| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0715/Э |
| Дугаар | 2018/ ШЦТ/751 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2018/ ШЦТ/751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, Улсын яллагч Д.Агар, Шүүгдэгч Н.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн 1811 02444 0899 дугаартай хэргийг 2018 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Готов овогт Надалдоржийн Д, 1977 оны 9 сарын 26-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ яллагдагч Н.Д нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пийс молл” худалдааны төвийн урдаас “Тоёота Приус20” маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ арын суудал дээрээс иргэн А.Мөнх-Эрдэнийн “Хуавей пс март” загварын гээгдэл гар утсыг олж бусдад 350.000 төгрөгөөр зарж гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пийс молл” худалдааны төвийн урдаас “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ арын суудал дээрээс иргэн А.Мөнх-Эрдэнийн “Хуавей пс март” загварын гээгдэл гар утсыг олж бусдад 350.000 төгрөгөөр зарж гээгдэл эд хөрөнгийг завшсан болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-15-16/ “..2018 оны 8 дугаар сарын 26-ны оройн 21 цаг өнгөрөөд “Өргөө-2” кино театрын орчмоос цагаан өнгийн Приус-20 маркийн машинд суугаад миний санаж байгаагаар 21 цаг 40 минутын цагийн үед улсын их дэлгүүрээс баруун тийшээ өнгөрөөд таксинаас буусан. Буугаад удалгүй гар утсаа таксинд мартаж буусан талаар мэдсэн. Ингээд өөрийн гар утсанд байсан 80184155 дугаар луу залгахад миний утас дуудаж байсан ба хүн авахгүй байсан. Дараа нь өөр хүний утас гуйж залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон..” гэх мэдүүлэг, гэрч Л.Төмөрчөдөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-17-18/ “..Би 2018 оны 9 дүгээр сарын 14-наас 15-нд шилжих шөнө Баянбүрдийн зочид буудлаас өөрийн Самсунг жи-5 маркийн гар утсаа алдсан байсан. Тэгээд хэрэглэх гар утас байхгүй байхаар нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим “Монтел” гар утас худалдааны төвд очоод саарал өнгийн байшингийн 1 давхарын лангуунаас утас сонирхож байгаад эмэгтэй худалдагчаас “Хуавей пи смарт” маркийн шаргал өнгийн гар утсыг 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг гар утсыг худалдаж авахдаа баталагааны хуудас бичүүлж авсан..” гэсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-29/, болон шүүгдэгч Н.Ды иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-38/ зэрэг хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Н.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Готов овогт Надалдоржийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай. 4. Шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ