанаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд дэвтэр, 1 хуудас материал гаргаж өгсөн тухай тэмдэглэгджээ. /хх-ийн 167-р тал/

Шүүх хуралдааны шатанд гаргасан дээрх баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсгийн заалтын дагуу зохигч нь нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнөх шатанд гаргах талаарх хуулийн заалтыг хангаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулахгүйгээр мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээн авсан, ийнхүү хүлээн авсан тохиолдолд тухайн баримтын талаар зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг явуулах талаар хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй нь буруу байна.

            Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтын нэг болох “2016.08.27-нд Үлдэгдэл 8 сая төгрөг ... үлдэгдэл 8 сая төгрөг үлдсэнг 8 сарын 27-ноос эхлэн 7 хоног бүр 500 000 төгрөг өгч барагдуулна. Наранмандах” гэсэн баримтыг шүүх “хариуцагч миний гарын үсэг биш гэж маргасныг нэхэмжлэгч няцааж чадахгүй байна” гэж үзэж, хэргийн зохигчийн нотлох үүргийн хуваарилалтыг буруу тогтоосон байна.

Энэ байдлаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх баримт нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн хариуцагчийг хасах тухай ойлголт байхгүй бөгөөд шүүх тухайн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсхүл хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх учиртай.

Гэтэл шүүх хариуцагч Н.Хаянхярвааг хэргийн хариуцагчаас хассугай гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг зөрчсөн байна.  

         Анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болон материаллаг хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасан ажиллагааг хийгээгүй тухай гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжтой гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 151/ШШ2017/00730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 258 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж, хариуцагчийн өмгөөлөгчид буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА                  

                                  ШҮҮГЧИД                                   Ш.ТӨМӨРБААТАР           

    Ц.ӨРНӨНДЭЛГЭР