Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/862

 

           

2019           11           11                                   2019/ШЦТ/862

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Нзул,

Улсын яллагч: Ц.Хулан /томилолтоор/,

Шүүгдэгч: А.Д, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын газрын прокурор Б.Байгалмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911 0103 70369 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн ….. дугаар хороо ….. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр

Холбогдсон хэргийн талаар:

А.Д нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Ү.Нгийн “Айфоне-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч У.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн…....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пэйс Молл худалдааны төвийн зүүн талд байрлах “CU” нэртэй сүлжээ дэлгүүр доторх түргэн хоолны газарт хоол идэх гээд н.А гэж найзын хамт орсон. Тэгээд н.А ширээн дээрээ сууж үлдээд би хоол захиалах гээд явсан. Хоол захиалах гэж явахдаа би өөрийн хар өнгийн “Айфоне-7” маркийн гар утсаа ширээн дээр тавьж үлдээгээд явсан ба хоолоо захиалчихаад эргээд ирэхэд миний гар утас алга болчихсон болохоор нь н.Агээс асуухад мэдэхгүй гэсэн тэгснээ сая нэг хүүхэд орж ирээд дэвтэр авах уу аниа гээд урагдчихсан хоёр ширхэг дэвтэр үзүүлэхээр нь авахгүй гэхэд за за баярлалаа гэж хэлээд явуулсан гэсэн тэгэхээр нь би өөрийн утсанд байсан 94....... дугаар луу залгаж үзэхэд холбогдохгүй байсан тэгэхээр нь ойр орчимд нь нөгөө хүүхэд байж магадгүй гэж бодоод гадуур хайсан ингээд цагдаад дуудлага өгөөд “CU” сүлжээ дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг шүүлгэхэд хар саравчтай малгайтай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай 16-18 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирээд н.Аг сатааруулж саатуулж байгаад 2 дэвтэрийн завсарт миний гар утсыг аваад гарч байгаа харагдсан. ...2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хувь хүнээс 800.000 төгрөгөөр худалдан авсан одоо энэ үнээрээ үнэлнэ ...миний гар утсыг үнэлгээний байгууллагаас 520.000 төгрөгөөр үнэлсэн учраас уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

Гэрч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед найз болох Нтой Натурт уулзсан. Бид хоёр Гранд плаза орж тэндээс гараад 16 цаг 30 минутын үед хоол идэх гэж Пэйс моллын хажууд байдаг CU түргэн хоолны газарт орж хоол идэж суусан. Хоол идэж суусны дараа Н дахин хоол захиалах гэж касс руу явахад би гар утсаа оролдоод сууж байхад юүдэнтэй цамцтай саравчтай малгайтай, халтар царайтай, архи үнэртсэн, цагаан өнгийн нимгэн урагдсан дэвтэр барьсан 17-18 орчим насны эрэгтэй хүүхэд өөдөөс ирээд дэвтэр үзүүлээд дэвтэр авах уу гэсэн. Би авахгүй гэхэд баярлалаа гэж хэлээд явчихсан. Тэр хүүхэд явсны дараа Н ирээд миний гар утас яасан бэ гэсэн чинь би “чи өөрөө утсаа авч яваагүй юм уу” гэж хэлсэн чинь аваагүй гэж хэлсэн. Тэгээд CU-ийн ажлын утаснаас Нгийн 9470…... гэсэн утасны дугаар луу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд бид нар CU-ийн хяналтын камерийг шүүлгэж үзэхэд надад дэвтэр үзүүлсэн хүүхэд Нгийн Айфоне-7 маркийн гар утсыг дэвтэрийн доор хавсарч барьж авч явсан дүрс бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,

Өсвөр насны яллагдагч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр найзтайгаа уулзчихаад 32-ын тойргийн тэндээс Нарны гүүр орох гээд явган явж байгаад Пэйс Молл худалдааны төвийн зүүн талд нь байдаг CU нэртэй түргэн хоолны газарт орж хүмүүсийн хоолны үлдэгдэл байвал идье, мөн өөрт байсан 2 ширхэг 12 хуудастай дэвтрийг хүмүүст зарж мөнгө олох санаатай байсан. Уг дэлгүүр дотор байрлах түргэн хоолны газарт ороход нэг ширээн дээр эмэгтэй хүн ганцаараа сууж байсан ба уг эмэгтэй хүний сууж байсан ширээн дээр хар өнгийн Айфоне-7 маркийн гар утас тавьсан байсан болохоор дэвтэр авах уу гэж тэр эмэгтэйгийн анхаарлыг сарниулж байгаад уг гар утсыг нь барьж явсан дэвтрээрээ халхалж 2 дэвтэрийн завсар хийгээд нууж авч гарсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 14-р хуудас/

Эд зүйл хүлээж авсан тухай тайлбар “...У.Нгийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэчимэг миний бие Амгаланбаатар овогтой А.Доос 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хулгайд алдсан байсан iphone 7 утсаа хүлээн авлаа. Иймд А.Д-д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 78-р хуудас/

Шүүгдэгч А.Д-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/

Шүүгдэгч А.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Ү.Нгийн “Айфоне-7” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Насанд хүрээгүй хохирогч У.Н, гэрч Г.А,  өсвөр насны яллагдагч А.Д нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Д-н үйлдэл нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. А.Д нь бусдын эд хөрөнгө болох Айфоне-7 загварын гар тусыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг шунахайн сэдлээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос А.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн хүрээнд болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Д нь үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 520.000 төгрөгийн хохирол учирсныг эд зүйлийг буцааж хүлээлгэн өгөх замаар барагдуулсан болох нь насанд хүрээгүй хохирогч У.Нгийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэчимэгийн шүүхэд хандан ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Д-н үйлдэлд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Д-г Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Д-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч А.Д нь уг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд А.Д нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Д-н үйлдэлд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар 28 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.17 дахь заалтад “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг тус тус хэлнэ гэжээ.

Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 9 сар 23 хоногтой буюу 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй буюу 17 нас 9 сар 23 хоногтой байсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу анхан шатны журмаар шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсэг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байсан өсвөр насны хүн арван найман насанд хүрсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хорин нэгэн нас хүртэл Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Д нь 186 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн сидиг прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар хэрэгт хадгалж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А.Д-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар 28 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн шүүгдэгч А.Дид оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-н 186 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.Шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдусугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар хэрэгт хадгалсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч А.Д-г цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР