Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 49

 

                                                       

 

 

 

 

 

 

 

                                                        Б.Б-дхолбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Бүрэнжаргал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 230 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Б-дхолбогдох эрүүгийн 1804001620140 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн Б-ийн Б-, 19..оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... ....... ........ ........... оршин суух бүртгэлтэй, /РД:..................../;

 

Б.Б- нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 77 тоотод хөлслөн амьдарч байсан байрандаа эхнэр Т.П-ыг2017 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн үед охин Б.Э-оос болж маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа цохисон,

2018 оны 2 дугаар сард дагавар охин П.Н-ийг “чи дандаа охиноо өмөөрдөг” гэж маргалдаж түүний толгой руу гараараа 3-4 удаа цохисон,

2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр “намайг найзуудын хажууд доош нь хийлээ, найзгүй болголоо” гэж уурлаж гарын бугалага, баруун суга руу гараа зангидаж цохисон,

2018 оны 5 дугаар сарын 3-ны шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн баригдаж байсан байшин дотроо “чи өөр хүнтэй болсон байна” гэж уурлаж гараа зангидаж байгаад гараараа толгой шанаан тус газарт цохиж байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдов. Үүнд:

Прокуророос Б.Б-дхолбогдох эрүүгийн хэргийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар...” гэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн боловч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх...” гэснийг зөрчин заалтыг орхигдуулан зүйлчилж, яллагдагчид яллах дүгнэлтээ гардуулж шүүхэд шилжүүлжээ.

Мөн яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт “өсвөр насны хохирогч Д.П-ын биед гэмтэл учраагүй болно” гэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад “...прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт...” гэж заажээ.

Харин прокурорын дээрх саналд дурдсанаар яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж, яллагдагчид яллах дүгнэлт гардуулах ажиллагааг шүүх гүйцэтгэх боломжгүй, уг санал нь үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг залруулах бус яллах дүгнэлтэд заалт нэмж өөрчлөлт оруулах санал байна гэж дүгнэв.

Иймд хуульд заасан зохих ажиллагааг хийлгэх, зөрчлийг засуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Могойхон овгийн Баясгалангийн Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Бүрэнжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 3-ны хооронд эхнэр Д.П-ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон.

Багануур дүүргийн прокурорын газраас 145 дугаартай яллах дүгнэлтэд гарсан алдаагаа засуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх санал гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засварлуулан, яллах дүгнэлтэд залруулга хийлгэх санал гаргасан байхад уг саналыг хүлээн авахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хэргийг буруу тусгаарласан бол” гэж заасныг, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол”, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” бол урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан байхад уг заалтад заагаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчсөн байна.

Мөн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-д заасан “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт“ гаргана гэж заасны дагуу прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “яллагдагч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 3-ны хооронд эхнэр Д.П-ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэж хэргийн зүйлчлэлийн зарим хэсгийг орхигдуулан бичсэн тоо, техникийн шинжтэй алдааг залруулахаар хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин яллах дүгнэлтийг засаж яллагдагчид гардуулах хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Багануур дүүргийн прокурорын газраас “Б.Б-г 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 3-ны хооронд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.П-ыгбайнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад яллагдагч Б.Б-г “2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 3-ны хооронд эхнэр Т.П-ыгбайнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг нэг бүрээр нь холбогдуулан дурдаж бичсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж хуулийн заалтыг бичихгүй орхигдуулсан нь тоо, техникийн шинжтэй алдаа гаргасан гэж дүгнэхээр байна.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасан байх тул 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 230 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Б.Б-гийн  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хооронд эхнэр Д.П-ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг буруутгаж, 1804001620140 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...1.1. зодсон; 1.2. харгис хэрцгийгээр харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 1.3. хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан;...” гэсэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжүүдийг заасан байхад Б.Б-гийн үйлдлийг аль шинжийг хангаж байгаа эсэхээр нь зүйлчлэлгүйгээр бичсэн яллах дүгнэлтийг “...прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа...” гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн давж заалдах шатны шүүхээс Б.Б-д холбогдох хэрэгт, мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тогтоох ажиллагааг нэмж хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс 1804001620140 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 230 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ