Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/678

 

   

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа

Улсын яллагч Г.Сундуй

Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мажигсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Л ийн Д т холбогдох ...дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Л.Д нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагийн орчимд ...тоот өрөөнд байхдаа Д.Б ийн “Самсунг эс-7 эджи” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагийн орчимд ...тоот өрөөнд байхдаа Д.Б ийн “Самсунг эс-7 эджи” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мажигсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ...дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр П тэй уулзахаар урлан ороход түүний 2-3 найз нар нь ирсэн архи ууж байсан. Би тэд нартай хамт нилээн уусан. ...Б , Б  нар хоорондоо маргалаад Б  машиндаа унтахаар гараад Б  бид хоёр өрөөнд нь унтаад үлдсэн. Би маргааш өглөө нь сэрээд гарах үед ширээн дээр байсан самсунг эс 7 эджи маркийн гар утсыг авч гараад ажил руугаа явахаар автобусанд суугаад явж байгаад унтчихсан байсан ба нэг сэрэхэд авч гарсан гар утас байхгүй байсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гар утасны хохирлыг төлөхөө илэрхийлж байна. ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... ажил дээрээ байж байгаад оройтсон учир хоносон. Надтай хамт Б , Д  нар хамт хоносон. ...маргааш өглөө нь босоод гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Б гээс миний утсыг авсан уу утас алга байна гэсэн миний утсыг аваагүй гэж хэлсэн. Д ын фэйсбүүк рүү нь мсж бичсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгээд цагдаад хандсан. ...Гар тусаа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 410.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...гар утасны хохирлыг барагдуулж аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дүгээр хуудас/,

Гэрч Т.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би тэр хүнээс ямар учиртай хүн бэ гэхэд П  эгч дуудсан гэж байсан. ...удалгүй П г нөхөр нь ирээд аваад явсан. Б , Б  тэр танихгүй залуу гурав үлдсэн. Б гийн өрөөнд хонох гэж орсон. ...Б  үүрийн 5 цагийн үед урлангаас гарсан. ...Удалгүй 6 цагийн үед танихгүй залуу гараад явсан. Тэгтэл Б  араас нь гарч ирээд нөгөө залууг хайж эхэлсэн. ...миний гар утсыг тэр залуу аваад гараад явчихаж гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Damno” ХХКомпани 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 305000 /гурван зуун таван мянга/-р үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Л.Д ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 56, 58, 59, 63-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Д нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагийн орчимд ...  тоот өрөөнд байхдаа Д.Б ийн “Самсунг эс-7 эджи” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг; ”

Шүүгдэгч Л.Д нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Д ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагийн орчимд ...  тоот өрөөнд байхдаа Д.Б ийн “Самсунг эс-7 эджи” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...маргааш өглөө нь босоод гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Б гээс миний утсыг авсан уу утас алга байна гэсэн миний утсыг аваагүй гэж хэлсэн. Д ын фэйсбүүк рүү нь мсж бичсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дүгээр хуудас/,

Гэрч Т.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б , Б  тэр танихгүй залуу гурав үлдсэн. Б гийн өрөөнд хонох гэж орсон. ...6 цагийн үед танихгүй залуу гараад явсан. Тэгтэл Б  араас нь гарч ирээд нөгөө залууг хайж эхэлсэн. ...миний гар утсыг тэр залуу аваад гараад явчихаж гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би маргааш өглөө нь сэрээд гарах үед ширээн дээр байсан самсунг эс 7 эджи маркийн гар утсыг авч гарсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Д ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, шунахайн сэдэлт болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан, хэн аль нь архидан согтуурсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.Д нь хохирогч Д.Б ийн “Самсунг эс-7 эджи” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 305.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч Л.Д аас 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Д ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдэлж буй ялаас үлдсэн ялыг нэмж нэгтгэн, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Л.Д нь “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол болох 305.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Д т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Л.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж ялаа эдэлж байгаа болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг өмнөх буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн  2020/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 16 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Д ын нийт эдлэх ялыг 2 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Л ийн Д ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан энэ тогтоолоор шүүгдэгч Л.Д т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг өмнөх буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн  2020/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 16 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д т оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Д аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ... тоотод оршин суух Д-ын Б т олгосугай.

6.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.