Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2014/0329

 

 

Ц.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар захирамжийн Х.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Гийн нэхэмжлэлд дурдсан 2006 онд газрын албанд гаргасан тус дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 25 дугаар гудамж, 4896 тоот газрын зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг шүүж үзэхэд бичиг баримтын бүрдэл дутуу, хаягийн зөрүүтэй байна.

Х.Х-ийн 2007 онд Газрын албанд гаргасан өргөдлийг архиваас шүүж үзэхэд хүсэлт гаргасан Сургуулийн 25 дугаар гудамж, 489-6 тоот газрыг тодорхойлсон хорооны Засаг даргын цохолттой байна. Улмаар дүүргийн Засаг даргын 2007 оны 150 дугаар захирамжаар 637 м.кв газар эзэмших эрхтэй болсон гэжээ.

Гуравдагч этгээд Х.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа\ Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэсэн байдаг тул хуулийн дагуу төр иргэнд өмчлөгдөөгүй байгаа газраа

 

 

Х.Х надад өмчлүүлсэн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г давж заалдах гомдолдоо: Миний бие Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 25-р гудамжны 489 тоотод суудаг. Гагцхүү тус 4896 тоотыг өөрийн хүү Г-д газар эзэмшүүлэхээр хөөцөлдөж өдийг хүрсэн билээ.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 25-р гудамжны 4896 тоотод надад тухайн газартай холбоотой эрх ашиг байсан гэж дүгнэх үндэслэлгүй гэжээ. Гэтэл миний бие газар хүссэн өргөдөл Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.О-д 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан бөгөөд уг хүсэлтийн хариу гаралгүй удсаар байж, 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин Чингэлтэй Дүүргийн засаг дарга Д.О-д гаргасан өргөдлийн хариуг өгөхдөө айл буусан гэсэн шалтгаанаар өгөөгүй. Анх Х.Х-ийнх гэдэг айлыг буухад би энэ газар кадастрын зураглал хийлгэж, 4896 гэсэн тоотыг аваад байгаа гэдгийг сануулсаар байтал хорооны дарга үүнийг үл тоон Хишигдэлгэрийнх гэдэг айлыг суулган хорооны тодорхойлолт гаргуулан газрын зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэн Г.Н-ийн үйлдсэн кадастрын зураг иргэн Гүнтэв овогтой Гантулгын нэр дээр байсныг өөрчлөн Х.Х-ийн нэр дээр “А” ХХК-иар кадастрын зураг гаргуулж, тухайн хорооны засаг даргатай хуйвалдаж уг газрыг Х.Хийн болгосон байдаг юм.

Миний гаргаж өгсөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 25-р гудамжны 4896 тоотын Гүнтэв овогтой Гантулгын нэр дээрх кадастрын зураглалыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, уг кадастрын зураглалын эх хувийг хүссэн боловч олдоогүй нь миний хүүгийн нэр дээрх газар байсан гэдгийг үгүйсгэх нөхцөл болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээрийг бүрэн шийдвэрлээгүй гэж үзэж гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Х.Х нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25 дугаар гудамжны 4896 тоот хаяг бүхий 300 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болжээ.

Харин нэхэмжлэгч Ц.Г нь 2006 оны 08 дугаар сарын 03-нд уг маргаан бүхий

 

4896 газрыг эзэмшихээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, Засаг дарга уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр дүүргийн Газрын албаны даргад шилжүүлсэн байх ба Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэн Ш.А-аас 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “газар олгох боломжгүй” гэж хариу өгснийг буруутгах боломжгүй байна.

Учир нь Ц.Г 4896 тоот газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан боловч түүний амьдардаг хаяг нь “489 тоот” гэж зөрөөтэй байсан, хүсэлт гаргах үед тухайн газарт гуравдагч этгээд Х.Х 2004 оноос хойш амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Б, Б.И-гийн мэдүүлэг, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Г нь уг маргаж буй 489* тоот хашааны хойд талын гудамжны 489 тоот хаяг бүхий газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 227 дугаар захирамжаар эзэмшиж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/929 дүгээр захирамжаар өмчлөн авч, улмаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202014636 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн 000263836 дугаар гэрчилгээ авчээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Г-ээс “Г.Г-н нэр дээр байсан кадастрын зургийг өөрчилсөн бөгөөд үүнийг нотлох кадастрын зургийг өгсөн байтал шүүх үнэлээгүй” гэж гомдол гаргасан боловч уг зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 1093 м.кв 18641314667986 гэх нэгж талбарын дугаартай боловч, мөн нэгж талбарын дугаараар 140 тоот хаягийн 515 м.кв газрын кадастрын зураг авагдсан байх тул анхан шатны шүүхээс уг баримтыг үнэлээгүй нь үндэслэлтэй байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ц.Гийн гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасан эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаагүй байх, хүсэлт гаргагчийн оршин суугаа хаяг тодорхой, эзэмшихийг хүсэж буй газрын тойм зургийг хавсаргах зэрэг шаардлагыг хангаагүй байна.

Иймээс гуравдагч этгээд Х.Х-т 300 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 150 дугаар захирамжаар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч ^ Ц.Гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Х.Х-т маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 300 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч уг газар нь мэдээллийн санд 637 м.кв гэж бүртгэгдэж кадастрын зураг авагдсан байх бөгөөд бодит байдал дээр 1036 м.кв газрыг хашаалж эзэмшсэн болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогджээ.

Гэвч гуравдагч этгээд Х.Х-ын эзэмших эрх бүхий газрыг ямар учраас 637 м.кв гэж мэдээллийн санд бүртгэсэн, үүнээс илүү хэмжээгээр 399 м.кв газар

 

хашаалсныг хуульд заасны дагуу хэрхэн шийдвэрлэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧИД              Б.МӨНХТУЯА

                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                             Б.ТУНГАЛАГСАЙХАН