| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00340/И |
| Дугаар | 00361 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 00361
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Долоон бар” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00340/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: 1964 төрсөн, дээд боловсролтой, “Долоон бар” ХХК-ний захирал ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 18 дугаар байр 8 тоотод оршин суух Долоон овогт Чунагсүрэнгийн Жаргалсайхан /РД:ФБ64022816/,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1990 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн байцаагч ажилтай, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 12-10 тоотод оршин суух Го овогт Жаргалсайханы Мичидмаа /РД:ГИ90011201/ нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Долоон бар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Долоон бар” ХХК нь 2002 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Булган аймаг дахь Нийгмийн даалтгалын хэлтэст /тухайн үеийн нэрээр/ одоо байрлаж буй 2 давхар байрыг 13260000 төгрөгөөр худалдаж, 4260000 төгрөгийн үлдэгдэлдээ тооцон Булган сумын 5 дугаар багт байрлах модон байрыг нь авсан. Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах тухайн үед худалдах, худалдан авах гэрээ, хэлцлийн анхан шатны баримтууд архиваас олдохгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын болон Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архиваас санхүүгийн төлбөр дансны тооцооны баримтууд, албан бичиг зэрэг нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэх нотлох баримт, журамд нийцэхгүй, шүүхээр тогтоолго гэсэн тул Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Монгол даатгалын баруун тал, Цогт Хунтайжын талбайн урд байрлах албан тасалгааны зориулалтаар ашиглаж буй модон барилгын өмчлөгч “Долоон бар” ХХК мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газар нь “Долоон бар” ХХК-иас одоо байрлаж буй 2 давхар байрыг 13260000 төгрөгөөр худалдан авч үлдэгдэл 4260000 төгрөгт нь Булган сумын 5 дугаар багт байрлах модон байрыг өгсөн гэх холбогдох баримтууд болох санхүүгийн төлбөр, дансны тооцооны баримтууд, албан тоот зэргийг өгсөн боловч Улсын бүртгэлд нотлох баримт нь журамд нийцэхгүй байх тул өмчлөгч тогтоолгохоор шүүхэд хандсан байна. Иймд үлдэгдэл 4260000 төгрөгт Булган сумын 5 дугаар багт байрлах модон байрыг өгсөн тул “Долоон бар” ХХК нь тухайн байрны өмчлөгч нь мөн юм гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Долоон бар” ХХК нь хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“Долоон бар” ХХК нь 2002 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Булган аймаг дахь Нийгмийн даалтгалын хэлстэст одоо байрлаж буй 2 давхар байрыг 13260000 төгрөгөөр худалдаж, 4260000 төгрөгийн үлдэгдэлдээ тооцон Булган сумын 5 дугаар багт байрлах модон байрыг авахаар харилцан тохиролцсон үйл баримт нь зохигчдын тайлбар болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 5/144 тоот албан бичиг, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсвийн гүйцэтгэлийн 2002 оны 4 дүгээр улирлын тайлбан, 2002 оны 4 дүгээр улирал, 2003 оны 1 дүгээр улирлын 60 дугаар дансны хураангүй тайлан, Төсөвт байгууллагын 2003 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Маргааны зүйл болох тооцон Булган сумын 5 дугаар багт байрлах модон байр нь Булган сумын 5 дугаар баг Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж 126а тоот болж өөрчлөгдсөн болох нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар албан бичгээр нотлогдож байна.
Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”,
Мөн хуулийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”,
Мөн хуулийн 4.3-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, … эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж тус тус заасан байна.
Иймд нэхэмжлэгч “Долоон бар” ХХК-ийн хувьд маргаан бүхий байрыг хэлцлийн үндсэн дээр Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс авсан үйл баримт тогтоогдож байх ба, уг байрны талаар бусад этгээд маргаж байгаа эсэх, маргаантай хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсныг мэдэх боломжтой байсан гэж үзэх нотлох баримтгүй байх тул “Долоон бар” ХХК-ийг Булган сумын 5 дугаар баг Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж 126а тоот байрны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж, өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 114 дүгээр зүйлийн 114.1 -д зааснаар нэхэмжлэгч “Долоон бар” ХХК-ийг Булган сумын 5 дугаар баг Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж 126а тоот байрны өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцон өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Балган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ